Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00946

 

 

2022           10            18                                         001/ХТ2022/00946

“ДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02701 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2005 дугаар магадлалтай,

“ДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.А холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 427,317,375 төгрөг гаргуулах, үүргийг барьцааны зүйлээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ДТ” ХХК нь Б.А холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 427,317,375 төгрөг гаргуулах, үүргийг барьцааны зүйлээс хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02701 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Ааас 427,317,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ДТ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А нь дээрх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000, 0000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 16/7 тоот хаягт байрлах 415.1 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,365,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,365,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2005 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02701 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 294 600 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонжаргал нар хяналтын гомдолдоо: ...Шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан.

Нэг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тус Зээлийн гэх гэрээг иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна. Иргэн Б.Аын хувьд 2015.06.22-ны өдөр “ДТ” ХХК түүнийг төлөөлж захирал Ц.Жаргалсайхантай Хан-Уул дүүргийн тойргийн нотариатаар тус зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Байгуулахдаа тус гэрээнүүдийн эрх болон үүргийг бүрэн уншиж танилцаж гарын үсгээ зурсан байдаг. Энэ асуудлаараа шүүхийн хуралдааны тэмдэглэлүүдэд хүлээн зөвшөөрдөг ба маргасан зүйл байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх зэрэг үүргүүдийг тусгаж өгсөн байна. Б.Аын хувьд хэдий тухайн төмрийг хүлээн аваагүй гэх боловч хэрэгт цугларсан баримтыг үзэхэд арматур төмрийн урьдчилгаа болох 100,000,000 төгрөгийг “ДТ” ХХК-д хүлээлгэн өгсөн баримт байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдаан олон удаа хойшилсон ба талууд 2-3 удаа эвлэрэх асуудлыг хөндөн ярилцсан байдаг. Энэ нь манай компанийн зүгээс төмрийг хүлээлгэн өгсөн ба хариуцагч талын зүгээс арматур төмрийг хүлээн авсан гэх нэг үндэслэлтэй болох нь харагдаж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний шаардлага хангагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

Хоёр. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд арматур төмрийг шилжүүлэх хүлээн авах асуудлыг биечлэн гүйцэтгэх талаар тохиролцоогүй байна. Арматур төмрийн хувьд хариуцагч Б.А нь өргөөд явах боломжгүй ба 405,135 тонн төмрийг нэхэмжлэгчийн зүгээс шланз машинд ачуулан хүлээлгэн өгсөн баримтууд хэрэгт Хятад болон Монгол орчуулгын хамт авагдсан байдаг. Иргэний хуулийн 210.1-т хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох талаар заасан. Үүний дагуу тухайн арматур төмрийг хавтаст хэрэгт авагдсан баримтад заасан шланз маркийн автомашинд ачуулсан байдаг. Нөгөө талаар хариуцагчийн тайлбарлаад байгаагаар Баттулга гэх хүн авсан байвал нэхэмжлэгч тухайн хүнтэй гэрээний харилцаа үүсгэх бөгөөд ямар ч эрхгүй, хүлээн авах боломжгүй хүнд энэ их хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хүлээлгэн өгөх боломжгүй юм. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан эвлэрүүлэн зуучлалд авагдсан тэмдэглэлийг үндэслэл болгосон гэж магадлалд үзсэн боловч үүнийг тайлбар гаргасан талаар анхан шатны шүүх дурдсан. Нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй юм.

Гурав. Иргэн Б.Аын хувьд тус гэрээ байгуулагдсанаас хойш үүргийн гүйцэтгэлийг хангаагүй бас нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар 3-н удаа эрэн сурвалжлах ажиллагааг хийсэн. 4 жилийн дараа хаягийг нь тодорхой болгож шүүхэд иргэний хэрэг үүссэн. Энэ 4-н жилийн хугацаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж Б.Аын хувьд төмөр авснаа хүлээн зөвшөөрсөн боловч гуравдагч этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх асуудал үүссэнээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Дээрх үйлдлээс мөн харахад төмрийг хүлээн авч, гэрээний дагуу үүссэн төлбөр төлөх үүргээс 4 жил гаруй зугтааж нэхэмжлэгч талыг ноцтой хохироосон үйлдэл харагдаж байна.

Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн магадлалд бичсэнээр Б.Баттулга гэх хүний эрүүгийн хэрэгт өгч байсан мэдүүлэг нь маргааны зүйлтэй хамааралтай эсэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй гэж заасан нь үндэслэлгүй юм. Учир нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан нотлох баримтын хүрээнд иргэн Б.Баттулгатай холбоотой материал байхгүй, төмрийг хүлээн авсан гэх мэдүүлэг байхгүй байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлаар удаа дараа хүсэлт тавьсан боловч хүсэлтийн үндэслэлийг бүрэн нотолж чадаагүй юм. Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2008.10.10-ны өдрийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны 4.1. “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт”-н Зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт гэдгийг онцгой анхаарах нь чухал юм. Прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгодог алдаа шүүхийн практик гардаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарах нь зүйтэй гэж заасан. Гэтэл тус шийдвэрлэгдээгүй асуудлыг шалгах, ач холбогдолтой байх мэтээр тайлбарлаж үзсэн нь шүүх нотлох баримтаар үнэлэхгүй асуудлыг үнэлж болохоор тайлбарласан хуулийн зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хариуцагчийн өмгөөлөгч хэдийн эрүүгийн хэрэг гэж шүүхэд хүсэлт гаргасан боловч тухай асуудал нь хэрэг үүссэн эсэх, хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхой бус байхад магадлалд нотлох баримтаар гаргуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Дээд шүүхийн зөвлөмжид зааснаар зөвхөн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нотлох баримтаар үнэлэхээр заасан байна. Б.Баттулгатай холбоотой асуудал нь нэхэмжлэгч талтай үүссэн асуудлаар шийдвэрлэгдсэн шүүхийн эцсийн шийдвэр байхгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “ДТ” ХХК нь хариуцагч Б.А холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 427,317,375 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, арматур төмөр хүлээж аваагүй, Б.Баттулгад туслах зорилгоор түүний гуйснаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, түүний ах Б.Адьяасүрэн гэх хүний орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж барьцааны гэрээ байгуулсан, Б.Баттулга бүх зүйлийг мэдэж байгаа, төлбөр төлөөгүй бол барьцааны зүйлийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Б.Адьяасүрэн нэхэмжлэлийг маргаж, миний орон сууцыг борлуулж өгнө гэхээр нь Б.Аыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, итгэмжлэл олгосон, гэтэл барьцаанд тавьсан байна, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу хариуцагчид арматур төмөр өгсөн нь нотлогдоогүй, гэрээ хэрэгжээгүй, Б.А хариуцагч биш байна гэсэн тайлбар гаргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “...шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, талуудын хүлээсэн үүрэг, маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, хариуцагч нь зээл төлөх эсвэл худалдан авсан эд зүйлийн үнэ төлөх үүргийг хүлээсэн аль нь болох, эд хөрөнгийн үнэ төлөх үндсэн үүрэг үүссэн бол уг эд хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх, хариуцагч нь арматур төмрийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд гэрээний зүйлийг хүлээн авсан гэх Б.Баттулгын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн 2020.06.09-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.6 дах хэсгийг зөрчсөн...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан. Шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан ажиллагааг дутуу гүйцэтгэсэн байх нь талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөнд тооцох үндэслэл болно.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтуудад арматур, түүний хэмжээ бичигдсэнээс хүлээн авсан этгээд нь тодорхойгүй, зарим баримт нь гэрээ байгуулахаас өмнө огноотой байгаа, худалдан авагчийн хүлээх үүргийн хэмжээ тодорхой бус, хариуцагч Б.А 100,000,000 төгрөгийн төлбөр төлсөн эсэх талаарх маргааны ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй нөхцөлд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй юм.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгасан, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 23-ны өдрийн 2005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 2,365,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ