Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

 

 

Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00172 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Мийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ө” ХХК-д холбогдох,

 

Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 73 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ө” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл, барьцаанд улсын дугаар 04-60УБЦ, 20 тонны цэвэр, бохирын зориулалттай автомашиныг тавьсан. Гэрээний хугацааг талууд утсаар яриад сунгасан байсан бөгөөд сар бүр зээлийн хүүгээ төлж байсан. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү төлөхөөр зээлдэгч компанийн захиралтай утсаар ярихад “танай гэрээний хугацаа дууссан, одоо сунгах бол өмнөх бүх алданги болон үндсэн төлбөрөө төлөөд гэрээний хугацааг сунга” гэж хэлсэн.

Харин 10 орчим хоногийн дараа дээрх гэрээний дагуу барьцаанд тавьсан автомашиныг түрээслэгч “Жавхлант говь инвестмент” ХХК-аас “танай түрээслүүлсэн автомашиныг банк санхүүгийн хүмүүс ирээд манайд барьцаанд тавиад алдсан автомашин байна, танайх худалдаад авчих гээд зарчихаад явсан, одоо би түрээсийн төлбөр төлөхгүй” гэж хэлсэн.

“Ө” ХХК тусгай зөвшөөрөл байхгүй хууль бусаар зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага атлаа алданги, хохирол тооцож, гуравдагч этгээдэд миний автомашиныг 28 000 000 орчим төгрөгөөр зарсан.

Бид энэхүү барьцаалсан автомашиныг 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Т.Ганбатаас 90 000 000 төгрөгөөр тооцож худалдан авсан. Бид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Жавхлант говь инвестмент” ХХК-д түрээсэлсэн ба түрээслүүлснээс хойш 7 сарын хугацаанд 7 000 000 төгрөгийн хэвийн элэгдэл хорогдол бий болсон гэж тооцож байна.

Зохигчид нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17/01 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн. “Ө” ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгодог болно. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгож байгаа бол Иргэний хуульд зааснаар өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байдаг. Иймд зохигчдын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тогтоосонтой холбоотой зээлдүүлэгчийн барьцаанд авсан автомашиныг буцаан авах хүсэлтэй боловч нэхэмжлэх явцад бусдад худалдсан тул түүний үнийн дүнг гаргуулах хүсэлтэй байна. Иймд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан дээрх машины үнийг 90 000 000 төгрөгөөр тооцож, зээлж авсан 20 000 000 төгрөгийг хасч 70 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан байдаг ба би гэрээний хугацааг сунгасан гэж үзээд гэрээнд заасан хүүг 2018 оны 4 дүгээр сарын 22 хүртэл 3 000 000 төгрөг төлсөн. Гэтэл зээлдүүлэгч нь энэ төлөлтийг алдангид тооцож авсан гэж хэлдэг ба гэрээ сунгагдаагүй бол алданги төлөхгүй тул 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

Мөн зээлдүүлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зээлийн хүү болох 2 000 000 төлөхөд 400 000 төгрөгийг алдангид тооцож нэмж төлүүлсэн.

Хүүгээс алданги тооцохгүй тул 400 000 төгрөгийг мөн буцаан гаргуулж, нийт 73 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан. М нь зээлийн хүүг байнга хугацаа хэтрүүлж төлдөг байсан. Түүнд нь алданги тооцсон.

Гэрээгээ сунга гэхээр М нь ирж уулздаггүй, барьцаанд тавьсан автомашинаа бусдад түрээсэлсэн. Хэрэв надад хэлэхгүйгээр түрээслэх байсан бол би гэрээ хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Машин чинь хаана байгаа гэхээр хаана байгааг нь огт хэлдэггүй байсан бөгөөд бид автомашиныг олуулахаар эрсдэлийн албанд хандсан бөгөөд эрсдэлийн албаны ажилтан н.Буяндэлгэрт автомшиныг түрээслэсэн гэдгийг олж мэдсэн.

Тухайн үед түрээслэгч “зээлийн өрийг манай дээр шилжүүлчих, наад хүн чинь машиныг манайд түрээсэлж байгаа” гэсэн. Мтэй тэр үед утсаар ярьсан. Би автомашиныг зарж борлуулсан гэж огт хэлэхгүй.

Би “Жавхлан говь инвестмент” ХХК-тай өр шилжүүлэх асуудал ярьсан. Мт “Жавхлант говь инвестмент” ХХК-д мөнгөө төлөөд автомашинаа аваарай гэж хэлсэн. Би машиныг зараагүй өрийг нь шилжүүлсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Ө” ХХК-ийн төлөөлөгчтэй “Жавхлант говь инвестмент” ХХК-г төлөөлөн уулзсан ба 04-60УБЦ улсын дугаартай цэвэр бохир усны зориулалттай автомашиныг эзэмшигч гэх М, Ж.Дэмбэрэлсайхан нартай утсаар холбогдон тохиролцсоны үндсэн дээр тухайн өдөр өөрийн данснаас 27 000 0000 төгрөгийг шилжүүлэн автомашиныг худалдан авсан. Одоогоор автомашиныг би өмчилж байгаа.

Би “Жавхлант говь инвестмент” ХХК-ийн ажилтан болон хувьцаа эзэмшигч биш. Тухайн үед н.Буяндэлгэр нь “Жавхлант говь инвестмент” ХХК-ийн ажилтанг таньдаг байсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн асуудал нь гуравдагч этгээдэд хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М хариуцагч Ө ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1701 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Ө ХХК-иас 70 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 507 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 369 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1,-д заасныг баримтлан шинжээчийн ажлын зардал 150 000 төгрөгийг “Лэндс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499009345 дансанд тушаахыг нэхэмжлэгч Мт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн зарим хэргийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй, зохигчдын маргаж байгаа үйл баримтад бодитой дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн автомашиныг 90 000 000 төгрөгт тооцон зээлийн гэрээний үүрэг төлөх ёстой 20,000,000 төгрөгийг хасуулж 70 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан”, нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу “Лэндс” ХХК-ийн шинжээчээр томилж, Цистерн маркийн 04-60 УБЦ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг 96 500 000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Учир нь хариуцагч талаас шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй гарсан учир дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй атал шинжээчийн дүгнэлтэд хариуцагч маргаагүй гэж дүгнэлт өгч байгаа нь нэг талыг барьж дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Мөн шинжээч нь дүгнэлт гаргахдаа тухайн тээврийн хэрэгслийг биет байдлаар үзээгүй, зөвхөн цахим зарын хуудсанд тавигдсан ижил төрлийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг зургийг харж үнэлгээ гаргасан бөгөөд уг дүгнэлт нь үндэслэлгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа маргасныг шүүх хүлээн аваагүй.

Тухайн тээврийн хэрэгсэл нь шинжээчийн дүгнэлт гарах цаг хугацаанд нэхэмжлэгч М нь “Жавхлант говь инвестмент” ХХК-д түрээслүүлэн Өмнөговь аймагт байрлах нүүрсний уурхайд ажиллуулж байсан, мөн эвдрэл гэмтэлтэй байсан талаар шүүх хуралдаанд оролцсон гэрчээс мэдүүлдэг тул дээрх шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, шинэ автомашин мэтээр үзэж дүгнэлт гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Буяндэлгэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Мийн нэхэмжлэлийн шаардлагад бичгээр тайлбар гаргасан байдаг. Уг тайлбартаа “2018 оны 06 сарын 26-ны өдөр “Мөнхийн мөнхөн орд” ХХК дээр “Жавхлант инвестмент” ХХК-г төлөөлж очсон билээ. Тэнд захирал Б.Билгүүнтэй уулзаж, цэвэр ус, бохир усны зориулалттай автомашиныг уг машины эзэмшигч гэх М, Ж.Дэмбэрэлсайхан нартай утсаар холбогдож тохиролцсоны үндсэн дээр би тухайн өдөр өөрийн данснаас 27 000 000 төгрөгийг шилжүүлэн, авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан” гэж,

мөн “Ө” ХХК-д 04-60 УБЦ улсын дугаартай авто машины зээлийг зээлдэгч Мтэй тохиролцсоны үндсэн дээр түрээслэгч байгууллагыг төлөөлж Д.Буяндэлгэр би 27 000 000 төгрөг төлж зээлийг чөлөөлж авав” гэх бичгийн баримт, нэхэмжлэгч Мтэй утсаар ярьсан тухай утасны дугаарын дэлгэрэнгүй хуулга зэргээр шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байгаа.

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1701 дугаартай “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г байгуулж, 04-60 УБЦ улсын дугаартай цэвэр ус, бохир усны зориулалттай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгэж авсан бөгөөд бодит байдалд тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Мийн эзэмшил, ашиглалтад байсан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч М хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 73 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 101/ШЗ2018/17132 дугаар захирамжаар “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Донгфенг маркийн цистерн автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 96 500 000 төгрөг гэж тодорхойлсон байна.

 

Уг баримтаас үзвэл “Лэндс” ХХК нь “үнэлгээг зах зээлийн үндсэн хандлагаар тооцоолсон ба зах зээлийн үнэ цэнийн харьцуулалтын мэдээлэл хангалттай байсан тул зэх зээлийн хандлагаар хийсэн тооцоог сонгож үнэлгээг гаргалаа” гэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 101/ШЗ2019/15359 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо “Лэндс” ХХК автомашины зах зээлийн үнийг тодорхойлсон, дахин шинжээч томилох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Талууд шинжээчийн дүгнэлтэд маргаж байгаа нөхцөлд шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ талууд шинжээчийн дүгнэлтэд маргаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг анхан шатны шүүх явуулах учиртай. Гэтэл “Лэнд” ХХК-ийн үнэлгээчин Д.Ганхуягт Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Шүүхийн шижилгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлд заасан эдлэх эрх, хүлээх хариуцлагыг танилцуулсан атлаа уг ажиллагааг хийхдээ хэн танилцуулсан нь тодорхойгүй байна.

 

Иймд “Лэнд” ХХК-ийн үнэлгээчин Д.Ганхуягийн гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан арга журмын дагуу бүрдүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА