Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2017/02286/И |
Дугаар | 101/ШШ2018/03779 |
Огноо | 2018-12-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/03779
2018 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/03779 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б. Б
Хариуцагч: С ХХК нд холбогдох
53 838 317 төгрөг гаргуулах, үйлчилгээний талбайн зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг бодит талбайн хэмжээ болох 34,62 м.кв-аар нэхэмжлэгч миний нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие *******й ХХК-тай 2011 оны 10 сарын 06-ны өдөр 13/10/29 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах PEACE TOWER оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 3 дугаар давхрын №303 тоот нийт 42,032 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-ийг 3 000 ам.доллараар тооцон захиалсан. Намайг хөрөнгө оруулалтын захиалгын гэрээ байгуулах үед тухайн барилга нь зөвхөн караказ байдалтай байсан. Миний бие гэрээгээр тохирсон хөрөнгө оруулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээгээр тохирсон 42.032 м.кв талбайн үнэ болох нийт 126 096 ам.долларыг хугацаандаа бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл гүйцэтгэгч *******й" ХХК нь 34,62 м.кв буюу 7,41 м.кв-аар дутуу талбайг хүлээлгэн өгснийг тусгай зевшөөрөл бүхий Инженер Геодези ХХК-иар хэмжилт хийлгүүлснээр 2015 оны 04 сарын 21-ний өдөр мэдэж, улмаар хариуцагч компанинд дутуу м.кв талбайн үнэ буюу илүү төлсөн мөнгөө удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөхгүй бүтэн 2 жилийн хугацаа өнгөрч, одоог хүртэл хохирлыг барагдуулахгүй байх тул эцэст нь шүүхэд хандаж байгаа болно. Талбайг хүлээн авах үед бодит хэмжээ зөрүүтэй байгааг орон сууцыг хүлээн авах үед мэдэх боломжгүй байсан бөгөөд мэргэжлийн байгууллага, эрх бүхий байгууллагаас батлагдсан стандарт, зохих журмын дагуу хэмжиж тогтоосноор гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй доголдолтой байсныг мэдсэн болно. Миний хувьд тухайн үйлчилгээний талбайг худалдан авахдаа метр квадрат бүрийн төлбөрийг төлж авсан. Гэтэл гэрээгээр тохирсон талбайн хэмжээ буурсан нь хариуцагч компани надаас илүү мөнгө авч, надад хохирол учруулсан тул илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн *******й ХХК нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй чйрэгдүүлж байгаагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй байгаа болно. Иймд 7,41 м.кв талбайн зөрүү үнэ 22 242 ам.доллар буюу 53 838 317 төгрөгийг хариуцагч *******й ХХК-иас гаргуулж, үйлчилгээний талбайн зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг бодит талбайн хэмжээ болох 34,62 м.кв нэхэмжлэгч миний нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.
Анх 34.62 мкв гэдгийг мэдээгүй байсан. Нэгдсэн журмаар геодизи зураг зүйгээс хэмжилт хийхэд 7 мкв дутуу байсан. Ингээд шүүхэд хандсан. Одоо хүртэл зөрүүгээ авч чадахгүй байгаа. Анх гэрээ хийдээ 49.48 мкв гэрээ байгуулаад бас хасагдаад зөрүүгээ олж авсан. Нийтийн эзэмшлийн талбайг оруулах ёстой гэдэг. Тэгээд ойр хавийн хүмүүс зөрүүгээ олж авсан тул хөөцөлдөж эхэлсэн. Гэрээн дээр гарын үсэг зурахдаа нийтийн эзэмшлийн талбай орно гэдгийг хараагүй. Би талбай дутуу гэдгийг мэдээгүй явж байсан. Туяа гэж СӨХ хариуцаж байсан хүн нэгдсэн журмаар хөөцөлдөж талбай зөрүүг олж өгнө гэж явдаг байсан. Уг талбайг 2013 онд хүлээн авсан бөгөөд 2015 оноос ашиглаж эхэлсэн. Бичиг баримтын хувьд талбайн хэмжээ зөрүүтэй байгаа тул би авахгүй байгаа нь үнэн юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Бтай манай компани 2011 онд ******* цамхагийн худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгээс 3 давхарын 303 тоот /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ 42.032 мкв талбайг захиалан худалдан авах гэрээ хийж, уг барилга 2013 онд ашиглалтад орж улсын комисс хүлээн авмагц ашиглаж эхэлсэн. Бидний хооронд байгуулсан гэрээгээр уг талбайг 2013 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсоны дагуу хугацаандаа хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь 2015 онд орон сууцны доторх талбайн хэмжээ тооцдог MNS6051-2009 стандартаар үйлчилгээний талбайдаа хэмжилт хийлгэн дутсан гэдэг ч энэ талаар өмнө нь бидэнд мэдэгдэж байгаагүй, энэхүү хэмжилтийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дутсан гэх талбайн хэмжээнд ногдох үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талбайн нарийн зургийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Үүний дагуу үл хөдлөхийн гэрчилгээ гардаг. Хариуцагч талд энэ баримт байхгүй байгаа. Гэвч шинжээчийн дүгнэлтээр талбайг тогтоосон. Гэрээ байгуулах үед барилга боссон байсан тул худалдах худалдан авах гэрээ юм. Барилгыг улсын комисс хүлээж аваад худалдан авагчид талбайгаа хүлээж авсан. Иргэний хуулийн 254-д зааснаар гомдолын шаарлага гаргах хугацаа дууссан байна. Албан бичгүүдийг хүлээлгэж өгөх гээд дуудсан боловч талбай дээр маргаад хүлээж авдаггүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалгаар бариулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах ******* цамхагийн 3 давхарын 303 тоот талбайн зөрүүнд 53,838,317 төгрөг буцаан гаргуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С ХХК нь гэрээний дагуу талбайн хэмжээд нийтийн эзэмшлийн талбайгаас ногдох хэсэг хамаарч байгаа, талбайг нэхэмжлэгч буруу стандартаар хэмжсэн, бичиг баримтыг нэхэмжлэгч авахаас татгалздаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13/10/29 дугаар худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь уг гэрээ нь худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарласан боловч гэрээ байгуулах үед барилгын угсралт явагдаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссийн 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 01/51/2013 дугаар акт, хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийн маргаж буй талбайг 2013 онд хүлээлгэж өгсөн гэх тайлбараар энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн талбайн хамт нийт 42,032 мкв талбайд хөрөнгө оруулалт хийх, гэрээний 3.1-д зааснаар хариуцагч нь 2013 оны 2 дугаар улиралд багтаан уг талбайг хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.
Гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хуваарьт заасан нийт төлбөрийн хэмжээ нь 1.1-т заасан 126,096 ам доллар гэх төлбөрийн хэмжээнээс зөрүүтэй байна. Гэвч нэхэмжлэгч нь анх захиалсан талбайн хэмжээ багассан тул зарим төлбөрөө буцаан авсан гэж тайлбарласан. Мөн хариуцагч нь гэрээгээр төлөх 126,096 ам долларыг бүрэн төлсөн эсэх талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь төлбөр бүрэн төлөгдсөн эсэх талаар мэдээлэлгүй гэж тайлбарласан. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтууд авагдсан байна. Иймд зохигчдыг 42.032 мкв талбайн хөлсийг 126,096 ам доллар гэж тохиролцсон, улмаар төлбөр бүрэн төлөгдсөн эсэх талаар маргаагүй буюу төлбөр төлөгдсөн гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар шүүхээс талбайн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн. Уг дүгнэлтээр маргаж буй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах ******* цамхагийн 3 давхарын 303 тоот талбайн хэмжээг 37 мкв, нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг 7.78 мкв, нийт 44.78 мкв гэж тогтоосон байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд захиалгаар бариулах талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайн зохих хэсэг хамаарахаар заасан. Нэхэмжлэгч нь гэрээг байгуулах үед уг заалтыг мэдээгүй гэж маргаж байна. Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Эдгээрээс нэхэмжлэгчийн гэрээнд зааснаас дутуу талбай хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлгүй.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д зааснаар хариуцагч нь маргаж буй талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсдэг. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна. Гэвч маргаж буй талбайг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаагүй, холбогдох баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн байх тул хариуцагчид өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг гаргаж, нэхэмжлэгчид олгохыг даалгах үндэслэлтэй.
Харин хариуцагчийн уг бичиг баримтыг гаргаж өгөхөд татгалзахгүй гэх, нэхэмжлэгчийн талбайн хэмжээний талаар маргаж байгаа тул уг бичиг баримтыг аваагүй гэх тайлбараар хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй болохыг тэмдэглэж байна. Тодруулбал өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдал нь нэхэмжлэгчээс хамаарсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь шүүхэд 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хуульд зааснаар хуваарилсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар хариуцагч С ХХК-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах ******* цамхагийн 3 давхарын 303 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгч Б.Б-т олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх талбайн зөрүүнд 53,838,317 төгрөг буцаан гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД