Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00308

 

М.Жы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02928 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Жы хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: М.Ж миний бие 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Насанчимэгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /133132/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг мөн нэмж 3 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан, Ориент инвест ББСБ ХХК-аас 190 000 000 төгрөгийг зээлсэн. Дээрх зээлийн гэрээний хугацаанд бизнесийн үйл ажиллагааны доголдлын улмаас зээлээ бүрэн төлж чадаагүй тул Ориент Инвест ББСБ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01189 дугаар захирамжаар төлбөр төлөгч М.Ж нь төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д 120 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар болж, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Д.Насанчимэгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 405 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, 90 м.кв орон сууц, А.Батбаярын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 405 дугаар байрны 101 тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай орон сууцаар төлбөрийг барагдуулахаар болсон. Ингээд миний бие дээрх шүүгчийн захирамжаар тогтоосон хугацаанд өр төлбөрөө төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/ Нийслэлийн өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 05 тоот хаягт байрлах орон сууцыг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо автомашины зогсоол багатай гэсэн үндэслэлээр 175 933 200 төгрөгөөр үнэлж буй нь илт үндэслэлгүй ба энэ нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, цаашлаад төлбөрт хураагдсан эд хөрөнгийг бага үнээр төлбөрт тооцож авах гэсэн төлбөр авагчийн санаа зорилго гэж бид харж байгаа. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 175 933 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10654 дугаар шийдвэрээр М.Жаас 120 488 336 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд А.Батбаярын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Шинэ суурьшил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 405 дугаар байрны 101 тоотод байршилтай, 90 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн Д.Насанчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 405 дугаар байрны 5 тоотод байрлах, 90 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Жд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул дээрх орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18290158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/02 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад мэдэгдэхэд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууц 175 933 200 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч М.Ж нь шүүхийн шийдвэрийн дагуу одоог хүртэл төлбөрөө төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Жы гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Жаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнээгүй, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарыг оролцуулалгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан эрүүл мэнд, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, эзгүйд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон хэрэглэвэл зохих Олон улсын стандарт хэм хэмжээг зөрчиж дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-аас дүгнэлт гаргахдаа сайтын мэдээлэлд үндэслэн 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тооцоолсон байдаг. Гэтэл хөрөнгийн үнэлгээчин энэхүү зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцооллын аргыг хэрэглэх тохиолдолд ММҮИ-ийн Үнэлгээний тайлангийн жишиг 3.7 дах хэсэгт заасан аргачлалаар зах зээлийн үнэлгээг гаргах ёстой. Гэтэл дээрх үнэлгээ хийх жишиг баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, үнэлгээний аргачлал нь бодитоор хэрэгжээгүй гэж үзнэ. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК дээрх зах зээлийн хандлагаар үнэлэхдээ үнэлгээний хөрөнгө болох 4 өрөө байрыг өөр хорооллын 4 өрөө байрны үнэлгээтэй шууд харьцуулан үнэлж буй нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээчин Ч.Бадамцэцэг нь хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй ба Ч.Бадамцэцэг нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд мэргэшлийн үнэлгээний тамга тэмдгээ дараагүй байдаг. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан үнэлсэн эсэх, үнэлгээ бодит зах зээлийн ханшид тохирсон эсэх маргаж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага хүрээнд бус хэрэг маргаанд хамааралгүй нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргасан нь алдаатай болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01165 дугаар захирамжаар М.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаас 163 659 200 төгрөгөөс 120 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 43 659 200 төгрөгийг гаргуулах хэсгээс татгалзаж, хариуцагч дээрх хугацаанд 120 000 000 төгрөгийг төлөөгүй бол Ү-2204066170 бүртгэлийн дугаартай, 000367492 тоот гэрчилгээтэй орон сууц, Ү-2204066493 бүртгэлийн дугаартай, 000373259 тоот гэрчилгээтэй орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 45-47 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2017/10654 дугаар захирамж гарч, мөн өдөр 1041 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч байгууллагаас шүүгчийн захирамжийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч тэрээр биелүүлээгүй тул дээрх барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1829958/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 44,48,49,73,74 дүгээр тал/

 

Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнэлсэн үнийн дүнг төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-аас хүлээн зөвшөөрөлгүй шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 75-80 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, түүнд эрх үүргийг тайлбарлаж, холбогдох хуулийн заалтуудыг танилцуулсан байгаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 81 дүгээр тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

 

Шинжээч Баян модот ХХК нь тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Д.Насанжаргалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066170 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 175 933 218 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. Дүгнэлт гаргасан шинжээч С.Цэвээнролом нь өөрийн үнэлгээчний тамга, тэмдгийг дарсан байна. /хэргийн 87-94 дүгээр тал/

 

Түүнчлэн, төлбөр төлөгч М.Жаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Кадирбекийг оролцуулахаар түүнд хоёр жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /хэргийн 82 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2020/00629 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан уг иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. / хэргийн 153 дугаар тал/

 

Баян модот ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан хөрөнгө болох Д.Насанжаргалын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066170 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээрх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдол хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагт товлон, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч М.Жд мэдэгдсэн нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад тэрээр гарын үсэг зурсан байдлаар тогтоогдсон бөгөөд шүүхээс хэргийн оролцогчид тов мэдэгдэх ажиллагааг хийсэн байна. /хэргийн 241 дүгээр тал/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 242, 243 дугаар тал/ Хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдлыг нотолсон гэж үзэхгүй. Учир нь түүнийг эмчилж байгаа талаар эрх бүхий байгууллагын баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХТӨР