Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2017/0274

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр                   Дугаар 221/МА2017/0274                          Улаанбаатар хот

        

А.*******, Д.******* нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд “******* *******кэстл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Д.*******, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Ц.Цэрэнжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучнаар/-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-135 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч, улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нар газар эзэмшүүлэх болон ашиглуулах шийдвэр гаргах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гаргах хүртэл  нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг,  2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн Д.*******д холбогдох хэсэг,  2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 тоот захирамжийн “******* *******кэстл” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.*******, Д.******* нарт тус тус холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж,

2 дахь заалтаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон зургийг газрын кадастрын мэдээллийн санд оруулсан өдрөөс эхлэн дээр дурдсан 3 сарын хугацаа тоологдож эхлэхийг дурдаж,

3 дахь заалтаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1-т заасныг баримтлан шинжээчийн зардалд төлсөн 641,018.40 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараар хувь тэнцүүлэн төлүүлж, шинжээчийн зардлыг урьдчилан төлсөн “*******” ХХК болон “******* ******* кэстл” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх”

Гомдлын үндэслэл: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 57 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газарт нь өөр хоорондоо давхцалтай, уг маргаан бүхий газар нь нийслэлийн нутаг дэвсгэр болон тусгай хамгаалалттай газар нутгийн алинд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, хилийн цэс нь тус тусын мэдээллийн санд зөрүүтэй, хилийн цэсийг шинэчлэн тодотгох үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гараагүй, кадастрын мэдээллийн нэгдсэн санд хилийн цэс бүртгэгдээгүй байгаа нь шүүхээс нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна” гэж дүгнэсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар Улсын Их Хурал нь “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” бүрэн эрхтэй бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан байдаг.

Иргэн А.*******, Д.******* нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу холбогдох баримт бичиг, материалын бүрдүүлэлтийг хийх, зохих байгууллагаар батлуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 283 дугаар тушаалын дагуу улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 775, 769 тоот гэрчилгээ авч газраа холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ашиглаж ирсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яам нь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 11/5973 тоот албан бичигт болон тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэдээллийн сан зургийн дагуу иргэн А.*******, Д.******* нарын ашиглаж буй газар нь Улсын Их Хурлын 1995 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллын шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор баталсан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамаарч байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт дурдсанаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон зургийг газрын кадастрын мэдээллийн санд оруулсны дагуу хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх талаар дүгнэсэн байна. Тус хамтарсан ажлын хэсэг нь Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх, уг ажлыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулах чиг үүрэгтэй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг Улсын Их Хурал батлах, өөрчлөх бүрэн эрхтэй бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт шийдвэрээр хилийн цэсийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нэг. Хэргийн тухайд:

А.*******, Д.******* нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн билээ.

Нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл нь маргаан бүхий захиргааны актаар олгогдсон газар нь Богдхан уулын дархан цаазат газар буюу тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргаас эрх хэмжээгээ хэтрүүлэн гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэж маргадаг.

Харин гуравдагч этгээд болох “*******” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалын Д.*******, А.******* нарт холбогдох хэсгийг гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газартай холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан болно.

Бие даасан шаардлагын үндэслэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдаас эрх хэмжээгээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон болон нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрх авахдаа анхнаасаа хууль зөрчсөн байтал газар ашиглах эрх олгосон нь хууль бус гэж маргаж байгаа болно.

Хоёр. Нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийн тухайд:

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж, дүгнэж чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар нь өөр хоорондоо давхцалтай, уг маргаан бүхий газар нь Нийслэлийн нутаг дэвсгэр болон тусгай хамгаалалттай газар нутгийн алинд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, хилийн цэс нь тус тусын мэдээллийн санд зөрүүтэй, хилийн цэсийг шинэчлэн тодотгох үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гараагүй, Кадастрын мэдээллийн нэгдсэн санд хилийн цэс бүртгэгдээгүй байгаа нь шүүхээс нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна” гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзэхэд талууд зөвхөн хилийн заагийн асуудлаар маргасан мэтээр дүгнэсэн нь хэт өрөөсгөл талуудын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судалсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Дээр дурдсанчлан бид бие даасан шаардлагынхаа нэг үндэслэлийг хариуцагчаас нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохдоо хууль зөрчсөн буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр маргасан.

Уг нөхцөл байдлыг нотлох баримтууд хавтаст хэрэгт дараах байдлаар авагдсан байгаа болно.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар тодорхой зохицуулж өгсөн.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтээ Хамгаалалтын захиргаанд гаргах бөгөөд Хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн эсэх талаар саналаа Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газарт хүргүүлнэ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар нь хүсэлт гаргасан төсөл хэрэгжүүлэгч нь

  • уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаа;
  • татварын болон банкны өргүй гэдгийг баталсан баримт бичиг;
  • тухайн    тусгай     хамгаалалттай     газар     нутгийн     менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх;
  • гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримт зэргийг үндэслэн газар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх талаар албан бичиг хүргүүлнэ.

Харин дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд хариу хүргүүлэх ёстой байна.

Хэрэгт нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлт болон баримтууд[1] авагдсан. А.******* нь Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба танаа гэсэн хүсэлтийг гаргасан байдаг ба уг албан бичиг нь ямар нэгэн он, cap, өдөргүй байдаг. Ийнхүү анх хүсэлт гаргахаас эхлэн хууль болоод журмыг зөрчсөн байна. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгогдсон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №7/510 албан тоотоор иргэн А.*******нд “төсөлд ерөнхий үнэлгээ хийсний үндсэн дээр, уг төсөлд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.*******ийн тухайд, хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдсэн зүйлгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр газар ашиглах гэрчилгээ авсан байдаг боловч газар ашиглах тухай гэрээг 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Гэтэл хууль болоод журамд зааснаар гэрчилгээ авснаас хойш 3 сарын дотор газар ашиглах гурвалсан гэрээг байгуулах ёстой байтал үүнийг мөн зөрчсөн байна.

Хууль болоод журамд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг газар ашиглах эрх олгохоос өмнө хийгдсэн байх ёстой байтал газар ашиглах эрх олгогдсоноос даруй 3 сарын дараа ерөнхий үнэлгээ хийгдсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Түүнчлэн А.******* нь газар ашиглах гурвалсан гэрээг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар ашиглахтай холбоотой өөр баримтууд байхгүй болохыг тайлбартаа дурдаж байсан болно.

Ийнхүү хариуцагч Байгаль орчны яамны сайдаас нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасанчлан нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байтал газар ашиглах эрх олгосон байгаа тул илт хууль бус захиргааны акт юм.

Шүүхээс энэхүү нөхцөл байдалд ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн газрын хилийн маргааны талаар дүгнэлт өгөн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Гурав. Газрын хилийн маргааны тухайд:

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон. Хэдийгээр 1995 онд Улсын Их Хурлаар баталгаажуулсан гэж байгаа боловч Богдхан уулын хилийн заагийг 1974 онд тогтоосон байдаг бөгөөд хууль шинэчлэгдэн Улсын Их Хурал батлах болсонтой холбогдуулан 1995 онд Улсын Их Хурлын тогтоолоор баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн маргаж буй газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах юм. Улсын Их Хурлын 1995 оны тогтоолоор “Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн 1 тоот шон..." гэсэн хэсэг нь маргаанд хамаарах юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хилийн заагийг тогтоохоор нилээдгүй олон төрийн байгууллагаас албан бичиг болон кадастрын зургийг гаргуулан авсан байдаг. Түүнчлэн хариуцагчид өөр хоорондоо хилийн маргаантай байгаагаа ч зөвшөөрөн хамтарсан ажлын хэсэг байгуулан, ажлын хэсэг нь Богдхан ууланд хэмжилт хийсэн байдаг.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн хилийн зураг нь Улсын Их Хурлын тогтоолоос хол зөрүүтэй байдаг.

Улсын Их Хурлаас хилийн цэсийг тогтоосны дагуу Байгаль орчны яамнаас дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон байсан бол уг маргаан гарахгүй байх байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Шинжээч дүгнэлтийнхээ 4 дүгээр хавсралтад Улсын Их Хурлын тогтоолоор зааж өгсөн цэгүүдийг тэмдэглэсэн. Шүүхээс уг дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байтал шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шинжээчид нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг цэгийг хамтарсан ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнд гарсан хилээр тогтоосон гэж тайлбарласан. Хамтарсан ажлын хэсэг нь хилийн цэсийг тогтоох үүрэгтэй байсан бөгөөд газарт хэмжилт хийн хилийг тогтоосон байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар дүгнэлт, албан бичиг гаргах үүрэг хүлээгээгүй байна.

Иймд нэгэнт газар дээр хэмжилт хийсний үр дүнд тогтоосон цэг, хилийн заагийг дархан цаазат газрын хилийн зааг гэж үзэх боломжтой юм. Гэтэл шүүхээс нэгэнт тогтоочихсон зүйлийг тогтоох боломжгүй, шүүхээс шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй байна.

Дөрөв. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн тухайд:

Анх тус газрыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Эл Ти Даблью” ХХК-д Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа, Дарга толгойн орчим байршуулан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Эл Ти Даблью” ХХК-нд 20,0 га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэж олгосон.

“*******” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар шилжүүлэн авсан. Тус газар нь анхнаасаа барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан болох нь анх олгогдсон захирамжаар тогтоогдож байгаа юм.

Манай компани нь тус газарт орон сууцны хотхон барихаар төлөвлөсөн байгаа боловч шүүхийн маргаантай байгаа тул төслөө хэрэгжүүлсэн зүйлгүй байна. Харин бид газрын төлбөр болоод газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн байгаа болно.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “*******” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх гуравдагч этгээд “*******” ХХК-ийн бие даасан шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээдүүд нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар захирамжийн “******* *******кэстл” ХХК-д холбогдох хэсгүүд Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй гэж, нэхэмжлэгч нар болон хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал /хуучнаар/-ын сайдаас уг газарт хамаарна гэж маргасан байна.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байх боловч уг хилийн цэс нь нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд албан ёсоор бүртгэгдээгүйгээс гадна хариуцагч нарын ашиглаж буй мэдээллийн санд зөрүүтэй бүртгэгдсэний улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхцуулан газар эзэмшүүлжээ.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий газар нь нийслэлийн нутаг дэвсгэр болон Богдхан уулын дархан цаазат газрын алиных нь хил заагт хамаарч байгааг тодруулахаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон байх боловч тус томилогдсон шинжээч нар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тодотгох ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/, Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай хамтарсан “ажлын хэсгийн тодотгосон” гэх Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн зургийг үндэслэж дүгнэлт гаргасан байх тул энэхүү шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь томилогдсон шинжээчид нь өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг өөрсдөө тодруулах байтал “ажлын хэсгийн тодотгосон” гэх зургийг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасантай нийцээгүй байна. 

Иймээс анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу дахин шинжээч томилж, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор нэгэнт тодорхой тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нэг мөр тодруулснаар маргаан бүхий актууд хуульд нийцсэн эсэхийг эцэслэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч Д.******* хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасанчлан нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байсан...” гэх үндэслэлээр “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал болон тус тушаалаар иргэн Д.*******т 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгосон 775 тоот гэрчилгээ, иргэн А.*******д 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгосон 769 тоот гэрчилгээний “*******” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх бие даасан шаардлагын үндэслэлүүдийг бүрэн шалган, холбогдох нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгч Д.*******ийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандаж гаргасан газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээс өөр түүний газар эзэмших тухай хүсэлтээ хэрхэн гаргаж байсантай холбоотой нотлох баримтгүй, захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарт маргаж буй байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан байсан эсэх нь тодорхой бус байна.

Мөн шүүхээс гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагатай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдыг хамтран хариуцагчаар татах, улмаар хариуцагчийн эрх залгамжлагчийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар солих зэрэг ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай тус тус нийцээгүй гэж үзнэ.

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                              ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд “*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                

 

 

 

                         

            ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

 


[1] Хэргийн 2 дугаар хавтас, 223-250 дахь тал