Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01840

 

 

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01840

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК холбогдох

 

Гэрээний үүрэгт 23,306,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч ХХК нь МХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ВV-RА/16-011 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба МХХК-ийн хүсэлтийн дагуу гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байдаг. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч тал нь гэрээ дуусгавар болоход нийт 15,537,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Гэрээ дуусгавар болсоноос хойш нэхэмжлэгч тал нь хариуцагч талыг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, хэд хэдэн удаа төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож байсан ч, хариуцагч тал нь гэрээний үүргээ өнөөг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байгаа юм. Иймд, дээрх дурдсан гэрээний үлдэгдэл төлбөр болон тус гэрээний тусгай нөхцөлийн 14 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөрт тооцох алдангийг Хариуцагч талаар төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч тал болох МХХК-тай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,537,500 төгрөг болон түүнд гэрээний тусгай нөхцлийн 14 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар адданги тооцохоор заасны дагуу тооцсон нийт алдангийн хэмжээ 7,768,750 төгрөг, нийт 23,306,250 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилсэнийг дараах байдлаар багасгасан.

М ХХК-ийн Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу төлсөн барьцаа төлбөр болох 5,780,000 төгрөгийг дээр дурьдсэн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөрийг 9,757,500 төгрөг болгож, дээр өөрчлөгдсөн үлдэгдэл төлбөрт гэрээнд заасны дагуу алданги тооцоход 4,878,750 төгрөг болгон нийт 14,636,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК, Ч.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхээр Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Ч ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ВV-RА/16-011/ дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 1 тоот орон сууцыг түрээсэлсэн. Манай компани нь нийт 79,030,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд нэхэмжлэгч компани нь НӨАТ-ын буцаан олголт болох 10 хувь буюу 7,903,000 төгрөгийг манай компанид буцааж олгоогүй. Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хөлслөгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан барьцаа төлбөрийг талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хөлслүүлэгчийн нэхэмжлэлд заасан дансанд байршуулна гэж заасны дагуу манай компани барьцаа төлбөр 5,780,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Хөлслүүлэгч нь барьцаа төлбөрийг гэрээ дуусгавар болсноос хойш хуанлийн 30 хоногийн дотор, хөлслөгч орон сууцыг чөлөөлсөний дараагаар аливаа суутгалыг хасч буцаан огно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь барьцаа төлбөр 5,780,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар манай компанид буцааж олгоогүй юм. Ийм учраас нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч МХХК холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 15,537,500 төгрөг, алдангид 7,768,750 төгрөг, нийт 23,306,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хөлслөх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 9,757,500 төгрөг, алдангид 4,878,750 төгрөг, нийт 14,636,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Ч ХХК нь МХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ВV-RА/16-011 дугаартай Орон сууц хөлслөх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, тоот орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаагаар, үндсэн хөлс нь 5,780,000 төгрөг /НӨАТ тооцоогүй/, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцүү хэмжээтэй алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь Орон сууц хөлслөх гэрээ болон тус гэрээний тусгай нөхцөл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний хугацааг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус тус 4 удаа сунгасан болох нь Орон сууцны түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт-үүдээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч нь гэрээний дагуу төлөгдөх төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлдөг байсан бөгөөд гэрээний хугацаа дуусах үед 23,537,500 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөгийг төлж, 15,537,500 төгрөгийн үлдэгдэлтэй болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Хөлслөгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан барьцаа төлбөрийг талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хөлслүүлэгчийн нэхэмжлэлд заасан дансанд байршуулна гэж заасны дагуу МХХК нь барьцаа төлбөрт 5,780,000 төгрөгийг Ч ХХК төлсөн, уг барьцаа төлбөрийг нэхэмжлэгч нь үндсэн төлбөрөөс хасч тооцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь барьцаа төлбөр 5,780,000 төгрөгийг үндсэн төлбөрийн үлдэгдэлээс хасч тооцож буй нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.2 дахь зохицуулалтад нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Манай компани нь нийт 79,030,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд нэхэмжлэгч компани нь НӨАТ-ын буцаан олголт болох 10 хувь буюу 7,903,000 төгрөгийг манай компанид буцааж олгоогүй гэж маргаж байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 6-д зааснаар үндсэн хөлс 5,780,000 төгрөгт НӨАТ тооцоогүй болохыг заасан байх тул энэхүү тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.8-д орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ-г албан татвараас чөлөөлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртөгийн албан татвар тооцолгүйгээр гэрээг хариуцагчтай байгуулсан гэж үзэхээр байна.

 

Ийнхүү зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалт болон гэрээний тусгай нөхцлийн 14-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 9,757,500 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 4,878,750 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрвээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцвол 8,879,325 төгрөг гарахаар байгааг дурьдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлага болон 1 хуудас баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мад танилцуулсан бөгөөд өөр баримт хэргийн материалд нэмэгдэж ирээгүй, улмаар энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хойшлогдсон хугацаанд хэргийн материалтай танилцаагүй, дараагийн шүүх хуралдаанд хариуцагч нь өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтийг ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрхийг эдлүүлсэн гэж үзнэ.

 

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч МХХК-иас 14,636,250 /арван дөрвөн сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,481.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 231,131.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ