Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00010

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00010

 

 

 

 

 

 

 

 

 

Алс групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Алс групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Талст маргад ХХК-д холбогдох, 53 361 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Анх 2012 онд Талст маргад ХХК нь манай компаниар шинжилгээний ажил хийлгүүлэх хүсэлтийн дагуу тус компанийн ирүүлсэн дээжинд борат хайлшийн аргаар 13 исэл тодорхойлох шинжилгээг хийж өгсөн. Уг шинжилгээний ажлын нийт өртөг нь 76 230 000 төгрөг болсон ба хариуцагч компани 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 22 869 000 төгрөг төлж, 53 361 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Манай зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэн шинжилгээ хийж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч компани төлбөрөө бүрэн төлөлгүй биднийг хохироосоор өнөөдрийг хүрч байна. Хариуцагч тал төлбөр төлөх талаар ямар нэг арга хэмжээ авалгүй явсаар 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Талст маргад ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч О.Батчимэг, Алс групп ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч С.Сэржмядаг нар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өгч авалцсан бараа, ажил үйлчилгээг нэг бүрчлэн тооцоолж, хариуцагч компанийн нэхэмжпэгч талд төлөх үлдэгдэл 53 361 000 төгрөг гарсныг баталгаажуулан 15G30-1 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж Талст маргад ХХК-иас Алс групп ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч компаниас ажлын хөлсний үлдэгдэл 53 361 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Хариуцагч компанид холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 05 сарын 19-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Ийнхүү хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 12 сарын 15-ны өдөр №14п/5598 тоот албан бичгээр хариуцагч Талтс маргад ХХК-ийн гүйцэтгэх захирлын оршин суудаг хаягийг олж тогтоосон тул дээрх хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Талст маргад ХХК-ийн тайлбарт: Steward Mongolia ХХК, Талст Маргад ХХК нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 02-нй өдөр SM-TM 01/11 тоот гэрээг байгуулж ажилласан. Уг гэрээний 3.2-т зааснаар гэрээний урьдчилгаа төлбөрт 125 000 000 төгрөгийг Steward Mongolia ХХК урьдчилж төлсөн байсан. Нэгэнт урьдчилж төлбөрөө төлсөн тул Steward Mongolia ХХК-аар уг төлбөртөө таарсан ажил гүйцэтгүүлсэн бөгөөд өөр төлбөр төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдагдсан №15G30-1 тооцооны үлдэгдэл баталгаа нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш хүн гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус баримт гэж үзэж байна. н.Батчимэг нь 2011 онд буюу Steward Mongolia ХХК, Талст Маргад ХХК нарын гэрээ байгуулах үед тус компанид ажиллаж байгаагүй. 2 компанийн хоорондын үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй төдийгүй гэрээг дүгнэх актад гарын үсэг зурж баталгаажуулах эрхгүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш юм. Хэргийн материалд хавсрагдсан 2012 оны 05 дугаар сарын 30-ны 30E12264 дугаартай нэхэмжлэлд дурдагдсан SM-TM 01/11 дугаартай нэмэлт гэрээ гэж байхгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт, 75.2.3 дах заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд Алс групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Талст Маргад ХХК-иас нийт 53 361 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алс групп ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Алс групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Талст Маргад ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 424 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алс групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Талст маргад ХХК-ийг төлөөлж Б.Батхишиг миний бие 2018 онб 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралд оролцох байсан боловч өмнө өдөр нь буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр унадаг дугуйнаас унаж тархиа хөдөлгөж эмчийн зөвлөгөөгөөр хэвтрийн дэглэм барих болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбатад албан ёсоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн магадалгааны хамт гаргасан. Гэтэл уг хүсэлтийг үл харгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хуралдааныг хийж, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, тэгш мэтгэлцэх зарчмыг ханган өгч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02112 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Алс групп ХХК нь хариуцагч Талст маргад ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53 361 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батхишиг нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар мэдэгдэж, хуралдааныг хойшлуулах хүсэлтээ эмнэлгийн магадлагааны хамт ирүүлсэн байна. Шүүх уг магадлагааг Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 1999 оны 10 сарын 04-ний өдрийн А/243 дугаар эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журамд нийцээгүй гэх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэргийн 73 дугаар талд авагдсан магадлагаанд ажлаас чөлөөлсөн шалтгаан, эмчлэгдэх хугацаа тодорхой бичигдэж, эмчлэгч эмч, ерөнхий эмчийн гарын үсэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тамга дарагдсан байх ба уг магадлагаа нь эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4.5-д заасантай нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг нь зөрчсөн гэж үзэв.

Түүнчлэн 2011 оны 09 сарын 02-ны өдрийн 01/11 тоот лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээний нэг тал нь Стюарт Монголия ХХК байх ба уг компани нь Алс групп ХХК болж нэрээ өөрчилсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын бичиг нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ