Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/02916

 

 

 

 

 

 

 

 

 

2020 08 20

101/ШШ2020/02916

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Монголжин овогт С.Л /РД:0/-гийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигин овогт С.Б /РД:0/,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Есөн цагаан овогт Ш.Б /РД:0/ нарт холбогдох,

 

0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, С.Лгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  0 тоотод оршин суух, Есөн цагаан овогт Ш.Б /РД:0/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  0 тоотод оршин суух, Зина овогт Б.Б-Э /РД:/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  0 тоотод оршин суух, Зина овогт Б.Э /РД:0/ нарын

 

0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч С.Б, хариуцагч Ш.Бнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гэрч С.Н, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

С.Л нь 2006 оноос хойш Испани улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. С.Л нь 2017 ны 04 сард Монгол Улсад амралтаараа ирж, 10 жилийн сургууль хамт төгссөн төгсөгчдийн ойн баярын уулзалтад оролцох, мөн өөртөө Улаанбаатар хотод үл хөдлөх эд хөрөнгө авах зорилготой ирсэн байна. С.Л нь 10 жилийн сургууль хамт төгссөн төгсөгчдийн ойн баярын уулзалтын үеэр 10 жилийн сургууль хамт төгссөн, нөгөө ангийн төгсөгч Ш.Бтай уулзалдсан. Ш.Б нь С.Лг Испани улсад удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байгааг түүний ярианаас олж мэдээд, тэрээр Испани улсад зорчих виз, амьдрах эрх олж авахад туслаач гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. С.Л нь түүний хүсэлтийг хүлээн авч туслахаар болсон ба мөн өөрөө Улаанбаатар хотод үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах сонирхолтой байгаа талаараа түүнд ярьсан байна. Ш.Б нь С.Лд түүнд туслахаар болсонд талархахын зэрэгцээ түүнд хариу барьж, байр худалдан авахад нь туслая гэсэн ба түүний найзынх нь ах Баянмонгол хороололд 2 өрөө байр зарах гэж байгаа, танидаг хүнээс ярьж хөөрөөд арай хямд үнээр байр авахад нь туслая гэж ярьсан байна. Удалгүй С.Лгийн амралтын хугацаа дуусч Испани улс руу буцсан. Энэ үедээ Ш.Бд түүний найзын ахын байрыг худалдаж авъя, харин нэг дор байрны мөнгийг өгөх боломжгүй тул зээлээр худалдан авах талаар ярьж өгөөч, нэгэнт буцаж байгаа тул уг байрыг худалдаж авах асуудалд түүнийг тус болохыг хүсээд, өөрийн төрсөн эгч С.Ндаа энэ талаар захиж хэлээд явсан.

 

Ш.Бгийн хэлсэн найзын ахынх нь байр Баянмонгол хороололд байрлалтай 2 өрөө байр байсныг С.Л худалдан авахаар шийдэж, энэ байрыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагаанд Ш.Бг шаардлагатай асуудлаар өөрийг нь төлөөлөх байдлаар биечлэн оролцож, эгч С.Ндаа туслахыг хүссэн байна. Түүний хүсэлтийг Ш.Б хүлээн авч тэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байрны өмчлөгч, худалдагч талтай байгуулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч С.Лгийн өмнөөс түүнийг төлөөлөх байдлаар Ш.Б гарын үсэг зурсан ба тус гэрээний дагуу байрны үнийн урьдчилгаа төлбөр болох 30,120,000 төгрөгийг гэрээ байгуулах үед С.Л төлсөн болно. Гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2019 оны 5 дугаар сарын 31 хүртэл 24 сарын хугацаатай 1 хувийн хүүтэйгээр, сар бүрийн 15-ны өдөр 3,250,000 төгрөг төлж байх үүргийг С.Л хүлээж гэрээнд заасан үүргээ биелүүлж, сар тутам тохирсон мөнгийг шилжүүлсээр 2019 оны 5 дугаар сарын 31-нд нийт мөнгийг бүрэн төлж дуусгасан байна. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээ авах үед С.Л нь Монголд байхгүй байсан тул Ш.Б нь С.Лгийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлэх гэж байхад нь эгч С.Н нь мэдээд түүний энэ үйлдлийг таслан зогсоосон байдаг. С.Лгийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авах шаардлагатай байсан тул эгч С.Н нь Ш.Бгийн шаардлага, шахалтанд орж өөрийн төрсөн дүү С.Б болон Ш.Бгийн төрсөн эгч Ш.Бн нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Нэхэмжлэгч С.Л нь уг байрны төлбөрийг төлөхийн тулд 2 жил амралтгүйгээр ажиллаж, олсон мөнгөө бүгдийг байрны төлбөрт төлж байсан. Мөн Испанийн банкнаас 16000 еврогийн зээл авч төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь байрны гэрчилгээг өөрийн нэр дээр болгож өгөхийг хариуцагч нараас шаардахад Ш.Бн нь татгалзсан тул шүүхэд хандаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Лг Ү-2204031386 улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот хаягт байрлах 63.6 м.кв хоёр өрөө байрны өмчлөгчөөр тогтоон, хариуцагч С.Б, Ш.Бн нарыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг С.Лгийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

0 тоотын байрыг өөрийн төрсөн дүү болох С.Л-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Уг орон сууцыг манай дүү С.Л нь өөрийн мөнгөөр худалдаж авсан. Ш.Бтай гэр бүл болох зорилго байгаагүй. Өөрөө гадаад улсад байсан тул Ш.Бгаар туслалцуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний танил хүнээс байр авсан юм. Хожим Ш.Б нь орон сууцны өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ байгуулснаараа далимдуулан өөрийн нэр дээр авах гэж байгааг бид мэдсэн. Манай эгч С.Н нь Ш.Бгийн уг үйлдлийг таслан зогсоосон. Аргагүй эрхэнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэрийг болон Ш.Бгийн эгч Ш.Бн нарын нэрийг оруулж авсан юм. Ш.Б нь орон сууцны өмчлөх эрхийг буцаан өгөхгүй байсан тул түүний шахалтаар манай дүү С.Л нь бэр гуйж аргадаж байгаад байраа буцааж авъя гэж хэлсэн. Ингээд бид аргагүй эрхэнд дүүгийнхээ гуйлтаар бэр гуйсан. Ер нь долоо хоног хамт амьдраад л гэр бүл болно гэж байхгүй. Ш.Б, С.Л нарын гэрлэлтээ гэрчлүүлсэн нь дүр үзүүлсэн гэрлэлт байсан. Ш.Б нь манай дүүгээс Испани руу гаргаж өгөөч гэж гуйсан байсан. Ингээд Ш.Бг Испани руу гаргахад виза авахад хэрэгтэй байсан тул гэрлэлтээ батлуулсан юм гэв.

 

Хариуцагч Ш.Бн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч С.Л нь миний төрсөн дүү Ш.Бтай арван жилийн нэг сургуульд сурч байсан бөгөөд 2017 онд дотносон гэр бүл болох санал тавьж Монгол ёсоор бэр гуйж, холбогдох хуулийн хүрээнд албан ёсны баталгаа хийлгүүлж амьдралаа эхлүүлсэн болно. Миний дүү Ш.Б хэлэхдээ 10 жилийн сургуулийн залуу Испани улсад менежерийн ажил эрхэлдэг, надтай гэр бүл болж амьдрах талаар ах, эгч нартаа хэлсэн гээд миний ээж болон надтай, манай гэр бүлийнхэнтэй танилцаж байсан. Бидний зүгээс нас биед хүрсэн хүмүүс сайхан амьдрал зохиож миний дүүгийн хүүхдүүдэд эцэг нь болж өсгөн хүмүүжүүлж, сайн сайхан авч яваарай гэж сайн сайханыг ерөөн хэлж хүргэнээр хүлээн авч байсан. С.Л ч манайд анх хүргэнээр орж ирж байхдаа би сайн, сайхан авч явах болно, чадна аа, бид удахгүй байртай болно, бид 4 сайхан амьдарна гэх мэтчилэн хэлж ярьж байсан. Гэтэл С.Л нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний дүүг зүгээр нэг арван жилийн таньдаг хүүхэн Испани явах гэж, европын виз авах гэж, надтай танилцаж намайг залилсан мэтээр илтэд гүтгэж, хууль ёсны гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхдийн талаар дурьдаагүйд бид гайхаж цочролд ороод байна. С.Л миний дүүтэй гэр бүл болж энэхүү байраа зээлээр худалдан авч байрандаа нүүж орсон. Уг байранд миний мэдэхийн засвар хийж, шинэ тавилга худалдан авч, гэр орноо тохиужуулах бүхий л ажлыг миний дүү хийж өөрийн зүгээс тавь орчим сая төгрөг зарцуулсан. Мөн байрны төлбөрт миний дүү Ш.Б тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Нэхэмжлэлд дурдагдсан байрыг яагаад С.Лгийн төрсөн ах Б болон миний нэр дээр хамтран өмчлөх эрх үүсгэсэн, мөн миний дүү Ш.Б, түүний 2 хүүхэд, С.Лгийн өөрийн нэр дээр яагаад өмчлөх эрх үүсгүүлээгүй талаар тайлбарлахад:

 

-С.Л нь Испани улсад хөдөлмөр эрхлэн амьдрах хугацаандаа өөрийн болон эхнэр хүүхдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй, Испани улсаас тэтгэмж, даатгал, ажилгүйдэл зэргийг авах боломжгүй гэсэн хууль дүрэмтэй гэсэн шалтгаанаар гэр бүлийн дундын өмч болох уг орон сууцыг өөрийн төрсөн ах Б, эхнэр Байгалмаагийн эгч болох миний бие Ш.Бнгийн нэр дээр хамтран өмчлөгч болгон бүртгэлийн газарр бүртгүүлж гэрчилгээг авсан болно.

 

-0 тоот уг орон сууц нь гэр бүлийн тухай хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хуулийн зохицуулалтаар иргэн С.Л түүний албан ёсны гэр бүлийн гишүүд болох эхнэр Ш.Б, хүү Б, охин Э нарын дундын өмч болох тул миний бие Ш.Бн нь нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

 

-Уг орон сууцанд одоо ч гэсэн С.Лгийн эхнэр миний төрсөн дүү Ш.Б нь хүү охины хамт амьдарч байгаа тул гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх үүсгэгдэх ёстой болов уу, хуульд заасны дагуу уг дундын өмчийн асуудлыг гэр бүл цуцлахдаа хамт нэг мөр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

 

-Мөн иргэн С.Л одоогоор миний дүүтэй хамтран амьдрахгүй болсон нь гэр бүлийн хуулиар шийдвэрлэх асуудал үүссэн тул энэхүү өмчийг ганцаараа өмчлөх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Дээрхи үндэслэл учир шалтгааны улмаас иргэн Ш.Бн миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байранд миний мэдэхийн засвар хийж, шинэ тавилга худалдан авч гэр орноо тохижуулах бүхий л ажлыг миний дүү хийж, өөрийн зүгээс тавь орчим сая төгрөг зарцуулсан гэсэн тайлбарыг дараахи байдлаар залруулан тайлбарлаж байна. Үүнд: Баянмонгол хороолол 26-р хороо, 410 байр, 105 тоот байранд засвар хийж, тавилга худалдан авахад миний дүү Ш.Б 30 сая төгрөг, С.Л 10 сая төгрөг зарцуулсан. Гэрлэлтээ батлуулах, бэр гуйх нь худлаа дүр үзүүлээд хийдэг тоглоом юм уу. С.Л, Ш.Б нар нь албан ёсоор хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэлтээ батлуулсан. Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг дангаар өмчлөнө гэх шаардлага үндэслэлгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Миний бие 2017 оны 04 сард С.Лтэй сургуулийн баяр дээр тааралдсан. Л манай сургуулийн өөр ангийн сурагч байсан бөгөөд арван жилд сурч байхдаа сайн таньдаггүй, дотно биш байсан. Бид арга хэмжээнд оролцон улмаар Тэрэлж жуулчны баазад амрахаар явсан. Тэнд нэг хоноод буцах байсан боловч С.Л миний цүнхтэй хувцсыг авч машиндаа нууж явахгүй байх санал тавин тэнд дахин нэг хонохоос өөр аргагүй болсон. Тэрнээс хойш миний утасны дугаарыг авч манай ажил дээр өдөр бүр ирж надад үнэртэй ус бэлэглэн, кино үзэх зэргээр намайг эргүүлж, илүү дотно харилцаа үүсгэж эхэлсэн. Мөн хэсэг найз нөхдөөрөө бид Энергийн төв яваад буцах замд ах дүү нар нь Тэрэлжид байна, замаараа дайраад явъя гэж бидэнд хэлэн тэдэн очиход намайг найз хүүхэн, танай бэр гэж зөвшөөрөлгүй дүү нартаа шууд танилцуулах мэтээр надтай дотно болж эхэлсэн. Тухайн үед Лэнгийн зан ааштай, хэвийн харилцаатай намайг гэсэн сэтгэлтэй мэт санагдсанд нь би татагдаж, найзлахыг зөвшөөрсөн. Мөн надтай уулзах бүрдээ байдаг Испани улсынхаа тухай ярьж тэндээ том компанийн менежер хийдэг гэж намайг салахгүй байж чадна биздээ, надад хайртай гэж хамт амьдрах санал тавьсан. Бид хоёр түүнээс хойш цуг аялаж, амарч, хамт байсан. Лхоёулаа гэр бүлээ батлуулж, хүүхдээ миний овгоор овоглоё гээд дэлхийн гэр бүлийн өдөр сайн өдөр юм байна гэж өөрийн төрсөн эгч Нгаас утсаар миний дэргэд та өнөөдөр ямар өдөр байна хараад өг, манай эгч муу ламаас дээр үзнэдээ гэж хэлж, эгч нь сайн өдөр байна гэхэд бид баталгаагаа хамт очиж 2017 оны 05 сарын 15-нд хийлгэсэн. Мишээл нэг цэгийн үйлчилгээн дээр хийлгэж, Лбаярлаад тэдний хамт олонд мөн дурсгалын зүйлийг мөнгөн завъяагаас өөрөө явж эвтэй дөрвөн амьтны сувинер худалдан авч бэлэглэсэн. Удалгүй ЛИспани явах болж би хамт налайхад байдаг ээжийн нь гэрт хонож өглөө эрт өөрийн Харьер машинаар би гаргаж өгсөн. Онгоцны буудал дээр Лнамайг явахаар чи ангийхантай холбогдоод байна миний дугаарыг барь гээд миний утасны сим картыг утаснаас салган авч надад өөрийн барьдаг 0 дугаарыг өгч миний 0 дугаарыг битгий барь гэж санал тавин би утасны дугаараа сольж барьж эхэлсэн. Ингээд ЛИспанид очоод хурдан намайг болон хүүхдүүдийг ардаасаа очих талаар өдөр бүр хэлж, бичиж эхэлсэн. Согтуудаа санаад байна гэх мэтээр уйлж, хурдан ирэхийг гуйсан. Бид хэд ярилцаж нэгэнт гэр бүл болж байгаа учраас нэг дороо байвал зүгээр байх гэсэн бид хоёрын санал нийлж ЛМонголд байхаар мэргэжилгүй, ажил хийхэд хэцүү, би ганцаараа ажиллавал амьдрахад хэцүү гэх мэт байдлуудаа ярилцан мөн хоёр хүүхэд Испанид сургуульд орвол хүүхдийн сургууль боловсрол маш сайн, амьдрахад сайхан гэж надад олон зүйлийг хэлж Испанид амьдрахаар болсон. Мөн Монголд байр авахаар бид хоёр ярилцан байр хайж эхэлсэн.Би болон Лзараас болон онлайнаар хайхад аятайхан үнэтэй байр олдохгүй байсан ба бид хоёрт бөөнд нь өгчих бэлэн мөнгө байгаагүй лизингээр миний нэр дээр авчих гэхээр би гадагшаа явах визэнд орно мөн хүү өндөр зэрэг асуудлууд байсан тул аятайхан нөхцөлтэй байр хайхаар болсон. Ингээд би Мишээл барилгын их дэлгүүр дотор барилгын биржд найз Б.Н ажилладаг тул би маш аятайхан нөхцөлтэй байр олж өгөөч гэж хэлсэн. Тэгсэн ах нэг байр зарах гээд өөрсдөө Олимп хотхонд байраа томруулаад нүүсэн найдвартай хүн байвал хувь лизингээр гэсэн миний найз үзэх үү гэхээр нь би Л-д хэлсэн байрлал юм нь яг бид хоёрын анх ярилцаж байсан хэсэгт байсан тул үзэхээр болж би ирж үзэн хүүхдүүд гарч ороход давгүй юм байна гэх мэтээр ярилцан авахаар шийдсэн. Авах дээрээ тултал бид хоёрт бэлэн 108 120 000 төгрөг байгаагүй байр зарах хүнтэй тохиролцоо хийхээр болж, Шинэсүх ахын төрсөн ах Батсүх ахтай би олон жил хамтран ажиллаж ирсэн тул ярилцаж тохиролцсон надад итгэж хувь лизинг хийхээр болсон. Урьдчилгааны 30 120 000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэгдэл 78 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 31-нийг дуустал нийт 24 сар, сарын 1 хувийн хүүтэй сар бүрийн 15-ны өдөр 3 282 000 төгрөгийг төлөхөөр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 06 сарын 05-ны өдөр Г.Ш, Ш.Б нар байгуулсан. Сар бүрийн төлөлтийг боломжоороо бид хоёр төлөхөөр болж Лнамайг чи байрны мөнгө, хоол унд, болон хүүхдүүдийн сургалтын төлбөр, хэрэгцээт зүйлүүдийг болгож бай гэх мэтээр бид хоёр ярилцан, зохицож ойлголцож, амьдарч байсан. Байрны гэрээ хийгээд би хоёр хүүхдийн хамт байрны засвар, тавилганд нийт 30 сая төгрөг зарцуулсан. Л10 сая төгрөг гаргасан. ЛИспани илүү сайхан боловсролтой, би эндээс шаардлагатай бичиг баримтыг явуулна, та гуравт гэр бүлийн баталгаатай учраас виз дороо гарна гэх мэтээр олон удаа ярилцан бичиг баримт хөөцөлдөхийг хэлсэн. Би Л-гийн хэлсэн надад ирүүлсэн жагсаалтыг харж бичиг баримт бүрдүүлж эхлэхэд хоёр хүүхдэд итгэмжлэл заавал гаргуулах шаардлага үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргаж ааваас нь итгэмжлэлийг над дээр гаргаж өгөхийг гурван сар хөөцөлдсөн. Би бичиг баримтуудаа хэлсэнийх нь дагуу бүрдүүлж дуустал том хүүг маань явахад орлого хүрэхгүй эхний ээлжинд охин бид хоёрыг авах боломжтой гэж хэлсэн. Би тэгэхэд нь явах боломжгүй би хүүгээ орхиод шилжилтийн насан дээр байгаа хүүхэд бас багаас нь би хол байж үзээгүй гэх мэтээр хэлэхэд намайг маш их ятгаж чи түрүүлж ирээд гурваас дөрвөн сарын дараа авчих боломжтой гэж хэлсэн. Би хэлсэнийх нь дагуу охинтойгоо Бээжинд очиж тэнд долоо хонож, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдан ажлын таваг өдөр виз авахаар хүлээсэн. Энэ үед Лхамсүрэнгийн том эгч Н мөн Испанид виз мэдүүлэх татгалзсан хариу авсан гэж Бээжинд ардаас ирж хамт асуудлаа хөөцөлдсөн. Охин бид хоёрын виз гарч хүүгээ ээжийн хамт байрандаа үлдээн Испани руу арван нэгэн сард явсан. Итгэмжлэл гаргуулах визний материал бүрдүүлэх хөөцөлдөх, Бээжин очих, ирэх, Испани явах мөн хоол ундны, авсан байрны сар бүрийн хэрэглээний зардлын төлөлт хүүхдүүд болон миний хэрэглээнүүдийг би ганцаараа гаргасан. Би сарын гурван сая орчим төгрөгийн цалинтай бөгөөд бүх санхүүгийн асуудлаа би өөрөө шийдвэрлэж явсан. Унаж байсан Харьер маркын машиныг арван найман сая төгрөгт тооцон, өөрийн гар утасны 99099511 дугаар хоёрыг дүүдээ үлдээж, дүүгээсээ мөнгө зээлж зардалуудаа даасан. Гар утасны дугаарийг мөн явсанын дараа ээж хүү хоёрт мөнгө хэрэгтэй байсан тул гурван саяар зарсан. Испанид очиход шал өөр байдал бид хоёрыг угтаж эхэлсэн, Лочихоос өмнө охинд нэг өрөө бэлдсэн гэсэн тэр нь байхгүй бид гурав нэг өрөөнд хамт амьдарч охиныг маань Испани биш баск хэл давамгайлсан сургуульд оруулж намайг ажил хийлгүүлэхгүй тэндхийн Монголчуудаас ичиж байна гээд гэрт хорин Монгол хүмүүстэй танилцуулахгүй гэрээс гарахгүй хүн болгож хүн танихгүй газар дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч байдалд орж би хэсэг шоконд орсон байдалтай амьдарч өөр зүйл бодож байгаа байлгүйдээ гэж дотроо итгэл хүлээлгэн 6 сар орчим байсан. Лөөрөө цэвэрлэгээ хийдэг цонх, угаадаг ажил хийдаг байсан ба өглөө гараад л орой ирнэ. Орой орж ирээл хоолоо идчээд монгол хүмүүстэй казино, мушик тоглохоор гарна, хааяа иррэхгүй хонуутаар явна гэх мэтээр 6 сар өнгөрч хүүг маань ч авах худлаа болж ээж хүү хоёр маань Монголд, ээж тэтгэвэрт, хүү маань Хятадаас ирсэн байсан 23 дугаар сургуульд сурлага нь муудаж, ярих бүр хэзээ намайг авах юм бэ гэж асууж хүнд байдлууд үүсэж, охинд маань хэрэгцээтэй авах зүйлийн шаардлага үүсэхэд Лавч өгөхгүй хүүхдийн дэргэд пизда гэж хараал урсгаж, архи ууж согтуу ирэх гэх мэтээр шал өөр хүн болж хувирсан. Анхны ярьсан бүх зүйл өөрчлөгдсөн дөө. Иймд би Монгол буцах санал тавьж, Л-гээс гуйж, тэр надад зөвшөөрсөн. Би ч баярлаж хүү, ээж хоёр дээрээ очихоор болж 2018 оны 05 сард гэртээ охиноо дагуулан ирсэн. Ирэхэд хүү маань маш сонин болсон байсан, ээжийгээ хаяад явсан гэж бодлоо гэж надад хэлсэн. Охиноо сургуульд нь буцааж оруулах гэтэл авахгүй хассан байсан. За тэгээд хувийн сургуульд оруулах мөнгө байхгүй, байгаа хэдэн төгрөгөө үрээд дууссан байсан тул охиноо хэлний сургалтанд явуулахаар болж аавыг нь гуйж зардлыг нь төлүүлсэн. Би мөн ажилдаа буцаж орох гэтэл хүн авсан байсан тул би хагас жил ажилгүй байсан. Л2019 оны 03 сард Монголд ирэхээр болж би тосож, шууд шинэ байр луугаа очиж хамт байсан. Том хүү нь асуудалд оролцсон тул хүүхдийнхээ асуудалд ихээхэн мөнгө орохоор байна гэж хэлэхэд нь би туслалцаа болгож 3 сая төгрөг өгөх боломжтой гэж хэлсэн. Энэ үеэр Лчамайг албан ёсоор гуйгаагүй тул 2019 оны 03 сарын 31-ний өдөр ах Б эгч нар ирж ээжээс болон ах эгч нараас монгол ёс заншлаар гуйж ёслол үйлдэнэ гэж хэлэн надыг гуйж ёс үйлдсэн. ЛМонголд ирэхдээ мөнгөгүй ирсэн бөгөөд мамбадацан эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зардал, мөн буцах онгоцны тийзны зардал өөр бас бус зардлуудыг бүгдийг би төлж байсан. ЛИспани буцаж очин ажилгүйдэлд орж улсаас тэтгэмж аваад буцаж ирэхээр болоод явсан. Намайг нэр дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй шүү Испаниас мөнгө, тэтгэмж авна гэж хэлсэн. Испани руу очоод байж байтал байрны тооцооны тооцооны хугацаа дуусаж байр шилжүүлэх өдөр болж өмнөх өдөр нь Лхамсүрэн, Шинэсүх бид 3 ярилцаж, 2019 оны 05 сраын 23-ны өдөр Ш уул уурхайн компанид ажилтай тул хөдөөнөөс ирж гэртээ шилжүүлэх тул олон явж чадахгүй 24-нд өглөө онгоцоор очиж гэрээ шилжүүлэхэд бэлэн биз гэж дундын групп чатаар бид 3 харилцсан. Дүнжингарав дээр гэрээг шилжүүлэхээр тохиролцсон. 2019 оны 05 сарын 22-ны 23 цагт гэнэт хаалга тогшин Л-гийн том эгч Н, Н нар орж ирэн маргааш байрны гэрээ шилжих юм байна, хаан яаж шилжүүлэх гэж байна гэх зэргээр манай гэрт орж ирсэн. Би тухайн үед тааламжгүй санагдсан ч бүх зүйлээ хэлээд маргааш Дүнжингарав дээр уулзахаар болоод явсан. Лболон Байгалмаа миний нэр дээр шилжлүүлэхэд Испани улсаас тэтгэмж авах боломжгүй мөн ажилгүйдэл авах боломжгүй байдал үүснэ гэж хэлсэн. За тэгвэл өөрсдийн төрсөн ах эгчийн нэр дээр шилжүүлэхээр ярилцан миний төрсөн эгч Ш.Бнг дуудан Б, Б хоёрын нэр дээр шилжүүлэхээр болж энэхүү байр Б, Б нарын нэр дээр гэрчилгээтэй гарсан түүхтэй. Байр авахад Лбанкнаас зээл аваагүй бөгөөд аль ч гадаад улсын банк зээл олгохдоо тухайн улсаас өөр улсад хэрэглэхэд зориулан зээл олгохгүй, хориотой байдаг. 2019 оны 09 сард Лзээл авч хуучин машинаа манай хүргэн ахтай хамт явж зараад зээлээр машин авсан, одоо унаж байна гэж надад хэлсэн. С.Л бид 2 ярилцан тохиролцож гэр бүлийн санхүүгийн асуудлыг эхнэр Ш.Б надад даалгаж иргэний үнэмлэхээ, банкны карт, дансны нууц код зэргийгээ үлдээж банкан дахь мөнгийг зохицуулах, байр авах, тохижуулах ажлуудыг Ш.Б намайг мэдээд хий гэж бид 2 ярилцан дараах мөнгөнүүдийг Ш.Б би өөрийн данс руугаа төвлөрүүлсэн. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1 900 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 8 004 000 төгрөг, нийт 26 404 000 төгрөгийг би Хас банкны өөрсдийн данснаасаа Хаан банкны данс руугаа хийсэн. Ш.Б би С.Лтэй тохиролцсоны дагуу унтлагын өрөөний иж бүрэн тавилга 5 100 000 төгрөг, зочны өрөөний буйдан 3 хос 3 500 000 төгрөг, зочны өрөөний стенк 2 200 000 төгрөгийн үнэ бүхий нийт 10 800 000 төгрөгийн тавилга авсан. Мөн нэмж дараах электрон бараануудыг авсан. Үүнд: Плитка 749 900,Ус цэвэршүүлэгч 800 000,Шарах шүүгээ 1 449 900,Тоос сорогч 350 000,Угаалгын машин 1 099 900,Телевизор 2 800 000, Хөлдөөгч 500 000, Цахилгаан шал угаагч 750 000, Уурын индүү 450 000,Ухаалаг будаа агшаагч 800 000, Принтер 450 000, Хиншүү сорогч 149 900, Пейч 350 000, нийт 10 749 600 төгрөгийн электрон бараа авсан. Мөн ариун цэврийн өрөөнд ИКЕА брендийн тавилгаар тохижуулсан, нийт 2 500 000 төгрөг орчим болсон. Мөн том өрөөнд ханын шүүгээ 350 000, зочны жижиг ширээ 1 000 000, гал тогооны ширээ зом 2 000 000, 4 абжур, нийт 3 500 000, дрож турк 2 000 000, цонх янзалсан болон гал тогооны тавилга, тавцан сольсон гэх мэт бусад зардалд 3 000 000 орчим нийт 11 850 000 төгрөгийн тавилгууд нэмж авсан. Байр тохижилтод би нийт 30 сая төгрөг зарцуулсан. Ш.Б би Б.Наранмандах руу доорхи мөнгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Үүнд 2017 оны 05 сарын 26-ны өдөр 8 004 000 төгрөг, мөн 6 632 280 төгрөг, 2019 оны 05 сарын 29-ний өдөр 5 363 720 төгрөг, мөн 5,000,000 төгрөгөөр, бас 5,000,000 төгрөгөөр, нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Миний бие нь Б.Наранмандахад байрны урьдчилгаанд төлсөн гэх 30,120,000 төгрөгөөс 14,606,000 төгрөгийг би төлж, нөхөр С.Л 15 404 000 төгрөгийг төлсөн. Иймд Баянзүрх дүүргийн 12-р хороо Баямонгол хороолол, Их Монгол гудамж 410 тоот байрны 105 тоот хаягт байрлах 63.6 м.кв хоёр өрөө байр орон сууц нь ганцхан С.Лгийн өмч биш гэр бүлийн дундын өмч тул С.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

 

Ш.Б нь 2017 оны 05 сарын 15-ны өдөр С.Лтэй гэр бүлээ батлуулж гэр бүлээрээ дөрвүүлээ нэг дор цуг амьдрах зорилготойгоор байр авахаар бид хоёр ярилцан байр хайж эхэлсэн. Би болон нөхөр С.Л нараас мөн онлайнаар байр хайхад аятайхан үнэтэй байр олдохгүй байсан ба бид хоёрт бөөнд нь өгчих бэлэн мөнгө байгаагүй, лизингээр миний нэр дээр авчих гэхээр би гадагшаа явах визинд орно, мөн хүү нь өндөр зэрэг асуудлууд байсан тул аятайхан нөхцөлтэй байр хайхаар болсон. Ингээд би Мишээл барилгын их дэлгүүр дотор барилгын биржд найз Б.Н ажилладаг тул би маш аятайхан нөхцөлтэй байр олж өгөөч гэж хэлсэн. Тэгсэн ах нь нэг байр зарах гээд өөрсдөө Олимп хотхонд байраа томруулаад нүүсэн найдвартай хүн байвал хувь лизингээр зарна гэсэн миний найз үзэх үү гэхээр нь би нөхөр С.Лд хэлсэн, байрлал юм нь яг бид хоёрын анх ярилцаж байсан хэсэгт байсан тул үзэхээр болж би ирж үзэн хүүхдүүд гарч ороход давгүй юм байна гэх мэтээр ярилцан авахаар шийдсэн. Авах дээрээр тултал бид хоёрт бэлэн 108,120,000 төгрөг байгаагүй учраас байр зарах хүнтэй тохиролцоо хийхээр болж Г.Шинэсүх ахын төрсөн ах Г.Батсүх ахтай би олон жил хамтран ажиллаж ирсэн тул ярилцаж тохиролцон надад итгэж хувь лизинг хийхээр болсон. Урьдчилгааны 30,120,000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэгдэл 78 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 31-нийг хүртэл нийт 24 сар, сарын 1 хувийн хүүтэй сар бүрийн 15-ны өдөр 3 282 500 төгрөгийг төлөхөөр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 6 сарын 05-ны өдөр Г.Ш, Ш.Б нар байгуулсан. Нөхөр С.Л бид 2 ярилцан тохиролцож гэр бүлийн санхүүгийн асуудлыг эхнэр Ш.Б надад даалгаж, банкны карт, дансны нууц код зэргийгээ үлдээж банкан дахь мөнгийг зохицуулах, байр авах, тохижуулах ажлуудыг Ш.Б намайг мэдээд хий гэж бид 2 ярилцан дараахи мөнгүүдийг Ш.Б би өөрийн данс руугаа төвлөрүүлсэн. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,900,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 8,004,000 төгрөг, нийт 26,404,000 төгрөгийг би Хас банкны өөрсдийн данснаасаа Хаан банкны данс руугаа хийсэн. Ш.Б би С.Лтэй тохиролцсоны дагуу унтлагын өрөөний иж бүрэн тавилга 5,100,000 төгрөг, зочны өрөөний буйдан 3 хос 3,500,000 төгрөг, зочны өрөөний стенк 2,200,000 төгрөгийн үнэ бүхий нийт 10,800,000 төгрөгийн тавилга авсан. Ш.Б би Б.Наранмандах руу доорхи мөнгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 8 004 000 төгрөг, мөн 6 632 280 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 5 363 720 төгрөг, мөн 5 000 000 төгрөгөөр, бас 5 000 000 төгрөгөөр, нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Миний бие нь Б.Н-д байрны урьдчилгаанд төлсөн гэх 30,120,000 төгрөгөөс 14,606,000 төгрөгийг би төлж, нөхөр С.Л 15,404,000 төгрөгийг төлсөн. Сар бүрийн гэр бүлийн санхүүгийн зардлыг боломжоороо бид хоёр зохицуулахаар болж нөхөр С.Л намайг чи орон сууцны байрны мөнгө, хүүхдүүдийн сургалтын төлбөр, хоол унд, хэрэгцээт зүйлүүдийг зохицуулж бай гэж бид хоёр ярилцаж тохиролцсон. Байрны түлхүүрээ хүлээн авч би хоёр хүүхдийн хамт байрны засвар, тохижилтын ажлуудыг хийсэн. Байрны тохижилтонд нөхөр С.Лгээс 11,000,000 төгрөг, би өөрөө 30,000,000 төгрөг зарцуулж засвар хийж тавилга авч тохижуулсан. Харин зээлээр авсан байрны сарын төлбөрийг С.Л төлнө гэсэн боловч хааяа төлж чадахгүй би төлж байсан. Үүнд: 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр сарын төлбөр 3 282 500 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны С.Л Монголд ирсэн, байрны төлбөр төлж чадахгүй байсан тул ах Бгээс 3 сая төгрөг авч би 282 500 төгрөг нэмж 282 500 төгрөг төлсөн. 2018 оны 5 дугаар сарын 24-ний 3 095 000 төгрөгийг төлсөн. Бид нарыг байранд ороход Юнивишнгийн төлбөр, гражийн төлбөрийг СӨХ төлбөрт оруулан би төлсөн учир 3 282 500-187 000 төгрөгийг төлсөн. Г.Ш ахад болон Б.Н нарт төлөх ёстой төлбөрөө төлж дуусаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ С.Л, Ш.Б бид өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэхэд нөхөр С.Л үл хөдлөх хөрөнгөтэй байвал Испани улсаас даатггалын мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байдал үүснэ гээд өөрсдийн төрсөн ах, эгч нарын нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед надад нөхөр С.Лгийн иргэний үнэмлэх эх хувиараа байсан болно. Гэтэл нөхөр С.Л нэхэмжлэлдээ намайг эхнэр гэж бичихгүй танил хүн мэтээр бичсэнд их гайхаж байна. Гэр бүлийн дундын өмчийг ганцаараа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, С.Лгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэр бүлийн дундын өмчийг ганцаараа өмчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу 0 тоот хаягт байрлах 63,6 м.кв хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр Ш.Б, Б.Б, Б.Э нарыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдээс уг шаардлагадаа бичсэн тайлбар нь бодит байдлаас ихэд зөрүүтэй байх ба уг байрыг худалдан авах болсон шалтгаан нөхцөл, байрны төлбөрийг Ш.Б төлсөн мэтээр илт үндэслэлгүй, худал зүйлүүдийг бичсэн байна. С.Л нь 2017 оны 04 сарын 23-нд Монгол Улсад амрахаар ирэхдээ өөртөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зорилго өвөртлөн ирсэн болно. Мөн энэ үеэр Налайхын 10 жилийн сургууль төгсөгчдийн 20 жилийн ойн баярын арга хэмжээ таарч, уг арга хэмжээнд оролцохдоо 10 жилийн нөгөө ангид суралцаж байсан, сайн таньдаггүй Ш.Бтай танилцаж уулзалдсан. С.Лгийн хувьд түүнтэй гэр бүл болох санаа бодол байгаагүйгээр үл барам, түүний тайлбартаа бичсэнчлэн Ш.Бтай хамтран амьдрах зориулалтаар байр худалдаж аваагүй байна. Ш.Б нь байрны урьдчилгаанд төлсөн 30,120,000 төгрөгнөөс 14,606,000 төгрөгийг төлсөн, мөн 2018 оны 01 сарын 15-ны өдөр 3 282 500 төгрөгийг төлсөн мэтээр бие даасан шаардлагадаа дурьджээ. Ш.Бгаас байрны урьдчилгаанд нэг ч төгрөг төлөөгүй, харин Ш.Б нь нэхэмжлэгч С.Лгийн Хас банкин дахь 5001890239 тоот данснаас 2017 оны 05 сарын 24-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 05 сарын 25-ны өдөр 11 сая төгрөг, 2017 оны 05 сраын 29-ний өдөр 1.9 сая төгрөг, 2017 оны 06 сарын 02-нд 1 сая төгрөг, нийт 18 900 000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлж аваад, улмаар байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн байгаа. Ш.Б нь мөн С.Лгийн Хас банкин дахь 5001889786 тоот гадаад валютын данснаас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2500 еврог шилжүүлэн авч тухайн үеийн ханшаар монгол төгрөгөөр 6 662 500 төгрөг болсныг байрны урьдчилгаанд шилжүүлсэн, бас 2018 оны 01сарын 15-ны өдөр 3 282 500 төгрөгийг С.Лгийн Хас банкин дахь 5001890239 тоот данснаас интернет банк ашиглан зарлагаар гаргаж авч байрны төлбөрт төлсөн байна. Нэхэмжлэгч С.Л нь тухайн үед интернет банк ашиглаж үзээгүй, энэ талаар мэдлэг тааруухан байсан тул Ш.Бд банкны картаа үлдээж, дансны кодоо өгсөн учраас Ш.Б нь дээрх мөнгөнүүдийг түүний данснаас зарлагадан авч байрны урьдчилгааг төлсөн байдаг. Үүнээс гадна 2017 оны 05 сарын 24-ны өдөр нэхэмжлэгч нь Ш.Б руу 1300 евро шилжүүлсэн нь төгрөгөөр 3 464 500 төгрөг болсон. Ш.Бд 2017 оны 05 сарын 25-нд нэхэмжлэгчийн эгч Наранцэцэгийн охин Энхсайхан овогтой Б-ээр 3000 евро өгүүлсэн нь төгрөгөөр 7 995 000 болж байгаа бөгөөд нийтдээ 37 022 000 төгрөгийг Б-аар дамжигдан байрны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн болно.

С.Л нь байрны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 06 сарын 15-наас 2019 оны 03 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хас банкны 5001889786 тоот данснаас шилжүүлж төлж байсан. 2019 оны 04 сарын байрны төлбөрийг ах С.Бгээр төлүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн хувьд Ш.Бтай хамт нэг гэр бүл болон амьдарч байгаагүй, хамтарч данс эзэмшиж байгаагүй. С.Л нь байрны төлбөрийг төлж дуусах үедээ гэрчилгээг ахынхаа нэр дээр авах тухай байрны өмчлөгч Шинэсүхэд хэлсэн ба байрны гэрчилгээг шилжүүлэх үед сүүлийн сарын төлбөрийг ах, эгч нар нь бэлнээр төлнө гэдгийг хэлсэн байсан. Гэтэл Ш.Б нь энэ тухай Шинэсүхээс мэдчихээд ганц удаа байрны төлбөрийг төлсөн болж харагдах гэж 2019 оны 05 сарын 24-нд гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 095 000 төгрөгийг Шинэсүхийн данс руу хийсэн байсан. Үүнээс өөр мөнгө Ш.Б байрны төлбөрт төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч С.Лгийн өөрийнхөө хувийн мөнгөөр авсан түүний хуваарьт хөрөнгө болох байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай түүний бие даасан шаардлага үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч С.Л нь Ш.Б, түүний хүүхдүүд болох Б.Б, Б.Э нарын Баянзүрх дүүргийн 12-р хороо, 0 тоот хаягт байрлах 63,6 м.кв хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба уг бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

 

Хариуцагч С.Б бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

 

Миний дүү С.Л нь энэ байрыг өөрийн мөнгөөрр худалдан авсан тул Ш.Б нь уг байрыг өмчлөх ёсгүй гэж үзэж байна. Миний дүү С.Л нь 2006 оноос хойш Испани улсад амьдарч эхэлсэн, тэндээ ажил хөдөлмөр эрхэлж, хүний нутагт амьдралын төлөө зүтгэж яваа эр хүн. Миний дүү анхнаасаа Ш.Бтай гэр бүл болох санаа зорилго байгаагүй, харин Ш.Б нь манай дүүг ашиглан Испанид очихыг хүссэн, түүнд туслахын тулд гэрлэлтийг батлуулсан гэдгээ дүү маань надад хэлж ярьж байсан. Бид дүүгээ Монголд байр орон сууцтай болохыг зөвлөж байсан, Лч өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болъё гэж мөнгө төгрөгөө цуглуулж байсан. Ингээд 2017 онд ирэхдээ өөртөө байр худалдан авах зорилготой ирсэн, байрны үнийг нь бүтнээр төлчих боломжгүй байсан тул төлбөрийг аятайхан нөхцөлөөр авчих байрыг хайсан. Манай ах, дүү нар бүгд л энд тэндээс асууж сураглаж байсан. Энэ байрыг олоход Ш.Б тусалсан гэдгийг сүүлд мэдсэн, Ш.Бгийн найзын ахаас нь сарын 1%-ийн хүүтэй тохирон 108 120 000 төгрөгөөр зээлээр худалдан авсан байрыг худалдаж авах гэрээг Ш.Бгийн нэр дээр хийсэн байсан. Байрны урьдчилгаа 30 000 000 төгрөгийг дүү С.Л төлсөн ба уг төлбөрийг Ш.Б нь түүнийг Хас банкны данснаас өөр лүүгээ шилжүүлэн авч төлбөрийг төлсөн байдаг. Ш.Б нь шунахай санаа зорилгоор миний дүүгийн толгойг эргүүлсэн гэдгийг сүүлд олж мэдсэн. Уг байрны мөнгийг миний дүү С.Л нь 2019 оны 05 сард төлж дуусаад, Байрны эзэн Шинэсүхтэй утсаар ярьж, байрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хүссэн байсан. Шинэсүх нь Ш.Бг таньдаг болохоор түүнд хэлээд бидний хооронд тухайн үед маргаан үүсч байсан.

Ш.Б нь энэ байрны мөнгөнөөс зөвхөн сүүлийн сард төлсөн 3 282 000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд дүүгийн маань харийн нутагт хөлс хүчээ шавхан олсон мөнгөөрөө авсан байрыг хаа хамаагүй хүмүүс гэрлэлт батлуулсан нэрийдлээр луйвардаж авах ёсгүй гэж бодож байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талдуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч С.Б, Ш.Бн нарт холбогдуулан 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, С.Лгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч С.Б зөвшөөрч, хариуцагч Ш.Бн эс зөвшөөрсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Б, Б.Б, Б.Э нар нь 0 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасныг хариуцагч Ш.Б нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч болон хариуцагч С.Б нар эс зөвшөөрч тус тус маргасан.

 

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдсон:

Нэхэмжлэгч С.Л болон гуравдагч этгээд Ш.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

 

Ш.Б нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Г.Ш-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 108,120,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Уг гэрээгээр орон сууцны үнэ болох 108,120,000 төгрөгийг урьдчилгаа 30,120,000 төгрөгийг өгч, үлдэх 78,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 24 сарын хугацаанд сарын 1 хувийн хүүтэй, сар бүрийн 15-ны өдөр 3,250,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх нөхцөлтэй байгуулжээ.

 

Дээрх тохиролцооны дагуу орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг худалдагч Г.Ш-ээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлэхдээ С.Лгийн төрсөн ах болох С.Б, Ш.Бгийн төрсөн эгч болох Ш.Бн нарын өмчлөлд шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ш.Бтай амьдрах зорилгогүйгээр гэрлэлтээ батлуулсан. Маргааны зүйл болох орон сууцыг худалдан авахын тулд Ш.Бгийн танил болох Г.Шээс хувь лизингээр авсан. Би гэрээ байгуулах үед гадаад улсад байсан тул Ш.Бгийн туслалцааг авч түүний нэрээр байгуулсан. Гэвч хожим Ш.Б нь уг орон сууцны өмчлөх эрхийг авах болоход маргаан үүсгэсэн тул аргагүй эрхэнд түүний эгч Ш.Бн болон өөрийн ах С.Б нарын нэрээр өмчлөх эрхийг гаргуулсан. Би орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хууль ёсны өмчлөгч гэж,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б нь шаардлагын үндэслэлээ ...С.Лтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрахын тулд маргааны зүйл болох орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцны төлбөрөөс би төлсөн. Уг орон сууцанд би тавилга авч тохижуулсан. Уг орон сууц нь бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхад С.Л нь дангаараа өмчлөх үндэслэлгүй. Иймд би болон миний хүү Б.Б, охин Б.Э нар нь орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэж тус тус маргасан.

 

Хариуцагч С.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, хариуцагч Ш.Бн нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч С.Л нь талуудын маргааны зүйл болох орон сууны үнийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С.Лгийн Хас банк ХХК дахь 5001890239 тоот данснаас 2017 оны 05 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 5 сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 8,004,000 төгрөг, 2017 оны 05 сарын 29-ний өдөр 1,900,000 төгрөг, 2017 оны 06 сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 12-ны өдөр 3,300,000 төгрөг тус тус Ш.Б авсан болохоо тайлбарласан.

 

Уг үйл баримт нь Хас банк ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 56/2955 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн лавлагаагаар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд С.Лгийн 5001890239 тоот данснаас Ш.Бгийн Хаан банк ХХК дахь данс руу интернэт гүйлгээгээр дээрх мөнгөн хөрөнгө орсон болох нь тогтоогдсон. /хх-ийн 33, 131-135 дугаар тал/

 

Мөн Ш.Б нь С.Лгийн Хас банк ХХК дахь 5001889786 тоот гадаад валютын данснаас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2500 еврог шилжүүлэн авч тухайн үеийн ханшаар Монгол төгрөгөөр 6 662 500 төгрөг болсныг байрны урьдчилгаанд шилжүүлсэн талаар тэрээр тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Ш.Б нь дээрх мөнгөн хөрөнгүүдийг С.Лгээс авч, нэгтгэж орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлжээ.

 

Орон сууцны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч С.Л нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 3,282,500 төгрөгөөр төлж барагдуулсан болох нь түүний Хас банк ХХК дахь дансны хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 99-108 дугаар тал/

 

Гуравдагч этгээд Ш.Б нь орон сууцны төлбөрт 2018 оны 01 дүгээр сард 3,282,500 төгрөг, 2019 оны 4, 5 сард тус тус 3,282,500 төгрөгийг төлсөн болох нь мөн түүний дансны хуулгаар тогтоогдсон. Тэрээр орон сууцны төлбөрөөс зохих хэмжээний төлбөрийг төлсөн, мөн гэрлэлийн гэрчилгээтэй тул маргааны зүйл болох сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж тус тус заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэрлэлт нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үйлдэл буюу бүртгэлтэй холбоотой ажиллагаа байна. Харин гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсний дараа эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдралтай этгээдүүдийг гэр бүл гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байхын тулд гэр бүл бий болсон байх шаардлагатай байна. Гэтэл С.Л, Ш.Б нар нь улсын бүртгэлд гэрлэлт бүртгүүлснээс биш гэр бүл болж тодорхой эрх үүргээр холбогдон хамтран амьдраагүй байна. Тодруулбал, С.Л, Ш.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, С.Л нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хилээр орж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарчээ.

 

Гуравдагч этгээд Ш.Б нь охин Б.Э-гийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Испани улсын хилээр орж, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарсан байна. Дээрх үйл баримтыг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд С.Л, Ш.Б, охин Б.Э, хүү Б.Б нарыг гэрлэлтийн үндсэн дээр хамтран амьдарч, гэр бүл болсон гэж үзэхээргүй байна.

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч бий болох үндсэн нөхцөлд гэрлэлт болон хамтран амьдрах шаардлага тавигддаг. Нэгэн гэр бүлд бодитоор хамтран амьдарч, хамтын хөдөлмөрийн үр дүнд эдийн болон эдийн бус баялаг бий болгохыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

 

Орон сууцанд тавилга болон цахилгаан бараа гэх мэт хөдлөх эд хөрөнгө худалдан авсан нь тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл болохгүй.

 

Иймд талуудын маргааны зүйл болох 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ш.Б нарын хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдүүдийн энэ талаар гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч С.Б, Ш.Бн нарын хэн аль нь маргааны зүйл болох орон сууцыг өөрсдийн өмч биш талаархи үйл баримтад маргадаггүй. Харин хариуцагч С.Б нь дүү С.Лгийнх гэж, хариуцагч Ш.Бн нь дүү Ш.Б болон түүний хүүхдүүд, С.Л нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тус тус маргадаг.

 

Хариуцагч нарын дээрх тайлбараас үзэхэд маргааны зүйл болох орон сууцыг тэд өөрсдийн хөрөнгөөр бий болгоогүй, хууль болон гэрээний үндсэн дээр өмчлөх эрх аваагүй болох нь тогтоогдож байна.

 

Өмчлөгч бус этгээдүүд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул тэдгээр этгээдүүдээс хууль ёсны өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Л нь маргааны зүйл болох орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь байна. Иймд нэхэмжлэгч С.Лг 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж заасан.

 

Хариуцагч С.Б, Ш.Бн нар нь 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх эрхгүй бөгөөд тэдгээрийн нэрээр уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгэсэн тул нэхэмжлэгч С.Л нь тэдгээрээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулах замаар өөрийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Лг 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Лгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч С.Б, Ш.Бн нарт даалгаж шийдвэрлэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б, Б.Э нар нь насанд хүрээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг эх Ш.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөн оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1 хэсэгт тус тус заасныг баримтлан Монголжин овогт С.Л-г 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Лгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч С.Б, Ш.Бн нарт даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан 0 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ш.Б, Б.Б, Б.Э нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,550 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Ш.Бн нараас улсын тэмдэгтийн хураамжид 698,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ