Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/04008

 

 

 

 

 

2020 12 09

101/ШШ2020/04008

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Цэрэн овогт М.Э /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах, М м о ХХК /РД:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: 0 тоотод оршин суух, Тэргүүн овогт Д.Б /РД:/,

Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөр болон автомашины зөрүү үнэ нийт 73,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М м о ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, барьцаанд улсын дугаар 0000УБЦ, 20 тонны цэвэр, бохирын зориулалттай автомашиныг тавьсан. Гэрээний хугацааг талууд утсаар яриад сунгасан байсан бөгөөд сар бүр зээлийн хүүгээ төлж байсан. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү төлөхөөр зээлдэгч компанийн захиралтай утсаар ярихад танай гэрээний хугацаа дууссан, одоо сунгах бол өмнөх бүх алданги болон үндсэн төлбөрөө төлөөд гэрээний хугацааг сунга гэж хэлсэн. Харин 10 орчим хоногийн дараа дээрх гэрээний дагуу барьцаанд тавьсан автомашиныг түрээслэгч Ж г и ХХК-иас танай түрээслүүлсэн автомашиныг банк санхүүгийн хүмүүс ирээд ...манайд барьцаанд тавиад алдсан автомашин байна, танайх худалдаад авчих гээд зарчихаад явсан, одоо би түрээсийн төлбөр төлөхгүй гэж хэлсэн. М м о ХХК тусгай зөвшөөрөл байхгүй хууль бусаар зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага атлаа алданги, хохирол тооцож, гуравдагч этгээдэд миний автомашиныг 28,000,000 орчим төгрөгөөр зарсан. Бид энэхүү барьцаалсан автомашиныг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Т.Гаас 90,000,000 төгрөгөөр тооцож худалдан авсан. Бид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ж г и ХХК-д түрээсэлсэн ба түрээслүүлснээс хойш 7 сарын хугацаанд 7,000,000 төгрөгийн хэвийн элэгдэл хорогдол бий болсон гэж тооцож байна. Зохигчид нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17/01 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн. М м о ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгодог болно. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгож байгаа бол Иргэний хуульд зааснаар өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байдаг. Иймд зохигчдын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тогтоосонтой холбоотой зээлдүүлэгчийн барьцаанд авсан автомашиныг буцаан авах хүсэлтэй боловч нэхэмжлэх явцад бусдад худалдсан тул түүний үнийн дүнг гаргуулах хүсэлтэй байна. Иймд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан дээрх машины үнийг 90,000,000 төгрөгөөр тооцож, зээлж авсан 20,000,000 төгрөгийг хасч 70,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан байдаг ба би гэрээний хугацааг сунгасан гэж үзээд гэрээнд заасан хүүг 2018 оны 4 дүгээр сарын 22 хүртэл 3,000,000 төгрөг төлсөн. Гэтэл зээлдүүлэгч нь энэ төлөлтийг алдангид тооцож авсан гэж хэлдэг ба гэрээ сунгагдаагүй бол алданги төлөхгүй тул 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Мөн зээлдүүлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зээлийн хүү болох 2,000,000 төлөхөд 400,000 төгрөгийг алдангид тооцож нэмж төлүүлсэн. Хүүгээс алданги тооцохгүй тул 400,000 төгрөгийг мөн буцаан гаргуулж, нийт 73,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээтэй холбоотой асуудал нэгэнт дууссан. Гол маргаан нь фидуцийн гэрээний дагуу барьцаанд авагдсан тээврийн хэрэгслийг шилжүүлсэн асуудал. Талууд Иргэний хулийн 235 дугаар зүйлд зааснаар Фидуцийн гэрээ байгуулсан. Фидуцийн гэрээний онцлог нь үүргийг барьцааны зүйлээр хангуулах зохицуулалттай. Автомашиныг манай компани Д.Б гэх хүнд шилжүүлсэн. Автомашиныг шилжүүлсэн үйл баримтын тухайд н.Чулуунбор гэх хүн анхан шатны шүүх хуралдаанд тайлбар өгсөн. Тэрээр М м о ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад ажиллаж байсан. Тэр үед М.Э гэдэг хүн зээлээ төлж чадахгүй болсон тул барьцаа хөрөнгийг нь хурааж авах байдлаар ажиллагаа явуулаад Өмнөговь аймагт байрлах Жавхлант говь инвест ХХК-тай уулзсан байсан. Автомашин тэнд байсан бөгөөд барьцааны хөрөнгөө авъя гэхэд тухайн компаниас Энэ машиныг аваад явчихвал бидний ажил зогсох гээд байна. Тиймээс М.Эийн төлөх ёстой мөнгийг манай компани төлөөд авчихъя. Харин бид М.Этэй тооцоо хийе гэж амаар ярилцсан байдаг. Үүний дагуу М.Этэй утсаар ярьсан. Уг ярианы билл нь хэргийн материалд авагдсан. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, хариуцагч талын 1 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан баримт, гэрчийн мэдүүлэг, утасны билл зэргээр тухайн тээврийн хэрэгслийг М м о ХХК нь барьцаандаа аваад зараад, бусдад шилжүүлсэн мэтээр нэхэмжлэгч тайлбарлаад байна. Бодит байдал дээр М м о ХХК нь нэхэмжлэгчтэй тохиролцож зөвшөөрлийг нь аваад, утсаар яриад н.Буяндэлгэр гэх хүнд шилжүүлсэн. Тухайн үед М.Эийн төлөх ёстой мөнгөн дүн нь 27,000,000 төгрөг байсан. Энэ нь Д.Бийн данснаас М м о ХХК-ийн дансанд орсон. Бид тус автомашиныг худалдаагүй, өөрийнх нь зөвшөөрлөөр шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү, алданги тооцох талаар заасан. Өөрийнх нь зөвшөөрлөөр шилжүүлсэн, нэхэмжлэгчид хохирол учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр М м о ХХК-ийн төлөөлөгчтэй Ж г и ХХК-ийг төлөөлөн уулзсан ба 0000 УБЦ улсын дугаартай цэвэр бохир усны зориулалттай автомашиныг эзэмшигч гэх М.Э, Ж.Д нартай утсаар холбогдон тохиролцсоны үндсэн дээр тухайн өдөр өөрийн данснаас 27,000,000 төгрөгийг шилжүүлэн автомашиныг худалдан авсан. Одоогоор автомашиныг би өмчилж байгаа. Би Ж г и ХХК-ийн ажилтан болон хувьцаа эзэмшигч биш. Тухайн үед Д.Б нь Ж г и ХХК-ийн ажилтанг таньдаг байсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн асуудал нь гуравдагч этгээдэд хамааралгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хууль ёсны хүчин төгөлдөр хэлцэл байсан тул үүргийн гүйцэтгэлийг хангасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч М м о ХХК-д холбогдуулан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөр, тээврийн хэрэгслийн үнийн зөрүү нийт 73,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйл болох автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхгүй атлаа өмчлөлдөө авч, зах зээлийн үнэлгээнээс доогуур бусдад худалдсан. Тээврийн хэрэгслээ бодитоор гаргуулан авах боломжгүй болсон тул зөрүү үнэ болон зээлийн төлбөрт илүү төлсөн мөнгөн хөрөнгө гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй утсаар холбогдож, түүнээс зөвшөөрөл авсаны дагуу барьцаа хөрөнгө болох автомашиныг төлөгдөөгүй үлдсэн зээлийн гэрээний үүрэг болох 27,000,000 төгрөгөөр бусдад шилжүүлжж, түүний зээлийг хаасан. Барьцаалан зээлдүүлэх газар нь фидуцийн гэрээ байгуулах эрхтэй гэж тус тус мэтгэлцсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №1701 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч М м о ХХК нь 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, нэхэмжлэгч М.Э нь тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх-ийн 7-8 дугаар тал/

Мөн зохигчид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, зээлдэгч М.Э нь 0000 УБЦ улсын дугаартай, DongFeng DFL1250 маркийн авто машиныг зээлдүүлэгч М м о ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна./1-р хх-ийн 8-10 дугаар тал/

Барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь фидуцийн гэрээ байгуулах үед Ж.Ды өмчлөлд бүртгэлтэй байсан байх ба өмчлөгчөөс олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч М.Э нь хариуцагч М м о ХХК-тай фидуцийн гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 13 дугаар тал/

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч М м о ХХК-иас 20,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч М.Эт шилжүүлсэн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдсон ба талууд уг үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй. /1-р хх-ийн 12 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч М м о ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэрээг Баянзүрх дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авчээ. /1-р хх-ийн 198 дугаар тал/

Зээлдэгч М.Э нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6,400,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан. /1-р хх-ийн 15-42 дугаар тал/

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байх ба зээлдүүлэгч М м о ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зээлдэгч М.Эийг зээл төлөхийг мэдэгдэж байсан болох нь нэхэмжлэгчийн ...2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү төлөхөөр зээлдэгч компанийн захиралтай утсаар ярихад танай гэрээний хугацаа дууссан, одоо сунгах бол өмнөх бүх алданги болон үндсэн төлбөрөө төлөөд гэрээний хугацааг сунга гэж хэлсэн. Харин 10 орчим хоногийн дараа тээврийн хэрэгслийг бусдад худалдсан байсан гэх тайлбараар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх тайлбараа нотлоогүй, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгэсэн.

Гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс барьцаалагчаас автомашиныг бусдад шилжүүлэх замаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны алдангийг зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3-т зааснаар төлөх үүрэгтэй байна. Уг алдангийг тооцож үзэхэд /20,000,000х0.5%х186хоног/ 18,600,000 төгрөг байна.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд 6,400,000 төгрөг төлсөнөөс зээлийн хүүд 3,000,000 төгрөгийг тооцуулж, үлдэх 3,400,000 төгрөгийг илүү төлсөн гэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Учир нь тэрээр зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн алдангид 18,600,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагч нь тээврийн хэрэгслийг 27,000,000 төгрөгөөр бусдад худалдаж, үндсэн зээл 20,000,000 төгрөг, алдангид 7,000,000 төгрөгийг тооцсон байна. Тодруулбал, хариуцагч нь нийт алдангид автомашин худалдсан үнээс 7,000,000 төгрөг, өмнө нь төлсөн 3,400,000 төгрөг, нийт 10,400,000 төгрөгийг тооцон авсан байна.

Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх гэрээ, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч М м о ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох эрхтэй хуулийн этгээд байна.

Хуулийн энэ зохицуулалтаар барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй юм. Энэ төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий этгээд нь зээлдэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахдаа хэрэглэх арга, баримтлах хугацаа, журмыг хуулиар тусгайлан зохицуулсан.

Барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулахыг хуулиар хориглож, харин гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хуулиар хүлээлгэсэн.

Барьцаалан зээлдэх газрыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх өвөрмөц этгээд буюу гудамжны банк хэмээн нэрлэдэг. Учир нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд зөвхөн хөдлөх хөрөнгийг тавих, зээлдүүлэгч нь барьцааны зүйлийг өөрийн эзэмшилдээ хадгалах, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч худалдан борлуулж байх нөхцөлийг харгалзан үзсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл иргэнд мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд ямар нэгэн тусгай бүртгэл, хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагагүйгээр барьцаалан зээлдэх газартай харилцан тохиролцон, шаардлага хангасан гэж үзсэн хөрөнгөө барьцаанд тавьж, зээл авах арга гэж үздэг.

Түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахдаа заавал худалдан борлуулах аргыг хэрэглэх ёстой байдгаараа барьцааны гэрээ өөрийн гэсэн үндсэн шинжийг агуулдаг.

Дээрхээс дүгнэвэл барьцаалан зээлдэх газрыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийг хэрэглэх боломжгүй, тусгайлсан зохицуулалттай харилцаа гэж үзнэ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм.

Хэдийгээр барьцаалан зээлдэх газар хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй, фидуцийн зүйл мөн хөдлөх хөрөнгө байх боломжтой байгаагаараа эдгээр гэрээ нь гэрээний зүйлээрээ адил байх боловч үүргийн гүйцэтгэлийг хангах арга, журам, өмчлөх эрх шилжих, дуусгавар болох үндэслэлээрээ ялгаатай байдаг.

Барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг М м о ХХК нь зээлдэгчтэй Иргэний хуулийн 286, 153 дугаар зүйлүүдэд зааснаар барьцааны гэрээ байгуулах ёстой байтал мөн хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан фидуцийн гэрээ байгуулж барьцаалагч нь эд хөрөнгийг өөрйн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх заалтад заасныг зөрчсөн байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх заалтад заасныг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцов.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч М м о ХХК нь барьцааны зүйл болох 0000 УБЦ улсын дугаартай, Dong Feng DFL1250 маркийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүрэгт тооцож, бусдад буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бт 27,000,000 төгрөгөөр худалдсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч М.Э нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбоотойгоор тээврийн хэрэгслийг биетээр буцаан гаргуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тэрээр тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Харин нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 90,000,000 төгрөг гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч нь Лэндс ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон тээврийн хэрэгслийн үнэлгээг 90,000,000 төгрөгөөр тодорхойлж, уг үнэлгээний дагуу зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөгийг хасч, үлдэх 70,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Шүүх шинжээч Лэндс ХХК-иас гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна. Учир нь уг шинжээчийн дүгнэлтэд ...нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийг шинээр нь М м о ХХК-д хүлээлгэн өгсөн тул тухайн тээврийн хэрэгслийг шинэ гэсэн чанар байдлаар үнэлгээг хийлээ гэжээ. /1-р хх-ийн 109-113 дугаар тал/

Гэтэл хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2013 онд Монгол Улсад орж ирсэн, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Э.Огийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Жын, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Т.Гын, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ж.Ды, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М м о ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 76-77 дугаар тал/

Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2013 оноос 2017 оны 10 дугаар сар хүртэл Монгол Улсад импортоор орж ирсэнээр бусдад 4 жилийн хугацаанд ашиглагдсан байхад шинжээч нь түүний чанар байдлыг шинэ гэж тодорхойлж, үнэлгээг 96,500,000 төгрөгөөр тогтоосон нь учир дутагдалтай.

Харин талуудын байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр фидуцийн гэрээнд тээврийн хэрэгслийн үнэлгээг талууд 40,000,000 төгрөгөөр тогтоож тохиролцсон байна. Иймд талууд гэрээ байгуулах үедээ тээврийн хэрэгслийн үнэлгээг 40,000,000 төгрөг болохыг тодорхойлж байсан нь зах зээлийн үнэлгээний бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

Иймд маргаан бүхий тээврийн хэрэгслийн үнийг 40,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагч М м о ХХК-иас 13,000,000 /40,000,000-27,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч М м о ХХК-иас 13,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчаас шинжээч Лэндс ХХК-иас гаргасан дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээр шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон боловч шинжээчээс дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлсэн. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хэн аль нь шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, хариуцагч нь дахин шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг тул шүүхээс дахин шинжээч томилоогүй болно.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгч М.Эийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбар үндэслэлгүй. Ж.Даас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийг барьцаанд тавих, түрээслэх, худалдах, бусдад шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг, мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 0000 УБЦ автомашиныг буцаан авах, зээлдүүлэгч тал тус автмашиныг буцаан өгөх боломжгүй бол үнийн дүнг гаргуулан авах, хүсэлт тайлбарыг хүлээн аваагүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заагдсан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхтэй итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай тус тус олгосон байна. /1-р хх-ийн 13, 44 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.Э, М м о ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч М м о ХХК-иас 13,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 60,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ