Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 03

 

Д.*******э, С.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.*******, Т.******* / Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар/

Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******, Л.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******э, С.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид өөрсдийн амьдрал ахуй, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралд нь нэмэр болох зорилгоор Тосонцэнгэл сумын багийн нутаг худалдааны гудамжинд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшсэн. Уг газар дээрээ 2000 оноос эхлэн цайны газар ажиллуулж эхэлсэн ба 2008 онд өргөжүүлэн 216 метр квадрат талбайтай 2 давхар, дээд давхартаа зочид буудал, доод давхартаа цайны газрын зориулалт бүхий үйлчилгээний төв босгосон юм. Энэ барилгаа бид барихдаа гуанз ажиллуулж олсон орлого дээр ******* банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээл, өөрсдийн өмчлөлийн мал хөрөнгөө борлуулсны орлого нийт 30 сая төгрөг зарцуулсан. Бидний 2 дахь хүү П.******* 2006 онд Я.*******тай гэрлэсэн. Энэ хоёр хүүхдийнхээ амьдралд нь нэмэр болгож, зах зээлийн хатуу нийгэмд ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг аль ч газартай өрсөлдөхүйц үйлчилгээтэй, хүнээ татсан зочид буудал, цайны газрын зориулалттай барилгаа бэлэглэн тэдний нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийлгэж өгсөн юм. Гэтэл бэр Я.******* нь манай хүүгээс салахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж бидний олон жилийн хүч хөдөлмөрөө шингээн босгож өгсөн хөрөнгийг өөртөө авч, биднийг хөөж туух байдал бий болгон, голдоо ортол гомдоох үйлдэл гаргаж байгаа нь анхнаасаа өмч хөрөнгөтэй болох гэсэн, өмч хөрөнгөтэй болж байвал ямар ч аргаар хамаагүй авах зорилготой байсан гэсэн хардах сэтгэлийг төрүүлж байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон ******* дугаартай гэрчилгээ бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг 4 дүгээр гудамж 26-3 тоот хаягтай 216 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бидний нэр дээр шилжүүлэн, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг үл хөдлөх хөрөнгийг анх манай аав, ээж маань 2005 онд цалин хөлс, гуанз ажиллуулан өдөр шөнөгүй зүтгэсэн хүч хөдөлмөр, банкны зээл зэргээр босгосон бөгөөд өдийг хүртэл ээж С.*******ын нэр дээр ажлын байрны дүгнэлт нь гарсаар ирсэн. Би эхнэр Я.*******тай 2006 оны 9 дүгээр сард хуримаа хийсэн ба гэрлэхээс өмнө баригдсан гэдэг утгаараа хэний өмч байсан нь нотлогдоно. 2014 онд манай аав, ээж хоёр надад цаашдаа гуанзаа ажиллуулж байгаарай, бидний цаашдын амьдралд дэмтэй яв гээд бэлэглэсэн. Гэтэл би итгэлийг нь алдаж гэр бүл цуцлах хэмжээнд хүрч аав, ээжийнхээ насаараа хөдөлмөрлөсөн хөрөнгийг үрэн таран хийхэд тулж бэлэглэлийн зорилгыг үгүй хийж гомдоосон тул нэхэмжлэл үндэстэй гэж үзэж байна. Анх аав, ээж хоёр үл хөдлөх авахад бичгээр зөвшөөрөл өгөхдөө П.******* миний нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн байхад би П.*******, Я.******* нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулсан нь хэлцлийн утгыг буруугаар ашигласан гэж үзэхээр байгаа тул аав, ээж хоёр маань хөрөнгөө буцаан авах бүрэн эрхтэй юм. Нэхэмжлэгч нарын ярьж буй зүйл бүгд үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Я.*******ын тайлбарын тухайд мөнгө төгрөг авсан гэж байна. Энэ бол худлаа. Бид хоёр аавынхаас л авч ууж идэж байсан уу гэхээс биш аав ээжид мөнгө, төгрөг өгч байсан зүйл байхгүй. *******ын тайлбарын тухайд худал зүйлүүд байна гэв.

Хариуцагч Я.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Я.******* нь уг нэхэмжлэлийг ор үндэсгүй гэж үзэж байна. 2010 онд Тосонцэнгэл суманд шилжин ирэхдээ Дэлгэр даргын байшинг 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2.000.000 төгрөгийг бид өөрсдөө 8.000.000 төгрөгийг аав, ээж хоёроос зээлж аваад Их-Уул суманд амьдарч байсан хашаа байшин, хоосон хашаа, газар, хөрөө рам зэргээ зарж уг зээлээ дарж дуусгасан. 2012 онд худалдаж авсан байшингаа худалдааны төв барих зорилгоор аав Д.*******ийн урагш харсан 4 айлын 2-ыг нийлүүлсэн байшингаар сольж 2013 онд ах П.тай хамтарч бүх зардлыг тэнцүү хувааж одоогийн худалдааны төвийг барьж босгосон. Гэтэл хадам аав, ээж хоёр ...бид худалдааны төвийг П.ынхтай авъя, та хоёр гуанз буудлыг ав. Бид хөгширсөн тул залуу хүмүүс буудал, гуанзаа ажиллуул... гэж ярилцаад сольсон. Тэрнээс биш бэлэглэсэн зүйл байхгүй. Ингэж бидэнд бэлэглэсэн гэх 216 м2 гуанз, буудал ирсэн.

Худалдааны төвийг бид банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авч ах П. ч гэсэн адил банкнаас зээл авч байж барьж босгосон. Зээлээ бид гуанзны орлого, цалингаараа хугацаанаас нь өмнө шахаж төлөхийг эрмэлзэж, төлдөг байсан. Улмаар уг зээлийн үлдэгдлийг миний цалингийн зээлээр хаасан. Одоо ч би уг цалингийн зээлийг төлж байна. Сард би 582000 төгрөгийг тогтмол төлдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүүхэд маань гэр бүл болоод Их-Уул суманд амьдарч байсан юм. Их-Уулд амьдарч байхдаа байшин, хөрөө рам худалдаж авах гэсэн юм гээд надаас 6000000 төгрөг авсан. Тэгээд удалгүй П.******* ажлаасаа гарч Могойн голын уурхайд ажиллах болсон. Дараа нь Я.******* Тосонцэнгэл сумын Төрийн банкинд ажиллахаар болоод Тосонцэнгэлд шилжиж ирсэн. Энэ хоёр хүүхдийг сайн сайхан амьдруулах гэж эд хөрөнгө тасалж өгч байсан, хүүхэд ч өргөж авч өгсөн. Худалдааны гудамжинд байгаа худалдааны төвийг зөвхөн П.******* П. нар мөнгө гаргаж бариагүй. П.*******, П. хоёр арав гаран сая төгрөг, манайх мөн арав гаран сая төгрөг гаргаж барьсан юм. 30 сая төгрөгөөр босчихдог байшин ч биш юм. П.*******, Я.******* хоёр Их-Уулд байхдаа авсан мөнгөө эргүүлж өгөөгүй байгаа. Ер нь бол Я.*******ын санаа нь бүх эд хөрөнгийг эртнээс авах гэж бодож байсан юм шиг харагдаж байгаа. Эхнэр бид хоёр анх гуанз, буудлаа хүү П.*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гээд өгтөл Я.******* өөрийн нэрийг оруулж бүртгүүлсэн байсан. Энэ хоёр хүнийг зөвхөн цалингаа харж амьдарч байхаар гуанз ажиллуул гээд өгсөн. Тэгтэл Я.******* нь салаад явсан байсан. Бид хоёр явсныг нь ч мэдээгүй, ачийг маань ч уулзуулаагүй явсан. Иймд бэлэглэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ийн тайлбартай санал нэг байна. Я.******* их санаатай байсан болов уу гэж бодож байна. Айл гэрийн эд хөрөнгө өрхийн тэргүүний нэр дээр л байдаг. Гэтэл бүх зүйлд Я.*******ын нэр орсон байсан. Гэрийн орлого, зарлага гээд бүх л зүйл Я.*******ын нэрээр гарын үсэг зурагдаж гарсан байсан. Гуанз буудлаа өөрийн өмчлөлд авмаар байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжсэнээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байгаа. Гэрээг хэрхэн байгуулагдсанд тооцдог вэ гэхээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний голнөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан байгаа. Үүнийг нарийвчлан авч үзвэл хуульд заасан гэдэгт Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэг орж байгаа юм.

Эд хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд зохицуулж өгсөн байгаа. Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгө байна гэж заасан байна. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Д.*******э, С.******* нарын нэр дээр гарсан байсан бол бэлэглэлийн гэрээ хийгдэж дараагийн шатны асуудал яригдах байсан.

Гэтэл тухайн үед эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийгдээгүй байсан. Д.*******э, С.******* нарын улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан анхны өргөдөл хэрэгт байгаа. Уг өргөдөлдөө хүү П.*******ын нэр дээр бүртгэж өгнө үү гээд гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгөнд зориулсан байна. Гэтэл улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авахад Я.*******ын нэрийг оруулсан байдаг. Гэхдээ улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг энд ярих боломжгүй.

Хүүхдүүдээ сайн сайхан амьдрахад нь зориулж үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэсэн. Яагаад бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бэ? гэхээр хариуцагч Я.******* нэхэмжлэгч нарын хүч хөдөлмөрөөрөө босгосон эд хөрөнгийг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул өөрт ногдох хэсгийг авна гээд баахан мөнгө нэхэмжилж байгаа асуудал нь бэлэглэгчийг гомдоосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдэх боломжтой гэжээ.

Хариуцагч Я.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.үү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.*******ыг байхгүй байхад гүтгэх ёсгүй гэж үзэж байна. Хууль зүйн үүднээс бэлэглэлийн гэрээ нь бичгээр үйлдсэн, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Бэлэглэлийн гэрээ хийгдээгүй байхад юу бэлэглэсэн гэж үзээд байгаа юм бэ? Энэ худалдааны төвийг барихад Я.*******аас мөнгө оруулсан байдаг. Тэгээд дараа нь хадам аав, ээж болох Д.*******э, С.******* нар нь худалдааны төвийн тодорхой талбайг буудал, гуанзаар солилцсон асуудал байдаг. Энэ агуулгаар нь харах юм бол арилжааны гэрээ ч байх боломжтой.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 бол хөдлөх хөрөнгө дээр л яригдана. Үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж заасан шаардлага тавигдана. Энэ шаардлагыг хангаагүй, бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар Д.*******э,С.******* нарын нэхэмжлэлтэй, П.*******, Я.******* нарт холбогдох бэлэглэлийг хүчингүйд тооцож, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 22-нд олгосон ******* дугаартай гэрчилгээ бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, 4 дүгээр гудамж, тоот хаягтай 216 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгнөөс 174950 /зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 233000 /хоёр зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс олгосон Завхан аймгийнТосонцэнгэл суманд хаягтай 216 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх гэж тодорхойлсон.

Тосонцэнгэл сумын багт хаягтай 216 кв.м талбайтай үйлчилгээний төвийг улсны бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа 2014 онд хүү П.*******ын нэр дээр бэлэг авах зорилгоор гэрчилгээ гаргуулсан байсан.

Улсын бүртгэлд гаргасан өргөдөлийн хувьд ******* болон түүний эхнэрийн нэр дээр гэрчилгээ гаргуулах агуулгаар биш хүүгийн маань нэр дээр бүртгэж гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн өргөдөл бичсэн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлоод шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн үндэслэлийг хольж ойлгоод төөрөгдөх байдлаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн гол шаардлага нь П.*******, Я.******* нарын нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээтэй 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг өөрийн өмчлөлдөө авах юм.

Нэхэмжлэлийн үндэслэл нь бэлэглэлийн журмаар хариуцагч нарт үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн бөгөөд хариуцагч нарын хувийн таарамжгүй харилцаа гэр бүл цуцалсан зэргээс шалтгаалан бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгуулах асуудлыг нэхэмжлэлийн үндэслэл болгож тавьсан. Гэтэл шүүх бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага гэдэг нь хариуцагчаас гаргуулах буюу эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан нэхэмжлэгчийн эдийн болон эдийн бус баялаг, түүнтэй холбоотой эрх, эрх зүйн ач холбогдол бүхий харилцааг тогтоолгох нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл нь шаардах эрхээ шүүхээр хамгаалуулахдаа хууль тогтоомжын холбогдох зүйл хэсэгт дурдаж түүнд нийцэх эрх зүйн зохицуулалтыг ойлгодог. Гэтэл зөвхөн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоож шийдвэрлэх боломжгүй, энэ нь өөр төрлийн гэрээ эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой асуудал байх боломжтой. Нэхэмжлэгчийн гол шаардлага нь нэхэмжлэгч өөрийн босгосон хөрөнгийг буцааж авах юм.

Тус байр анх баригдаж байх үед Я.******* П.******* нар Их-Уул суманд амьдарч байсан. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээ нь П., Я.******* нарын нэр дээр байгаа тул тус эд хөрөнгө нэхэмжлэгч нарт огт хамаагүй мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн дүгнэлтэнд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид үүсч өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно. Гэтэл шинэ өмчлөгчийн эрх үүснэ гэж үзсэн боловч өмнөх өмчлөгчийн асуудлыг шийдэхгүй орхисон.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэхь хэсэгт зааснаар талууд бэлэглэлийн гэрээ байгуулсан байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө шилжсэнээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж үздэг. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж тайлбарладаг.

Хэрэв тухайн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээ нь гарчихсан тохиолдолд тус хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь заалт яригдах ёстой байсан. Гэтэл маргааны зүйл болох хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан гэдгийг шүүх анхаарах ёстой байсан. Тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй хэдий ч тухай барилгыг эд хөрөнгө гэж үзнэ. Иймээс эд хөрөнгө гэдэг ойлголтын дагуу Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь заалт хэрэглэгдэх ёстой. Эд хөрөнгө гэдэг ойлголтонд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамтад нь ойлгодог.

Хэрэв талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзвэл тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхгүй этгээд өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж байгааг юу гэж ойлгох вэ? гэдэг асуудал үүснэ. Энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ойлгохоор байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг хольж шийдвэрлэснийг анхаарч үзнэ үү. Мөн хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой гэсэн тайлбар гаргасан. Гэвч талуудын дунд арилжааны гэрээ байгуулагдаагүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэгийг 2012 оны 12 сарын 21-нд Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байдаг.

Мөн хариуцагч Я.*******ын тайлбарт нэртэй худалдааны төв 2013 онд П.*******ын төрсөн ах П.тай хамтарч бариад 2014 онд ашиглалтанд орсон гэдэг нь дэлгүүрийн зориулалтаар ашиглагдаж байгаад худалдааны төв болсон. Гэтэл улсын бүртгэлийн хэлтэст 2012 онд мэдүүлэг гаргасан нь тус барилгыг барьж эхлэхээс өмнөх үйл явдал юм.

Иймээс талуудын дунд арилжааны гэрээ байгуулагдсан байх боломжгүй байна. Харин талууд бэлэглэлийн гэрээ байгуулсан байх боломжтой буюу эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үздэг. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь заалт нь хөдлөх эд хөрөнгийн хувьд хэрэглэнэ гэж заагаагүй эд хөрөнгө гэдэг ерөнхий ойлголтоор хэрэглэх зохицуулалт гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн зүгээс өмнө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн шүүгч шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр зүйл хэсэг заалтыг тодорхой заах ёстой байхад огт заагаагүй нь шийдвэрийг тодорхой биш болгосон. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон гэж дурдаад, заалтыг тодорхой заагаагүй байна. Хуулийн аль зүйл заалтыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө шилжихэд хамааралгүй Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дахь заалтыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Эд хөрөнгийг бэлэглэхэд бичгийн гэрээ, нотариатаар батлуулахыг хуулиар шаардаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд заавал бичгийн гэрээ, нотариатаар батлуулахыг шаарддаг. Мөн бэлэглэлийн процесс хуульд нийцээгүй гэдгийг шүүх анхаарах ёстой байсан.

Давж заалдах шатны шүүхэд шинээр илэрсэн нэг нөхцөл байна. Энэ нь хавтаст хэрэгт хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн байна. Хавтаст хэргийн 5 дахь хуудсанд авагдсан хариуцагч *******ын бичсэн өргөдөлд дурдсан баримт нь хуурамч байна. Өргөдөлд барилгыг хариуцагч өөрийн хөрөнгөөр барьсан гэж байгаа боловч нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөрөө барьсан гэж мэдүүлж байгаа юм. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд Д.*******ийн нэр дээр бичсэн өргөдлийг хамтран хариуцагч Я.******* бичсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд Д.*******э тус барилгыг барихдаа өөрийн нэр дээр банкнаас зээл авсан баримт байна. Энэ нь хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан П.*******ын өргөдөлд өөрийн хөрөнгөөр барьсан гэж бичигдсэн нь худлаа болохыг харуулж байна.

Мөн хавтаст хэргийн 104-118 дугаар хуудсанд авагдсан Я.*******ын банктай харилцаж байсан зээлийн гүйлгээний хуулганд тус барилгыг баригдаж байх явцад ямар нэг томоохон хэмжээний зээл авч түүнийхээ эргэн төлөлтийг хийсэн талаар баримт байдаггүй. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа энэ байдлыг үнэлээгүй. П.*******, Я.******* нарын хөрөнгөөр энэ барилга баригдаагүй, хавтаст хэргийн 5 дахь хуудсанд авагдсан баримт хуурамч гэдгийг анхан шатны шүүх үнэлээгүй.

Мөн шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн баригдсан газар нь Тосонцэнгэл сумын 26-3 хаягт байдаг. Тус 409 кв.м газарыг эзэмшигч нь нэхэмжлэгч Д.*******э юм. Гэтэл тус газарт дахин шинэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахдаа Д.*******ийн газрыг салгаж өгөөгүй. 2014 онд газар эдэмших гэрчилгээг сунгуулахдаа баг 4-26-3 тоот гэрчилгээнд нэг л эд хөрөнгө бүртгэсэн байдаг. Улсын бүртгэлд тус баригдсан эд хөрөнгийн эзэн хэн болохыг тодруулахгүйгээр дахин нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан байсан.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 , 168.1.6-д заасныг үндэслээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй боловч эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан хуурамч нотлох баримтын талаар тайлбар гаргах боломжоор хангаж анхан шатанд тайлбарыг сонсох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******э, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ барилгыг анх үйлчилгээний зориулалтаар өөрийн хөрөнгөөр барьсан. Манай хүү П.******* эхнэртэйгээ Бээжин явах гээд банкнаас зээл авах гэтэл барьцаалах хөрөнгө байхгүй гэж ирсэн. Тэр үед хуучин гуанз буудал нь гэрчилгээтэй хажууд нь барьсан худалдааны төв гэрчилгээгүй байсан. Тэгээд хүүхдүүд шинээр баригдсан хөрөнгө гэрчилгээгүй байж болохгүй үүнийг гэрчилгээтэй болгоод бид зээл аваад явъя гэсэн. Нэгэнт гэрчилгээгээ аваад явсан юм чинь энэ барилгыг зориулалтаар нь цаашид ажиллуулаад яв, нас өндөр боллоо та нарт өгөх гэж л бий болгосон хөрөнгө гээд өгсөн. Харин хүүхдүүд тусдаа ажилтай болохоор түүнийг зориулалтаар нь ажиллуулаагүй, манай гэр бүлийн хүн бүх татвар түрээсийг зохицуулж ажиллуулж ирсэн.

Энэ хөрөнгийг босгоход хүүхдүүдээс нэг ч төгрөг гараагүй учраас би хөрөнгөө буцааж авахыг хүсч байгаа юм. Хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ аавын газар дээр баригдсан барилгыг бүртгэж өгнө үү гэж өөрсдөө өргөдөл бичиж өгсөн. Надаас зөвшөөрөл авахдаа миний газар дээр барилга барихыг зөвшөөрөв гэсэн бичиг өөрсдөө хийж гарын үсэг зуруулж авсан. Тэр үед би ямар учиртайг нь сайн мэдээгүй, гэрчилгээ авахад хэрэгтэй гэхэд нь гарын үсэг зурсан.

Миний итгэлийг алдаж гэрлэлтээ цуцлуулсан учраас эд хөрөнгийг маань өмчлөөд явах бусад хүүхдүүд байгаа учраас хөрөнгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргасан. Гэрчилгээ нь хүүхдүүдийн нэр дээр гарсанаас биш тэр барилгыг барьсан хүмүүс, Тосонцэнгэл сумын иргэд намайг тэр хөрөнгийг бий болгож өргөтгөсөнийг мэднэ. Анх барилгыг барьж байхад манай хүү, Я.******* 2 оюутан байсан. Сургуулиа төгсөөд Их-Уул суманд ирж амьдрахад нь орон сууц хөрөө рам авч өгч байсан. Я.******* машин бусад эд хөрөнгийг бүгдийг өөрийн нэр дээр бүртгүүлж аваад сүүлдээ миний бүтээсэн хөрөнгө рүү дайрч байгаа нь зохион байгуулалттай хийсэн ажил гэж ойлгож байна. Иймээс би өөрийн босгосон хөрөнгийг буцааж авах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Д.*******э, С.******* нар нь хариуцагч П.*******, Я.******* нарт холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудал, цайны газрын зориулалттай 216 кв метр талбай бүхий 2 давхар барилгыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, уг байрны өмчлөх эрхийг өөрсдөдөө шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа...Бидний хоёр дахь хүү П.******* нь 2006 онд Я.*******тай гэр бүл болсон... хоер хүүхдийнхээ амьдралд нь нэмэр болгож, ...зочид буудал, цайны газрын зориулалттай барилгаа бэлэглэж тэдний нэр дээр өмчлөлийн эрхийн бүртгэл хийлгэж өгсөн юм.

Ийнхүү бэлэглэсэн зорилго бол энэ 2 хүүхдээ гэр бүл болгон хамтдаа амьдрахдаа бусдын дор оролгүй , өөрсдийн өмч хөрөнгөтөй, хийх ажилтай хэнээс ч хараат бусаар амьдарч биднийгээ баярлуулаасай гэж хүссэн юм. Гэтэл манай бэр Я.******* нь бидний хүүгээс салах болж, биднийг хөөх туух байдал бий болгож, биднийг голдоо ортол гомдоох үйлдэл гаргаж байгаа нь анхнаасаа өмч хөрөнгөтөй болох гэсэн зорилготой байсан гэж үзэж байна... Бидний бэлэглэлийн зорилгыг тэд үгүй хийж, бидний итгэлийг алдсан тул энэ 2 хүүхдээсээ нэхэмжлэгч бид бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрсдөд минь шилжүүлж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт үндэслэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйл буюу бэлэглэлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ юм.

Хэлцлийн үндсэн дээр буюу бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих бол Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар ... уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болохоор хуульчилж өгсөн байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.*******э, С.******* нар нь маргаан бүхий байрыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх бүхий этгээд байсан нь тогтоогдоогүй, талуудын хооронд бэлэглэлийн гэрээ, хэлцэл байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч нь уг байрыг хариуцагч нарт бэлэглэсэн гэж тайлбарлаж, хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан өөрсдийн болон хүү П.*******ын Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн эд хөрөнгийн тасагт бичсэн өргөдөлийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч өргөдлийн агууллагаас харахад уг байрны өмчлөгч буюу эзэмшигч нь нэхэмжлэгч Д.*******э, С.******* нар байсан эсэх болон талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/109 дугаартай захирамж, түүний хавсралт, Д.*******ийн газар эзэмших гэрчилгээ, Завхан аймгийн Стандарчлал хэмжилзүйн хэлтэс баталгаажуулалтын албаны тодорхойлолт, Д.*******э, С.******* нар нь манай банкнаас зээл авч байсан гэх тодорхойлолтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч эдгээр баримт нь нэхэмжлэгч нарыг маргаан бүхий байрны эзэмшигч, өмчлөгч болохыг болон Д.*******э нарт уг байрыг бэлэглэсэн болохыг нотлосон баримт болж чадахгүй байна.

Нэгэнт талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдоогүй тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэсэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийг шалгах шаардлагагүй ба энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзнэ.

Нөгөө талаар нэхэмжлэгч тал хариуцагч П.*******, П.******* нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж маргаан бүхий байрны эрх шилжүүлэхийг шаардсан боловч хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий байр нь нэхэмжлэгч Д.*******э, С.******* нараас П.*******, П.******* нарт шилжиж ирсэн байдал тогтоогдоогүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үнэлсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгийг зөв тайлбарлан, хэрэглэсэн байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******, Л.******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР