Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00728

 

                               С.Баянжаргал, Д.Пүрэвсэнгэ нарын нэхэмжлэлтэй,

                                                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : С.Баянжаргал,

Нэхэмжлэгч : Д.Пүрэвсэнгэ,

Хариуцагч : Я.Отгонлхам,

Хариуцагч : П.Батбаатар,

Нэхэмжлэлийн шаардлага : Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай

  Нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал, Л.Мөнхсайхан, хариуцагч Я.Отгонлхамын өмгөөлөгч Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Пүрэвсэнгэ, С.Баянжаргал нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид өөрсдийн амьдрал ахуй, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралд нь нэмэр болох зорилгоор Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг худалдааны гудамжинд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшсэн. Уг газар дээрээ 2000 оноос эхлэн цайны газар ажиллуулж 2008 онд өргөжүүлэн  2 давхар, дээд давхартаа зочид буудал, доод давхартаа цайны газрын зориулалт бүхий үйлчилгээний төв босгосон юм. Энэ барилгаа бид барихдаа гуанз ажиллуулж олсон орлого дээр Хаан банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээл, өөрсдийн өмчлөлийн мал хөрөнгөө борлуулсны орлого нийт 30 сая төгрөг зарцуулсан. Хүү П.Батбаатар 2006 онд Я.Отгонлхамтай гэрлэсэн. Хүүхдийнхээ амьдралд нь нэмэр болгож, өрсөлдөхүйц үйлчилгээтэй зочид буудал, цайны газрын зориулалттай барилгаа бэлэглэж, өмчлөх эрхийн бүртгэл хийлгэж өгсөн. Гэтэл бэр Я.Отгонлхам нь манай хүүгээс салахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж бидний олон жилийн хүч хөдөлмөрөө шингээн босгож өгсөн хөрөнгийг өөртөө авч, биднийг хөөж гомдоосон. Иймд 2014.12.22-ны өдөр олгосон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг 4 дүгээр гудамж 26-3 тоот хаягтай 216 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бидний нэр дээр шилжүүлэн, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Батбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аав, ээж маань 2005 оноос цайны газар  ажиллуулан дурдсан хөрөнгийг банкны зээлээр босгосон. Ээж С.Баянжаргалын нэр дээр ажлын байрны дүгнэлт гарсаар ирсэн. Би Я.Отгонлхамтай 2006 оны 9 дүгээр сард хуримаа хийсэн ба гэрлэхээс өмнө баригдсан гэдэг утгаараа хэний өмч байсан нь нотлогдоно. 2014 онд манай аав, ээж хоёр надад цаашдаа гуанзаа ажиллуулж, цаашдын амьдралд дэмтэй яв гээд бэлэглэсэн. Би итгэлийг нь алдаж гэр бүл цуцлах хэмжээнд хүрч аав, ээжийнхээ насаараа хөдөлмөрлөсөн хөрөнгийг үрэн таран хийхэд тулж бэлэглэлийн зорилгыг үгүй хийж гомдоосон. Анх аав, ээж хоёр үл хөдлөх хөрөнгө авахад бичгээр зөвшөөрөл өгөхдөө П.Батбаатар миний нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн байхад би П.Батбаатар, Я.Отгонлхам нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулсан. Хэлцлийн утгыг буруугаар ашигласан тул аав, ээж хоёр маань хөрөнгөө буцаан авах бүрэн эрхтэй. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Я.Отгонлхам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2010 онд Тосонцэнгэл суманд шилжин ирэхдээ Дэлгэр даргын байшинг 10 сая төгрөгөөр худалдаж авсан. 2сая төгрөгийг бид өөрсдөө 8сая төгрөгийг аав, ээж хоёроос зээлж аваад Их-Уул суманд амьдарч байсан хашаа байшин зэргээ зарж уг зээлээ  дуусгасан. 2012 онд худалдаж авсан байшингаа худалдааны төв барих зорилгоор аав Д.Пүрэвсэнгийн урагш харсан 4 айлын 2-ыг нийлүүлсэн байшингаар сольж 2013 онд ах П.Батбаяртай хамтарч бүх зардлыг тэнцүү хувааж одоогийн Мандах худалдааны төвийг барьж босгосон. Гэтэл хадам аав, ээж хоёр “...бид худалдааны төвийг П.Батбаярынхтай авъя, та хоёр  буудал, гуанзаа ажиллуул...” гэж ярилцаад сольсон. Тэрнээс биш бэлэглэсэн зүйл байхгүй. Ингэж бидэнд бэлэглэсэн гэх 216 м2 гуанз, буудал ирсэн. Худалдааны төвийг бид Хас банкнаас 20 сая төгрөгийн зээл авч ах П.Батбаяр ч гэсэн адил банкнаас зээл авч байж барьж босгосон. Зээлээ бид гуанзны орлого, цалингаараа хугацаанаас нь өмнө шахаж төлөхийг эрмэлзэж, төлдөг байсан. Улмаар уг зээлийн үлдэгдлийг миний цалингийн зээлээр хаасан. Одоо ч би уг цалингийн зээлийг төлж байна. Сард би 582.000 төгрөгийг тогтмол төлдөг гэжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай магадлал гаргаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 116.2, 118.5-г  хангаагүй. XX 5-д байгаа П. Батбаатарын өргөдөлд дурьдсан мэдээлэл огт худал, тэд нар банкны зээл авч БНХАУ руу явах гэж уг ҮХХ-ийн нэр дээр гаргуулахдаа хураамж баримт бүрдүүлж өгсөн нь, XX-8 д байгаа уг үл хөдлөх хөрөнгийг барихдаа ХААН банкнаас зээл авч байсан баримт болон өөрийн гаргаж байсан тайлбар, бусад бичгэн нотлох баримт, XX-6-д Д.Пүрэвсэнгэгийн нэр дээр бичсэн ҮХХХөрөнгийн Улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдлийг нэхэмжлэгч биш Хариуцагч Отгонлхам бичсэн, XX-104-118-т байгаа Я.Отгонлхамын ХААН банкны дансны хуулганаас үзэхэд хариуцагч уг маргааны зүйл болсон Үл хөдлөх хөрөнгийг банкны зээлээр бариагүй зэргээр нотлогдож байхад зохих ёсоор үнэлээгүй. 1.3. ХХ-7-д байгаа баримтаар нэхэмжлэгч нь 409 м2 газрын эзэмшигч мөн гэдгийг баталж байгаа бөгөөд Тосонцэнгэл сумын Засаг даргын захирамжаар нотлогдож байхад үүнийг үнэлээгүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч Л. Мөнхсайхан хэргийн материалтай танилцахад "хариуцагч Я.Отгонлхам нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс өргөдөл бичиж Үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан нь илэрсэн.  Маргааны зүйл болох барилга байгууламжийг баригдсан газар Д.Пүрэвсэнгийн өмчлөлтэй ба түүн дээрх барилгыг барихад гарсан зардал нь мөн нэхэмжлэгч нараас гарсан болох нь хэрэгт буй нотлох баримтаар нотлогддог, хариуцагч нар ч үүнтэй үгүйсгэдэггүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалд: "...хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Пүрэвсэнгэ, С.Баянжаргал нар нъ маргаан бүхий байрыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх бүхий этгээд байсан нь тогтоогдоогүй..." гэж дүгнэсэн нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, үнэлээгүй шалтгаанаа заагаагүй хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Анхан болон давж заалдах шатны шүүх нь гагцхүү улсын бүртгэлд анхны өмчлөгчөөр П.Батбаатар, Я.Отгонлхам нар бүртгүүлснээс улбаалж энэхүү нэхэмжлэл гарах үндэслэл болсон гэдгийг шүүх анхааралгүй П.Батбаатар, Я.Отгонлхам нарыг өмчлөгч нь мөн гэж үзээд нэхэмжлэгч нарыг өмчлөгч биш үзээд шийдвэрээ гаргажээ. Гэтэл эд хөрөнгийн өмчлөгч хэрхэн шударгаар болдог хуультай вэ гэдэгт анхаарсангүй. Эд хөрөнгөө дахин боловсруулах замаар, өөрийн хөрөнгөөрөө дахин шинэ эд хөрөнгийг бий болгосон нэхэмжлэгч нар энэ барилга, байгууламжийн хувьд чухам юу болоод үлдэв ээ. Энэ асуултанд шүүх шийдвэрээрээ хариулт өгсөнгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл 2ыг ялгаж дүгнэлт өгөөгүй. Зохигчийн хооронд хуульд заасан бэлэглэл явагдаагүй гэж шүүх дүгнэсэн бол хариуцагч нарын хувьд  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх нөхцлийг  орхигдуулсан.  Барилга нь хуулийн дээрх тодорхойлолтоор эд хөрөнгө мөн бөгөөд амьдрал баян учир хууль тогтоогчид яг ийм нөхцөл байдалд тохируулж бэлэглэлийн гэрээний зохицуулалтандаа Иргэний хуулийн 276.2 дахь хэсэгт "Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулагдсанд тооцно." гэж тусгайлан зохицуулсан нь хэнд ч ойлгомжтой. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгө бол 276.3 дахь хэсэг үйлчилнэ, хөдлөх хөрөнгө бол 276.2 үйлчилнэ гэж ялгамжтайгаар хууль тогтоогчид заагласан бол үүнтэй хэн ч маргахгүй юм. Гэтэл хууль тогтоогч эд хөрөнгө гэж ерөнхий байдлаар томъёолоод түүнийг шилжүүлсэн л бол бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэснийг шүүх анхааралгүй шийдсэн гэж үзэж байгааг хүлээн авна уу. Эндээс үзэхэд эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлж байгаа эрх зүйн харилцаа нь бэлэглэлийн гэрээ гэж ямар ч хуульч ойлгодог. Гэтэл шүүх бэлэглэл явагдаагүй байна, маргааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч нар байна гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл мөн. Үүнээс гадна өмгөөлөгч миний дээр цухас дурдаад орхисон зохигчийн хооронд тухайн үед бэлэглэл явагдаагүй гэж шүүх үзсэн бол өөр ямар эрх зүйн харилцаа үүссэн байна вэ? Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа нэг эд хөрөнгийг нөгөө эд хөрөнгөөр солих "Арилжааны гэрээ" байсан гэж үзэх үү? Гэтэл арилжааны гэрээ байна ч гэж шүүх үзээгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл юм. Энэ дүгнэлтээс үзсэн ч нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу буцаан шаардах эрхтэй билээ. Гэтэл өөрсдийн эд хөрөнгөө буцаан шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэлтэй хольж бэлэглэлийн гэрээ биш гэж үзээд хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан-Уул 4-р гудамж, 26/3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 216 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг хариуцагч нараас буцаан гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийг Д.Пүрэвсэнгэ, С.Баянжаргал нар П.Батбаатар, Я.Отгонлхам нарт холбогдуулан гаргасан байна. Хариуцагч П.Батбаатар нэхэмжлэлийг зөвшөөрч,  Я.Отгонлхам татгалзан маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Д.Пүрэвсэнгэ, С.Баянжаргал нар нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардсан гэх боловч үндэслэлээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р баг, Дархан-Уул 4-р гудамж, 26/3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримттай холбоотой тайлбарлажээ. 

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тохиолдолд нотлох баримтын хэмжээнд  дүгнэлт хийх, хэргийн харъяалалыг тодорхойлох, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул нэхэмжлэгч нарын гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг Д.Пүрэвсэнгэд захирамжаар буцааж олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ