Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 02023

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/02842 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Д-гийн хариуцагч Ж.Б-, Т.С- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 509 305 047 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Т.С-г тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, түүний өмгөөлөгч А.Базар, хариуцагч Ж.Б-, хариуцагч Т.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хэрлэнчимэг, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.Д- нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр Ж.Б-тай Төлбөр төлөх тухай гэрээ, мөн өдөр Ж.Б-, Т.С- нартай Тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэл тус тус байгуулсан. Өмнө нь Ж.Б- 2011 оны 06 сарын 21-ний өдөр 15 000 ам.доллар, мөн өдөр 25 000 ам.доллар, 2012 оны 05 сарын 09-ний өдөр 20 000 ам.доллар тус тус зээлж, зээл тус бүрд зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү 3 зээлийн гэрээний үүргийг тооцож, тооцоо нийлсэн хэлцлийг хийсэн. Төлбөр төлөх тухай гэрээ-ний 6-д 2019 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 11 500 000 төгрөг, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн дотор 100 000 ам.долларыг төлөхөөр заасан хугацаа дууссан. Мөн гэрээний 7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлбөр авагчид нэмж төлөхөөр заасан. Энэ тухай 2019 оны 12 сарын 10-ны өдөр Ж.Б-д бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан төлбөрөө барагдуулаагүй. Иймд 11 500 000 төгрөг, түүнд тооцогдох алданги 5 750 000 төгрөг, 100 000 ам долларыг зээл авсан үеийн ханш болох 1 317.67 төгрөгөөр тооцож 131 767 000 төгрөг, 8 өдрийн алдангийг 0.5 хувиар бодож 5 270 680 төгрөг, нийт 154 287 680 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Тодруулбал, Төлбөр барагдуулах гэрээ-ээр хариуцагч нар нь 2019 оны 03 сарын 31-ний өдөр 11 500 000 төгрөг, 2019 оны 12 сарын 26-ны өдөр 100 000 ам.доллар, 2020 оны 12 сарын 26-ны өдрийн дотор 25 050 ам.долларыг тус тус төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэсэн. Үүнд, 11 500 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 17 250 000 төгрөг гаргуулах шаардлага хэвээр, харин 100 000 ам.доллар гаргуулах шаардлагаа 2019 оны 12 сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 сарын 10-ны өдөр буюу нийт 167 хоногийн алданги 83 500 ам.доллар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 50 000 ам.доллар, нийт 150 000 ам.долларыг 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2 810.94 төгрөгөөр тооцож, нийт 421 641 000 төгрөг, 25 050 ам.долларыг 2810.94 төгрөгөөр тооцож 70 414 047 төгрөг, нийт 509 305 047 төгрөгийг хариуцагч Ж.Б-, Т.С- нараас гаргуулж өгнө үү. Зээлийн барьцаанд хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байсан боловч хариуцагч нарын хүсэлтээр барьцаанаас нь чөлөөлсөн юм. Иймд барьцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Б- хариу тайлбартаа: Ж.Б- нь Ц.Д-тэй эртний танил бөгөөд анх 2011 онд түүний нөхөр н.Баяраад том хэмжээний газар, харин Ж.Б-д хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан учраас харилцан тохиролцож, компанийн нэр дээрх газрыг н.Баяраагийн нэр дээр шилжүүлж, 40 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн ба уг мөнгөн хөрөнгийг газрын урьдчилгаа төлбөрт тооцох болсон. Гэвч газар худалдаж авахаа больсон тул 2011 оны 07 сарын 27-ны өдөр өөрийн дүү н.Отгонцэцэгийн орон сууцыг барьцаанд тавьж газрын гэрчилгээг эргүүлэн авч зээлээ төлж эхэлсэн. Зээлийн эргэн төлөлт болох сap бүр тогтмол 925 ам.долларыг Ц.Д-гийн 13 дугаар хороололд байдаг гэрт нь бэлнээр хүргэж өгдөг байсан. Мөн 2012 онд 20 000 ам.долларыг хүүгүйгээр зээлж, cap бүрийн зээлийн эргэн төлөлтийн хэмжээ өөрчлөгдөхгүйгээр 925 ам.долларыг төлсөөр байсан.

Ж.Б- нь 2011 оны 07 сараас 2016 оны 03 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 925 ам.доллар, нийт 53 650 ам.долларыг төлсөн. Тухайн үед Ц.Д- бичгийн цаас гаргаж ирээд мөнгө хүлээж авсан баримтаа дэвсгэрт бүрээр нь тэмдэглэж тоолоод баримтыг 1 хувь үйлдэж телевизорын доорх лакдсан модон шүүгээнд хийж хадгалдаг байсан. Мөн үүнээс гадна 2017 оны 07 эсхүл 08 сард орой 7-8 цагийн үед маргааш нислээ 5 000 000 төгрөг яаралтай өг гээд Баянмонгол хорооллын Хаан банк ХХК-ийн замын хойд талд зогсоод хар машинаас 2-лаа бууж ирээд ямар ч баримт үйлдэлгүйгээр 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны 10 сард 1 000 ам.долларыг Ж.Б-гийн ажиллуулж байсан (Багануур гэдэг газар) ресторан дээр ирж авсан, 2018 оны 12 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг бэлнээр гэх зэргээр олон удаа бэлнээр мөнгө өгсөн. Түүнчлэн 2017 оны 07 сараас 2019 оны 07 cap хүртэлх хугацаанд нийт 15 000 ам.доллар болон 13 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн 452535493 тоот Худалдаа Хөгжлийн банк ХХК-ийн дансаар, нэхэмжлэгчийн нөхөр н.Баяраагийн Голомт банк ХХК-ийн 2209339374 тоот дансаар төлсөн.

Нийт 3 удаа байгуулсан зээлийн гэрээний үнийн дүн болох 60 000 ам долларыг бүрэн аваагүй. Сүүлд байгуулсан Төлбөр төлөх тухай гэрээнд Ж.Б-г хүчээр гарын үсэг зуруулсан. Т.С- нь Ж.Б-, Ц.Д- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй. Ц.Д-гээс зээлсэн мөнгөө бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн эргэн төлөлтөөс гадна миний нэр дээрх болон манай ах, дүү нарын нэр дээрх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлж авсан байсан. Уг эд хөрөнгүүдийн заримыг нь барьцаанаас чөлөөлсөн. Чөлөөлөөгүй маргаантай эд хөрөнгө байгаа боловч энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй гэжээ.

Хариуцагч Т.С- хариу тайлбартаа: Т.С- нь хариуцагч Ж.Б-гийн нөхөр ба нэхэмжлэгч болон Ж.Б- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа гэдгийг мэднэ. Харин өөрөө Ц.Д-гээс ямар нэгэн зээл авч байгаагүй болно. Нэхэмжлэгч нь Т.С-гийн эзэмшлийн 9911-6174 утасны дугаарыг түр барьцаанд тавьчих гэж удаа дараа гуйж шаардсаар байсан тул аргагүйн эрхэнд өөр бусад этгээдэд шилжүүлэх, хаах, зарах эрхийг нь хязгаарлаад Ц.Д-гийн нэр дээр шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тус дугаарыг хааж, өөр хүнд зарна, энэ бол миний өмч, өмчөө яахаа би мэднэ гэх зэргээр янз бүрийн зурвас бичиж дарамт үзүүлж байна. Ц.Д-гээс мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Ж.Б-, Ц.Д-, түүний нөхөр н.Баяраа бид 4 зоорины давхарт байрлах биллиардын өрөөнд уулзах үед Ц.Д-, түүний нөхөр н.Баяраа 2 эхнэр Ж.Б-гийн зээлийн тухай ярьж өрөө төлөхгүй байна, та нар луйварчид, хулгайчид гэх мэтээр дайрч доромжлон дарамталж шөнийн 12 цаг хүргэсэн. 40 000 ам.долларын зээл нь тэдний яриагаар 60 000 ам.доллар болсон. Олон цаг дарамталсны эцэст Ц.Д-, н.Баяраа 2 өөрсдийн бэлдэж ирсэн бичмэл дээр огт уншиж танилцуулалгүй 1 хуудсан дээр гарын үсэг зур гэж дарамталсан. Зоорины давхар бүдэг гэрэлтэй байсан бөгөөд ойрын харааны шилгүй байсан маш жижиг бичсэн зүйлийг уншаагүй, эхнэр Ж.Б-гийн авсан зээлийн гэрч болж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Олон хуудас бичиг байсан гэдгийг огт мэдээгүй. Сүүлд нотариатаас авсан материалаас олон хуудас байсныг мэдсэн. Тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай хэлцэл-д Т.С-гийн хувьд дээрх нөхцөл байдлын улмаас гарын үсэг зурсан гэжээ.

Хариуцагч Т.С- сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Ц.Д- утасны дугаараа Ж.Б-гийн зээлийн барьцаанд тавьж, нэр дээр нь түр шилжүүл гэсэн. Ж.Б- надад найзын маань байрны гэрчилгээг Ц.Д- аваад өгөхгүй байна. Нөхрийнхөө 9911-тэй дугаарыг барьцаанд тавиад ав гээд байна гэж уйлж ярихад нь зөвшөөрсөн. Ц.Д-гийн хүсэлтээр 1999 оноос хойш эзэмшиж буй 9911-6174 гэсэн дугаараа зарж борлуулахгүй, ярих эрхийг хаахгүй зэрэг нөхцөлийг амаар тохиролцсоноор түүний нэр рүү шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар дугаарыг хаалгаж, эзэмшиж, ашиглах ямар ч боломжгүй болгосон ба одоо түүний өмч болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь түүнтэй ямар нэгэн гэрээний харилцаа үүсгэж байгаагүй учраас эхнэр Ж.Б-гийн зээлийн барьцаанд түр хугацаагаар нэрийг нь шилжүүлсэн гэж ойлгож байсан. Иймд Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын жинхэнэ хууль ёсны эзэмшигч нь Т.С- намайг болохыг тогтоож, Ц.Д-гээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т.С- нь Ц.Д-д хэн нэгний шахалт дарамтаар 9911-6174 Мобиком корпораци ХХК-ийн дугаарыг шилжүүлээгүй. Ж.Б- мөнгө зээлсэн гэх боловч бодит байдалд Т.С- зээлсэн. Тиймээс ч Баянзүрх дүүргийн газрын албаны дарга байхдаа тус дүүргээс их хэмжээний газрыг нэхэмжлэгчид барьцаалж байсан. Мөн 9911-6174 дугаарыг хэн нэгэнд зарж борлуулаагүй байгаа. Уг дугаарыг 35 000 000-40 000 000 төгрөгийн зээлд тооцож авсан тул барьцаалсан гэх тайлбар нь үндэслэлгүй.

Т.С- нь утасны дугаартай холбогдуулан цагдаад гомдол гаргасан ба уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээ байгаа нь үнэн, төлөх хугацаа дуусаагүй байгаа учир дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай тайлбарласан. Эдгээр тайлбар болон Мобиком корпораци ХХК-ийн лавлагаа зэргээс үзвэл, хэн нэгнийг төөрөгдүүлж өөрийн нэр дээр дугаарыг шилжүүлсэн гэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-гаас 138 775 647 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгож, нэхэмжлэлээс 370 574 400 төгрөг болон хариуцагч Т.С-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д-гээс Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын эзэмших эрхийг хариуцагч Т.С-д буцаан шилжүүлэхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 704 475 төгрөг, хариуцагч Т.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 851 828 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Т.С-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, анхан шатны шүүх Т.С- нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогдсон хэмээн тайлбарлаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хангасан нь буруу.

Учир нь, уг шаардлагын хувьд хөрөнгө нь 9911-6174 гэсэн утасны дугаарын эрх юм. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн ямар үүргээ гүйцэтгэхээр тус хөрөнгийг шилжүүлсэн эсэх, тус үүрэг нь хожим дуусгавар болсон эсвэл тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх эсэхийг тодруулах шаардлагатай. Талуудын хооронд 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Гэрээ шилжүүлэх тухай хэлцэл байгуулагдаж, тус хэлцлийн дагуу хариуцагч нь 9911-6174 утасны дугаарыг ашиглах, эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. Иймд маргаан бүхий хөрөнгө болох 9911-6174 утасны дугаарыг ашиглах, эзэмших эрхийн шилжүүлгийн хувьд талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн дээрх хэлцэл нь хожим дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр бус гэж тооцогдоогүй. Иймд энэ нөхцөлд нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч нь утасны дугаарыг барьцаа болгон шилжүүлсэн хэмээн маргасан боловч барьцаалсан тухай баримт байхгүй, дугаарыг ашиглах, эзэмших эрх шилжүүлэх баримтуудад Барьцааны гэрээ-ний дагуу шилжиж буй тухай тусгагдаагүй. Энэ тохиолдолд, утасны дугаарыг шилжүүлэх үндэслэл болж буй хэлцэл нь Зээлийн гэрээ биш, дээрх Гэрээ шилжүүлэх хэлцэл юм. Харин тус хэлцлийг ямар учраас байгуулсан нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Учир нь, гэрээний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх тул хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь ямар ч шалтгаан, үндэслэлээр өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлэх хэлцэл байгуулж болно. Мөн хариуцагч нь тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудал болно. Хэрэв хариуцагч нь өөрийн эхнэр Ж.Б-гийн зээлийн гэрээний барьцаа болгох үүднээс тус хэлцлийг байгуулсан бол Гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргах учиртай.

Шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй, хууль хэрэглээний зөрчилдөөнтэй байна. Учир нь хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь одоогийн байдлаар нэхэмжлэгч юм. Хэрэв хариуцагч эзэмшиж байсан бол нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар нэхэмжлэхгүй билээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх учиртай. Мөн 99116174 дугаар нь биет зүйл биш тул дугаарыг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. Учир нь тус утасны дугаар нь Мобиком ХХК-ийн өмч бөгөөд хэрэглэгч гагцхүү утасны дугаарыг ашиглах эрхийг тус компаниас гэрээний үндсэн дээр олж авч байгаа тул хариуцагчийн утасны дугаарыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Ц.Д- нь 2020 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар нийт 509 305 047 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх 138 775 647 төгрөгийг гаргуулж, үлдэх 370 574 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг нь 370 529 400 төгрөг боловч буруу тооцоолсон.

Ийнхүү шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 06 сарын 21-ний өдрийн 15 000 ам.долларын зээлийн гэрээ, мөн өдрийн 25 000 ам.долларын зээлийн гэрээ, 2012 оны 05 сарын 09-ний өдрийн 20 000 ам.долларын зээлийн гэрээнүүдийн дагуу тус тус мөнгө зээлсэн эсэх, зээлийн гэрээнүүдийн хугацаа сунгагдсан эсэх талаар дүгнэлт хийсний үндсэн дээр маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч Ж.Б- нар өөр хоорондын зээлийн гэрээнүүдийн дагуу төлөгдвөл зохих төлбөрийн талаар тооцоо нийлж, цаашид төлөгдөх төлбөр, түүнийг төлөх хугацааг тохиролцсон.

Тодруулбал, 2018 оны 12 сарын 26-ны өдөр Төлбөр төлөх тухай гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 6-д хариуцагч Ж.Б- нь 125 050 ам.доллар, 11 500 000 төгрөгийг 2020 оны 12 сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай өмнө байгуулж байсан зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэл гаргаагүй, дээрх Төлбөр төлөх тухай гэрээ-г үндэслэн нэхэмжлэл гаргасан. Тус гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр тул уг гэрээг байгуулснаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг хасах замаар, түүний төлбөл зохих төлбөрийн дүнг тодорхойлох үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.3-т тус тус заасны дагуу талууд 2018 оны 12 сарын 26-ны өдөр өөр хоорондын зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн тооцоог нийлж, төлбөрийг үлдэгдлийг төлөх хугацааг тохиролцсон.

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Ж.Б- нарын хоорондын Төлбөр төлөх тухай гэрээг үндэслэж маргааныг шийдвэрлээгүй нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Гэрээний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх тул гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлно. Иймд төлбөр хоцроосон, зээлийг сунгаж ирсэнтэй холбоотой хэдэн төгрөг, хэдэн ам.долларыг төлөхөөр тогтоох нь талуудын эрх чөлөө юм. Энэ нь заавал тооцоолол нь тусгагдсан, шүүхийн тооцоололд нийцэх албагүй. Зээлийн гэрээ сунгагдсан эсэх, зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан эсэх зэргээс үл хамааран талууд төлөх төлбөрийн дүнг өөрсдөө тогтоох эрх чөлөөтэй. Харин цаашид төлөх төлбөрийн дүн, хугацаа тодорхой байх нь чухал бөгөөд Төлбөр төлөх тухай гэрээ нь тус шаардлагыг хангаж байгаа. Шүүх уг гэрээг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Гэвч гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчилсэн бөгөөд гэрээнд зурагдсан гарын үсэг нь хуурамч болох талаар талууд маргаагүй. Иймд гэрээг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзнэ,. Харин гэрээний агуулгыг талууд өөрсдөө чөлөөтэй тогтоох эрх чөлөөг эдлэх тул түүний агуулгыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй биш гэж үзэх, шүүхийн дүгнэлтэд нийцүүлэхийг шаардах нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 466 дугаар зүйлд тооцоо нийлэх гэрээний талаар зохицуулахдаа талууд тооцоо хааснаар тооцооны үлдэгдлийг төлөх талаар заасан. Хэрэв хариуцагч нь тооцоог нийлэхдээ ноцтой төөрөгдөлд автсан гэвэл тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргах эрхтэй. Гэвч тийм байдлаар нэхэмжлэл гаргаагүй.

Төлбөр төлөх тухай гэрээ-ний 6-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 125 050 ам.доллар, 11 500 000 төгрөг төлөхөөр заасан. 125 050 ам.долларыг 2020 оны 06 сарын 09-ний өдрийн ханш 2 810.94 төгрөгөөр хөрвүүлэхэд 421 641 000 төгрөг, нийт 509 305 047 төгрөг болсон. Иймд нэхэмжлэгчийн шаардсан тус төлбөрийг хариуцагч Ж.Б-гаас бүхэлд нь гаргуулах агуулгаар шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б- давж заалдах гомдолдоо: Миний бие анхнаасаа мөнгө зээлэх гэж зээлийн гэрээ байгуулаагүй. Надад худалдах сонирхол бүхий газрын эзэмших эрх байсан харин нөгөө талаас Ц.Д- газар авах хэрэгцээ байсан. Хэн хэний ашиг сонирхлын үүднээс газар худалдахаар тохиролцсон бөгөөд харин нэр шилжүүлэх захиргааны байгууллагын ажиллагааны явцад газраа авахаа больсон. Нэгэнт миний бие өөрийн өмчлөлд ирсэн мөнгө гэж ойлгоод зарцуулчихсан байхад буцааж авна гэсэн. Ингээд зээлийн төлбөр төлөх ёстой болсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, болсон үйл баримтыг зөв дүгнэсэн болно. Харин зээлдэгчээс зээлийн төлбөрт төлсөн тооцоог бодохдоо талуудын хоорондын маргаангүй байгаа тооцооллыг орхигдуулсан байна. Үүнд, Ж.Б- нь банкны гүйлгээний баримтаар нотлогдож байгаагаар нийт 15 000 ам.доллар болон 13 500 000 төгрөгийг төлсөн. Харин баримтаар нотолж чадаагүй бэлнээр төлсөн 2011 оны 06 сарын 21-ний өдрөөс хойш 2016 оны 03 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 925 ам.доллар, нийт 53 550 ам.доллар төлсөн ч үүнийг шүүх бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзээд хасаагүй байна. Хэдийгээр бичгийн баримтаар нотлоогүй боловч ийнхүү хүү төлж байсныг нэхэмжлэгч Ц.Д- өөрөө хүлээн зөвшөөрдөг юм.

Тухайлбал, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ танилцуулахдаа эхэндээ зөвхөн хүүгээ төлж байсан гэж тайлбарласнаас гадна 2020 оны 01 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 9911-тэй дугаарыг залилан мэхэлж авсан гэх гомдолд өгсөн мэдүүлэгт /хх 175 дахь талын ар талд эхний догол мөрөөс/-ээ ...ингээд 2013 он хүртэл надаас зээлсэн мөнгөө төлөөгүй ч зөвхөн хүүг нь бага багаар хэсэгчлэн төлдөг байсан. Ийм маягаар явсаар 2014 онтой золгосон... гэж мэдүүлсэн байдаг. Иймд Ц.Д-гийн өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд төлсөн төлбөрийг буюу 2011 оны 06 сарын 21-ний өдрөөс 2014 оны 01 cap хүртэлх хугацаанд төлсөн 28 675 ам.доллар /31х925/-ыг төлсөн нь нотлогдох бөгөөд үүнийг шүүх тооцооноос хасаагүй нь буруу болсон.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тооцооллын хувьд 2018 оны 12 сарын 26-ны өдрийн гар бичмэл бүхий хэлцэлд тэмдэглэсэн 15 000 ам.доллар, 10 420 000 төгрөгийн тооцоог үндэслэл болгодог ба шүүх хуралдаан дээр ч эдгээрээс өөр төлбөр аваагүй гэж тайлбарладаг. Харин миний бие дээрх гар бичмэл бүхий баримтад тэмдэглэсэн төлбөрөөс гадна банкаар дамжуулан төлбөр төлсөн байсан учраас төлбөрийн тооцооллын дутуу хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх зөвхөн банкаар төлснийг хасаад нэхэмжлэгчийн маргаагүй 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 1 000 ам.доллар, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 10 000 000 төгрөг, 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 420 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүй нь буруу болсон байна. Мөн Ц.Д-д өгсөн оёдлын машиныг төлбөрийг тооцоололд оруулаагүй байна. Тэрхүү оёдлын машины үнэ нь тухайн үеийн ханшаар 1 200 ам.доллар буюу 3 372 000 төгрөг болно. Энэхүү төлбөрийг Ц.Д- зөвшөөрдөг тул төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх тооцооллоос гадна зээлийн төлбөрийг ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бодохдоо Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт ...заасан уг зохицуулалт нь гадаадын валютын ханш өссөн буурсантай хамааралгүй юм гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь хуульд мөнгөний ханш гэж заасан тул энэ нь зөвхөн Монгол улсын мөнгөн тэмдэгт биш бөгөөд гадаад валют ч үүнд хамаарна. Ам.доллар ингэж өснө гэж хэн ч мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Өдөр хоногоор өсөж байсан нь маш хүндээр нөлөөлсөн. Тухайн 2013 оноос 2016 онд үргэлжилсэн эдийн засгийн хямрал ингэж жирийн иргэн миний амьдрал хүндээр нөлөөлж өдийг хүртэл өндийж чадахгүй их өрөнд унагах юм гэж мэдээгүй. Тиймээс миний бие арай хийж олсон хэдэн төгрөгөө Ц.Д-гийн өрөнд өгч өдийг хүртэл өр ширээ Ц.Д-гийн хүссэн хэмжээгээр төлж барагдуулах гэж хичээж ирсэн байдал тухайн үеийн эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэхэд энэхүү зээлийн асуудлыг яавч одоогийн ханшаар тооцох нь хууль ёсны тэгш эрх, мөн шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Ингэж мөнгөний ханш өссөн нь нэхэмжлэгчийн идэвхтэй хөдөлмөрийн үр шимээс бий болоогүй, иргэний миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бөгөөд энэ үйл баримт нь миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж харин нөгөө талдаа Ц.Д-д илтэд таатай нөхцөл байдал үүсгэж Ц.Д-д ашигтайгаар эргэсэн энэхүү байдлыг далимдуулж мөнгө хүүлэгч шиг авсан мөнгөө төлсөн баримтуудыг ч гаргахгүй байгаад тун их харамсаж маш их гомдолтой байна.партнэрс

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Ж.Б- надад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Д- нь хариуцагч Ж.Б-, Т.С- нарт холбогдуулан 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ, Тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэл-ийн үүрэгт нийт 154 287 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа /1хх 1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт нийт 509 305 047 төгрөг гаргуулах гэж өөрчлөн нэмэгдүүлжээ. /1хх 239-240/

 

Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн /1хх 29-31, 247-250/ ба хариуцагч Т.С- нь нэхэмжлэгч Ц.Д-д холбогдуулан Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, уг дугаарыг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрснөөр талууд харилцан маргасан байна. /1хх 208-209, 244/

 

Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ц.Д-, хариуцагч Ж.Б- нар нь 2011 оны 06 сарын 21-ний өдөр 2 зээлийн гэрээ мөн 2012 оны 05 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй. Харин уг гэрээний дагуу өгсөн, авсан мөнгөн хөрөнгийн хэмжээ болон дээрх 3 гэрээнүүдийн үүргийг тооцож нэгтгэсэн гэх 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ, Тооцоо нийлж төлбөр барагдуулахаар тохиролцсон хэлцэл тус тус байгуулсан үйл баримт, тэдгээрт дурдагдсан мөнгөн төлбөрийн үүргийн дүн зэрэг нь маргааны зүйл болжээ.

 

Хариуцагч Ж.Б-, Ц.Д- нар 2011 оны 06 сарын 21-ний өдөр үнийн дүн өөр боловч ижил нөхцөл бүхий 2 зээлийн гэрээ байгуулж, Ц.Д- нь нийт 40 000 ам.долларыг Ж.Б-д зээлдүүлэх, зээлдүүлэгч нь уг мөнгөн хөрөнгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьд алданги тооцох нөхцөлтэйгөөр буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. /1хх 118-119/ Мөн 2012 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр Ц.Д- нь Ж.Б-д 20 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцлөөр зээлдүүлэх, зээлдэгч нь заасан хугацаанд дурдсан мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна. /1хх 120/ Уг гэрээнүүдээр зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг зааж бичгээр хийгдсэн байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн анзын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хэмжээг зөрчөөгүй, бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

 

Дээрх зээлийн гэрээнүүдийн нөхцөл, зохигчдын тайлбараас үзвэл, анхан шатны шүүх Ж.Б-, Ц.Д- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хариуцагч Т.С-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх боловч хариуцагч Ж.Б-гийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчид бодитоор шилжүүлсэн гэх ам.долларын хэмжээгээр тооцсон нь үндэслэл муутай болжээ.

 

Учир нь, талууд 2018 оны 12 сарын 26-ны өдөр Төлбөр төлөх тухай гэрээ гэх бичгийн баримт үйлдэж, маргааны зүйл болох дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу өгсөн, авсан мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлон заасан. /хх 8/ Ийнхүү тодорхойлохдоо Ц.Д- нь Ж.Б-д нийт 60 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүү, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй зээлдүүлснийг Ж.Б- хүлээн зөвшөөрсөн, тэрээр эргэн төлөлтөд 15 000 ам.доллар, 10 420 000 төгрөг тус тус төлснийг Ц.Д- мөн зөвшөөрсөн талаар тусгасан байхаас гадна энэхүү баримтыг үйлдэхдээ Ж.Б-д ямар нэгэн дарамт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлснээр хийгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Б- нь дээрх 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд бусдаас итгэмжлэлийн дагуу хүлээн авсан газар эзэмших эрхүүдийг барьцаалсан Барьцааны гэрээ-г Ц.Д-тэй 2019 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан байх тул эдгээр гэрээг хүчинд автсанаар хийсэн гэж үзэхгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хариуцагчийн төлбөр төлсөн огнооны дагуу тасалдсан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай тус тус нийцжээ.

 

Иймд хариуцагч Ж.Б- нь 2011 оны 06 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 ам.доллар, 12 сарын 30 хувийн /12 х 2.5/ хүүгийн төлбөрт 12 000 ам.доллар буюу 52 000 ам.доллар, 2012 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 ам.доллар, 6 сарын 15 хувийн /6 х 2.5/ хүүд 3 000 ам.доллар буюу 23 000 ам.доллар нийт 75 000 ам.долларыг буцаан төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 15 000 ам.доллар, 10 420 000 төгрөгийг тус тус хүлээн авснаа 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ-нд зөвшөөрсөн байх тул 10 420 000 төгрөгийг зээл төлсөн үе гэж үзэх 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Монголбанкнаас зарласан валютын ханш /1 ам.доллар=2 641.33 төгрөг/-аар тооцоход 3 945 ам.доллар байх тул хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд нийт 18 945 ам.долларыг буцаан төлжээ. Иймд хариуцагч Ж.Б- нь /75 000 18 945/ үндсэн зээл, түүний хүүд нийт 56 055 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй байна. Үүнээс талууд хуульд нийцүүлэн гэрээгээр тохиролцсон алдангийг тооцоход 28 027 ам.долларын алдангийг үндсэн зээл, хүүгийн төлбөр 56 055 ам.долларт нэмж нэгтгэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар нийт 84 082 ам.доллар буюу /шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханш 2 810.94 төгрөг/ 236 350 862 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоос анхан шатны шүүх 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ-г үнэлээгүй гэсэн хэсгийг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Учир нь, 2011 оны 06 сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай, 2012 оны 05 сарын 09-ний өдөр 6 сарын хугацаатай байгуулагдсан гэрээний хугацааг дээрх Төлбөр төлөх тухай гэрээ-ний 4-т заасныг үндэслэн сунгасан гэж үзэж үргэлжлүүлэн хүүгийн төлбөр тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй талуудын гэрээний эрх чөлөө болон уг гэрээний агуулга тодорхой байх зарчимд нийцэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 272 954 185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч Ж.Б-гаас зээлийн эргэн төлөлтийг бэлнээр төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Б- нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх бөгөөд тэрээр зээлийн эргэн төлөлтөд төлсөн үүргийн хэмжээг тодорхой заасан 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээ-нд гарын үсэг зурсан байх тул уг хэлцлийн агуулгаар түүний төлсөн төлбөрийн хэмжээ тодорхойлогдох учиртай. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч талд бэлнээр төлсөн гэх төлбөр хэргийн нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Харин хариуцагч Т.С-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Д-гээс Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны 9911-6174 дугаарын эзэмших эрхийг Т.С-д буцаан шилжүүлснийг буруу гэж үзэхгүй тул энэ хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан Мобиком корпораци ХХК-ийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Гэрээ шилжүүлэх баримт /1хх 117/, зохигчдын тайлбараас үзвэл, маргааны зүйл болох үүрэн холбооны 9911-6174 дугаарын эзэмших эрх хариуцагч Т.С-д байсан бөгөөд 2018 оны 12 сарын 26-ны өдөр Ц.Д-д шилжиж одоог хүртэл байгаа үйл баримт Мобиком корпораци ХХК-аас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. /1хх197/

 

Талууд дээрх байдлаар дугаарын эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримтаа Ж.Б-, Ц.Д- нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт эсхүл өөр гэрээний үүргийн төлбөрт тооцсон, барьцаалсан зэргээр харилцан адилгүй тайлбарлах боловч нэхэмжлэгч нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул үүнийхээ үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө хүлээн авсан этгээд нь хариуцагчаас хариу төлбөргүйгээр хөрөнгө шилжүүлэн авсан үндэслэлээ тайлбарлан нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/02842 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг : Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-гаас 236 350 862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгож, үлдэх 272 954 185 төгрөг болон хариуцагч Т.С-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...851,828... гэснийг ...1,339,704... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн нийт 2 080 797 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Ж.Б-гаас төлсөн 851 828 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР