Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01315

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02916 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2201 дүгээр магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох  

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарын бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2006 оноос хойш Испани улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. ******* нь 2017 оны 04 дүгээр сард Монгол Улсад амралтаараа ирж, төгсөгчдийн ойн баярын уулзалтад оролцох, мөн өөртөө Улаанбаатар хотод үл хөдлөх эд хөрөнгө авах зорилготой ирсэн байна. ******* нь 10 жилийн сургууль хамт төгссөн төгсөгчдийн ойн баярын уулзалтын үеэр нөгөө ангийн төгсөгч Ш.Байгалмаатай уулзсан. Ш.Байгалмаа нь *******г Испани улсад удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байгааг түүний ярианаас олж мэдээд, тэрээр Испани улсад зорчих виз, амьдрах эрх олж авахад туслаач гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. ******* нь түүний хүсэлтийг хүлээн авч туслахаар болсон ба мөн өөрөө Улаанбаатар хотод үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах сонирхолтой байгаа талаараа түүнд ярьсан байна. Ш.Байгалмаагийн хэлсэн найзын ахынх нь байр Баянмонгол хороололд байрлалтай 2 өрөө байр байсныг ******* худалдан авахаар шийдэж, энэ байрыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагаанд Ш.Байгалмааг шаардлагатай асуудлаар өөрийг нь төлөөлөх байдлаар биечлэн оролцож, эгч С.Нямдаваадаа туслахыг хүссэн байна. Түүний хүсэлтийг Ш.Байгалмаа хүлээн авч тэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байрны өмчлөгч, худалдагч талтай байгуулж, *******гийн өмнөөс түүнийг төлөөлөх байдлаар гарын үсэг зурсан ба тус гэрээний дагуу байрны үнийн урьдчилгаа төлбөр болох 30,120,000 төгрөгийг гэрээ байгуулах үед ******* төлсөн болно. Гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2017.06.01-ний өдрөөс 2019.05.31-ний өдөр хүртэл 24 сарын хугацаатай 1 хувийн хүүтэйгээр, сар бүрийн 15-ны өдөр 3,250,000 төгрөг төлж байх үүргийг ******* хүлээж гэрээнд заасан үүргээ биелүүлж, сар тутам тохирсон мөнгийг шилжүүлсээр 2019.05.31-ний өдөр нийт мөнгийг бүрэн төлж дуусгасан байна. *******гийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авах шаардлагатай байсан тул эгч С.Нямдаваа нь Ш.Байгалмаагийн шаардлага, шахалтад орж өөрийн төрсөн дүү ******* болон Ш.Байгалмаагийн төрсөн эгч ******* нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Нэхэмжлэгч ******* нь уг байрны төлбөрийг төлөхийн тулд 2 жил амралтгүйгээр ажиллаж, олсон мөнгөө бүгдийг байрны төлбөрт төлж байсан. Мөн Испанийн банкнаас 16,000 еврогийн зээл авч төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь байрны гэрчилгээг өөрийн нэр дээр болгож өгөхийг хариуцагч нараас шаардахад ******* нь татгалзсан тул шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******г Ү-2204031386 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байр, 105 тоот хаягт байрлах 63.6 м.кв хоёр өрөө байрны өмчлөгчөөр тогтоон, *******, ******* нарыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байр, 105 тоотын байрыг өөрийн төрсөн дүү болох *******д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Уг орон сууцыг манай дүү ******* нь өөрийн мөнгөөр худалдаж авсан. Ш.Байгалмаатай гэр бүл болох зорилго байгаагүй. Өөрөө гадаад улсад байсан тул Ш.Байгалмаагаар туслалцуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний танил хүнээс байр авсан юм. Аргагүй эрхэнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэрийг болон Ш.Байгалмаагийн эгч ******* нарын нэрийг оруулж авсан юм. Ш.Байгалмаа нь орон сууцны өмчлөх эрхийг буцаан өгөхгүй байсан тул түүний шахалтаар манай дүү ******* нь бэр гуйж аргадаж байгаад байраа буцааж авъя гэж хэлсэн. Ингээд бид аргагүй эрхэнд дүүгийнхээ гуйлтаар бэр гуйсан. Ш.Байгалмаа, ******* нарын гэрлэлтээ гэрчлүүлсэн нь дүр үзүүлсэн гэрлэлт байсан. Ш.Байгалмаа нь манай дүүгээс Испани руу гаргаж өгөөч гэж гуйсан байсан. Ингээд Ш.Байгалмааг Испани руу гаргах виз авахад хэрэгтэй байсан тул гэрлэлтээ батлуулсан юм гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь миний төрсөн дүү Ш.Байгалмаатай арван жилийн нэг сургуульд сурч байсан бөгөөд 2017 онд дотносон гэр бүл болох санал тавьж Монгол ёсоор бэр гуйж, холбогдох хуулийн хүрээнд албан ёсны баталгаа хийлгүүлж амьдралаа эхлүүлсэн болно. ******* ч манайд анх хүргэнээр орж ирж байхдаа би сайн, сайхан авч явах болно, чадна аа, бид удахгүй байртай болно, бид 4 сайхан амьдарна гэх мэтчилэн хэлж ярьж байсан. Гэтэл ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний дүүг зүгээр нэг арван жилийн таньдаг хүүхэн Испани явах гэж, европын виз авах гэж, надтай танилцаж намайг залилсан мэтээр илтэд гүтгэж, хууль ёсны гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхдийн талаар дурдаагүйд бид гайхаж цочролд ороод байна. ******* миний дүүтэй гэр бүл болж энэхүү байраа зээлээр худалдан авч байрандаа нүүж орсон. ******* нь Испани улсад хөдөлмөр эрхлэн амьдрах хугацаандаа өөрийн болон эхнэр хүүхдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй, Испани улсаас тэтгэмж, даатгал, ажилгүйдэлийн мөнгө зэргийг авах боломжгүй гэсэн хууль дүрэмтэй гэсэн шалтгаанаар гэр бүлийн дундын өмч болох уг орон сууцыг өөрийн төрсөн ах С.Батсүрэн, эхнэр Ш.Байгалмаагийн эгч болох миний бие *******гийн нэр дээр хамтран өмчлөгч болгон бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээг авсан болно. Уг орон сууц нь иргэн ******* түүний албан ёсны гэр бүлийн гишүүд болох эхнэр Ш.Байгалмаа, хүү Б.Батномин, охин Б.Энхжин нарын дундын өмч болох тул миний бие ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Энэ орон сууцанд одоо ч гэсэн *******гийн эхнэр миний төрсөн дүү Ш.Байгалмаа нь хүү, охины хамт амьдарч байгаа тул гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх үүсгэгдэх ёстой болов уу, хуульд заасны дагуу уг дундын өмчийн асуудлыг гэр бүл цуцлахдаа хамт нэг мөр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Байранд засвар хийж, тавилга худалдан авахад миний дүү Ш.Байгалмаа 30,000,000 төгрөг, ******* 10,000,000 төгрөг зарцуулсан. Гэрлэлтээ батлуулах, бэр гуйх нь худлаа дүр үзүүлээд хийдэг тоглоом юм уу. *******, Ш.Байгалмаа нар нь албан ёсоор хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэлтээ батлуулсан. Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг дангаар өмчилнө гэх шаардлага үндэслэлгүй гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Байгалмаа шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 04 сард *******тэй сургуулийн баяр дээр тааралдсан. Тэрнээс хойш миний утасны дугаарыг авч, манай ажил дээр өдөр бүр ирж надад үнэртэй ус бэлэглэн, кино үзэх зэргээр намайг эргүүлж, илүү дотно харилцаа үүсгэж эхэлсэн. Тухайн үед ******* энгийн зан ааштай, хэвийн харилцаатай намайг гэсэн сэтгэлтэй мэт санагдсанд татагдаж, найзлахыг зөвшөөрсөн. Мөн надтай уулзах бүрдээ Испани улсынхаа тухай ярьж тэндээ том компанийн менежер хийдэг гэж намайг салахгүй байж чадна биз дээ, надад хайртай гэж хамт амьдрах санал тавьсан. Түүнээс хойш бид хоёр цуг аялаж, амарч, хамт байсан. ******* хоёулаа гэр бүлээ батлуулж, хүүхдээ миний овгоор овоглоё гээд дэлхийн гэр бүлийн өдөр сайн өдөр юм байна гээд 2017.05.15-ны өдөр гэр бүлээ батлуулсан. ******* баярлаад Мишээл нэг цэгийн үйлчилгээний хамт олонд дурсгалын зүйлийг мөнгөн завъяагаас эвтэй дөрвөн амьтны сувинер худалдан авч бэлэглэсэн. ******* Испанид очсоноосоо хойш намайг болон хүүхдүүдийг ардаасаа хурдан очих талаар өдөр бүр хэлж, бичиж эхэлсэн. Бид хэд ярилцаж нэгэнт гэр бүл болж байгаа учраас нэг дороо байвал зүгээр байх гэж нийлсэн. Монголд байхаар ******* мэргэжилгүй, ажил хийхэд хэцүү, би ганцаараа ажиллавал амьдрахад хэцүү гэх мэт байдлуудаа ярилцан мөн хоёр хүүхэд Испанид сургуульд орвол хүүхдийн сургууль боловсрол эзэмших, амьдрахад сайхан гэж Испанид амьдрахаар болсон. Мөн Монголд байр авахаар бид хоёр ярилцан байр хайж эхэлсэн. Олимп хотхонд байр байгаа талаар *******д хэлсэн. Байрлал нь яг бид хоёрын анх ярилцаж байсан хэсэгт байсан тул хүүхдүүд гарч ороход давгүй юм байна гэх авахаар шийдсэн. Бид хоёрт бэлэн 108,120,000 төгрөг байгаагүй тул урьдчилгааны 30,120,000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэгдэл 78,000,000 төгрөгийг 2017.06.01-ний өдрөөс 2019.05.31-ний өдрийг дуустал нийт 24 сар, сарын 1 хувийн хүүтэй сар бүрийн 15-ны өдөр 3,282,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2017.06.05-ны өдөр Г.Шинэсүх, Ш.Байгалмаа нар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Сар бүрийн төлөлтийг боломжоороо бид хоёр төлөхөөр болж С.Лхамсүрэн намайг чи байрны мөнгө, хоол унд, болон хүүхдүүдийн сургалтын төлбөр, хэрэгцээт зүйлүүдийг болгож бай гэх мэтээр бид хоёр ярилцан, зохицож ойлголцож, амьдарч байсан. Би хоёр хүүхдийн хамт байрны засвар, тавилгад нийт 30,000,000 төгрөг зарцуулсан. ******* 10,000,000 төгрөг гаргасан. Би Испани явах бичиг баримтуудаа хэлснийх нь дагуу бүрдүүлж дуустал том хүүг маань явахад орлого хүрэхгүй эхний ээлжид охин бид хоёрыг авах боломжтой гэж хэлсэн. Испанид очиход шал өөр байдал бид хоёрыг угтсан, ******* очихоос өмнө охинд нэг өрөө бэлдсэн гэсэн тэр нь байхгүй бид гурав нэг өрөөнд хамт амьдарч охиныг маань Испани биш баск хэл давамгайлсан сургуульд оруулж намайг ажил хийлгүүлэхгүй тэндхийн Монголчуудаас ичиж байна гээд гэрт хорин Монгол хүмүүстэй танилцуулахгүй гэрээс гарахгүй байсан. ******* өөрөө цэвэрлэгээ хийдэг, цонх угаадаг ажил хийдэг байсан ба өглөө гараад л орой ирнэ. Орой орж ирээл хоолоо идчихээд монгол хүмүүстэй казино, мушик тоглохоор гарна, хааяа ирэхгүй хонуутаар явна гэх мэтээр 6 сар өнгөрч хүүг маань ч авах худлаа болсон. Анхны ярьсан бүх зүйл өөрчлөгдсөн дөө. Иймд би Монгол буцах санал тавьж, тэр надад зөвшөөрч 2018 оны 05 сард гэртээ охиноо дагуулан ирсэн. ******* 2019 оны 03 сард Монголд ирсэн. Том хүү нь асуудалд оролцсон тул хүүхдийнхээ асуудалд ихээхэн мөнгө орохоор байна гэж хэлэхэд нь би туслалцаа болгож 3,000,000 төгрөг өгөх боломжтой гэж хэлсэн. Энэ үеэр 2019.03.31-ний өдөр ах С.Батсүрэн эгч нар ирж ээжээс болон ах эгч нараас монгол ёс заншлаар гуйж ёслол үйлдсэн. ******* Монголд ирэхдээ мөнгөгүй ирсэн бөгөөд мамбадацан эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зардал, мөн буцах онгоцны тийзны зардал өөр бас бус зардлуудыг бүгдийг би төлж байсан. С.Лхамсүрэн Испани буцаж очин ажилгүйдэлд орж улсаас тэтгэмж аваад буцаж ирэхээр болоод явсан. Намайг нэр дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй шүү Испаниас мөнгө, тэтгэмж авна гэж хэлсэн. Байрны тооцооны хугацаа дуусаж байр шилжүүлэх өдөр болоход *******, Г.Шинэсүх бид 3 ярилцаж ах, эгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахаар болсон. Байрыг бидний нэр дээр шилжүүлбэл Испани улсаас тэтгэмж болон ажилгүйдэлийн мөнгө авах боломжгүй байдал үүснэ гэж хэлсэн учир өөрсдийн төрсөн ах эгчийн нэр дээр шилжүүлэхээр ярилцан *******, ******* нарын нэр дээр гэрчилгээ гарсан. Бид 2 ярилцан гэр бүлийн санхүүгийн асуудлыг эхнэр Ш.Байгалмаа надад даалгаж иргэний үнэмлэхээ, банкны карт, дансны нууц код зэргийгээ үлдээж банкан дахь мөнгийг зохицуулах, байр авах, тохижуулах ажлуудыг би хариуцаж, мөнгөнүүдийг миний данс руу төвлөрүүлсэн. Үүнд 2017.05.24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017.05.25-ны өдөр 9,000,000 төгрөг, 2017.05.26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.05.29-ний өдөр 1,900,000 төгрөг, 2017.06.02-ны өдөр 500,000 төгрөг, 2017.05.26-ны өдөр 8,004,000 төгрөг, нийт 26,404,000 төгрөгийг би Хас банкны өөрсдийн данснаасаа Хаан банкны данс руугаа хийсэн. Ш.Байгалмаа би *******тэй тохиролцсоны дагуу унтлагын өрөөний иж бүрэн тавилга 5,100,000 төгрөг, зочны өрөөний буйдан 3 хос 3,500,000 төгрөг, зочны өрөөний стенк 2,200,000 төгрөгийн үнэ бүхий нийт 10,800,000 төгрөгийн тавилга авсан. Мөн нэмж дараах электрон бараануудыг авсан. Байр тохижилтод би нийт 30,000,000 төгрөг зарцуулсан. Би Б.Наранмандах руу доорхи мөнгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Үүнд 2017.05.26-ны өдөр 8,004,000 төгрөг, мөн 6,632,280 төгрөг, 2019.05.29-ний өдөр 5,363,720 төгрөг, мөн 5,000,000 төгрөгөөр, бас 5,000,000 төгрөгөөр, нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Миний бие нь Б.Наранмандахад байрны урьдчилгаанд төлсөн гэх 30,120,000 төгрөгөөс 14,606,000 төгрөгийг би төлж, нөхөр ******* 15,404,000 төгрөгийг төлсөн.

Нөхөр ******* үл хөдлөх хөрөнгөтэй байвал Испани улсаас даатгалын мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байдал үүснэ гээд өөрсдийн төрсөн ах, эгч нарын нэр дээр байрны гэрчилгээгээ гаргуулсан. Гэтэл нөхөр ******* нэхэмжлэлдээ намайг эхнэр гэж бичихгүй танил хүн мэтээр бичсэнд их гайхаж байна. Гэр бүлийн дундын өмчийг ганцаараа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэр бүлийн дундын өмчийг ганцаараа өмчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж 410 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 63,6 м.кв хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарыг тогтоож, уг хоёр өрөө байр орон сууц нь ганцхан *******гийн өмч биш гэр бүлийн дундын өмч тул *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02916 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Лхамсүрэнг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******гийн нэр дээр шилжүүлэхийг *******, ******* нарт даалгаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,550 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 698,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2201 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02916 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 128 дугаар зүйлийн 128.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан С.Лхамсүрэн, Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг С.Лхамсүрэн, Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарын нэр дээр шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг *******, ******* нарт даалгасугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Байгалмаагийн төлсөн 563,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт ...Давж заалдах шагны шүүх *******гээс *******, ******* нарт холбогдуулан иргэн Г.Шинэсүхээс өөрийн хөрөнгөер худалдан аваад хариуцагч нарын нэр дээр 2019.05.31-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байр, 105 тоот хаягт байрлах 6З.6 м.кв хоёр өрөө байрыг буцаан гаргуулах, өөрийн өмчлөлд авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэргийн талуудын маргаагүй асуудлыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан *******, ******* нарын хэн алины маргаан бүхий орон сууцыг бодитойгоор өмчлөлдөө авах хүсэл зориг байгаагүй гэх тайлбарыг гаргасан тул хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна гэж дүгнэсэн нь илтэд хууль бус болсон байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Нэхэмжпэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан гэж тодорхойлсон ба хариуцагч талууд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон болохоо хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдлаар шүүхэд тайлбарыг ирүүлсэн байдаг. Ийм учраас хэргийн зохигчийн тайлбар, болсон бодит үйл баримт, нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг шүүх харгалзан хэрэг маргааныг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гуравдагч этгээд Ш.Байгалмаа, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхжин нарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосныг зөвшөөрөхгүй байна. *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүлийн гишүүн бус хөндлөнгийн этгээдүүдэд холбогдуулан өөрийн хөдөлмөрийн үр шимээр өөрийн орлогоор бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг олж авах, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага юм. Гэтэл давж заалдах шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэг маргаанд ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж чадаагүй учраас гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг ханган хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн дундын өмч хөрөнгийн маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. *******, Ш.Байгалмаа нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байгаа бол энэ асуудал ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээдийн нэхэмжлэлээр жич шийдвэрлэгдэх маргаан болно. *******, Ш.Байгалмаа нарын 2017.05.15-нд бүртгүүлсэн гэрлэлт нь хүчин төгөлдөр байгаа ба уг гэрлэлттэй холбоотойгоор Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх *******, Ш.Байгалмаа нарыг 2014.01.01-нд гэр бүл болсныг 2017.05.15-нд бүртгэсэн байна гэх баримтыг үнэлэн дүгнэлт хийхдээ хэргийн бодит байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг харьцуулан үзээгүй. Ш.Байгалмаа нь 2014 онд 2 хүүхдийнхээ эцэг н.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй албан ёсны гэр бүл байсан ба 2017 оны 04 дүгээр сард *******тэй сургуулийн төгсөлтийн ойн баяр дээр тааралдаж уулзсан болохоо тайлбартаа тодорхой дурдсан ба энэ байдал нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр давхар нотлогдож байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд гэрлэлтийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх маргаантай асуудал байгаа нь тодорхой байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410-р байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцтай холбоотой гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 126.2.4-т заасны дагуу маргааны зүйл болж буй орон сууц нь гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын өмч гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

******* нь *******, ******* нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* зөвшөөрч, ******* эс зөвшөөрч, маргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарыг маргааны зүйл болж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг гуравдагч этгээд Ш.Байгалмаа гаргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх *******, Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг *******, Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нарын нэр дээр шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг *******, ******* нарт даалгаж өөрчилжээ.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. *******, Ш.Байгалмаа нар 2017.05.15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь зохигчийн тайлбар, 2020.03.17-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Байгалмаа нь зохигчийн гэрлэлтээ бүртгүүлсний дараа буюу 2017.06.05-ны өдөр Г.Шинэсүхтэй үл хөдлөх эд хөрөнгө, худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 108,120,000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ. 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний нэг тал буюу худалдагч Г.Шинэсүх нь *******гийн төрсөн ах болох *******, гуравдагч этгээд Ш.Байгалмаагийн төрсөн эгч болох ******* нарын өмчлөлд орон сууцыг 2019.05.31-ний өдөр шилжүүлжсэн байна.  

Давж заалдах шатны шүүх *******, ******* нарын хэн аль нь маргаан бүхий орон сууцыг бодитойгоор өмчлөлдөө авах хүсэл зориг байгаагүй гэсэн тэдний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу үнэлсэн, хариуцагч нар орон сууцыг өмчлөх эрхгүй талаар маргаагүй байна.  

Харин уг орон сууцны өмчлөгч ******* дангаараа, эсхүл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Байгалмаа, Б.Батномин, Б.Энхжин нар хамтран өмчлөгч мөн эсэх нь маргааны зүйл болжээ.  

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хэнээс орон сууц худалдаж авсныг бус орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй эсэх талаар маргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан... гэх агуулгатай гомдол хангагдахгүй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

*******, Ш.Байгалмаа нар гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна.  

Гэрлэлтийн бүртгэлээс үзвэл *******, Ш.Байгалмаа нарыг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т зааснаар гэрлэгчид гэж үзнэ. 

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан.  

Гэр бүлийн тухай хуулийн дээрх ойлголтуудаас гадна Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу маргааны зүйл болж буй орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч, эсвэл гэрлэгчдийн дундын хөрөнгө гэж үзэх эсэхийг давж заалдах шатны шүүх зааглаж, дүгнэж чадаагүй байна. 

Дээрх орон сууц гэр бүлийн хөрөнгөд хамаарч байх бөгөөд гэрлэгчдийн буюу *******, Ш.Байгалмаа нарын дундын эд хөрөнгө гэж үзнэ.  

 Энэ утгаараа гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх зохицуулалтын дагуу эхнэр, нөхөр нь бие биедээ өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхийг үүсгэнэ. 

Хэрэгт авагдсан *******, Ш.Байгалмаа нар гэрлэлтээ бүртгүүлж, 2017.06.05-ны өдөр Ш.Байгалмаа үл хөдлөх эд хөрөнгө, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцны үнэ болон бусад гарсан зардлыг төлсөн, эд хөрөнгө худалдан авсан, өнөөг хүртэл уг орон сууцанд Ш.Байгалмаа амьдарч байгаа зэрэг байдлуудыг нотолсон бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбараас дүгнэвэл *******, Ш.Байгалмаа нарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлтэй байна. 

Нөгөөтэйгүүр ******* нь Ш.Байгалмаатай гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу дагавар хүүхдүүд болох Б.Батномин, Б.Энхжин нартай эцэг, хүүхдийн эрх, үүрэг үүсэх боловч Б.Батномин, Б.Энхжин нарын төрсөн эцэг Б.Бат-Эрдэнийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэх тул *******гийн дагавар хүүхдүүдийг маргааны зүйл болж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй нь тэдний эрхийг зөрчсөн, орон байраар хангагдах нөхцөл байдалд хамаарахгүй. 

Нэгэнт маргаж буй орон сууцыг гэрлэгчдийн хөрөнгө гэж үзсэн тул Б.Батномин, Б.Энхжин нарыг хамтран өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан ...Б.Батномин, Б.Энхжин нарыг ...орон сууцны өмчлөгчөөр тогтоосныг зөвшөөрөхгүй... гэх гомдол үндэслэлтэй. 

3. Нэхэмжлэгч Улсын Бүртгэлийн ерөнхий газарт хандаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгэхийг даалгах шаардлага гаргаагүй байх тул *******, Ш.Байгалмаа нарын нэр дээр тухай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий байгууллагад бичиг баримтаа бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт үүрэг болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Дээр дурдснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2201 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02916 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг тус тус баримтлан С.Лхамсүрэн, Ш.Байгалмаа нарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг С.Лхамсүрэн, Ш.Байгалмаа нарын нэр дээр шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг *******, ******* нарт даалгаж, гуравдагч этгээд Ш.Байгалмаагийн гаргасан Б.Батномин, Б.Энхжин нарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД   

           ШҮҮГЧИД                                                                Г.БАНЗРАГЧ 

П.ЗОЛЗАЯА                             

С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                                              Х.СОНИНБАЯР