Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/02842

 

 

 

 

 

2020 08 12

101/ШШ2020/02842

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Цагаангууд овогт Ц.Д /РД:/-гийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Ж.Б /РД:/,

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Шарайд овогт Т.С /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 509,305,047 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 0 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Т.Сг тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.О-Э, хариуцагч Ж.Б, хариуцагч Т.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Б.С-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ж.Бтай төлбөр төлөх тухай гэрээ, мөн Ж.Б, Т.С нартай тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэл тус тус байгуулсан. Дээрх тооцоо нийлэх гэрээ байгуулах болсон үндэслэл нь өмнө нь Ж.Б нь зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15,000 ам доллар, мөн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 25,000 ам доллар, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20,000 ам доллар тус тус зээлж авсан юм. Дээрх гурван зээлийн гэрээгээр авсан мөнгөө төлөөгүй тул зээл, зээлийн хүү, алданги зэргийг тооцож, тооцоо нийлсэн болно. Төлбөр төлөх тухай гэрээний 6 дугаар зүйлд заасан төлбөр төлөх хугацаа буюу 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 11,500,000 төгрөгийг төлөх, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 100.000 ам долларийг төлөх үүргийн хугацаа дууссан. Тус гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлбөр авагчид нэмж төлөхөөр заасан байна. Энэ тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж.Бд бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан төлбөрөө барагдуулаагүй. Иймд 11,500,000 төгрөг, алданги 5,750,000 төгрөг нийт 17,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлөх 100.000 ам доллар болох анх зээл авч байсан үеийн ханш болох 1.317 төгрөг 67 мөнгөөр бодож 131,767,000 төгрөг, 8 өдрийн алданги 0.5 хувиар бодож 5,270,680 төгрөг нийт 154.287.680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нар нь 2019 оны 03 сарын 31-ний өдөр 11,500,000 төгрөг, 2019 оны 12 сарын 26-ны өдөр 100,000 ам доллар, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 25,050 ам долларыг тус тус төлөх үүрэг хүлээсэн юм.

Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн ихэсгэж байна. Үүнд:

1. 11,500,000 төгрөг, алданги 5,750,000 төгрөг, нийт 17,250,000 төгрөг гаргуулах шаардлага хэвээр,

2. 100.000 ам доллар гаргуулах шаардлагаа зээл авч байсан үеийн ханш болох 1317 төгрөг 67 мөнгөөр бодож 131,767,000 төгрөг, 2019.12.26-2020.01.03 хүртэл 8 өдрийн алданги 0.5 хувиар бодож 5,270,680 төгрөг гаргуулахаа шаардлагаа 100.000 ам доллар, 2019.12.26-2020.06.10-ны өдөр буюу нийт 167 хоногийн алданги 83.500 ам доллар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 50.000 ам доллар, нийт 150,000 ам долларыг 2020 оны 6 сарын сарын 9-ний өдрийн Монгол банкны ханш 2810 төгрөг 94 мөнгөөр тооцож нийт 421,641,000 төгрөг,

3. 25 050 ам долларыг 2810 төгрөг 94 мөнгөөр тооцож 70,414,047 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Иймд хариуцагч Ж.Б, Т.С нараас нийт 509,305,047 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн барьцаанд хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байсан. Гэвч Ж.Б нар нь барьцаанаас чөлөөлөхийг гуйгаад байсан болохоор нь чөлөөлөөд өгчихсөн юм. Иймд барьцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчтэй хуучний танил бөгөөд Б /түүний нөхөр нь/ бид хоёр тээвэр зуучийн компани ажиллуулж байгаа, том газар хэрэгтэй байна гэснээр бидний харилцаа анх 2011 онд эхэлсэн юм. Тэр үед нь би Төв аймагт амралт сувиллын газар хүнтэй хамтарч байгуулж байгаа тул хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Надад зарах сонирхолтой байгаа 4 га газар байгаа гэхэд Б тэр дор нь очиж үзье гээд бид 3 очиж үзээд зам дагуу тэгш, том газар тул авъя гэж хэлээд дөрвөн талд нь чулуу овоолоод явж байсан. Уг газар нь компанийн нэр дээр байсан тул газар эзэмшигчийн нэрийг би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд дараа нь Бгийн нэр дээр шилжүүлсэн юм. Энэ хооронд миний хөрөнгө оруулалтад хэрэгтэй байгаа 40.000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэрээ байгуулж улмаар Бгийн нэр дээр газрын эзэмших эрх шилжихэд зээлийн гэрээгээр байгуулсан 40.000 ам.долларыг газрын урьдчилгаанд тооцохоор болсон юм. Гэвч газар худалдаж авахаа болисон тул 2011 оны 07 сарын 27-нд өөрийн дүү Оийн орон сууцыг барьцаанд тавьж газрын гэрчилгээгээ эргүүлж авч зээлээ төлж эхэлсэн. Би зээлийнхээ эргэн төлөлтөнд cap бүр тогтмол хийж ирсэн ба сард 925 ам.долларыг Дуламсүрэнгийн 13-р хороололд байдаг гэрт нь бэлнээр хүргэж өгдөг байсан юм. Мөн 2012 онд 20.000 ам.долларыг зээлж авсан ба хүү төлөхгүй байхаар тохирч байсан тиймээс ч cap бүрийн зээлийн эргэн төлөлтийн хэмжээ өөрчлөгдөхгүйгээр 925 ам.доллараар төлсөөр байсан. Миний бие нийт 2011 оны 07 сараас 2016 оны 03 сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 925 ам.долларыг өгч нийт 53.650 ам.долларыг өгсөн нь үнэн болно. Тэр үед Ц.Д бичгийн цагаан цаас гаргаж ирээд мөнгө хүлээж авсан баримтаа дэвсгэрт бүрээр нь тэмдэглэж тоолоод баримтыг 1% үйлдэж телевизорын доорх лакдсан модон шүүгээнд хийж хадгалдаг байсан. Энэ үйл явц яг ийм байдлаар 2016 оны 9 сарын 24-ний өдөр хүртэл 5 жил гаран үргэлжилсэн. Яагаад баримтыг зөвхөн 1% үйлддэг, мөнгийг яагаад бэлнээр авдаг байсан бэ гэхээр нэгдүгээрт Ц.Д Надад долларын данс байхгүй, Бгийн дансаар их мөнгө оруулж болохгүй, би урьд нь хотын замын газрын дарга байсан Хундагаа гэдэг хүнд болон Дээд шүүхийн шүүгч бас нэг хүүхэнд мөнгө зээлээд чадуулж байсан" гэж хэлдэг байсан.

Мөн үүнээс гадна бэлнээр 2017 оны зун 7 юм уу 8 сард орой 7-8 цагийн үед маргааш нислээ 5 сая төгрөг яаралтай өг гээд Баянмонгол хорооллын хаан банкны замын хойд талд зогсоод хар машинаас 2 уулаа бууж ирээд ямар ч баримт үйлдэлгүйгээр гудамжинд шууд 2 сая төгрөг өгч байсан. 2018 оны 10 сард 1000 ам.долларыг миний ажиллуулж байсан (Бага нуур гэлэг газар) ресторан дээр ирж авсан, 2018 оны 12 сарын 25-нд 500.000 төгрөгийг ирж авах зэргээр олон удаагийн бэлнээр өгсөн. Түүнчлэн 2017 оны 07 сараас 2019 оны 07 cap хүртэлх хугацаанд нийт 15.000 ам.доллар болон 13.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн 452535493 тоот Худалдаа Хөгжлийн банкны дансаар, 2209339374 нэхэмжлэгчийн нөхөр Бгийн Голомт банкны дансаар төлсөн байгаа. Бид нийт 3 удаа зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний үнийн дүн болох 60,000 ам долларыг би бүрэн аваагүй. Сүүлд байгуулсан төлбөр төлөх тухай гэрээнд намайг хүчээр гарын үсэг зуруулсан. Манай нөхөр Т.С нь миний Ц.Дтэй байгуулсан зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй. Би Ц.Дгээс зээлсэн мөнгөө бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн эргэн төлөлтөөс гадна миний нэр дээрх болон манай ах, дүү нарын нэр дээрх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлж авсан байсан. Уг эд хөрөнгүүдийг заримыг нь барьцаанаас чөлөөлж өгсөн. Чөлөөлж өгөөгүй маргаантай байгаа эд хөрөнгө байгаа. Гэхдээ би энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй гэв.

 

Хариуцагч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч Ж.Бгийн нөхөр мөн ба миний эхнэр болон Ц.Д нарын хоорондын зээлийн асуудлыг мэднэ. Гэвч миний бие нэхэмжлэгч Ц.Дгээс ямар нэгэн зээл авч байгаагүй болно. Харин ч нэхэмжлэгч нь миний эзэмшлийн 0 утасны дугаарыг түр барьцаанд тавьчихаач гэж удаа дараа гуйж шаардсаар байсан тул аргагүйн эрхэнд өөр бусад этгээдэд шилжүүлэх, хаах, зарах эрхийг нь хязгаарлаад Ц.Дгийн нэр дээр шижлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар миний дугаарыг хааж, өөр хүнд зарна, энэ бол миний өмч, өмчөө яахаа би мэднэ гэх зэргээр янз бүрийн мэссэж бичиж дарамт үзүүлж байна. Ц.Дгээс ямар нэгэн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр маань ...Ц.Д нөхөр Бгийн хамт ажил тараад манай ажил дээр ирнэ гэнээ, чамайг хамт байлц гэж хэлсэн. Би тэгээд 18 цагийн үед эхнэрийн ажил дээр ирсэн. Удалгүй Ц.Д нөхөр Бгийн хамт ирсэн. Бид 4 дор байдаг биллиардын өрөө рүү орсон. Тэгээд тэр 2 манай эхнэрийн зээлийн тухай өрөө төлөхгүй байна гэж Та нар луйварчид, хулгайчид гэх мэтээр дайрч доромжлон дарамталж бараг шөнийн 12 цаг хүргэсэн. Би тэгээд гайхаад 40,000 долларийн зээл төлж байгаа гэж боддог байтал тэдний яриагаар 60,000 доллар болж хувирсан. Уулзалтын явцад намайг rap утсаараа оролдоход С чи бичлэг хийгээд байгаа юм уу гэж над руу хашгирсан. Би тийм юм хийж мэдэхгүй гэж хэлж байсан. Олон цаг дарамталсаны эцэст Дуламсүрэн, Б 2 өөрийн бэлдэж ирсэн бичмэл дээр огт надад уншиж танилцуулалгүй нэг хуудсан дээр гарын үсэг зур гэж дарамталсан. Подвольд бүдэг гэрэлтэй байсан бөгөөд мөн би ойрын харааны шилгүй байсан л маш жижиг бичсэн зүйлийг уншаагүй, эхнэрийн зээлийн авсны гэрч болж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Би тийм олон хуудас бичиг байсан гэдгийг огт мэдээгүй. Сүүлд нотириатаас авсан материалыг харж байхад олон хуудас байсаныг хараад л өмнө нь олон хуудас байсан гэдгийг мэдсэн. Тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай хэлцэлд би ингэж гарын үсэг зурсан юм гэв.

 

Хариуцагч Т.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2018 оны 12 сарын 26 өдөр Ц.Д 1 цагийн үед Мобиком дээр уулзъя, гар утсаа эхнэрийнхээ зээлийн барьцаанд тавьж, миний нэр дээр түр шилжүүл гэсэн. Эхнэр надад хэлэхдээ Найзын маань байрны ордерийг Ц.Д авчихаад өгөхгүй байна. Нөхрийнхөө 9911-тэй дугаарыг барьцаанд тавиад ав гээд байна гэж уйлж ярихад нь би зөвшөөрсөн. Би Ц.Дгийн дуудсан ёсоор нь Мобиком дээр очиж, өөрийн эзэмшлийн 1999 оноос хойш барьсан 0 дугаараа Ц.Дгийн нэр дээр түр шилжүүлсэн. Дугаараа шилжүүлэхдээ Ц.Д бид 2 дугаарыг зарж борлуулахгүй, ярих эрхийг хаахгүй, буцаан шилжүүлэх ёстой зэргийг амаар тохиролцсон. Гэтэл өнөөдрийн байдлаар миний дугаарыг хаалгаж, намайг уг дугаарыг эзэмшиж, ашиглах ямар ч боломжгүй болгосон ба түүний цагдаа болон бидэнд хэлж буй тайлбар нь одоо миний өмч болсон гэх ор үндэслэлгүй зүйлийг ярьж байна. Учир нь миний бие түүнтэй ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ огт хийж байгаагүй, тэр байтугай нотириат дээр очиж байгаагүй бөгөөд эхнэрийн зээлийн барьцаа болгон түр нэрийг шилжүүлсэн гэж ойлгож байтал надад буцаан шилжүүлэхгүй гэж байх тул өөрийн эзэмшлийн Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 0 дугаараа буцаан гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 0 дугаарын жинхэнэ хууль ёсны эзэмшигч нь Т.С намайг болохыг тогтоож, иргэн Ц.Дгээс буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 0 Мобикомийн дугаарыг Т.С нь хэн нэгний шахалт дарамтаар надад шилжүүлээгүй байдаг. Эхнэр Ж.Бгийн авсан зээлийн асуудалд Т.Сгийн огт мэддэггүй мэтээр ярьж байгаач энэхүү зээлсэн мөнгөний цаад хүн нь Т.С өөрөө бөгөөд тийм ч учраас Баянзүрх дүүргийн газрын албаны дарга байхдаа бидэнд их хэмжээний тус дүүргийн газрыг барьцаалж байсан юм. Мөн 0 дугаарыг миний бие хэн нэгэнд зарж борлуулаагүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр намайг цагдаад өгсөн боловч дугаартай холбоотой асуудал нь ямар нэгэн байдлаар дарамт, шахалтад оруулан нэр шилжүүлсэн гэх баримт байхгүй. Т.С нь мөрдөгчид өгсөн тайлбартаа зээлийн гэрээ байгаа нь үнэн, төлөх хугацаа дуусаагүй байгаа учир дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай тайлбар гаргасан. Энэ бүх тайлбар болон мобикомийн лавлагаа зэрэг хэргийн материалд ирсэн баримтуудаас харахад энэхүү үйлдэл нь хуулийн дагуу, хэн нэгнийг төөрөгдүүлж өөрийн нэр дээр 0 дугаарыг шилжүүлсэн гэх асуудал нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн аардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг 9911-тэй дугаарыг би зээлийн төлбөрт тооцож 35,000,000-40,000,000 төгрөгт бодож авсан. Зээлийн барьцаанд шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Ж.Б, Т.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 509,305,047 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Т.С нь Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 0 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Т.Сг тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Д нь зээлийн гэрээний шаардах эрхийн үндэслэлээ ...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ж.Бтай байгуулсан төлбөр төлөх тухай гэрээ, мөн өдөр хариуцагч Ж.Б, Т.С нартай байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцлийг тус тус үндэслэн, тус хэлцлүүдээр хариуцагч нар нь 2019 оны 03 сарын 31-ний өдөр 11,500,000 төгрөг, 2019 оны 12 сарын 26-ны өдөр 100,000 ам доллар, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 25,050 ам долларыг тус тус төлөх үүрэгтэй байсан боловч хугацаандаа төлөөгүй тул алданги тооцож нийт 509,305,047 төгрөг гаргуулна гэж,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч дээрх төлбөр төлөх тухай гэрээ болон тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцлүүдийг хариуцагч нартай байгуулах болсон шалтгаанаа 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нар төлөөгүй тул дээрх гурван зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих үндсэн төлбөр, хүү, алдангийг тооцож, нийт төлбөл зохих мөнгөн хөрөнгийн тооцоог 11,500,000 төгрөг, 125,000 ам доллар болохыг гаргаж баталгаажуулсан гэж тайлбарласан.

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд гурван удаа зээлийн гэрээ байгуулж, нийт 60,000 ам долларыг зээлж авахаар тохиролцсон. Үүнээс 60,000 ам долларыг надад хүлээлгэж өгөөгүй, би өөрийн хүлээн авсан зээлийн төлбөрийг төлөөд дуусгасан. 2018 онд байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. 2011 оны 07 сараас 2016 оны 03 сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 925 ам.долларыг өгч нийт 53.650 ам.долларыг төлсөн гэж,

Хариуцагч Т.С нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...би Ц.Дтэй зээлийн гэрээ байгуулж, түүнээс мөнгө зээлж аваагүй. Эхнэр Ж.Б мөнгө зээлж авсан байсан. Эхнэрийг маань байнга дарамталдаг байсан тул би 2018 оны тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан. Миний утасны дугаарыг эхнэрийн авсан зээлийн барьцаанд авчихаад одоо буцааж өгөхгүй байгаа. Би мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Ж.Бтай 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15,000 ам долларыг, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Ж.Б нь уг мөнгөн хөрөнгийг сарын 2.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувийн алданги тооцож төлөх, /хх-ийн 118/

Мөн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Ц.Д нь 25,000 ам долларыг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Ж.Б нь уг мөнгөн хөрөнгийг сарын 2.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлөх, /хх-ийн 119/

Мөн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Ц.Д нь 20,000 ам долларыг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Ж.Б нь уг мөнгөн хөрөнгийг сарын 2.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр тус тус байгуулсан байна. /хх-ийн 120/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар Ц.Д, Ж.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх шаардлагатай.

Хариуцагч Ж.Б нь дээрх гурван тусдаа зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин тус гэрээнүүдийн дагуу нийт 60,000 ам доллар хүлээж аваагүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь дээрх гурван зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэж өгсөн гэж маргасан боловч 2012 оны 05 сарын 10-ны өдөр 18,000 ам доллар, 2011 оны 06 сарын 21-ний өдөр 19,550 ам долларыг тус тус өөрийн нөхөр н.Бгийн данснаас хариуцагч Ж.Бгийн Голомт банк дахь 0 тоот данс руу шилжүүлсэн байна. /хх-ийн 157-158/

Хэргийн 159-160 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар Ж.Бд 3,000 ам доллар болон 8,000 ам долларыг тус тус шилжүүлсэн байх боловч уг мөнгөн шилжүүлгийг талуудыг зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө буюу 2010 оны 04 дүгээр сарын 01, 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд тус тус шилжүүлсэн байна.

Уг үйл баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагчаас тайлбарлахдаа ...зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө нь би Ц.Дгээс хэд хэдэн удаа мөнгө зээлж авч байсан. Өмнө нь зээлж авсан мөнгөний баримт гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...Ж.Б нь өмнө нь надаас мөнгө зээлж авч ажилчдынхаа цалин хөлсийг өгч байсан. Өмнө зээлсэн мөнгөө буцаагаад төлж барагдуулсан гэж тайлбарласан.

Иймд талууд зээлийн гэрээг 2011 оны 06 дугаар сарын 21, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд бичгээр байгуулахаас өмнө шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 3,000 ам доллар болон 8,000 ам долларыг тус тус дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зээлдүүлэгч Ц.Д нь 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 25,000 ам долларыг зээлдүүлэх үүрэгтэйгээс тус өдөр 19,550 ам доллар, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000 ам доллар зээлдүүлэх үүрэгтэйгээс 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 18,000 ам долларыг тус тус зээлдэгч Ж.Бд шилжүүлсэн байх тул уг гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний дагуу 15,000 ам долларыг хариуцагчид шилжүүлсэн болохоо тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Хариуцагч Ж.Б нь 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээгээр 25,000 ам долларыг зээлдэх байсан боловч 19,550 ам долларыг хүлээн авсан тул уг хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс хүү, алданги тооцож төлөх үүрэгтэй. Уг гэрээний үндсэн төлбөрт 19,550 ам доллар, 12 сарын хүү 2.5 хувиар тооцоход 5,865 ам доллар /12сар х 488.75 ам доллар/ нийт 25,415 ам доллар төлөх үүрэгтэй. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул үндсэн үүрэг 25,415 ам доллараас алданги тооцоход 12,707 ам доллар байна.

Иймд хариуцагч Ж.Бгаас 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 19,550 ам доллар, хүү 5,865 ам доллар, алданги 12,707 ам доллар, нийт 38,122.5 ам долларыг гаргуулах үндэслэлтэй.

2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Ж.Б нь 20,000 ам долларыг зээлдэх байсан боловч 18,000 ам долларыг хүлээн авсан тул уг хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс хүү, алданги тооцож төлөх үүрэгтэй. Уг гэрээний үндсэн төлбөр 18,000 ам доллар, 6 сарын хүү 2.5 хувиар тооцоход 2.700 ам доллар /6 сар х 450 ам доллар/, нийт 20,700 ам доллар төлөх үүрэгтэй. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул үндсэн үүрэг 20,700 ам доллараас алданги тооцоход 10,350 ам доллар байна.

Иймд хариуцагч Ж.Б нь 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 18,000 ам доллар, хүү 2,700 ам доллар, алданги 10,350 ам доллар, нийт 31,050 ам долларыг төлөх үүрэгтэй байна.

Дээрх хоёр зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ж.Бгийн гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүрэг нийт 69,172.5 ам доллар /38,122.5+31,050/ байна.

Хариуцагч Ж.Б нь зээлийн гэрээгээр хүлээн авсан мөнгөн хөрөнгийг бүрэн төлж барагдуулсан, сар бүр 925 ам доллар төлж байсан гэж маргах боловч тэрээр уг тайлбараа бичгийн нотлох баримтаар нотлоогүй.

Харин хэргийн 121-128 дугаар талд авагдсан баримтуудаар хариуцагч Ж.Бгаас нэхэмжлэгч Ц.Дгийн нөхөр н.Бгийн эзэмшлийн данс руу нийт 15,000 ам доллар, 13,500,000 төгрөг тус тус төлсөн болох нь тогтоогдсон.

Зээлдэгч Ж.Бгийн төлбөл зохих үүрэг 69,172.5 ам доллараас түүний төлсөн 15,000 ам долларыг хасч тооцоход 54,172.5 ам долларыг төлөх үүрэгтэй. Уг 54,172.5 ам долларыг 2,810.94 төгрөгөөр хөрвүүлэхэд 152,275,647 төгрөг байна. Үүнээс хариуцагчийн төгрөгөөр төлсөн 13,500,000 төгрөгийг хасч тооцоход 138,775,647 төгрөг байна.

Иймд хариуцагч Ж.Бгаас 138,775,647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дд олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс ам долларын ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2011, 2012 оны ханшаар тооцох ёстой гэж маргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь гадаад валютын ханш өссөн буурсантай хамааралгүй юм.

Хариуцагчийн хувьд зээлийг буцаан төлөх үүргийг зөрчсөн байх бөгөөд уг үүргийг гүйцэтгэх үеийг нэхэмжлэгч талаас энэхүү үүргийг нь гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсан үеэр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүх ам долларын ханшийг 2,810.94 төгрөгөөр тооцов.

Нэхэмжлэгч Ц.Д нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ж.Бтай байгуулсан төлбөр төлөх тухай гэрээ, мөн өдөр хариуцагч Ж.Б, Т.С нартай байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцлийг тус тус үндэслэж зээлийн төлбөр шаардсан боловч уг баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна.

Учир нь талууд 2011 оны 06 дугаар сарын 21, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа нотариатаар гэрчлүүлж байгуулсан байна. Иймд зээлийн гэрээний хугацааг сунгахдаа урд гэрээ байгуулсан хэлбэрээр буюу нотариатаар гэрчлүүлж сунгах нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Хэрэгт зээлийн гэрээний хугацааг сунгаж байсан талаар бичгийн баримтгүй ба нэхэмжлэгчээс өмнө нь байгуулсан гурван зээлийн гэрээний үүргийг нэгтгэж, тооцоо нийлэх замаар дахин үүргийг баталгаажуулсан гэж тайлбарлах боловч энэ нь учир дутагдалтай байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө толорхойлж байгуула эрхтэй боловч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлэхдээ зээлийн хүүг хэзээнээс хэзээ хүртэл хэдэн хувиар тооцсон эсэх, алдангийг хэзээнээс хэзээ хүртэл төлөөгүй гэж үзэж хэдэн хувиар тооцсон талаар тохиролцоогүй атлаа нийт 11,500,000 төгрөг болон 125,000 ам долларыг хэрхэн тооцож гаргасан болох нь тодорхойгүй байна. Иймд шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн гэх хоёр хэлцлийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хариуцагч Ж.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 138,775,647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дд олгож, хариуцагч Т.Сд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Талууд 2011 оны 06 дугаар сарын 21, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд зээлийн гэрээ байгуулсанаас хойш зээлийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцагч Ж.Бгаас 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 07 сарын 01-ний өдрүүдэд 15,000 ам доллар, 13,500,000 төгрөгийг төлсөнөөр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Т.С нь нэхэмжлэгч Ц.Дд холбогдуулан Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 0 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Т.Сг тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...0 дугаарыг би 1999 оноос хойш эзэмшиж байсан. Эхнэр Ж.Бгийн зээлийн барьцаанд түр шилжүүлсэн гэж ойлгож байтал Ц.Д нь бүрмөсөн өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх замаар иргэний эрхийг хамгаална гэж заасан.

Хариуцагч Т.С нь 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мобиком корпораци ХХК-тай Үүрэн холбооны үйлчилгээний гэрээ байгуулж, 0 дугаарыг эзэмших эрхийг олж авч, ашиглаж байсан болох нь баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар Т.С нь 0 дугаарын шударга эзэмшигч байна.

Хариуцагч Т.С нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ц.Дтэй гэрээ шилжүүлэх тухай гэх нэртэй гэрээ байгуулж, 0 дугаарын эзэмших эрхийг түүнд шилжүүлсэн болох нь бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Т.Сгийн 0 дугаарыг зээлийн гэрээний үүрэгт 35,000,000-40,000,000 төгрөг орчим тооцож авсан гэх боловч энэ талаархи бичгийн нотлох баримтгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Т.С нь нэхэмжлэгч Ц.Дтэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар Т.С нь 0 дугаарын шударга эзэмшигч байх тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар уг дугаарын эзэмших эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэгч Ц.Дгээс шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Хэрэгт барьцааны гэрээнүүд авагдсан ба уг үйл баримтыг талуудаас тайлбарлахдаа зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Ж.Бгаас нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж байсан, хожим барьцаалбарыг чөлөөлсөн гэж тайлбарласан. Талуудын хэн аль нь зээлийн гэрээний барьцаалбартай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Бгаас 138,775,647 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дд олгож, нэхэмжлэлээс 370,574,400 төгрөг болон хариуцагч Т.Сд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Дгээс Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 0 дугаарын эзэмших эрхийг хариуцагч Т.Сд буцаан шилжүүлэхийг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,704,475 төгрөг, хариуцагч Т.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 851,828 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Т.Сд тус тус олгосугай.

4. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/04773 дугаар захирамж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2020/13977 дугаар захирамжаар тус тус авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ