Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00686

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2019/00686 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т  ХХК /рд:2663813/-д холбогдох,

 

53,361,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн төлөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2012 онд хариуцагч ******* ХХК нь манай компаниар шинжилгээний ажил хийлгүүлэх хүсэлтэй байна гэсний дагуу бидний зүгээс тус компанийн ирүүлсэн дээжинд борат хайлшийн аргаар 13 исэл тодорхойлох шинжилгээг хийж өгсөн байдаг. Уг шинжилгээний ажлын нийт өртөг нь 76,230,000 төгрөг болсон ба хариуцагч компани 2012 оны 06 сарын 22-ны өдөр 22,869,000 төгрөг төлж улмаар 53,361,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Бидний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэн шинжилгээ хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч компани төлбөрөө бүрэн төлөлгүй биднийг хохироосоор өдийг хүрлээ.

Хариуцагч тал төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар 2015 оны 06 сарын 30-ны өдөр ******* ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч О.Батчимэг, ******* ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч С.Сэржмядаг нар талуудын хооронд өгч авалцсан бараа, ажил үйлчилгээг нэг бүрчлэн тооцоолж, хариуцагч компанийн нэхэмжлэгч талд төлөх үлдэгдэл 53,361,000 төгрөг гарсныг баталгаажуулан 15G30-1 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж ******* ХХК-иас ******* ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч компаниас ажлын хөлсний үлдэгдэл 53,361,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Стюарт Монголиа ХХК, ******* ХХК нарын хооронд 2011 оны 09 сарын 02-ны өдөр SM-TM 01/11 тоот гэрээг байгуулж ажилласан билээ.

Уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт 125,000,000 төгрөгийг Стюарт Монголиа ХХК урьдчилж төлж байсан болно.

Нэгэнт урьдчилж төлбөрөө төлсөн тул Стюарт Монголиа ХХК-иар уг төлбөртөө таарсан ажил гүйцэтгүүлсэн бөгөөд өөр ямар нэг төлбөр төлөх үүргийг манай компани хүлээх үндэслэлгүй билээ.

Нэхэмжлэлд дурдсан 15G30-1 тооцооны үлдэгдлийн баталгаа нь Компанийн тухай хуулийн 84-р зүйлд заасан компанийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш хүн гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус баримт гэж үзэж байна.

О.Батчимэг нь 2011 онд Стюарт Монголиа ХХК, ******* ХХК нарын хооронд гэрээ байгуулах үед тус компанид ажиллаж байгаагүй, 2 компанийн хоорондын үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй төдийгүй гэрээг дүгнэх актанд гарын үсэг зурж баталгаажуулах эрхгүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш юм.

Хэргийн материалд хавсаргагдсан 2012 оны 05 сарын 30-ны өдрийн 30E12264 дугаартай санхүүгийн нэхэмжлэлд дурдагдсан SM-TM 01/11 дугаартай нэмэлт гэрээ гэж байхгүй болно.

Мөн Иргэний хуулийн 75.2.1, 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, ажлын хөлс 53,361,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргадаг бол хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргадаг.

Стюарт Монголия ХХК нь 2013 оны 01 сарын 05-ны өдөр хуулийн этгээдийн оноосон нэрээ ******* ХХК гэж өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 1515347 тоот лавлагаагаар тогтоогдож байна. /хх-112х/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Талууд 2011 оны 09 сарын 02-ны өдөр SM-TM 01/11 тоот Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Стюарт Монголиа ХХК нь /одоогийн ******* ХХК/ ******* ХХК-иас дээж хүлээн авч, лабораторид шинжлэх, шинжилгээний үр дүнг ******* ХХК-д гаргаж өгөх, ******* ХХК нь гэрээгээр тохирсон хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-59-64х, 65-69х/

Улмаар талууд 2012 оны 01 сард SM-GG-11 тоот Лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх нэмэлт гэрээ байгуулж, дээжийн тоо болон үнэлгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх-70х, 71х/

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

Иймд гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч ******* ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдсэн нягтлан бодогч О.Батчимэг нь тухайн үед компанид ажиллаж байгаагүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш, ******* ХХК нь ажлын хөлс 125,000,000 төгрөгийг урьдчилж төлсөн, уг дүнд тохирох ажил гүйцэтгүүлсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн татгалзал бүрт эрх зүйн дүгнэлт өгөхөд:

Нэг. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, талуудын нягтлан бодогч нарын 2015 оны 07 сарын 30-ны өдөр үйлдсэн 15G30-1 тоот Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба уг баримтанд ******* ХХК нь ******* ХХК-д нийт 53,361,000 төгрөгийн өглөгтэй болох талаар дурдаж, ******* ХХК-ийн нягтлан бодогч О.Батчимэг, ******* ХХК-ийн нягтлан бодогч С.Сэржмядаг гэж тус тус гарын үсэг зурж, өөрийн байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна. /хх-7х/

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарах бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь харилцагч байгууллагатай тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах эрх, үүрэгтэй байна.

Түүнчлэн, хариуцагч тал нь О.Батчимэгийг тухайн үед компанид ажиллаж байгаагүй хэмээн тайлбарлаж байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, мөн Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд ******* ХХК-ийн санхүүгийн тэмдэг хэрхэн дарагдсан талаар үндэслэл бүхий тайлбарыг өгч чадаагүйг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан SM-TM 01/11 тоот болон SM-GG-11 тоот гэрээнд гэрээний үнийг шууд тодорхойлоогүй байх ба дээжийн тоо, шинжилгээ хийх арга аргачлал зэргээс шалтгаалан үнийг тодорхойлохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасан зохицуулалттай нийцэж байх бөгөөд улмаар талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэн өглөг, авлагын дүнг тогтоосон нь үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хоёр. Хариуцагч нь хэргийн 54-р талд авагдсан Голомт банкны төлбөрийн баримтанд бичигдсэн 125,000,000 төгрөгийн шилжүүлгийг ажлын хөлсний урьдчилгаа гэж, уг дүнд таарсан ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т ******* нь Стюарт-ын Мөрөн хотод байрлах дээж бэлтгэлийн лабораторийн зориулалтаар ашиглагдаж буй түрээсийн байрны засвар үйлчилгээ болон дээж бэлтгэлийн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах зардлын зориулалтаар нийт 125,000,000 төгрөгийг урьдчилсан байдлаар төлөхөөр тохиролцов гэж зааснаас үзэхэд уг мөнгөн дүн нь шинжилгээний ажил гүйцэтгэх хөлс бус харин байрны засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдсан мөнгөн хөрөнгө болох нь тогтоогдож байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Гурав. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус заажээ.

2015 оны 07 сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтанд ...хоёр байгууллагын хооронд 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өгч авалцсан бараа, ажил үйлчилгээг нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ХХК нь нийт 53,361,000 төгрөгний өглөгтэй гарсныг харилцан батлав гэж дурдсан байх тул шаардах эрх үүссэн өдрийг Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдсэн өдөр гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ХХК-иас 53,361,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 53,361,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424,755 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 424,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР