Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02701

 

 

 

 

 

 

 

 

                       2020          07             29

                                     101/ШШ2020/02701

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 давхарт байрлах  “Д т ХХК /РД:5016673/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 дүгээр хороо, Ногоон зоорийн гудамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа, 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаа Мөнхөт овгийн Б.А /РД:0/-т  холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: 0 тоотод оршин суух, Барга овогт Б.А /РД:0/,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 427,317,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д т ХХК нь 2015 оны 06 сарын 22-ны өдөр Б.Атай 1 тонн арматур төмрийг 950,000 төгрөгөөр тооцож, нийт 526 тн буюу 500,000,000 төгрөгийн арматур төмрийг нэг сарын хугацаатайгаар хүүгүйгээр зээлж, төлбөрийг төлөх, мөн зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээний барьцаанд Б.Адьяасүрэн болон Б.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 0 м.кв хувийн сууцыг барьцаалан, барьцаа хөрөнгийг 2016 оны 06 сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 2015 оны 06 сарын 22-ны өдөр 405.135 тнн буюу 384,878,250 төгрөгийн арматур төмөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс  100,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан. Зээлийн гэрээний дагуу Б.А нь үлдэгдэл төлбөр 284,878,250 төгрөгийг 2015 оны 07 сарын 23-ны өдөр төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба удаа дараа шаардаж байсан ч зээлсэн эзэд олдохгүй байна, зээлийг би аваагүй, жинхэнэ авсан хүн нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэтээр шалтаг тавьсаар байна. Б.А нь дээрх арматурыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл гарган уулзалт товлоход Б.А нь уулзалтын үеэр барьцааны гэрээнд тусгагдсан Б.А, Б.А нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 м.кв хувийн сууцыг “Д т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг боловч гуравдагч этгээд болох Б.Агийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул эвлэрүүлэх боломжгүй гэж үзсэн.

2015 оны 09 сарын 29-ний өдөр шүүхэд тус хэрэгтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.А нь Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 2-р 40 мянгат гудамж, 23-р байрны 21 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа 2018 оны 03 сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийн дагуу 182/ШШ2018/00582 дугаар шүүхийн шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг даалгасан. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Дөл хотхон МГГ 97-92 тоот хаягт бүртгэлтэй байна гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдож бид дахин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу цагдаагаас хариуцагч Б.А нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ногоон зоорийн гудамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаа талаар мэдэгдсэн тул харьяа дүүрэгт нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт 284,878,250 төгрөг, түүний алданги болох 142,439,125 төгрөг, нийт 427,317,375 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед “Д т ХХК барьцаа байршуулан арматур төмөр зээлээр өгч байсан. Энэ тухай өөрийн танил Б.Бд хэлсэн ба Б.Б надад зээлээр төмөр авч өгч туслахыг хүссэн. Ингээд “Д т ХХК-иас зээл авахаар болж, Б.Баттулгын ах гэж танилцуулсан Б.А гэх хүний хувийн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн зээл авсан. Тус зээлийг авахад Б.А ямар учиртай болох, зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах болохыг бүгдийг ойлгож хүлээн зөвшөөрч байсан. Миний хувьд тус зээлийг Б.Бд зөвхөн тус болох зорилгоор авч өгсөн буюу хариу төлбөр зуучлалын хөлс аваагүй болно. Мөн гэрээний зүйлд заасан арматур төмрийг зөвхөн Б.Б очиж авч байсан байдаг. Миний хувьд нэг ч тонн төмрийг тус компаниас авч байгаагүй. Тухайн үед энэ асуудлаар “Д т ХХК-ийн өмгөөлөгч Ц.Г гэгч уулзаж байсан. Миний хувьд барьцааны зүйлийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Ийм учраас миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2015 онд иргэн Б.А, Б.Б нар нь Б.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0 м.кв талбайтай орон сууцыг зарж борлуулж өгөхөөр тохиролцож Б.Аыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээг гардан авсан. Тухайн үед энэ тохиролцоог Б.Б голлон оролцож ярьж тохирсон бөгөөд ямар нэгэн баримт бичиг өгөөгүй. Мөн худалдан борлуулах гэж байгаа талаар хэн нь ч хэлж мэдэгдээгүй, асуудал хөндөгдөж яригдаагүй учраас үл хөдлөх хөрөнгийг зарагдаагүй гэсэн ойлголттой явж байсан.  Ингээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Д т ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэсэн талаар мэдэгдэх үед л  “зээлийн барьцаанд” тавьсан болохыг анх мэдсэн, уг үл хөдлөх хөрөнгө нь өнөөг хүртэл манай өмчлөл эзэмшилд байгаа болно. Хариуцагч н.Анхбаярын татгалзалыг дэмжиж байгаа болно. Хавтаст хэрэгт "Д т" ХХК-иас Б.Ат арматурын төмрийг хүлээлгэж өгсөн болон Б.А нь төмрийг хүлээж авсан баримтууд, Б.А, Б.Адьяасүрэн нараас гэрээний үүрэгт төлбөр төлж байсан баримт байхгүй байна. Мөн гуравдагч этгээд нь хэдийгээр Б.Ат үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих итгэмжлэл олгож байсан ч "Д т" ХХК болон Б.А нарын хооронд байгуулсан 2015 оны 06 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүлээж авсан арматур болон хариу төлбөр шилжүүлж байгаагүй. Б.А нь арматур төмрийг хүлээж аваагүй, мөн хариу төлбөр хийгээгүй байх тул "Д т" ХХК болон Б.А нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь хэрэгжээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 100,000,000 төгрөг хүлээн авсан баримт дээр Б.Б гэгч гарын үсэг зурсан, "Д т" ХХК-иас арматур ачуулж байсан баримтууд дээр Б.Аын гарын үсэг байхгүй. "Ж г" ХХК-иас ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тайлбарт "арматур төмрийг иргэн Баттулгаас хүлээн авч байсан" болохыг нотолсон зэрэг үйл баримтаас харахад Б.А нь энэ иргэний хэргийн хариуцагч биш болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа шүүхэд хүргүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан хэмээн үзэж байна. Б.А нь хариуцагч биш хэмээн үзэж буй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

    Нэхэмжлэгч  “Д т ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 427,317,375 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргасан.

    Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...би арматур төмөр авах зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Харин уг гэрээг Б.Б-ын гуйлтын дагуу түүнд туслалцаа үзүүлэхийн тулд байгуулсан. Уг гэрээний дагуу арматур төмрийг би аваагүй, уг гэрээ хэрэгжээгүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарласан. Уг тайлбарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

   “Д т ХХК болон Б.А нар нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр “Д т ХХК нь 526 тонн арматур шилжүүлэх, Б.А нь 1 тонн арматурыг 950,000 төгрөгөөр тооцож, нийт 500,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 16 дугаар тал/

  Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Б.А, Б.А нарын өмчлөлийн 0 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалжээ. /хх-ийн 17-18 дугаар тал/

  Хэдийгээр талууд дээрх хэлцлийг зээлийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч уг гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

   Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө зээлэх гэрээний зүйл нь мөнгөнөөс бусад орлуулж болох төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байдаг. Талуудын байгуулсан гэрээний зүйл болох арматур төмөр нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө гэж үзэхээр байна.

  Хариуцагчийн өмгөөлөгчийн талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар үндэслэлгүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг тавьсан ба үүнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, түүнийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг тусгасан. Талуудын байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр төлбөрийг хэсэгчлэн хийх хэмжээ болон төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан энгийн худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

           Түүнчлэн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 16/7 тоот хаягт байрлах 415.1 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгөөр гуравдагч этгээд Б.А, хариуцагч Б.А нар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгджээ. /хх-ийн 18 дугаар тал/

           Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.А нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.Ат  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрч, холбогдох зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭБ-ийн хэлтэст бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлээс чөлөөлүүлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр 1 жилийн хугацаатай олгосон байна. /хх-ийн 84 дүгээр тал/

           Дээрх итгэмжлэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.А нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээг барьцаалагч “Д т ХХК-тай байгуулсан байна.  Талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

           Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн худалдах болон бэлэглэх эрхтэй итгэмжлэл олгосон тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан болохыг мэдээгүй, шүүхэд “Д т ХХК-иас Б.Ат холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар барьцаанд тавьсан болохыг мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй болно.

           Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан.

            Хариуцагч нь гэрээний зүйл болох арматур төмрийг хүлээн аваагүй, Б.Б гэх иргэнийг хүлээн авсан гэж маргасан боловч энэ нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй юм.

           Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан. Зохигчдын байгуулсан гэрээгээр худалдагч болон худалдан  авагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биечлэн гүйцэтгэнэ гэж тохиролцоогүй байна.

          Иймд арматур төмрийг худалдан авагч Б.А заавал өөрийн биеэр хүлээн авсан байх шаардлагагүй тул хариуцагчаас маргаж буй үндэслэл болох “Д т ХХК нь төмрийг биетээр Б.Ат өөрт нь хүлээлгэж өгсөн болохоо нотолсон баримтгүй тул гэрээний үүрэг шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 104 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлд уригдах тал Б.Ааас “...Би “Д т ХХК-иас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1 тонн арматурыг 950,0000 төгрөгөөр тооцон нийт 526 тонн буюу 500,000,000 төгрөгийн арматур төмрийг нэг сарын хугацаатай зээлж авахаар тохирсоноос 405,9 тонн буюу 384,649,950 төгрөгийн арматур авч, урьдчилгаанд 100,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл 284,649,950 төгрөгийг төлөөгүй өдий хүрсэн нь үнэн. Би дээрхи арматур төмрийг Б.Б гэх хүнд өгөөд алдчихаад олдохгүй хэцүү байна. Надаас нэхсэн үлдэгдэл арматурын төлбөр 284,649,950 төгрөг, алданги 142,324,975 төгрөг, нийт 426,974,925 төгрөгийн төлбөрт барьцааны гэрээнд заасан иргэн Б.А бид 2-ын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 м.кв хувийг сууцыг “Д т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна” гэж тайлбар гаргасан байна. /хх-ийн 26 дугаар тал/

           Уг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч буюу Б.Агийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзэж эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй үндэслэлээр дуусгавар болжээ.

           Дээрх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хариуцагч Б.Ааас гаргаж байсан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэхэд хариуцагч Б.А нь гэрээний дагуу нэхэмжлэгч “Д т ХХК-иас 384,649,950 төгрөгийн үнэ бүхий 405,9 тонн арматур төмөр авч, урьдчилгаанд 100,000,000 төгрөг төлж, гүйцэтгээгүй үүрэг 284,649,950 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.

           Түүнчлэн хариуцагчаас урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөгийг би төлөөгүй гэж маргасан боловч уг баримтад мөнгө тушаагч “Б, А” гэж тэмдэглэгдсэн байна. Мөн хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэх мөнгө тушаагчийн гарын үсэг нь миний гарын үсэг биш гэж маргах боловч уг тайлбартай холбоотойгоор хүсэлт гаргах замаар гарын үсэгт шинжээч томилуулах эрхээ хэрэгжүүлээгүй. Тэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

            Гэрээний 2.7-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж талууд тохиролцсон байна.

            Хариуцагч Б.А нь гэрээний үүргийг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр биелүүлэх үүрэгтэй байх ба уг өдрөөс хойш алданги тооцоход үндсэн төлбөрөөс хэтэрсэн тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 384,649,950 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 142,439,125 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Ааас гэрээний үүрэгт 384,649,950 төгрөг, алдангид 142,439,125 төгрөг, нийт 427,317,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д т ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.

           Хариуцагч Б.А нь гэрээний зүйл болох арматур төмрийг Б.Бд өгч хохирсон гэж үзвэл уг хохирлоо буруутай этгээдээс гаргуулах эрх нь нээлттэй болно.

            Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Б.Ат холбогдуулан гэрээний үүрэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан. Үүнээс хойш хариуцагчийн оршин суух хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг 2 удаа гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 582 дугаар, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1390 дүгээр шийдвэрүүдээр тус тус хариуцагч Б.Аыг эрэн сурвалжилсан байна. /хх-ийн 21-25 дугаар тал/

            Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан байх тул түүнийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт  тус тус зааснаар хариуцагч Б.Ааас  427,317,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д т ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А нь дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн 0 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж,  үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,365,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,365,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ