Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01533

 

 

 

 

 

 

 

2021 05 21 101/ШШ2021/01533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол 410-102 тоот хаягт оршин суух, Дархан овогт Отгонбаярын г /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72 байр 33 тоот хаягт оршин суух, Бүрд овогт Бэгзсүрэнгийн М /регистрийн /-т холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, гэрч Б.Мөнх-Отгон, Н.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр Б.М т 20,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн.

Гэтэл тэрээр ажил хийлгүйгээр тохиролцсон өдрөөс 8 хоног хоцорч ирсэн. Иймд миний бие хугацаандаа ирсэнгүй гэдэг шаардлага тавьсан бөгөөд цаашид өөрөөр чинь ажил хийлгэхгүй байхаар боллоо гээд 500 литр түлш хийж өгөөд буцаасан. Уг түлш нь үнийн дүнгээр бодоход 1,000,000 төгрөг. Харин урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихөөрэй гэхэд М за гэсэн боловч өгөөгүй.

2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан боловч тус дүүргийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4955 дугаартай тогтоолоор хэргийг хаасан.

Тухайн хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байх явцад Б.М нь мөнгийг чинь бэлнээр өгч чадахгүй мөнгөн дүнд нь өөр ажил гүйцэтгэж өгөх байдлаар хохирлыг чинь барагдуулъя гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч хэрэгтэй үед дуудаж ажил хийлгэх болохоор утсаа авахгүй, дуудаад ирэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Гэрт нь очиход эхэндээ мөнгийг чинь буцааж өгнө гэдэг байсан боловч сүүлдээ явдаг газраараа явж хөөцөлд гэх болсон тул Б.М т шилжүүлсэн 20,000,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар утсаар ярилцсан. Хариуцагч Ховд аймгаас ирсэн талаараа хэлээгүй. Машин тухайн нутагт байгаа гэж хэлж байсан. Увс аймгийн Өмнөговь суманд 7 хоног болоод хөөгдсөн гэж байгаа нь үндэслэлгүй. 2017 оны 9 сарын 05-ны өдөр ирэхээр тохирсон боловч 2017 оны 9 сарын 17-ны өдөр ирсэн учраас тухайн ажлыг хийх шаардлагагүй болсон. Увс аймгийн Өмнөговь суманд хариуцагчийн ажлын хүмүүсээс жолооч туслахтайгаа 2 хүн ирсэн. Шатахууны газраар үйлчлүүлсэн болон хоол авсан талаар баримт байхгүй байгаа. Дансны хуулгыг харахад мөнгийг О.*******оос авсан өдрөө өөр зүйлд зарцуулсан талаар харагдаж байна. Увс аймгийн Өмнөговь суманд 7 хоноогүй, 1 хоноод буцсан.

Хариуцагч талын хүсэлтээр ирсэн гэрч Увс аймгийн Өмнөговь суманд Б.М ын талаас 2 хүн очсон талаар тайлбарласан. Мөн очоод маргааш нь буцсаныг гэрч нар тайлбарлаж байна. 20,000,000 төгрөгийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 15 хоногийн хугацаатай ажиллуулахаар нэхэмжлэгч хариуцагч нар тохирсон. 20,000,000 төгрөгийг бүхэлд нь өгвөл ажлыг хийнэ гэж Б.М хэлсэн. Тохирсон экскаватор нь ойрхон 50 километрын зайтай байсан учраас ажиллуулахаар тохирсон. Б.М ын талаас тохирсон хугацаандаа ирээгүй учраас ажлыг хийх шаардлагагүй болсон. Б.М ын зүгээс ямар ч ажил хийгээгүй. Буцах 500 литр шатахуун өсгөн. Утсаар талууд ярилцахад Б.М 20,000,000 төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш 20,000,000 төгрөгийг Б.М аар шаардсан. Шүүхэд хандах өдрөөс өмнө мессеж болон мессенжерээр О.*******, Б.М аас мөнгөө өгөх талаар шаардахад өгнө гэж хэлж байсан. Шүүхэд хариуцагчаар орж ирээд 10 хүн ажилласан, экскаваторыг Улаанбаатар хотоос аваачиж очсон гэж хэлж байгаа нь нотлогдохгүй байна. 20,000,000 төгрөгийн санхүүгийн зарлагын баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би Увс аймгийн Өмнөговь суманд өөрийн бригадын хамт ажил алт олборлох гүйцэтгэхээр очихдоо10 шахам хүнтэй, Экскаватор 1 ширхэг, ачааны трейлэр 1 ширхэг, бусад ажилчдын багаж хэрэгсэлтэйгээр 1000 гаран км хол зам туулж очсон. Ингэж очихдоо урьдчилгаа болох 18,000,000 төгрөгийг зарцуулж дууссан. Ирж очихын 3000 гаруй км газар талдаа 4 хоног явсан. Зүүнговь суманд очоод О.*******ийн буруугаас болж ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй хот руу дахин буцсан. О.г намайг Увс аймгийн Өмнөговь сум авч явахдаа их мөнгөтэй болно, ямар нэгэн зөвшөөрөлд асуудалгүй бүх асуудал зохицуулсан байгаа. Хэрвээ өмнөх явсан шигээ хөөгдвөл 20,000,000 төгрөг буцааж өгч чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд санаа зовох зүйлгүй, хэрвээ янз бүрийн асуудал гарсан бол би чамд өгсөн мөнгөө буцааж авахгүй гэж хэлсэн. Чи хүмүүсээ аваад явчих гэсэн тохиролцоотойгоор энэ ажилд явж хохирсон. Ингээд Увс аймгийн Өмнөговь суман дахь Орлогын гол гэдэг алтны уурхайд дахин очиход О.*******ийн заасан газар ажлаа хийж байхад, ямар ч зөвшөөрөлгүй газар ухуулж, улмаар Увс аймгаас цагдаа, Байгаль орчны газраас хөөж машин техникийг улсын орлого болгоно гэхээр нь арга буюу хүмүүсээ аваад буцсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөнгийг авсан. Бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээг бичгээр байгуулах ёстой байсан. Б.М ын хүмүүс 2 хоногийн дотор заасан газар очсон. Очсон газар нь зөвшөөрөлгүй газар учраас техникээ хураалгахад хүрсэн. О.*******ийн буруугаас болж Увс аймгийн Өмнөговь сумд очсон. Ховд аймагт Б.М ыг кабелын ажилтай байхад Увс аймагт хүрээд ир гээд 2017 оны 9 сард Увс аймгийн Өмнөговь сумд очоод 7 хоноогүй байхад Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас хүмүүс ирж зөвшөөрөлгүй газар гэсэн үндэслэлээр тус газраас хөөсөн. Тус газарт ажлаа хийж эхлээд машинаа суурилуулсан байхад хөөгдсөн. Энэ талаар О.*******оос манай явсан зардлын мөнгийг өгсөн. Тус 20,000,000 төгрөгийг ажилчдын цалин болон машины шатахуунд зарцуулсан. О.*******ийн буруугаас болж Увс аймагт дэмий очсон учраас 20,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцааж өгнө үү. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч худлаа хэлсэн. Манайхаас буруутай үйл ажиллагаа байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Цагдаагийн байгууллагад залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Холбогдох байгууллага хяналт тавьж шалгахад Б.М залилаагүй гэдгийг тогтоож өгсөн. Б.М ын хувьд залилах асуудал хийгээгүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа ажил гүйцэтгэх гэрээ нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.г нь хариуцагч Б.М т холбогдуулан, 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

О.г нь 2017 оны 9 дүгээр сарын үед Б.М тай хэлэлцэн тохиролцож, Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Б.М аар газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр хэлцэл хийж, урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг Б.М т шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 20,000,0000 төгрөгийг 5006487570 дугаартай дансанд шилжүүлсэн тухай О.*******ийн эзэмшдэг Хаан банк дахь 5085151228 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигч талуудын тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4955 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна.

Талуудын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцжээ.

Дээр дурьдсан ажлын урьдчилгаа гэх 20,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч шилжүүлсэн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй ба газар шорооны ажил гүйцэтгэгдээгүй үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Ажил гүйцэтгэгдээгүй шалтгааныг талууд зөрүүтэй тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалж, төрийн байгууллагын шаардлагаар газар шорооны ажил хийгдээгүй гэх тайлбараа хариуцагч нотлоогүй, ...алт олборлох гүйцэтгэхээр очихдоо 10 шахам хүнтэй, Экскаватор 1 ширхэг, ачааны трейлэр 1 ширхэг, бусад ажилчдын багаж хэрэгсэлтэйгээр талдаа 4 хоног, 3000 гаруй км газар туулж 18,000,000 төгрөг зарцуулж хохирсон... гэх хариуцагчийн тайлбар нь ...1 ширхэг экскаватор, нэг ширхэг авто ачигчтай хоёр хүн ирсэн... гэх гэрч Б.Мөнх-Отгон, Н.Мөнхтөр нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэхээр тохиролцсон өдрөөс 8 хоног хоцорч ирсэн хэмээн ажил гүйцэтгүүлэхээс татгалзсан гэх тайлбараа мөн нотлоогүй боловч талууд хэлэлцэн тохиролцсон ажлын үр дүнд хүрээгүй буюу захиалагч гэрээнээс татгалзсанаар гүйцэтгэгч нь ажлын талбараас явсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч О.г гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч нь хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар буцаан шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.М аас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М аас улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА