Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00350

 

АГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00686 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 982 дугаар магадлалтай,

АГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ТМ ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53.361.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Анх 2012 онд хариуцагч ТМ ХХК нь манай компаниар шинжилгээний ажил хийлгүүлэх хүсэлтэй байна гэсний дагуу бидний зүгээс тус компанийн ирүүлсэн дээжинд борат хайлшийн аргаар 13 исэл тодорхойлох шинжилгээг хийж өгсөн байдаг. Уг шинжилгээний ажлын нийт өртөг нь 76.230.000 төгрөг болсон ба хариуцагч компани 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 22.869.000 төгрөг төлж улмаар 53.361.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Бидний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэн шинжилгээ хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч компани төлбөрөө бүрэн төлөлгүй биднийг хохироосоор өдийг хүрлээ. Хариуцагч тал төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ТМ ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч О.Батчимэг, АГ ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч С.Сэржмядаг нар талуудын хооронд өгч авалцсан бараа, ажил үйлчилгээг нэг бүрчлэн тооцоолж, хариуцагч компанийн нэхэмжлэгч талд төлөх үлдэгдэл 53.361.000 төгрөг гарсныг баталгаажуулан 15G30-1 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж ТМ ХХК-аас АГ ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч компаниас ажлын хөлсний үлдэгдэл 53.361.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ТМ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Стюарт Монголиа ХХК, ТМ ХХК нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр SM-TM 01/11 тоот гэрээг байгуулж ажилласан. Уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт 125.000.000 төгрөгийг Стюарт Монголиа ХХК урьдчилж төлж байсан болно. Нэгэнт урьдчилж төлбөрөө төлсөн тул Стюарт Монголиа ХХК-аар уг төлбөртөө таарсан ажил гүйцэтгүүлсэн бөгөөд өөр ямар нэг төлбөр төлөх үүргийг манай компани хүлээх үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдсан 15G30-1 тооцооны үлдэгдлийн баталгаа нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан компанийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш хүн гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус баримт гэж үзэж байна. О.Батчимэг нь 2011 онд Стюарт Монголиа ХХК, ТМ ХХК нарын хооронд гэрээ байгуулах үед тус компанид ажиллаж байгаагүй, 2 компанийн хоорондын үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй төдийгүй гэрээг дүгнэх актанд гарын үсэг зурж баталгаажуулах эрхгүй, компанийг төлөөлөх эрх бүхий субъект биш юм. Хэргийн материалд хавсаргагдсан 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30E12264 дугаартай санхүүгийн нэхэмжлэлд дурдагдсан SM-TM 01/11 дугаартай нэмэлт гэрээ гэж байхгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд АГ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00686 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТМ ХХК-аас 53 361 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АГ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424 755 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТМ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 424 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АГ ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 982 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 424 755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ТМ ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Нягтлан бодох бүртгэлийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт гэж хуульд огт байхгүй заалтыг хэрэглэсэн болно. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “84.1.Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, ...ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж заасан байхад ТМ ХХК-ийн нягтлан бодогч О.Батчимэг нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ гэж шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ерөнхий нягтлан бодогч биш байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн хамгийн ноцтой нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт гэж хуульд огт байхгүй заалт хэрэглэсэн. Мөн Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1. дэх заалтыг үндэслэн Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын хуулбар үнэн зөвийг гэрчлэхгүй байх тухай 13.4.12-т заалтыг зөрчиж хийсэн нотлох баримтыг нотлох баримт болгон үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийг зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

АГ ХХК, ТМ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53.361.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

Зохигчийн хооронд 2011.09.02-ны өдөр байгуулагдсан ”лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулсан 2012.05.30-ны өдрийн гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээх бөгөөд хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Ажил гүйцэтгэгч АГ ХХК нь захиалагч ТМ ХХК-ийн ирүүлсэн дээжинд борат хайлшийн аргаар 13 исэл тодорхойлох шинжилгээг хийж хүлээлгэн өгсний ажлын хөлс 76.230.000 төгрөгийн үлдэгдэл шаардаж, нотлох баримтаар үндсэн болон нэмэлт гэрээ, нэхэмжлэх, 22.869.000 төгрөг төлсөн баримт, 2 компанийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн акт гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа, үндсэн гэрээний дагуу хөлс төлсөн, нэмэлт гэрээ байгуулаагүй гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

ТМ ХХК-ийг төлөөлж нягтлан О.Батчимэг тооцоо нийлсэн акт үйлдэж, компанийн санхүүгийн тэмдэг дарсан ба түүнийг байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

2 компанийн төлбөрийн талаарх тооцоог 2015.07.30-ны өдөр баталгаажуулснаас хойш 2018.06.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 2012 оны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тухай хоёр шатны шүүх дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг зөрчөөгүй байна.

Магадлалд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтын агуулга тусгагдсан бөгөөд харин хуулийн заалтыг 19.1.4 гэсэн нь техникийн чанартай алдаа байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00686 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 982 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ТМ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 424.755 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ