Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/00429

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/00429

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.П

Нэхэмжлэгч: С.Б 

 

Хариуцагч: П. Б 

 

Хариуцагч: Я.О 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч П.Б, Я.О нараас гаргуулж нэхэмжлэгч Д.П, С.Б нарт олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.П нарын төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М, хариуцагч П.Б, хариуцагч Я.Оын төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, Завхан аймаг, Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоот хаягт байрлах 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодотгож байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох,

2.    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Хариуцагч П.Б, Я.О нараас гаргуулж нэхэмжлэгч Д.П, С.Б нарт олгуулах,

Нэхэмжлэлийн угаалга:

Нэхэмжлэгч бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Бэлэглэлийг хүчингүйд тооцож, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 12 сарьш 22-ны өдөр олгосон дугаартай гэрчилгээ бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч бидэнд шилжүүлэх' гэж тодорхойлж, нэхэмжлэлээ гаргасан боловч анхан болон давж заалдах ны шүүхүүд хуульд зааснаар бэлэглэл явагдаагүй байна гэж үзээд уг маргаан бүхий хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч П.Б, Я.О нар байна гэж дүгнэж шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүх хэргийг Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Бодит байдал дээр, Нэхэмжлэгч бид нар дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн хүч хөрөнгөөр барьж бий болгосон бөгөөд, анх бий болсон цагаас хариуцан ажиллуулж, тодорхой хэмжээний ажлын байр бий болгож, иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, холбогдох байгууллагад зохих татварыг нь төлөн, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар л явна. Энэ нь уг Үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийг барьж бий болгоход Хариуцагч нарын хөрөнгө, мөнгөний оролцоо байгаагүйг давхар нотолж байна. Хариуцагч нарт тухайн үед банкны баталгаа гаргахад үл хөдлөх эд хөрөнгөтэй байх хэрэгцээ шаардлага гарсан учраас л тухай үед ҮХХ-ийн эзэмших эрхийн гэрчилгээ нь гараагүй байсан Нэхэмжлэгч бид нарын үл хөдлөх эд хөрөнгийг өөрсөддөө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Хариуцагч нар уг маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход ширхэг хадаасны ч нэмэр оруулаагүй атлаа Нэхэмжлэгч бид нарын итгэлийг эвдэн, гэр салсан, тэгээд зогсохгүй бидний ариун цагаан хөдөлмөрийн үр шимээр бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн муу санааг агуулсан явдал гаргасныг Нэхэмжлэгч бид нар эс зөвшөөрсөн тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгох хэрэгцээ шаардлагын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурьдсанаар өөрчилсөн болно.

 

Нэхэмжлэгч бид Хариуцагч нарыг чадлаараа тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлж, мэдлэг боловсрол олоход нь тусалж, гэр бүл тусгаарлахад нь хангалттай хөрөнгө мөнгө өгч амьдралыг нь тэгшитгэж ирсэн. Хариуцагчид Их-Уул суманд модны РАМ-ыг 5 сая төгрөгөөр авч өгсөн, байшин барихад нь мөнгөөр тусалсан ба эдгээр хөрөнгөө үрэн таран хийж, зарж үрчихээд орон гэргүй Тосонцэнгэлд шилжиж ирэхэд нь 10 сая төгрөгөөр орон байр хүртэл авч өгсөн. Ингэж хүн гомдоох дээрээ тулбал Хариуцагч нар эдгээр мөнгийг буцааж өгөх л ёстой. Одоохондоо өөрсдөө амьдралынхаа эх үүсвэр болсон эд хөрөнгөө зөвхөн ганц хүү хариуцагч Д. Б, түүний өргөмөл охинд шилжүүлэн өгөх бодолгүй байна. Энэ хөрөнгийг хуваан өгөх дээрээ тулбал бидний өвийг залгамжлах эрхтэй Хариуцагчаас гадна том хүү П. *******, бага хүү П. *******, 2 ач хүү, 2 ач охинд байгаа. Ийм учир энэ байдлыг эрхэм шүүх болон Хариуцагч нар ойлгож мэдэх байх.

 

Нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл:

Монгол Улсын Иргэний хуулийн 92 дугаар зүйлд Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлийн тухай Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, Хариуцагчийн эзэмшил дуусгавар болох тухай мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж тус тус тодорхой заасан байгаа.

 

Хариуцагч нар хэрэв шударга эзэмшигч бол өмчийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан өгөх талаар мөн хуулийн 94 дүгээр зүйлд Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж, хэрэв шударга бус эзэмшигч бол мөн хуулийн 95 дугаар зүйлд Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Шүүхээр уг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. Хэмээн тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 135.2- т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж заасан байна.

 

Үүнээс үзвэл Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох үйл явдлыг тогтоох журмыг хуульд заагаагүй байна.

Ийнхүү эрх зүйн ач үйл явдлыг тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх ИХШХШ тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т

зааснаар Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох- оор заасан бөгөөд мөн хуулийн 135 дуаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж тодорхойлсон нь энэхүү нэхэмжлэлийг шүүх ИХШХШ тухай хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх хууль үндэслэл болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.П, С.Б нарын төлөөлөгч Т.Баасанжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлагаа өөрчилж тодруулсан байгаа. Үл хөдлөхийн өмчлөх болохыг тогтоолгох, хууль бус эзэмшлээс гаргуулая гэсэн. Нэхэмжлэгч нар нь бэлэглэлээр шилжүүлсэн байдаг. Улмаар бэлэглэлийн зорилго хангахгүй гээд буцаахаар гаргасан боловч үндэслэл шаардлага тодорхойгүй гэсэн тул тодруулсан. Нэхэмжлэгч нар нь анх үл хөдлөхийг өөрийн хөрөнгөөр бий болгосон. Хариуцагч нар нь ямар нэг хөрөнгө оруулаагүй байдаг. Нэхэмжлэгч нарын зөвшөөрлийг үндэслээд хариуцагч нарын өмчлөлд бүртгэсэн байдаг. Өмчлөлийг хуульд заасан үндэслэлээр олж авах хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл бусдын өмчийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэнээр өмчлөгч болохгүй. Ингэснээр Иргэний хуулийн 492-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарыг гэр бүл болсоноос нь хойш дэмжиж тусалсан байдаг. Улмаар хөрөнгөтэй болгох зорилгоор бизнесийн үйл ажиллагаа явуулах боломж олгож байсан. Улмаар үүний үр дүнд Их-Уул суманд хариуцагч нар өөрийн байшинтай болсон. 2010 онд сумаас Тосонцэнгэл уруу шилжсэн. Нүүгээд ирэхэд Их-Уул суманд байсан хөрөө рам, байшингаа худалдаад 10 орчим сая төгрөгтэй ирсэн байдаг. Хариуцагч Я.О нь энэ 10 саяаар маргаж буй байшинг худалдаж авсан гэдэг. Гэтэл хариуцагч П.Бын тайлбараар уг 10 сая нь өөр зүйлд зарцуулагдаад дууссан байдаг. Тосонцэнгэлд бас дахин байшин худалдаж авахад мөн л нэхэмжлэгчийн мөнгөөр авсан нь баримтаар тогтоогддог. Улмаар маргаж буй байранд хариуцагч нарын оролцоо байхгүй гэдэг нь гэрчийн мэдүүлэг, банкны дансны хуулгаар тогтоогддог. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсанаараа үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. Бодит үнэнд нийцсэн зүйл ярих ёстой. Тосонцэнгэлд очоод нэхэмжлэгч нараас мөнгө зээлээд байр аваад төлсөн гэж тайлбарлаж байна. Энэ зээл нь төлөгдөөгүй. Сүүлд Мандах худалдааны төвийг барихын тулд байраа сольсон гэсэн нь худлаа. Шинэ байшин барихын тул өөр байшин сольж авсан биш. Нэхэмжлэгчийн зэргэлдээ байрыг сольсон. Гэрчилгээний огноог анзаарвал Мандах худалдааны төв нь гэрчилгээ олгогдохоос өмнө олгосноор арилжааны гэрээ биш. Шинээр барьсан Мандах худалдааны төв нь нэхэмжлэгчээс тал нь нөгөө тал нь хариуцагч П.Б болон түүний ах нараас гарсан байдаг. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь хэлцэл хийгдээгүй гэдгийг шаардана гэсэн. Гэтэл ямар нэг хэлцэл хийгдээгүй, ямар ч үүрэг үүсээгүй байхад бүртгэл хийгдэж, гэрчилгээ олгосноор үндэслэлгүй хөрөнгөжсөн. Хэрэгт байгаа бүртгүүлэх өргөдлийг хариуцагч Я.О гараараа бичсэн байдаг. Агуулга нь байрыг хүүгийн минь нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн байдаг. Учир нь хүүхдийнхээ үргүйдлийн асуудлыг эмчлүүлэхээр гуйлтын дагуу Я.О бичсэн гэдгээ зөвшөөрдөг. Хариуцагч нар нь хамтран амьдарч байхад эд хөрөнгөө тус тусдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд байсан байдаг. Хариуцагч Я.О нь одоо өөр хүнтэй суучихсан, анхнаасаа хөрөнгүүдийг нь шилжүүлээд байсан байдаг. Улмаар хариуцагч Я.О нь гэнэт Хөвсгөл яваад маргааш нь шүүхээс салах нэхэмжлэл ирсэн гэж хариуцагч П.Быг дуудсан. Хөвсгөл яваад шууд ажилд орсон байсан. Энэ нь бүх зүйлээ төлөвлөсөн гэж ойлгогдож байна. Арилжааны гэрээ биш гэдэг нь 2014 онд авсан байраа 2015 онд баригдсан байраар арилжих боломжгүй. Өөрийн барьсан байраа өгөх үүрэг нэхэмжлэгч нарт үүсээгүй. Тодорхойлолтууд, тохирлын гэрчилгээ зэргээр нэхэмжлэгч нар уг барилгыг барьсан болох нь тогтоогдож байна. Анхны өмчлөгчийн бүртгэл хийгдээгүй байж байгаад хариуцагч нарт анхны өмчлөх бүртгэл хийгдсэн. Анх нэхэмжлэл гаргахад бэлэглэлийн харилцаа биш гэсэн тул шаардлагаа тодруулсан юм. П.Б, Я.О нарт холбогдох иргэний хэрэгт 2017.8.2-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь 2 дугаартай шаардлагыг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэл гэж ойлгохоор тодруулга хийж байна. Энэ нь тусдаа бие даасан шаардлага биш юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 89.2, 91.2, 91.2.1, 91.2.2, 96.3, 94.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Улсын бүртгэлд бүртгүүлсэнээр өмчлөгч гэж байна. Хуулийн 91.2.2-т зааснаар дан ганц бүртгэлээр өмчлөгч болохгүй. Хууль бусаар эзэмшлээс гарсан гэж үзэж байгаа. Сүүлд баригдсан худалдааны төвд оруулсан хөрөнгө энэ хэрэгт хамаагүй гэв.

 

Хариуцагч Я.Оын төлөөлөгч Ц.Батхүү нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариу тайлбар гаргах нь: Хариуцагч Я.О нь П.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2015 оны 10 дугаар сард гаргасан. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд дээрхи хэргийн хариуцагч болох П.Бын эцэг Д.П, эх С.Б нар нь Я.О, П.Б нарын (гэр бүлийн гишүүдийн) дундын эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, ******* тоот хаягтай байрлалтай 216 m3 талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон учраас хууль ёсны өмлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч Я.О, П.Б нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулах гэж урьд нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үндэслэлгүй тул хариуцагч Я.Оын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь:

Я.О, П.Б нар 2006 онд гэр бүл болж 2015 оныг хүртэл хамтран амьдарсан бөгөөд, хамтын амьдралын эхний он жилүүдэд Завхан аймгийн Их-Уул суманд ажиллаж амьдарч байгаад, 2010 онд Тосонцэнгэл суманд шилжин ирж амьдарсан. Тосонцэнгэл суманд шилжин ирээд тус сумын 1 дүгээр багт 10 000 000 төгрөгөөр амьдрах орон байраа худалдан авсан ба орон сууцны 2 000 000 төгрөгийг П.Б, Я.О нар өөрсдөөс гаргаж, 8 000 000 төгрөгийг Д.П, С.Б нараас зээлдэж аваад, Их-Уул суманд амьдарч байхдаа өөрсдийн мөнгөөр бий болгосон хашаа, газар, байшин, хөрөө рам зэрэг эд хөрөнгүүдөө худалдаж, орон сууц худалдан авахдаа зээлдэж авсан 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн. 2012 онд дээрхи худалдан авсан орон сууцыг худалдааны төв барих зориулалтаар өөр байшингаар буюу 4 айлын орон сууцны 2-ийг нийлүүлсэн (нутгийн хүмүүс ингэж нэрлэдэг ) байшингаар солиод, 2013 оноос эхлэн П.Бын төрсөн ах П.*******ынхтай хамтарч бүх зардлыг эдгээр 2 гэр бүл ижил тэнцүү гаргаж, Мандах нэртэй 2 давхар худалдааны төвийг барьж босгосон.

 

Мандах худалдааны төвийг барьж босгосоны дараа нэхэмжлэгч нар бид хөгширч байна, залуу хүмүүс та 2 буудал, гуанзыг ав, П.*******ынхтай хамт манайх шинээр барьсан худалдааны төвийг авъяа гээд П.Б, Я.О нартай маргаж буй 216 m3 талбайтай буудал, гуанзны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг солих замаар өмчлөх эрхийг шилжүүлсэн юм. Энэ 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг сольсон үйл баримт хариуцагч П.Б, Я.О нарын тайлбар, мөн П.Б, Я.О нарын 2015 оны 10 дугаар сарын 12-ийн өдрийн ярилцлагын тэмдэглэл, нэхэмжлэгч Д.П 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ... Мандах гуанзаны хажууд 2013 онд шинээр Мандах худалдааны төвийг том хүү П.*******, П.Б нарын гэр бүлүүд хөрөнгө оруулж шинээр барьсан гэсэн мэдүүлэгээр нотлогддог. Хариуцагч П.Б, Я.О нар маргааны зүйл болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа хууль зөрчөөгүй өөрсдийн хөрөнгө оруулж бий болгосон үл хөдлөх хөрөнгөөр сольж авсан тул нэхэмжлэгч нарын анхнаасаа бидний эд хөрөнгө байсан гэсэн шаардлага, тайлбар үндэслэлгүйээс гадна нэхэмжлэгч нар шудрага эзэмшигч биш юм.

 

Шудрага эзэмшигч гэдэг нь а) эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу өмчлөх эрх нь баталгаажсан байдлыг б) тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн зүйп гээд эзэмшиж байхад хожим эзэмшил нь ямар нэгэн шалтгаанаар дуусгавар болсныг шудрага эзэмшигч гэж үздэг. Нэхэмжлэгч нар нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон улмаар эзэмшиж байсан байж болно. Хамгийн гол нь өөрсдийн гэх хуучин үл хөдлөх хөрөнгөө бусдын (хүү нарынхаа гэр бүлийн) хөрөнгө оруулж бий болгосон өөр үл хөдлөх эд хөрөнгөөр солиод шинээр бий болсон хөрөнгийг эзэмшиж өмчилсөн бодит үнэнийг нэхэмжлэгч нар үгүйсгэж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл илүү том, шинээр барьсан эд хөрөнгийг өөрсдийн эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авчихаад одоо ийм зүйл шаардаж ярих нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар буудал, гуанзны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч П.Б нарын нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг өөрсдөө эрх бүхий байгууллагад гаргасанаар өмчлөх эрх бий болж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл улсын бүртгэл буруу болсон гэж нэхэмжпэгч нар эсэргүүцээгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримт болон дээрхи үйл баримтаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлалтай 216 m3 талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоох, хариуцагч нар уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгч нарын шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

 

Нэхэмжлэгч нар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тоггоолгох шаардлагаа материаллаг эрх зүйн маргаан биш гээд ИХШХШТХуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14 дэх хэсгүүдээр тогтоож өгөхийг шаардсан нь мөн үндэслэлгүй юм. Учир нь: онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Гэтэл нэхэмжлэгч нар хариуцагчаар 2 этгээдийг татсан атлаа онцгой ажиллагааны журмаар үйл явдлыг тогтоолгох гээд байгаа нь ойлгомжгүй. Хэрвээ материаллаг эрх зүйн маргаанаар биш процессын эрх зүйгээр маргааныг шийдвэрлүүлэх гээд байгаа бол энэ хэрэгт хариуцагч шаардлаггүй болно.

 

Хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч П.Б нарын тайлбараас өөр тайлбар байгаа. Анх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаснаар маргаан үүссэн. Энэ үед хариуцагч нарын дундын эд хөрөнгө болох маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Улмаар шаардлагаа өөрчилсөн боловч энэ нь мөн адил үндэслэлгүй юм. Хариуцагч нар Тосонцэнгэлд шилжин ирэхдээ 1-р багт байсан байрыг худалдаж авсан. Ингэхдээ хариуцагч нар 2 саяыг өгөөд 8 саяыг нэхэмжлэгч нараас зээлж авсан. Улмаар суманд байсан байшин, хөрөө рамаа зараад зээлээ төлсөн. Улмаар уг байраа маргаж буй байраар солиод маргаж буй башингийн хажуудах байраар солиод авсан. Улмаар шинээр Мандах худалдааны төвийг барьсан. Ахтай нь аав ээж нарынх нь хэлсэнээр сольсон. Маргаж байгаа нь Мандах гуанз бол шинээр барьсан нь Мандах худалдааны төв юм. Энэ 2-г хооронд нь сольсон. Энд арилжааны гэрээ хийгдсэн гэж ойлгогддог. Улмаар өөрийн хөрөнгөөр бий болсон өмчөөр сольж авсан тул нэхэмжлэл нь үндэслэлгүй. Шударга эзэмшигч гэж тайлбарладаг боловч энэ нь үндэслэлгүй. Шударга эзэмшигч биш. Өөрийн шинэ хөрөнгийг хуучин хөрөнгөөр сольсон гэдгийг нэхэмжлэгч нар үгүйсгэж чадаагүй. Иргэний хуулийн 183.1-д өмчлөх эрх шилжих талаар заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нар нь өмчлөх гэрчилгээг хариуцагч нарын нэр дээр гаргаж өгөхийг хүсээд гэрчилгээ гарсан. Хариуцагч Я.О нь хууль бусаар шилжүүлж авсан зүйл байхгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь 2 этгээдийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй байх ёстой. Хариуцагч П.Б нь нэхэмжлэгч нартай нэгдмэл сонирхолтой тул өмнөхөөсөө өөрөөр тайлбарлаж байна. Өөрчилсөн шаардлагаа хуулийн 135-д зааснаар гаргасан тул ойлгомжгүй болоод байна. Иймд нэх-г зөвшөөрөхгүй. Банкны баталгаа гарахаар нэр дээр нь гэрчилгээ гаргуулсан гэдэг. Гэтэл барьцаанд тавьсан баримт байхгүй. Шинээр барьсан Мандах худалдааны төвд хариуцагч нар хөрөнгө оруулсан гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрдөг. Улмаар энэ хөрөнгөөрөө сольж авсан байдаг. Мандах худалдааны төвийг 2015 онд баригдсан гэж байгаа боловч ийм баримт байхгүй. Уг байр нь 2012 оноос баригдаад 2013 онд буюу гэрчилгээ гарахаас өмнө ашиглалтад орсон байдаг. Я.О нь одоо хэнтэй суусан нь энд ямарч хамааралгүй. Хариуцагч П.Б нь эд хөрөнгүүд солигдсан гэдгийг өмнө нь хэлсэн байдаг. Худалдааны төв 2013 онд баригдсан гэдгийг хариуцагч П.Б хэлсэн байдаг. Энд хэн хэн нь хөрөнгө оруулсан гэдгийг маргаагүй. Улмаар оруулсан хөрөнгөө хуучин үл хөдлөхөөр солиод авсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан Иргэний хуулийн 96.3 болон 91.2.2 нь энэ хэрэгт хамааралгүй. Анх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно гэсэн. Гэтэл дээд шүүх өмчлөх эрх чинь яаж шилжсэн бэ гэхээр шаардлагаа сольсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Батаатар нь П, Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Хариуцагчаар оролцож байгаа. Тус хэргийн хариуцагч Я.О бид хоёр 2006 оны 9 сард хуримаа хийж 12 сард /тэр үед би Завхан аймгийн Их уул сумын ХААН банкинд эрхлэгчээр ажиллаж байсан/ гэрлэлтээ батлуулж хамт амьдарч ирсэн. Энэ үед бид хоёрт орох орон байхгүй байсан учир тус сумын дунд сургуулийн сурагчдын дотуур байранд өрөө хөлсөлж, 2007 оны сүүлчээр өөрсдийн барьсан байшингаа ашиглалтанд орох хүртэл амьдарсан. 2007 онд өөрсдөө байшин барихаар шийдэж, Я.Оын өмчинд ирсэн 8 ишигтэй эм ямаа, 7 хургатай эм хонийг нядалж 700.000 төгрөг болсон, би аав Пэс 2.000.000 төгрөг авч үлдсэн 2.000.000 төгрөгийг Хаан банкнаас зээл авч Их уул суманд өвлийн сууц барьсан. 2006-2010 онд Их-Уул суманд амьдрах хугацаандаа удаа дараа банкнаас зээл авч эмчилгээнд явах, мөн БНХАУ Эрээн гарч наймаа хийх зэрэгт ашиг олохгүй үрж байсан, хөргөгч буйдан гэх мэт гэрийн тавилга зэрэгт 2 000 000 төгрөгийн зээл авч байсан. 2008 онд Оын ах Дэмбэрэлсамбуугаас түүний хадам ээж Доржпаламын нэр дээр байдаг sportage маркын машин 3.500.000 төгрөгт тооцож, зээлээр авч машинтай, хувийн сууцтай зээлтэйгээр амьдрал үргэлжилж байсан . Ингээд 2008 онд аав Пэс 4.500.000 төгрөг зээлж Байгальмаа гэдэг хүнтэй хамтран хөрөө рам худалдан авч ажиллуулж эхэлсэн. Ингээд 2010 онд О Тосонцэнгэл сумын Төрийн банкинд эрхлэгчээр ажиллахаар болж шилжихээр болсон ингээд бид хөрөө рамаа 4.000.000 төгрөгөөр Байгальмаад, байшингаа 6.000.000 төгрөгөөр Энхтүвшинд машинаа 2.500.000 төгрөгөөр бас өөр Энхтүвшинд тус тус зарсан. Эндээс 12.500.000 төгрөг байхаас 3.500.0000 төгрөг Оын ах Дэмбэрэлсамбууд sportage маркын машинхаа өрөнд, банкнаас авсан байсан зээл, зээлийн хүү зэрэгт 5.000.000 төгрөгийг нь төлж, 4,000,000 төгрөгтэй Тосонцэнгэл суманд 2010 ирсэн. Ингээд бид Должинжав гэдэг хүнээс аав 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан хашаа байшинд нь бид амьдарч эхэлсэн. Энэ байшинд бид Их-Уулаас авчирсан 4.000.000 төгрөгнөөсөө засвар хийж хашаанд нь гараж барьж дуусгасан юм. Энэ бүхнийг О шүүхэд өгсөн тайлбартаа элдэв байдлаар мушгин Должинжаваас авсан байшингийн үнийг нь төлчихсөн юм шигээр худлаа тайлбар өгсөн байдаг. Мөн бид 2 Хас банкнаас зээл авч 2212 дугаартай суудлын тэрэг худалдан авч аавын байшинд зээлээр авсан машинтайгаар бас л тэр аяараа зээлтэй амьдарч эхэлсэн. Ингээд 2012 онд Аав байшингаа Амарбаяр гэдэг хүнтэй солилцохоор тохирч солилцоод бид аавийн хажууд ирж амьдарч эхэлсэн. Бид хүүхэдтэй болохгүй байсан учир аавын хажууд ирсэн жилээ аавын бага дүү Төгсжаргалаар батлан даалгаж Маралгоо гэж охиноо өргөж авсан. Ингээд аав хажуу айлынхаа байшинг худалдан авч хашааныхаа газрыг томсгосон учир Хашаан дахь дэлгүүрээ нурааж 2 давхар худалдааны төвийг миний ах *******тай хамтарч барьж эхэлсэн. Ингээд 2013 онд худалдааны төв ашиглалтанд орсон. Үүнд бид нэр дээрээ 2013.04.08-нд ХАС банкнаас 20,000,000 зээл авч 16 сая төгрөгийг нь ээж аавыг уг худалдааны төв барихад нь зориулж өгсөн ба 2.000.000 төгрөгийг дүү *******т өгсөн. Энэ 18 сая орчим төгрөгийнхөө оронд бид аавын гуанзыг ажиллуулж ашгийг авч байсан. Энэ нь ХАС банкны миний нэр дээрх тоот дансны хуулгаас харагдана. Гуанзны ашиг охины хүүхдийн мөнгө зэргийг нийлүүлж ах *******аас 7.000.000 төгрөгөөр challenger маркийн 2580ЗАН дугаартай машин авсан. Энэ үеэс Оын алсын бодол илэрсэн болов уу. Гуанзны үл хөдлөхийн гэрчилгээг нэг мөсөн 2-лаа өөрсдийнхөө нэр дээр гаргуулчихъя л даа, гуанз ашигтай юм байна ш дээ, зээл авч чамайг эмчилүүлье гэх зэргээр намайг ятгаж, миний эмзэг сэдвээр байнга оролдож байсныг одоо л ойлгож байгаа юм. Ингээд 2014.12.22 нд үл хөдлөхийн гэрчилгээг би аймгийн УБХэлтэс рүү Батцэцэг гэдэг бүртгэгчтэй ярьж, гаргуулсан. 2015.02.06 нд амьдарч байгаа байшингийхаа үл хөдлөхийг гаргуулсан ба 6 сард нь О машинаа өөрийнхөө нэр дээр болгосон байна лээ. Ингээд 9 сард салах өргөдлөө шүүхэд өгсөн байна. Энэ бүхнийг ингээд бодоход үнэхээр бодлоготой анхнаасаа бүх зүйлийг тооцоолж хийсэн нь одоо л илрээд байгаа юм. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очоод шууд Төрийн банкинд ажилдаа орсон байдаг. Хэрийн хүн ажлаа өгөнгүүт дараагийн ажил бэлэн байдаггүй тэгтэл шууд ажилдаа орсон байдаг. Явахдаа мэдэгдэхгүй нэг өглөө охиныг маань аваад явсан байсан ба явсанаас нь хойш 2 хон хоногийн дараа Сум дундын шүүх намайг дуудсан байдаг. Энэ бүхнийг логикоор нь бодоод ялгаж салгаад зөвөөр шийдэж өгөхийг шүүгч таниас хүсч байна. Би шүүхийн дуудсанаар очоод өргөмөл ч гэсэн охиноо бодоод салахгүй, бүх бурууг өөртөө үүрээд ятгаад үзье гэж шийдээд өөртөө алдаа байвал засаад сайхан амьдрая гэж зөндөө гуйсан хэдий ч зөвшөөрөөгүй харин охиныг чамд өгвөл чи юу өгөхийн зэрэг барьцаалсан зүйл ярьж байсан. Үүнийг ярьж байхад шүүгч Отгонхишиг сонсож байсан. Энэ байдал нь ямар ч аргаар хамаагүй мөнгө салгаж авах гэсэн санаа нь харагдаж байна. Одоо манай найз болох Маналжавтай амьдарч байгаа бөгөөд хүүхэд нь гарсан 1 ой гарантай болсон байгаа. Салах шалтгаан нь миний найзтай дотносож хамт амьдрахаар тохирсонд л байгаа юм билээ. Одоо ч энэ бүхнийг суманд хүн болгон мэддэг болсон ба өмгөөлөгч Батхүүгийн зээ дүү нь миний хамгийн дотны найз байсан, одоо эхнэрийн минь нөхөр болсон Маналжав юм. Хүүхдийг гаргачихсан хүнээ арай худлаа гэхгүй байлгүй. Бас нэг шалтгаан нь хүүхэдтэй болохгүй байгаа нь надаас болдог, шинжилгээгээр тогтоогдсон ба энэ бүх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэх ажиллагааг жил гаруйн өмнөөс хийхдээ зөвхөн миний энэ эмзэг байдал дээр тоглолт явагдсанаас харагдана. Үүнээс дүгнэхэд 20.000.000 төгрөгний зээлийг жил гарангийн хугацаанд 7 000 000 болтол зөвхөн гуанзны орлогоор төлж байсан. 13 000 000 төг дээр хүү төлөх энэ мөнгийг бас л аав ээжээс авсан гэсэн үг /хэн ч ойлгоно/ дээр нь байшингийн 10 000 000 төг дээр нь хөрөө рамны 4 500 000 төг зэрэг зүгээр л наад захын өглөгөө тооцвол 27 500 000 төг байгаа биз. Захын хүүхэд тооцож чадна. Өөр зүйл яривал аав ээжээс авч хэрэглэж байсан зүйл зөндөө, баримтаар нотлогдох нь энэ өглөг. Гэтэл аав ээжид өгсөн 16 000 000 төг, дүүд өгсөн 2 сая төгрөг зэрэгийг гуанзыг худалдаж авсан мэтээр тайлбарлаж байгаа нь цагаандаа гарсан байдал нь харагдаж байна. Охиноо өгвөл юу өгөхийн гэж байгаа, охины ирээдүйг бодолгүй хүмүүсээс ичихгүй нөхрийнхөө найзтай салж сууж байгаа, хөгшин настай аав ээжийн маань хөдөлмөрийн шимийг хүртээд ханахгүй бас насны хөдөлмөр лүү нь шунаж байгаа энэ бүхэн нь бүр цайрцан байгаа нь харагдаж байна. Бас шүүхэд өгсөн тайлбар дээрээ аав ээжээс авсан мөнгөө буцааж өгсөн гэж ичих ч үгүй улайм цайм хэлж байгаа нь арай л дэндэж байна. Аавд ганц төгрөг өгөх нь битий хэл байнга шулж тансаглаж амьдарчихаад одоо ингэж хэлэх нь хүн чанаргүй ёс суртахуунгүй байдал нь харагдаж байна. Энэ хэлж байгаа байдлийг нь үнэнүү худалуу гэдгийг шүүх хурал дээр нүүрэлдүүлбэл зүгээр байх өөрөө ирэхгүй холоос яасан ч яахав гэж худал хэлж байгаа нь хөгшин аав, ээжийг минь доромжлоод зогсохгүй монголын шүүхийг доромжилж худал ярьж байна. Миний энэ ярьсан бүхэн үнэн гэдгийг би чин шударгаар нэр төр бүхий зүйлээрээ баталж байна. Тэхээр П, Б нарын нэхэмжлэл нь 100 хувь үнэний хувьтай бөгөөд насныхаа хөдөлмөрийг хамгаалж нэхэмжилж байгаа нь шударга зүйл юм.

 

Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Уг байрыг барихад хариуцагч О бид нар нэгч төгрөг гаргаагүй. Хариуцагч О бид нар гэр бүл тул энэ талаар сайн мэднэ. Баригдсан 2007 онд бид суманд дотуур байранд амьдарч байсан. Улмаар хариуцагч Оын малыг зараад аав ээжээс мөнгө аваад, зээл аваад өвлийн байртай болсон. Би эд хөрөнгийн бүртгэгч байсан тул гуйж байгаад бүртгүүлсэн юм. Үл хөдлөхтэй болоод зээл аваад хүүхэдтэй болдоггүй тул эмчлүүлэх гээд гуйгаад бүртгүүлсэн юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, Завхан аймаг, Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоот хаягт байрлах 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч П.Б, Я.О нараас гаргуулж нэхэмжлэгч Д.П, С.Б нарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр төлөөлөгч Т.Баасанжаргалд итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заасан эрхийг олгожээ.

 

Улмаар нэхэмжлэгч нарын төлөөлөгч Т.Баасанжаргал нь мөн хуулийн 26.2-т заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргажээ. Тодруулбал 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын 2 дахь хэсэгт бичиндсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Хариуцагч П.Б, Я.О нараас гаргуулж нэхэмжлэгч Д.П, С.Б нарт олгуулах тухай шаардлага гаргаагүй гэж тайлбарласан.

 

Иймд нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч Я.О нь маргаж буй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хамтран өмчлөх эрхтэй Мандах худалдааны төв нэртэй үл хөдлөх хөрөнгөний хариуцагч нарт ногдох хэсгээр солих замаар нэхэмжлэгч нар хүсэлт гаргасны дагуу өмчлөгчөөр бүртгэгдсэн, нэхэмжлэгч нар анхнаасаа өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Маргаж буй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягтай 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох Мандах зочид буудал, гуанзыг нэхэмжлэгч нар анх захиалж бариулан бий болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэр эзэмшиж байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй. Ийнхүү эзэмшиж байсан болох нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 14 дүгээр тал/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан уул багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1/407 тоот тодорхойлолт, мөн өдрийн 1/103 тоот тодорхойлолт, мөн өдрийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын татварын албаны тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 202-204 дүгээр тал/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан уул багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/540 тоот тодорхойлолт, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/126 тоот тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 39-40 дүгээр тал/, гэрч Б.*******, З.*******, Д.*******, Г.*******, Б.******* нарын мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 24-28 дугаар тал/-р тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшиж байсан буюу маргаж буй Мандах гуанз, зочид буудал нэртэй үл хөдлөх эд хөрөнгийг хүсэл зоригоо илэрхийлж хариуцагч П.Бын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэргийн 1-р хавтас 6-р талд байгаа нэхэмжлэгч Д.П, С.Баяржаргал нарын Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн эд хөрөнгийн тасагт гаргасан өргөдлөөр тогтоогдож байна. Улмаар хариуцагч П.Б нь өөрийн өмчлөх эрх олж авсан маргаж буй Мандах гуанз, зочид буудал нэртэй үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмч болохыг зөвшөөрч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай өргөдлийг Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн эд хөрөнгийн тасагт гаргасан байна. /хэргийн 1-р хавтас 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар болон хариуцагч П.Б нар нь ийнхүү хүсэл зоригоо илэрхийлсэн үйл явдлыг хариуцагч П.Батбааатарын эмчилгээнд зориулж зээл авах зорилготой байсан гэж тайлбарласан боловч хариуцагч Я.О нь өөрийн хэсгээр өмчлөх эрхтэй Мандах худалдааны төвийн өмчлөх хэсгийг солих замаар үйлдсэн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь Мандах худалдааны төвийг барихад хариуцагч нар хөрөнгө оруулсаныг зөвшөөрсөн боловч зарцуулагдсан хөрөнгийг банкны зээлээр бүрдүүлсэн, хариуцагч нар банкнаас зээл авах барьцааны хөрөнгөгүй тул зээл авч байгаагүй гэж тайлбарласан. Улмаар Мандах худалдааны төвыг 2015 онд ашиглалтад оруулсан байхад Мандах гуанз, зочид буудлыг 2014 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байх тул энэ 2 үл хөдлөх эд хөрөнгийг сольсон гэх хариуцагч Я.Оын тайлбар нь үндэслэлгүй гэж маргаж байна. Хэргийн 1-р хавтас 62 дугаар талд байгаа Хаан банкны 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 16/31 дугаар хариуцагч нар зээл авч байсан тухай тодорхойлолтоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн Мандах худалдааны төвөөс ногдох хэсгээр Мандах гуанз, зочид буудлыг сольсон болох нь хэдийгээр хариуцагч боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байгаа П.Бын Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргасан тайлбар /хэргийн 1-р хавтас 35 дугаар тал/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасантай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч П.Б, Я.О нарын хийсэн ярилцлагад хариуцагч П.Бын Гуанзны тухайд аавынх ажиллуулж чадахаа больсон учир манай худалдааны төвийн өмчлөх хэсгийг өмчлөхөөр болоод оронд нь манайд гуанзаа өгсөн гэх тайлбараар тогтоогдож байна. Үүнээс нэхэмжлэгч нар нь хэдийгээр аль аль нь өмчлөх эрхийн бүртгэл хийгдээгүй байсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг хооронд нь солих талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Улмаар хариуцагч П.Б нь мөн адил хариуцагч Я.Оыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зоригоо илэрхийлжээ. Эндээс П.Б нь нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн авсан байх бөгөөд Мандах гуанз, зочид буудлын өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэнээр хариуцагч Я.О нь мөн адил хариуцагч П.Бын хүсэл зоригийг хүлээн авчээ. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгч Д.П, С.Б, хариуцагч П.Б нарын хүсэл зорилгийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Уг хүсэл зоригыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал Мандах гуанз, зочид буудлын өмчлөгч нь П.Б, улмаар хамтран өмчлөгч нь Я.О болохыг зөвшөөрсөн байна.

 

Түүнчлэн хариуцагч П.Б нь ийнхүү өмчлөгч болохыг зөвшөөрсөн нь зээл авах зориулалттай гэж, мөн Мандах худалдааны төвд оруулсан хөрөнгө нь зээлийг төлсөн гэж зөрүүтэй тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Мандах гуанз, зочид буудлын анхны өмчлөгчөөр хариуцагч П.Б, Я.О нар бүртгэгдсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон талаар маргаагүй болох нь нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрхээс хэдийгээр нэхэмжлэгч нар нь өмчлөх эрхээ баталгаажуулах эрхтэй байсан боловч уг эрхээ өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагч нарт шилжүүлсэн гэж үзлээ.

 

Улмаар Мандах гуанз, зочид буудлын өмчлөгчөөр хариуцагч П.Б, Я.Отголхам нар бүртгэгдсэн болох нь хэргийн 1-р хавтас 7 дугаар талд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.

 

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хариуцагч нарын өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлсэнээр баталгаажсан байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай юм.

 

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нар нь хүсэл зоригоо илэрхийлж, өмчлөх эрх бүртгүүлэхийг зөвшөөрч, улмаар өмчлөх эрх баталгаажсан байх тул өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус зааснаар хариуцагч П.Б, Я.О нарт холбогдох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан уул 4 гудамж, ******* тоотод хаягт байрлах 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.П, С.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД