Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00523

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00523

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/02842 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 509,305,047 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 99116174 дугаарын хууль ёсны эзэмшигчээр *******г тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч ******* нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хэрлэнчимэг, П.Оюун-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, М.Бадрал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2018.12.26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ, Тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэл-ийн үүрэгт нийт 154,287,680 төгрөг гаргуулахаар гаргасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт нийт 509,305,047 төгрөг гаргуулна гэж өөрчлөн нэмэгдүүлснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч ******* нь Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/02842 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 138,775,647 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 370,574,400 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гээс Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 99116174 дугаарын эзэмших эрхийг хариуцагч *******д буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/02842 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 236,350,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 272,954,185 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...851,828... гэснийг ...1,339,704... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр, магадлалаас Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 99116174 дугаарын хууль ёсны эзэмшигчээр *******г тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэг, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 272,954,185 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргав.

4.1. Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 99116174 дугаарын эрхтэй холбоотой гомдлын үндэслэл: Шүүх тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...******* нь нэхэмжлэгч *******тэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан ... гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Давж заалдах шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхийн шийдвэрийн хэсгийг хэвээр үлдээсэн. Ингэхдээ магадлалын 12 дахь талд нэхэмжлэгч нь бусдын хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул үүнийхээ үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө хүлээн авсан этгээд нь хариуцагчаас хариу төлбөргүйгээр хөрөнгө шилжүүлэн авсан үндэслэлээ тайлбарлан нотолж чадаагүй гэж үзэхээр байна гэх дүгнэлтийг хийсэн. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт "хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл" гэж заасны дагуу аливаа хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болдог. ******* нь нэхэмжлэгч *******тэй 2018.12.26-ны өдрийн Гэрээ шилжүүлэх тухай хэлцэл байгуулж, тус хэлцлийн дагуу 99116174 утасны дугаарыг ашиглах, эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээж, дугаарыг шилжүүлсэн. Гэрээ шилжүүлэх тухай хэлцэл нь хоёр талын хүсэл зоригийн нэгдэл бөгөөд харилцан тохиролцож гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна. Ийнхүү дугаарын эрхийг эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгчид шилжүүлээгүй бөгөөд ******* нь хүчин төгөлдөр хэлцэл болох Гэрээ шилжүүлэх тухай хэлцэлд гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн харилцаа үүсэх хэлцэл хийгдсэн. Мөн тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаагүй болно. 2020.02.27-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудаст Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаас дүгнэхэд ******* нь *******гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар таны 9911**** дугаарыг авсан байх ба та үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрсөн. ******* таны өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах сэдэлт, санаа зорилго агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд... гэжээ. Үүнээс үзвэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 99116174 дугаарыг шилжүүлснийг тогтоосон байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг. ******* болон ******* нарын хооронд Гэрээ шилжүүлэх тухай хэлцлийн үндсэн дээр үүссэн /үүрэг нь хожим дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр бус болоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.

4.2. Ам.долларын гурван удаагийн зээлийн гэрээнээс тусдаа 22,000,000 төгрөг зээлсэн тухай: Нэхэмжлэгч нь 2020.06.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж гаргахдаа 2018.12.26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ-ний 6-д заасан 11,500,000 төгрөг, 100,000 ам.доллар, 25,050 ам.долларыг алдангитай нь хамт шаардсан. Ийнхүү шаардаж буй 11,500,000 төгрөг нь хариуцагчтай өмнө байгуулсан 2011.06.21-ний өдрийн 40,000 ам.доллар, 2012.05.09-ний өдрийн 20,000 ам.долларын зээлийн гэрээнээс тусдаа төлбөр байсан. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 22,000,000 төгрөгийн зээлийн харилцаа байсныг дүгнээгүй, зөвхөн 40,000 ам.доллар, 20,000 ам.долларын зээлийн харилцаа байсан агуулгаар дүгнэсэн. Хэрэгт авагдсан гар бичвэр бүхий тооцоо нийлсэн хуудаст дараах байдлаар тэмдэглэсэн. Үүнд. 1. Одоо 2018 он дуустал анх авсан 40,000 ам.долларын зээлийн хувьд 2018.11.01-нд тооцоо нийлэхэд 86,450 ам.доллар болсон, 2. Газрын урьдчилгаанд авсан 20,000 ам.доллар, хүүгийн хамт 53,600 ам.доллар болсон, 3. 22,000,000 төгрөгийн үлдэгдэл байна, нийт 86,450 ам.доллар+53,600 ам.доллар =140,050 ам.доллар болсон. ... Нийт өгсөн 15,000 ам.доллар, 10,420,000 төгрөг, өгөх ёстой 140,050 ам.доллар - 15,000 ам доллар = 125,050 ам.доллар, 22,000,000 төгрөг-10,420,000 = 11,500,000 төгрөг болж байгааг баталгаажуулсан гэж бичжээ. Гар бичвэр бүхий тооцоо нийлсэн хуудасны энэ хэсгийг уншвал нэхэмжлэгч нь хариуцагчид 40,000 ам.доллар, 20,000 ам.доллар болон 22,000,000 төгрөг зээлж, 15.000 ам доллар болон 10,420,000 төгрөг хүлээж авч, үлдэгдэл нь 125.050 ам.доллар, 11,500,000 төгрөг болсон талаар тооцоо нийлж. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх 60,000 ам.доллараас гадна 22,000,000 төгрөг зээлсэн болох нь эндээс харагдаж байна. Үүний дагуу 22,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь 11,500,000 төгрөг байсан тул 2018.12.26-ны өдрийн төлбөр төлөх тухай гэрээний 6 дахь хэсэгт 11,500,000 төгрөг төлөх талаар заасан байна. Улсын дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах асуудал Зөвлөмжийн 2.д хэсэгт Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, ... зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь ихсэх хандлагатай байна. Эдгээр тохиолдол нь ... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй. Гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал ...нь талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэнэ гэж тайлбарласан. Дээрх хоёр баримт нь нэхэмжлэгч хариуцагчдын хооронд ам.долларын зээлийн гэрээнүүдээс гадна 22,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байсан бөгөөд үүний үлдэгдэл 11,500,000 төгрөг болохыг нотолж байна. Иймд тус төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй юм.

4.3.Төлбөр төлөх тухай гэрээний дагуу төлбөр гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй тухай: Нэхэмжлэгч ******* нь хариуцагчтай байгуулсан 2018.12.26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ-ний 6 дахь хэсэгт заасан төлбөрийг нэхэмжилж, 509,305,047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 236,350,862 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 272,954,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа 2011.06.11-ний өдөр 1 жилийн хугацаатай, 2012.05.09-ний өдөр 6 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацааг Төлбөр төлөх тухай гэрээний 4-т заасныг үндэслэн сунгасан гэж үзэж үргэлжлүүлэн хүүгийн төлбөр тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй талуудын гэрээний эрх чөлөө болон уг гэрээний агуулга тодорхой байх зарчимд нийцэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 272,954,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2018.12.26-ны өдөр Төлбөр төлөх тухай гэрээг байгуулсан. Тус гэрээний 4-т Энэхүү зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцон гар бичмэлээр сунгаж байсан болно гэсэн нь талуудын гэрээний эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болохгүй. Шүүх ийнхүү дүгнэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй. Төлбөр төлөх тухай гэрээний 4 дэх заалт нь тус гэрээг байгуулахаас өмнө болсон үйл баримтыг баталгаажуулсан нотлох баримтын ач холбогдолтой заалт юм. Хэргийн 10 дахь талд авагдсан гар бичвэрт ч зээлийн гэрээнүүдийг сунгаж ирсэн тухай бичиж талууд гарын үсэг зурсан. Гэрээний агуулгын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч ******* нар нь өөр хоорондын зээлийн гэрээнүүдийн дагуу төлөгдвөл зохих төлбөрийн талаар тооцоо нийлж, цаашид төлөгдөх төлбөр, түүнийг төлөх хугацааг тохиролцсон байна. Төлбөр төлөх гэрээний 6-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 125,050 ам.доллар, 11,500,000 төгрөг төлөхөөр заасан. Иймд гэрээний агуулгыг тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй 125,050 ам.долларыг 2020.06.09-ний өдрийн ханш 2,810.94 төгрөгөөр хөрвүүлэхэд 421,641,000 төгрөг, нийт 509,305,047 төгрөг болсон тул нэхэмжлэгч тус дүнг нэхэмжилсэн. Гэрээний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх тул гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлно. Иймд төлбөр хоцроосон, зээлийг сунгаж ирсэнтэй холбоотой хэдэн төгрөг, хэдэн ам.долларыг төлөхөөр тогтоох нь талуудын эрх чөлөө юм. Иймд заавал тооцоолол нь нарийн тусгагдсан байх шаардлагагүй. Зээлийн гэрээ сунгагдсан эсэх, зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан эсэх зэргээс үл хамааран талууд төлөх төлбөрийн дүнг өөрсдөө тогтоох эрх чөлөөтэй. Харин цаашид төлөх төлбөрийн дүн, хугацаа тодорхой байх нь чухал бөгөөд Төлбөр төлөх тухай гэрээ нь тус шаардлагыг хангаж байгаа. Иргэний хуулийн 466.2-т Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрхтэй гэж, 466.3-т Тооцооноос үүссэн үлдэгдлийг төлснөөр тооцоо нийлэх гэрээний шаардлагыг хангасанд тооцно гэж тус тус заасан. Иргэний хуулийн дээрх заалтуудыг Иргэний хуулийн онолын тайлбарт дараах байдлаар тайлбарлаж. Үүнд; Гэрээний нөгөө тал тооцоо гаргаж, нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд тооцоо нийлсэн гэж үзнэ. Ийнхүү нэг тал мэдэгдэх ба нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр тодорхой тохиролцоо хийгдсэн буюу гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Тооцоо хийгээд нөгөө талдаа өгсөн мэдээллийг тооцоог хүлээн зөвшөөрөх тухай гэрээний санал гэж үзэх бөгөөд нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр байгуулагдана. Тийм учраас тооцоо нийлэх гэрээний үүрэг нь үлдэгдлийг төлөхийг шаардах эрхээр хязгаарлагддаг хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, талууд тооцоог хүлээн зөвшөөрснөөр тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх, гэрээ байгуулагдсанаар гэрээнд заасан үлдэгдлийг төлөх тухай тайлбарласан байна. Иймд хариуцагч нь 2018.12.26-ны өдрийн төлбөр төлөх тухай гэрээнд заасан үлдэгдэл дүнг төлөх үүрэгтэй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэжээ.

 

5. Хариуцагч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.25-ны өдрийн 2023 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг үнэн зөв тогтоож, болсон үйл баримтыг нотлох баримт, тайлбарт тулгуурлан бодитой дүгнэсэн хэдий боловч зээл төлсөн тооцооллыг гаргахдаа хэрэгт авагдсан зарим баримтыг нь орхигдуулсан байдаг тул хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн тооцооллын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан юм. Гэтэл Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу хэрэглэснээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар алдаатай дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн тухайд: Магадлалын хянавал хэсэг, 10 дахь талд Талууд 2018.12.26-ны өдөр Төлбөр төлөх тухай гэрээ гэх бичгийн баримт үйлдэж, маргааны зүйл болох дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу өгсөн, авсан мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлон заасан. Ийнхүү тодорхойлохдоо ******* нь *******д нийт 60,000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүү төлөхөөр зээлдүүлснийг ******* хүлээн зөвшөөрсөн, тэрээр эргэн төлөлтөд 15,000 ам.доллар, 10,420,000 төгрөг тус тус төлснийг ******* мөн зөвшөөрсөн талаар тусгасан байхаас гадна энэхүү баримтыг үйлдэхдээ *******д ямар нэгэн дарамт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020.08.12-нд уг хэлцэл, баримтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь, 2018.12.26-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээ, тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэлд өмнөх гурван зээлийн гэрээний үнийн дүнг 60,000 ам.доллар өгсөн гэж бичсэн. Төлбөр төлөгчөөс 15,000,000 ам.доллар, 10,420,000 төгрөг гэж бичихдээ 2011.06.21-ний өдрөөс 2016.03.08-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр тогтмол төлж байсан болох 53,550 ам.доллар болон бусад дансаар болон бэлэн мөнгө, эд хөрөнгөөр өгч байсан төлбөрийг огт оруулаагүй, зээлийн төлбөрийн үлдэгдлийг 125,050 ам.доллар, 11,500,000 төгрөг гэж бичсэн зэрэг нь ямар нэгэн тооцоонд үндэслэгдээгүй, талуудын хооронд болсон бодит үйл баримтад огт нийцээгүй буюу бидний хүсэл зориг угаас огт илэрхийлэгдээгүй, баримт тооцоогоо нягтлах, баримт гаргаж өгөх, талуудын 1 хувь үйлдсэн баримттайгаа танилцах зэрэг ямар ч тооцоолол хийх боломж олголгүй зөвхөн *******гийн урьдаас бэлтгэсэн болон гараар бичсэн нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон баримт бөгөөд тухайн нөхцөл байдал буюу талуудын хоорондох таагүй, уур бухимдалтай, дарамталсан өнгө аястай харилцааг түр намжаах зорилгоор гарын үсэг зурсан баримт юм. Тухайлбал, дээрх баримтад зээлдэгчээс 15,000,000 ам.доллар, 10,420,000 төгрөгийг хэзээ, ямар хэмжээгээр буцаан шилжүүлснийг дэлгэрүүлэн тэмдэглэл бүхий ******* өөрийн гараар бичсэн задаргаа /анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч задаргаа гэж тайлбарлаж мэдүүлсэн/ болон дансаар шилжүүлсэн төлбөрийг зэрэгцүүлэхэд 2018.12.26-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээний гол нөхцөл болсон тооцоолол дараах байдлаар зөрдөг буюу давхацдаггүй юм. Ийнхүү Төлбөр барагдуулах тухай гэрээ-д дээрх байдлаар давхцаж буй 14,000 ам.доллараас бусад дансаар шилжүүлсэн төлбөрийг оруулаагүй байгаа нь зохигчид бодитоор тооцоог нийлээгүй болохыг батална. Улмаар давж заалдах шатны шүүх зөвхөн Төлбөр барагдуулах тухай гэрээ дэх тоог үндэслэж зээлдэгчээс шилжүүлсэн 1,000 ам.доллар, 13,350,000 төгрөгийн хавтаст хэргийн 121-128 дахь талд авагдсан баримтыг огт үнэлэхгүй байгаа нь буруу юм. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь нөхрийнхөө дансаар авсан төлбөрөө надад өгөөгүй гэж маргаагүй бөгөөд энэ талаар талууд мэтгэлцээгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө энэ данс руу хийхээр заасан ба Төлбөр барагдуулах тухай гэрээ-ний задаргаандаа ч нөхрийнхөө дансаар 2018.11.01-ний өдөр 10,000 ам.доллар, 15-ны өдөр 4,000 ам.доллар авснаа хүлээн зөвшөөрч оруулсан байдаг. Тиймээс шүүх шийдвэртээ ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргаснаа заахын зэрэгцээ ямар нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан, түүнийг яагаад үнэлээгүй болох үндэслэлээ ч заах ёстой бөгөөд энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж заасантай болсон үйл баримт нийцдэг юм. Харин магадлалд хүч хэрэглэсэн, заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэх нь хариуцагч миний сөрөг нэхэмжлэлдээ дурдсан үйл баримтыг буруугаар ойлгож маргаанд хамааралгүй зүйлээр дүгнэлт хийжээ. Магадлалын дээрх хэсэгт үргэлжлүүлэн өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь дээрх 2018.12.26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд бусдаас итгэмжлэлийн дагуу хүлээн авсан газар эзэмших эрхүүдийг барьцаалсан Барьцааны гэрээ-г *******тэй 2019.02.13-ны өдөр байгуулсан, уг барьцааны гэрээнд Төлбөр төлөх тухай гэрээнд дурдагдсан зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийн дүн адил дурдагдсан байх тул эдгээр гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм гэсэн байна. Барьцааны гэрээний мөн чанар нь үндсэн гэрээгээр хүлээж буй үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой учир үндсэн гэрээний үнийн дүнгээс хальж болохгүй бөгөөд өөр гэрээг үндэслэх ёсгүй. Тиймээс хариуцагч миний бие өмнө зурсан төлбөр барагдуулах гэрээний үнийн дүнд санал нийлэхгүй байсан ч гэсэн уг гэрээний үнийн дүнгээр барьцааны гэрээг байгуулах ёстой тул хэрэгт авагдсан 8 барьцааны гэрээ, бүгд нэг өдөр нэг нотариатаар батлуулсан үйл баримт бий. Гэхдээ барьцааны гэрээг байгуулсан нь үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний гол нөхцөл болох худал тоог нь баримтаар няцааж бодит тооцооллыг шүүхэд мэдүүлэх миний эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Товч дүгнэвэл, зээлдүүлэгч гэрээний зүйлээ өгөөгүй байж өгсөн мэтээр баримт үйлдэхэд гарын үсэг зурсан нь зээлдэгчийн буруу юм гэхэд өгөөгүй байж баримтаа үндэслэж өгсөн хэмээн шаардаж буй нь нэхэмжлэгчийн зөв биш. Нэгэнт 2011, 2012 оны зээлийн гэрээ болон 2018 оны төлбөр барагдуулах гэрээнд дурдсан зээлийн гэрээний зүйлээ зохих ёсоор өгсөн, аваагүй дээрээ зохигчид маргаж байгаа энэ тохиолдолд өгсөн гэдгээ анхан шатны баримтаар нотлох үүргийн хуваарилалт нь шаардаж буй этгээдэд шилжинэ. Тодруулбал, мянган зээлийн гэрээ, мянган барьцааны гэрээ байсан ч нэг л асуудал үүсэх ба яг хэдийг өгсөн эсэх нь маргааныг шийдвэрлэхэд нэн ач холбогдолтой. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэх хэлц үг хууль зүйн салбарт зохидоггүй бөгөөд нийцдэггүй. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлдүүлэгч нь зээлээ бодитоор олгоогүй байхдаа зээл, эсхүл хүүг төлөхийг шаардахаас сэргийлдэг ба зээлийн гэрээ бол бодит гэрээ болохыг тодорхойлсон. Гэвч давж заалдах шатны шүүх уг зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр урьдчилсан гэрээтэй адилтган хэрэглэж, аваагүй мөнгийг авсан болгон нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2023 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлийн тухайд: ******* миний бие анхнаасаа буюу шүүхийн маргаанаас өмнө ч *******гээс авсан зээл, түүнийг хүү бүрэн төлж барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байж ирсэн. Би худлаа ярьж алга болоогүй, сар бүр ямар нэгэн байдлаар төлбөр төлөхийг хичээж зарим саруудад үнэхээр зээлийнхээ төлбөрөөс төлж чадаагүй үедээ дараа сард нь 2-3 удаа нөхөж хийх байдлаар таслалгүй явсан. Одоо ч миний энэ байр суурь хэвээрээ байгаа. А/ Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зэрэг үйл баримт, дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн нэг талын нотлогдохгүй тайлбарт бус баримтад үндэслэгдэх журмын сайтар ойлгосон, Тиймээс миний бие дээрх нотлогдохгүй байгаа төлбөрийн асуудлыг дахин хөндөхгүй. Гэхдээ бүхэлд нь бас ор тас орхиж чадахгүй. Учир нь хэдийгээр бичгийн баримтаар нотлоогүй боловч ийнхүү хүү төлж байсныг нэхэмжлэгч ******* өөрөө ч мэдүүлж байсан юм. Тодруулбал, шүүх хуралдаан дээр нэхэмжлэл танилцуулж эхлэхдээ эхэндээ зөвхөн хүүгээ төлж байсан гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч 2011-2013 онд хариуцагч танд хэдэн төгрөг төлсөн бэ гэж асуухад 15,000 ам.доллар гэж хариулсан. Мөн түүнчлэн 2020.01.17-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ ... ингээд 2013 он хүртэл надаас зээлсэн мөнгөө төлөөгүй ч зөвхөн хүүг нь бага багаар хэсэгчлэн төлдөг байсан. Ийм маягаар явсаар 2014 онтой золгосон... гэж мэдүүлсэн байдаг. Иймд *******гийн өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа хугацаанд төлсөн төлбөрийг буюу 2011.06.21-ний өдрөөс 2014 оны 1 сар хүртэлх хугацаанд төлсөн 28,675 ам.доллар /31*925/-ыг төлсөн минь нь нотлогдоно. Харин нэхэмжлэгчийн өөрийнх нь энэхүү тайлбар, мэдүүлгийг аль ч шатны шүүх асуугаагүй буюу үнэлээгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч түүнийг үндэслэлгүй гэж няцаахгүй, няцааж чадахгүй байгааг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь тооцооллын хувьд 2018.12.26-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээ-ний задаргаа гэх гар бичмэлдээ тэмдэглэсэн 15,000 ам.доллар, 10,420,000 төгрөгийг тооцоог үндэслэл болгодог ба шүүх хуралдаан дээр ч эдгээрээс өөр төлбөр аваагүй гэж тайлбарласан. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Танд төлсөн 16,000 ам доллар, 18,920,000 төгрөг яагаад тооцоонд ороогүй вэ гэхэд нэхэмжлэгч хамааралгүй учраас орохгүй гэж хариулсан байдаг. Харин миний бие дээрх гарч бичмэл бүхий задаргаанд тэмдэглэсэн төлбөрөөс гадна банкаар дамжуулан төлбөр төлсөн байсан учраас төлбөрийн тооцооллын дагуу хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх зөвхөн банкаар төлснийг хасаад нэхэмжлэгчийн төлбөр авсан үйл баримт дээр маргахгүй байгаа 2018.06.15-ны өдрийн 1000 ам.доллар, 2018.06.12-ны өдрийн 10,000,000 төгрөг буюу 4.141 ам.доллар, 2018.12.21-ний өдрийн 420,000 төгрөг буюу 159 ам.долларыг нийт 5,300 ам.долларыг зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй нь буруу болсон юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчийн асуултад өмнө авсан төлбөрөө нэгтгээд нэг гэрээ байгуулсан гэж тайлбарласан боловч өмнө төлбөрүүдийг нэмсэн ч 60,000 ам.долларт хүрэхгүй 4,450 ам.доллар дутаж байсан бөгөөд үүнийгээ нотариатчийн дэргэд өгсөн, 1000 ам.долларыг нь нөгөө гэрээнд шилжүүлсэн гэх зэргээр худал тайлбарыг гаргасан. Улмаар нотариатаар гэрчлүүлэх боломжтой байсан ч хүсэлт гаргаагүй билээ. Мөн түүнчлэн 2020.08.12-ны өдрийн 2842 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч 2010.4.01-ний өдрийн шилжүүлсэн 3,000 ам.доллар чинь 2011.06.21-ний өдрийн зээлийн гэрээнд орсон уу гэхэд нэхэмжлэгч ороогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 60,000 долларт 6000 доллар огт хамаагүй хэмээн хариулсан, дахин энэхүү асуултыг тавихад нэхэмжлэгч 6000 доллар нь орж байгаа 3000 доллар нь ороогүй хэмээн нэг асуултад ялгаатай байдлаар хариулж байгаа бөгөөд өөрсдийн гаргасан нэхэмжлэлийн тайлбараасаа зөрүүтэй хариулт өгсөн нь анхнаасаа өмнө нь байгуулсан зээлийн гэрээнүүдийг нэгтгэн, нөхөх бичгээр гэрээ хийх зорилготойгоор байгуулаагүй болохыг нотолно. Нэхэмжлэгч өмнө надад өгч байсан 2010, 2011 мөнгөө 2011.06.21-ний өдрийн, 2012.05.09-ний өдрийн зээлийн гэрээнд оруулж, нөхөж хийсэн гэж мэдүүлсэн хэрнээ миний буцааж төлсөн төлбөрүүдийг хасаагүй байдаг. Жишээлбэл, 2010 оны зээлсэн төлбөр болон хавтаст хэргийн 214 дэх талын ар талд авагдсан 2011.02.24-ний өдөр ******* 6000 ам.долларыг хүүгүй зээлдээд хоёр сарын 24-ний өдөр буцааж өгсөн гэсэн баримтуудыг мөн л үл тоомсорлодог. Энэ мэтчилэн нэхэмжлэгчийн үндэслэлгүй тайлбар нь тооцоолол бүр дээр харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн 69,172.5 ам.долларын үүргээс 1-д. дансаар шилжүүлсэн болон нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрдөг задаргаанд тэмдэглэсэн төлбөр 26,951 ам.доллар, 2-т. *******гийн өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа хугацаанд төлсөн төлбөрийг буюу 2011.06.21-ний өдрөөс 2014 оны 01 сар хүртэлх хугацаанд төлсөн 28,675 ам.долларыг тус тус нийт 55,626 ам.долларыг хасч 13,546.5 ам.доллар буюу 38,078,398.71 /13,546.5*2,810.94/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д дээрх агуулгаар өөрчлөлтийг оруулахыг хүсэж байна. Нэгтгэн дүгнэхэд, үндэслэлгүй өндөр үнэ тавьж сэтгэл санаа болон улмаар улсын тэмдэгтийн хураамжаар боомилсон үндэслэлгүй өндөр үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэгэн аргаар дундуур нь хангахаар маргааныг үнэн, зөв шийдсэн гэсэн үг биш юм. Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.12-ны өдрийн 101/ШШ2020/02842 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.25-ны өдрийн 2023 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2018.12.26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ, Тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэл"-ийн үүрэгт нийт 154,287,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт нийт 509,305,047 төгрөг гаргуулах гэж өөрчлөн нэмэгдүүлснийг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, уг дугаарыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчид маргасан байна.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч *******гаас 138,775,647 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 370,574,400 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч *******гээс Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын эзэмших эрхийг хариуцагч *******д буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гаас 236,350,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 272,954,185 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

 

8. Нэхэмжлэгч нь ...2018.12.26-ны өдөр хариуцагч *******тай байгуулсан төлбөр төлөх тухай гэрээ, мөн өдөр хариуцагч *******, ******* нартай байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцлүүдээр хариуцагч нар нь 2019.03.31-ний өдөр 11,500,000 төгрөг, 2019.12.26-ны өдөр 100,000 ам доллар, 2020.12.26-ны өдрийн дотор 25,050 ам долларыг тус тус төлөх үүрэгтэй байсан боловч хугацаандаа төлөөгүй, нийт 509,305,047 төгрөг гаргуулна гэж шаардахдаа тухайн хэлцлүүдийг хийсэн шалтгаанаа ...2011.06.21 болон 2012.05.09-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нар төлөөгүй тул зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих үндсэн төлбөр, хүү, алдангийг тооцож, нийт төлбөл зохих мөнгөн хөрөнгийн тооцоог 11,500,000 төгрөг, 125,000 ам доллар болохыг гаргаж баталгаажуулсан гэж тайлбарлажээ.

 

9. Хариуцагч ******* нь ...2011.06.21 болон 2012.05.09-ний өдрүүдэд гурван удаа зээлийн гэрээ байгуулж, нийт 60,000 ам долларыг зээлж авахаар тохиролцсон ч 60,000 ам долларыг надад хүлээлгэж өгөөгүй, би авсан зээлийн төлбөрийг төлөөд дуусгасан. 2018 онд байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. 2011 оны 07 сараас 2016.03.08-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 925 ам.долларыг өгч нийт 53,650 ам.долларыг төлсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

 

Хариуцагч ******* нь ...би *******тэй зээлийн гэрээ байгуулж, түүнээс мөнгө зээлж аваагүй. Эхнэр ******* мөнгө зээлж авсан байсан. Эхнэрийг маань байнга дарамталдаг байсан тул би 2018 оны тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан. Миний утасны дугаарыг эхнэрийн авсан зээлийн барьцаанд авчхаад одоо буцааж өгөхгүй байгаа. Би мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч ******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10.1. Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2011.06.21-ний өдөр 2 зээлийн гэрээг, 2012.05.09-ний өдөр зээлийн гэрээг тус тус байгуулсан талаар маргаагүй, харин гэрээний дагуу өгсөн, авсан мөнгөн хөрөнгийн хэмжээ болон дээрх 3 гэрээнүүдийн үүргийг тооцож нэгтгэсэн гэх 2018.12.26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ, Тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэл-ийг хийсэн үйл баримт, хэлцэлд заасан мөнгөн төлбөрийн үүргийн дүн зэрэг нь маргааны зүйл болжээ.

 

10.2. 2011.06.21-ний өдөр *******, ******* нар үнийн дүн өөр боловч ижил нөхцөл бүхий 2 зээлийн гэрээ байгуулж, ******* нь нийт 40,000 долларыг *******д зээлдүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй буцаан төлөх, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьд алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн. Мөн 2012.05.09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр ******* нь *******д 20,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй буцаан төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон баримт хэрэгт авагдсан бөгөөд дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан журмын дагуу байгуулагдсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

10.3. Хэргийн баримтаас үзвэл, талууд Төлбөр төлөх тухай гэрээ-г 2018.12.26-ны өдөр үйлдэж, дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу өгсөн, авсан мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлон заахдаа ******* нь *******д нийт 60,000 ам.долларыг зээлдүүлснийг ******* хүлээн зөвшөөрсөн, тэрээр эргэн төлөлтөд 15,000 ам.доллар, 10,420,000 төгрөг тус тус төлснийг ******* мөн зөвшөөрсөн талаар тусгасан, энэхүү баримтыг үйлдэхдээ *******д ямар нэгэн дарамт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч ******* нь Төлбөр төлөх тухай гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд бусдаас итгэмжлэлийн дагуу хүлээн авсан газар эзэмших эрхүүдийг барьцаалсан Барьцааны гэрээ"-г *******тэй 2019.02.13-ны өдөр байгуулсан байх бөгөөд энэ гэрээнд Төлбөр төлөх тухай гэрээнд заасан зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийн дүн адил дурдагдсан байх тул эдгээр гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10.4. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хариуцагчийн төлбөр төлсөн огнооны дагуу тасалдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

10.5. Давж заалдах шатны шүүх ... *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх боловч зээлдэгч *******д бодитоор шилжүүлсэн гэх ам.долларын хэмжээгээр зээлийн гэрээний үүргийн хэмжээг тодорхойлсон нь үндэслэл муутай гэж анхан шатны шүүхийг буруутгаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

10.6. Хариуцагч Ж Баттуяа нь хэрэгт авагдсан зээлийн 3 гэрээний дагуу нийт 75,000 ам.долларыг буцаан төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 15,000 ам.доллар, 10,420,000 төгрөгийг тус тус хүлээн авснаа "Төлбөр төлөх тухай гэрээ-нд зөвшөөрсөн байх тул 10,420,000 төгрөгийг зээл төлсөн үе гэж үзэж, валютын ханшийг тухайн өдрөөр тооцож, хариуцагчийг зээлийн эргэн төлөлтөд нийт 18,945 ам.долларыг буцаан төлсөн, тэрээр үндсэн зээл, хүүд нийт 56,055 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй, үүнд гэрээгээр тохиролцсон алдангийг тооцож, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар нийт 84,082 ам.доллар буюу 236,350,862 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

10.7. Хэрэгт авагдсан Мобиком корпораци ХХК-ийн 2018.12.26-ны өдрийн Гэрээ шилжүүлэх баримт, зохигчдын тайлбараас үзвэл, маргааны зүйл болох үүрэн холбооны 9911-6174 дугаарын эзэмших эрх хариуцагч *******д байсныг 2018.12.26-ны өдөр нэхэмжлэгч *******д шилжсэн нь Мобиком корпораци ХХК-аас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон, талууд дугаарын эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримтаа *******, ******* нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт эсхүл өөр гэрээний үүргийн төлбөрт тооцсон, барьцаалсан зэргээр харилцан адилгүй тайлбарлах боловч нэхэмжлэгч нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас хариу төлбөргүйгээр хөрөнгийг шилжүүлэн авсан үндэслэлээ тайлбарлан нотолсон тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

Иймээс хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гээс "Мобиком корпораци" ХХК-ийн үүрэн холбооны 9911- 6174 дугаарын эзэмших эрхийг *******д буцаан шилжүүлсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруу гэж үзэхгүй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч ******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1,149,313 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1,592,921 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД