Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02005

 

 

 

 

 

 

 

 

 

“Д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02701 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д-” ХХК-ийн хариуцагч Б.А-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ад- нарт холбогдуулан гаргасан удалдах-худалдан авах гэрээний үүрэгт 427 317 375 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, өмгөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д-” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.А-тай 1 тонн арматур төмрийг 950 000 төгрөгөөр тооцож, нийт 526 тн буюу 500 000 000 төгрөгийн арматур төмрийг нэг сарын хугацаатайгаар хүүгүйгээр зээлж, төлбөрийг төлөх, мөн зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээний барьцаанд Б.Ад-, Б.А- нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206030737 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамж, 16\7 тоот хаягт байрлах 415.1 м.кв хувийн сууцыг барьцаалан, барьцаа хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 405.135 тнн буюу 384 878 250 төгрөгийн арматур төмөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс 100 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан. Зээлийн гэрээний дагуу Б.А- нь үлдэгдэл төлбөр 284 878 250 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба удаа дараа шаардаж байсан ч зээлсэн эзэд олдохгүй байна, зээлийг би аваагүй, жинхэнэ авсан хүн нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэтээр шалтаг тавьсаар байна. Иймд Б.А-аас зээлийн гэрээний үүрэгт 284 878 250 төгрөг, түүний алданги болох 142 439 125 төгрөг, нийт 427 317 375 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед “Д-” ХХК барьцаа байршуулан арматур төмөр зээлээр өгч байсан. Энэ тухай өөрийн танил Б.Б-д хэлсэн ба Б.Б- надад зээлээр төмөр авч өгч туслахыг хүссэн. Ингээд “Д-” ХХК-иас зээл авахаар болж, Б.Баттулгын ах гэж танилцуулсан Б.Ад- гэх хүний хувийн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн зээл авсан. Тус зээлийг авахад Б.Ад- ямар учиртай болох, зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах болохыг бүгдийг ойлгож хүлээн зөвшөөрч байсан. Миний хувьд тус зээлийг Б.Б-д зөвхөн тус болох зорилгоор авч өгсөн буюу хариу төлбөр зуучлалын хөлс аваагүй болно. Мөн гэрээний зүйлд заасан арматур төмрийг зөвхөн Б.Б- очиж авч байсан байдаг. Миний хувьд нэг ч тонн төмрийг тус компаниас авч байгаагүй. Тухайн үед энэ асуудлаар “Д-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Гансүх гэгч уулзаж байсан. Миний хувьд барьцааны зүйлийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Ийм учраас миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд иргэн Б.А-, Б.Б- нар нь Б.Ад-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206030737 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн гудамж, 16\7 тоот хаягт байрлах 415.1 м.кв талбайтай орон сууцыг зарж борлуулж өгөхөөр тохиролцож Б.А-ыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээг гардан авсан. Тухайн үед энэ тохиролцоог Б.Б- голлон оролцож ярьж тохирсон бөгөөд ямар нэгэн баримт бичиг өгөөгүй. Мөн худалдан борлуулах гэж байгаа талаар хэн нь ч хэлж мэдэгдээгүй, асуудал хөндөгдөж яригдаагүй учраас үл хөдлөх хөрөнгийг зарагдаагүй гэсэн ойлголттой явж байсан. Ингээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэсэн талаар мэдэгдэх үед л зээлийн барьцаанд тавьсан болохыг анх мэдсэн, уг үл хөдлөх хөрөнгө нь өнөөг хүртэл манай өмчлөл эзэмшилд байгаа болно. Хариуцагч н.А-ын татгалзалыг дэмжиж байгаа болно. Хавтаст хэрэгт "Д-" ХХК-иас Б.А-т арматурын төмрийг хүлээлгэж өгсөн болон Б.А- нь төмрийг хүлээж авсан баримтууд, Б.А-, Б.Ад- нараас гэрээний үүрэгт төлбөр төлж байсан баримт байхгүй байна. Мөн гуравдагч этгээд нь хэдийгээр Б.А-т үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих итгэмжлэл олгож байсан ч "Д-" ХХК болон Б.А- нарын хооронд байгуулсан 2015 оны 6 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүлээж авсан арматур болон хариу төлбөр шилжүүлж байгаагүй. Б.А- нь арматур төмрийг хүлээж аваагүй, мөн хариу төлбөр хийгээгүй байх тул "Д-" ХХК болон Б.А- нарын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь хэрэгжээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 100 000 000 төгрөг хүлээн авсан баримт дээр Б.Б- гэгч гарын үсэг зурсан, "Д-" ХХК-иас арматур ачуулж байсан баримтууд дээр Б.А-ын гарын үсэг байхгүй. "Жигүүр гранд" ХХК-иас ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тайлбарт "арматур төмрийг иргэн Б-аас хүлээн авч байсан" болохыг нотолсон зэрэг үйл баримтаас харахад Б.А- нь энэ иргэний хэргийн хариуцагч биш болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа шүүхэд хүргүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан хэмээн үзэж байна. Б.А- нь хариуцагч биш хэмээн үзэж буй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.А-аас 427 317 375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгож,  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А- нь дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206030707, 000433922 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 16/7 тоот хаягт байрлах 415.1 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 365 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 365 240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтын хууль зүйн болон бодит байдлыг үнэн зөв үндэслэлтэй дүгнэж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэргийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.А- нь дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албанд даалгасан. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг 427 317 375 төгрөг гаргуулах, түүнийг барьцаа хөрөнгөөр хангуулах тус тусдаа бие даасан 2 шаардлага гаргасан байтал шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн мөртлөө болзол тавьж буюу нэхэмжлэлийн хоёр дахь “барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлагыг төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэрэгжүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь тодорхой байх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой байх атал нэхэмжлэлийн бие даасан шаардлага “ барьцаа хөрөнгөөөр хангуулах" -ыг төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хэрэгжүүлэх, эрх зүйн үр дагавар тодорхойгүй байдлыг бий болгож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн, ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд биш гэдгийг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан байдаг. Хариуцагч А- нь “Д-” ХХК-ийн гэрээгээр нийлүүлсэн төмрийг хүлээж аваагүй, худалдагч хүлээлгэж өгөөгүй. Урьдчилгаа 100 сая төгрөгийг Б- гэх иргэн төлсөн, Б- нь төмрийг өөрийн нэрийн өмнөөс Компанид нийлүүлсэн зэрэг баримт тайлбаруудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд шууд хохирол учруулсан этгээд биш болох тогтоогддог. Талуудын хооронд гэрээ байгуулсан гэж шүүхээс өнгөц дүгнэж байгаа боловч тухайн хэрэг маргааны цаана өөр өөр этгээдүүд оролцсон, нэхэмжлэгч нь тухайн гэрээг байгуулахад А-аар дамжуулан Б-д төмөр нийлүүлж, өгч байгаа гэдгээ мэдсэн, Б- хариуцагчийн тайлбар нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт өгсөн мөнгө тушаасан баримт зэргээс тухайн иргэний эрх зүйн харилцаа нь дан ганц А- болон “Д-” ХХК-ийн хооронд үүсээгүй болох нь тогтоогдсоор байтал шууд бичгээр гэрээ байгуулсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл А- нь тухайн хэрэгт нэхэмжлэгчийн эрх ашигг хохирол учруулсан этгээд биш байтал шүүхээс хариуцах этгээд мөн гэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн этгээд, хариуцагчийн нь хариуцах этгээд мөн эсэхэд зөв дүгнэлт хийж, талуудын тайлбарыг зөв дүгнэж, хэргийг тал бүрээс үнэн зөв үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт А-ыг хариуцагч мөн болохыг Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 104-д "‘Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон” тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх хуулийг ноцтой зөрчсөн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан тайлбар зэрэг нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэхийг хориглосон болохыг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт тусгайлан хуульчилж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг ноцтой зөрчин нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед гаргаж байсан тайлбар, тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч би шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлэх нь хууль зөрчинө гэдгийг тайлбарлаж байсан болно. Хариуцагч Б.А- нь төмрийг хүлээж аваагүй тухай шүүхэд тайлбар гаргадаг бөгөөд тухайн арматур төмөр Б.Б- гэдэг этгээдийн нэрийн өмнөөс Компанид шилжсэн болох нь баримтаар нотлогддог. Шүүх Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийг үндэслэн хууль буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Д-” ХХК нь Б.А-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 427 317 375 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэх нэртэй гэрээ байгуулагдаж, 526 тн арматур төмрийг /1тн=950 000 төгрөг/ 500 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 16 дугаар тал/

 

Маргааны зүйл нь жингээр хэмжигдэх төрлийн шинжээр тодохойлогдох эд хөрөнгө байхад анхан шатны шүүх нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө гэж үзэж буруу дүгнэжээ. Учир нь дээрх гэрээний зүйл нь худалдах-худалдан авах гэрээний зүйл мөн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Талуудын маргааны зүйл нь доголдол буюу худалдах-худалдан авах гэрээний зүйлийн шинж байдалтай хамааралгүй тул эд хөрөнгийг төрлийн, нэг бүрийн гэж тодорхойлох шаардлага энэ хэрэгт ач холбогдолгүй байжээ. Талуудын гэрээнд үгийн шууд утгаар зээл гэсэн утга агуулга илэрхийлэгдсэн байгаа хэдий ч гэрээний дагуу арматур төмөр шилжүүлэх, нөгөө тал үнийг төлөх үндсэн үүрэг хүлээсэн.

 

Хариуцагч нь талуудын хоорондын үүргийн талаар зээл төлөх, үнэ төлөх гэсэн хоёрдмол утгатай тайлбарлаж байгаа учир гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг нь эд хөрөнгийн үнэ төлөх бол, уг эд хөрөнгийг нөгөө тал хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх нь ач холбогдолтой.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д “Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заажээ. Алданги тооцох тохиролцоо буюу нэмэлт үүрэг нь зээл буцаан төлөх үүрэгт хамааралтай байдлаар заагдсан байхад уг нэмэлт үүргийг худалдах-худалдан авах гэрээний хариу төлбөр төлөх үүрэгт хамааруулсан нь хууль хэрэглээний хувьд буруу. Өөрөөр хэлбэл, анзын тохиролцоо нь гэрээний үндсэн үүргийн агуулга, төлбөр төлөх хэлбэр зэрэгт нийцэж байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Тодруулбал, худалдах-худалдан авах гэрээний төлбөр буюу үнийг төлөөгүй тохиолдолд алданги төлөх эсэх талаар гэрээнд заагаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь алдаа болжээ.

 

Иймд талуудын хооронд үүссэн маргааны зүйл, агуулгыг шүүхээс зөв тодорхойлоогүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагч Б.А- нь маргааны зүйл болох арматур төмрийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд гэрээний зүйлийг хүлээн авсан гэх Б.Б- нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий этгээд байна. Үүнтэй холбоотой эрүүгийн хэрэгт өгч байсан мэдүүлэг нь маргааны зүйлтэй хамааралтай эсэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан зарлагын баримтуудад бичигдсэн эд зүйлийн хэмжээ нэхэмжлэлд бичигдсэнээс зөрүүтэй, хүлээн авсан этгээд нь тодорхойгүй, зарим баримт нь гэрээ байгуулахаас өмнөх огноотой байгаа тохиолдолд хариуцагчтай байгуулсан гэрээтэй хамааралтай баримтууд мөн эсэх, Б.Б- нь арматур төмрийг хүлээж авах итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн эсэх үйл баримт тодорхой бус байна.

 

Тодруулбал, хариуцагч Б.А- нь маргааны зүйл болох арматур төмрийг хүлээж аваагүй, Б.Б- авсан гэх тайлбар гаргасантай холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Баттулгыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг тус өдрийн 101/ШЗ2020/10145 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 92, 97-98 дугаар тал/ Улмаар шүүхээс гэрчийг дуудах ажиллагаа явуулахад “тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй” гэх Засаг даргын тодорхойлолт ирүүлжээ.

 

Үүнтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Баттулгын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ. /хэргийн 123-124 дүгээр тал/ Энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүхээс дээрх нотлох баримтыг гаргуулах шаардлагатай байжээ.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэлийн нотлох баримт болгон үнэлсэн нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дах хэсэгт “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй” гэж заасныг буюу хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ. /хэргийн 26-27 дугаар тал/

 

            Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02701 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 294 600 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

                   

                                                                                           С.ЭНХТӨР