Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01106

 

 

 

 

                                                2021        04          07

                     101/ШШ2021/01106

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Н /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 байранд оршин байрлах, “Ш г” ХХК /рд:0/,

 

Хариуцагч: 0, 00 /0 байр, 1 давхар/ тоотод оршин байрлах, “Н ш” ХХК /рд:0/-иудад холбогдох

 

Орон сууц захиалан бариулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 3 давхрын 29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхрын 31 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг биет байдлаар хүлээлгэн өгөхийг даалгах, хохиролд 51,955,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагч “Ш г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, “Н ш” ХХК-ийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Н ш” ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн 0 тоотод байрлах 182 м.кв газар болон 80 м.кв байшинг чөлөөлж, уг газарт “Н ш” ХХК нь орон сууц барьж, уг барилгаас газрын үнэд тооцон 3 давхрын 29 м.кв 1 өрөө орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдийг надад шилжүүлэхээр тус тус тохирсон. Нийт надад шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 113,000,000 төгрөгөөр тохирсон юм. Энэхүү орон сууцны төслийг хэрэгжүүлэгч “Н ш” ХХК-ийн хэрэгжүүлж байсан дээрх орон сууцны төслийг “Ш г” ХХК-д шилжүүлсэн байсан. Надад “Н ш” ХХК-иас орон сууцны төслийг “Ш г” ХХК-д шилжүүлж байгаа талаар мэдэгдээгүй, надаас зөвшөөрөл аваагүй. Гэрээгээр дээрх орон сууцыг 1 жилийн хугацаанд барихаар тохиролцсон. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч байр ашиглалтад ороогүй. Одоогийн байдлаар уг орон сууц бүрэн баригдаж дууссан, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.  Энэ орон сууцны талбай дээр нийт 6 айл байсан бөгөөд 2016 онд дээрх 6 айл газраа чөлөөлж өгөөд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж айл болгонд амьдрах байрны 1 сарын түрээсэнд 500,000 төгрөгөөр тооцож 6,000,000 төгрөг өгч байсан. Намайг сүүлд гэрээ байгуулсан гэх шалтгаанаар надад орон сууц хөлслөх 6,000,000 төгрөг өгөөгүй. Би гэрээний 1 жилийн хугацаанд дээрх зардлыг аваагүй бөгөөд харин 2018 оны 04 дүгээр сараас эхлэн сар болгон түрээсийн төлбөрт 500,000 төгрөг надад өгөхөөр болсон.   Ингээд 2018 оны 04-08 дугаар сар хүртэл сар бүр 500,000 төгрөг,  2018 оны 09-12 сар, 2019 оны 01, 03 сарын 250,000 төгрөгийг “Ш г” ХХК-иас надад орон сууц ашиглалтад орох хүртэл орон сууц түрээслэн суух зардалд өгсөн. 2019 оны 02 дугаар сараас эхлэн цаашид түрээсийн мөнгө гэж өгөхгүй гэсэн. Би орон сууцны зардлын асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч тоохгүй байсан тул хүсэлтээ албан ёсоор тавьсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. 

Анх 2016 оны 2 дугаар сард Л.Ч нь “Н ш” ХХК-ийг төлөөлж надтай ирж уулзсан. Би тухайн үед газар дээрээ нийтийн байр барих сонирхолтой байсан тул газраа өгөхгүй гэж хэлсэн. Бусад айлууд маань 4 сар гэхэд газраа чөлөөлж дууссан байсан. Л.Ч дахин ирж надтай уулзаад 2 өрөө байр, граштай өгье гэх саналыг тавьсан. Тус санал болгосон 2 өрөө байрыг нь 1 өрөө байр болон 1 үйлчилгээний талбай болгон авахаар бид тохиролцож, 10,000,000 төгрөгийг нь байрандаа орохдоо төлөхөөр тохирсон.

Би Л.Чаас өөр “Н ш” ХХК болон “Ш г” ХХК-иудын өөр ямар ч хүнтэй уулзаж байгаагүй. 2016 онд гэрээ байгуулснаас хойш 2019 он гэхэд орон сууц баригдаагүй байсан тул орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 113,000,000 төгрөг болон хохиролд нийт 154,055,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан юм. Уг шаардлагаа өөрчилж 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу шинэ барилгын 3 давхрын 29 м.кв 1 орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний 2.4-т заасны дагуу биет байдлаар хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардаж байна. Мөн гэрээний хугацааг 32 сар хэтэрсний алданги 21,855,360 төгрөгийг Н ш ХХК-иас, хохирол төлбөрт 31,100,000 төгрөгийг Ш г ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү.  Хохиролд нэхэмжилсэн 31,100,000 төгрөг нь хугацаандаа орон сууц хүлээлгэн өгөөгүйгээс би орон сууц түрээсэлж амьдрах шаардлагатай болсон. Нийт 43 сарын хугацаанд 1 сарын 700,000 төгрөгөөр орон сууц хөлсөлсөн төлбөр юм гэв.

 

         Хариуцагч “Ш г” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Манай компани “Н ш” ХХК-иас эрх шилжүүлэх гэрээгээр орон сууц барих эрхийг шилжүүлж авсан. Гэхдээ нэхэмжлэгчид орон сууцыг өгөх боломжгүй. “Ш г” ХХК нь Ж.Аийн газар дээр хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээгээр барилгыг барьж байгаа. “Н ш” ХХК-ийн тооцоон дээр ажлыг хүлээн авч үргэлжлүүлж байгаа. Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй. Ж.А гэх хүн бэлэглэлийн гэрээгээр тус газрыг шилжүүлж аваад нийт газрын хэмжээг 2420 м.кв болгоод барилгын үндсэн газар эзэмшигч болсон. Гүйцэтгэгчээр манай компани оролцсон. Барилгын зөвшөөрөл, бичиг баримт нь газрын эзний нэрээр явдаг. Ж.А гэх хүний нэр дээр газрын гэрчилгээ гарсан. Энэ хүн бол захиалагч, манай компани түүнтэй гэрээ байгуулж гүйцэтгэгчээр ажилласан. Тиймээс нэхэмжлэгчийн  нэхэмжлээд байгаа орон сууц, түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Түрээсийн мөнгөтэй холбоотой гэрээ байгуулаагүй. Хүн чанарын үүднээс манай компани Б.Нд түрээсийн төлбөр төлж байсан гэв.

 

    Хариуцагч “Н ш” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Нэхэмжлэлийн шаардлагыг манай компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Н ш” ХХК нь Б.Нарагэрэлийн газрыг бартераар  худалдан аваад барилга барьсан боловч оршин суугчдаа хүлээж аваагүй байгаа. 2017 онд “Н ш” ХХК-ийг “Ш г” ХХК-руу шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Манай компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.А нь энэ бүх эрх шилжүүлэх ажлыг хариуцаж бичиг баримтыг хийж, шилжүүлсэн. Миний зүгээс Б.Нийн орон сууцыг гаргаж өгөх талаар компанийн удирдлагуудын түвшинд ярилцаж, орон сууцыг өгөх гэж байтал нэхэмжлэгч Б.Н нь хэвлэлийн бага хурал зарлаж компанийн нэр хүндэд халдсан тул удирдлагууд орон сууцыг нь өгөхгүй гэж шийдсэн. Нэхэмжлэгч анх 2019 шүүхэд хандахдаа орон сууц шаардаагүй, орон сууцны үнийг мөнгөн дүнгээр шаардсан. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул бид гэрээ цуцлагдсан гэж ойлгосон. Нэхэмжлэгч талд асуудал их байна. Учир нь нэхэмжлэгч анх хэнтэй гэрээ байгуулаад, юуг, хэнээс нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй. Эхлээд “Ш г” ХХК-ийг хариуцагчаар татаж шийдвэр гаргуулсан. Одоо харин “Н ш” ХХК-иас мөнгөө авах ёстой гэж шүүхэд хандаад шаардлага гаргасан. Гэтэл нэхэмжлэгч анх хэнд газраа өгсөн юм бэ. Өнөөдөр Л.Ч төлөөлөгчийн хэлж буйгаар нэхэмжлэгч нь Ж.А гэх хүнтэй 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж газрыг шилжүүлэн өгсөн. Баянзүрх дүүргийн 5-р хороо, Өлгийн 27-р гудамж, 342б тоотод байрлах 181,96 м.кв газрыг ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлж өгч байна гэж гэрээний 1.1-т заасан. Уг гэрээнд хариуцагч нарын гарын үсэг алга, Ж.А гэх хүний л гарын үсэг байна. Ж.А бол уг газрын захиалагч, барилгыг бариулсан. Барилга ашиглалтад ороход бэлэн болсон. Бидний зүгээс барилгыг барихгүй удаагаад байгаа зүйл байхгүй. Хэрэв тийнхүү үзэж байгаа бол үүнтэй холбоотойгоор бид баримтуудыг гаргаж өгнө. Цар тахал 1 жил үргэлжилж байна. Үүний өмнө барилгын салбарын хямрал явагдсан гэх мэт олон хүчин зүйл байдаг. Ж.А нь “Ш г” ХХК-тай гэрээ байгуулж, захиалга өгөөд тус газрын оронд Б.Нд 29 м.кв 1 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай 31 м.кв байрыг өгнө гэх эрхийг хоорондын гэрээний дагуу Ж.А өгсөн учраас Н ш ХХК, Ш г ХХК нарын хооронд гэрээг шилжүүлэх процесс явагдсан. Гэрээ “Ш г” ХХК руу шилжсэн тул “Н ш” ХХК-д огт хамааралгүй. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан гэдэг нь түрээсийн төлбөр, алданги зэргийг тус компаниас авч байснаар нотлогдож байна. Бичгээр биш гэхэд аман байдлаар ярилцаад ойлгочихсон байна. Нэхэмжлэгч захиалагч нартайгаа уулздаг, ярилцдаг, ажлын явцаа танилцуулах, дараагийн гүйцэтгэгч нараа танилцуулах зэргээр процесс явагдаж л байдаг. Юмыг дандаа сөрөг талаас нь хардаг учраас өмгөөлөгч нь ингэж хандаад байх шиг байна. Энэ бол барилгын салбарт байдаг л зүйл. Нэхэмжлэгч ойлгомжгүй байдал гаргаад гэрээнд тусгасан үүргээ биелүүлээгүй байна. Эхлээд гэрээгээ цуцалж, мөнгөө авъя гэж компанидаа хандаад шийдвэрлүүлэх боломж байхад хандаагүй шууд шүүхэд өгсөн байсан. Гэтэл одоо уг газар нь тэр чигээрээ Ж.Аийн мэдэлд байгаад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “Ш г” ХХК болон “Н ш” ХХК-иудад холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, хохиролд нийт 154,055,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу 3 давхрын 29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэж өгөхийг даалгуулах, алданги 21,855,360 төгрөг, хохиролд 30,100,000 төгрөг, нийт 51,955,360 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг аль хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй эсэх, алданги болон хохирлыг хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөгийг гаргуулахаар шаардаж буй эсэхийг тус тус тодруулахад “...хариуцагч нараас аль алинаас үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулна, алдангийг “Н ш” ХХК-иас хохирлыг “Ш г” ХХК-иас тус тус гаргуулна” гэж нэхэмжлэлээ тайлбарласан. /2-р хх-ийн 93, 184 дугаар тал/

 

Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд,

Хариуцагч “Ш г” ХХК-иас “...нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээг манай компани байгуулаагүй тул манайд хамааралгүй. Нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлж байсан нь хүн чанарын үүднээс өгсөн. Нэхэмжлэгч нь газрын эрхийг Ж.Ат өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж,

 

Хариуцагч “Н ш” ХХК-иас “...Манай компаний орон сууцны төслөө “Ш г” ХХК-д шилжүүлж өгсөн тул гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг өгөх үүрэг манайд хамааралгүй. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээгээр газрын эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөх байсан атлаа газрын эрхийг Ж.Ат өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлаж, маргасан.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Н болон хариуцагч “Н ш” ХХК нар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Н нь 0 бүртгэлийн дугаартай, 78.8 м.кв хувийн сууц, 0 нэгж талбарын дугаартай, 0 бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 181.98 м.кв талбайтай газрыг “Н ш” ХХК-д шилжүүлэх, хариуцагч “Н ш” ХХК нь уг газар дээр орон сууцны барилга барьж, уг барилгаас газрын үнэд тооцон бартераар 1 давхарт байрлах 31.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 3 давхарт байрлах 29.5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус Б.Нд олгохоор тохиролцсон байна. /1-р хх-ийн 5-8 дугаар тал/

 

Зохигчид дээрх гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, гэрээнд талуудын хэн аль нь гарын үсэг зурсан байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүсжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр нэхэмжлэгч Б.Н нь 0 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 181.98 м.кв талбайтай газрыг хариуцагч “Н ш” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч уг газрын өмчлөх эрхийг иргэн Ж.Аийн өмчлөлд шилжүүлсэн болох нь бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Тодруулбал,

 

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Б.Н нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 27 дугаар гудамж, 342б тоот хаягт байрлах 78.8 м.кв хувийн сууцыг 10,000,000 төгрөгөөр, 181.98 м.кв талбайтай газрыг 103,830,000 төгрөгөөр тус тус үнэлж, ирээдүйд шинээр баригдах орон сууц авч байгаа үндэслэлээр  Ж.Ат хариу төлбөргүй шилжүүлжээ. /2-р хх-ийн 154, 162 дугаар тал/

 

Дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг үндэслэн гэрээний зүйл болох хувийн сууц, газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд Ж.А нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн байна. /2-р хх-ийн 155, 164 дүгээр тал/

 

Гэрээний зүйл болох дээрх газар дээр 9 давхар бүхий орон сууцны зориулалттай барилгыг хариуцагч “Ш г” ХХК барьж гүйцэтгэсэн, дээрх орон сууцыг одоогоор улсын комисс хүлээн аваагүй байгаа болох нь талуудын тайлбар болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын лавлагаагаар тогтоогдсон. /2-р хх-ийн 108-118 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Н нь газрын өмчлөх эрхийг иргэн Ж.Аийн өмчлөлд шилжүүлсэн үндэслэлээ “...Н ш ХХК-ийг төлөөлөн ажилтан Л.Ч нь надтай анх орон сууц захиалгын гэрээг байгуулж, уулзаж байсан. Бэлэглэлийн гэрээгээр газрын өмчлөх эрхийг шилжүүлэхээр нотариат дээр очих үед Л.Ч нь Ж.Аийн нэр дээр шилжүүлчих, манай ажилтан байгаа юм гэж хэлсэн. Би анхнаасаа Л.Чтай уулзаж гэрээ байгуулж байсан тул түүний хэлснээр Ж.Аийн өмчлөлд газраа шилжүүлсэн” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нар газрын өмчлөх эрхийг гэрээгээр тохиролцсоны дагуу “Н ш” ХХК-ийн нэр дээр шилжүүлээгүй тул орон сууц захиалгын гэрээний дагуу хариу үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “Н ш” ХХК-ийг төлөөлөн орон сууц захиалгын гэрээ байгуулсан этгээд болох Л.Ч нь нэхэмжлэгч Б.Нийг газрын эрхээ шилжүүлэх үед түүнд Ж.Аийг тус компанийн ажилтан гэх ойлголтыг өгч, уг иргэний нэр дээр газрын эрхийг шилжүүлсэн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Н нь газрын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч “Н ш” ХХК-ийн ажилтанд хүлээлгэн өгсөн нь үүрэг гүйцэтгүүлэгчид өөрт нь хүлээлгэн өгсний нэгэн адил тооцогдоно.

 

Нөгөө талаар, хариуцагч “Н ш” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд буюу иргэн Ж.Ат газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзсэн бол тухайн газарт хариуцагч нар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан.

 

Газрын өмчлөх эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн гэж үзсэн бол хариуцагч нь гэрээг байгуулмагц уг үндэслэлээр маргах боломжтой байсан ба нэхэмжлэгчид хариуцагч “Н ш” ХХК-ийг ажилтан Ж.А бүрэн төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг төрүүлсэн, улмаар гэрээний дагуу барилга барьж үр шимийг хүртсэн байх тул өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.

 

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Н ш” ХХК-ийн төлөөлөгч С.Бээс “...Н ш” ХХК нь Б.Нийн газрыг бартераар худалдан аваад барилга барьсан боловч оршин суугчдаа хүлээж аваагүй байгаа. 2017 онд “Н ш” ХХК-ийг “Ш г” ХХК-руу шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Манай компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.А нь энэ бүх эрх шилжүүлэх ажлыг хариуцаж бичиг баримтыг хийж, шилжүүлсэн. Компанийн эрх шилжүүлэх ажлыг манай нягтлан бодогч Ж.А гардаж хийсэн.” гэж, /2-р хх-ийн 71-72 дугаар тал/

 

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “Ш г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чаас “...Ш г ХХК нь Ж.Аийн газар дээр хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээгээр барилгыг барьж байгаа. “Н ш” ХХК-ийн тооцоон дээр ажлыг хүлээн авч үргэлжлүүлж байгаа. Барилгын зөвшөөрөл, бичиг баримт нь Ж.Аийн нэр дээр гарсан. Энэ хүн бол захиалагч, манай компани түүнтэй гэрээ байгуулж гүйцэтгэгчээр ажилласан” гэж тус тус тайлбарласан. /2-р хх-ийн 89 дүгээр тал/

 

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 8/457 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар иргэн Ж.А нь 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл “Н ш” ХХК-д, 2017 оны 05 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл “Ш г” ХХК-д тус тус ажиллаж, цалин хөлс авсан болох нь тогтоогдож байна. /2-р хх-ийн 168-171 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагч “Ш г” ХХК-иас орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд өөр орон сууц түрээслэн суух зардалд зориулж нэхэмжлэгч Б.Нд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 3,250,000 төгрөгийг шилжүүлжээ. /1-р хх-ийн 71-77 дугаар тал/

 

Мөн орон сууц захиалан бариулах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг нэг цаг хугацаанд нотариатаар гэрчлүүлсэн нь нотариатын бүртгэлийн 907, 908, 909 дугаарт бүртгэгдсэн, уг нотариатын үйлдлийг хийхэд Б.Н, “Н ш” ХХК-ийн ажилтан Л.Ч нар байлцаж бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан болох нь нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон. /2-р хх-ийн 173-174 дүгээр тал/

 

“Н ш” ХХК-ийн ерөнхий менежер, ажилтан Л.Ч нь хожим “Ш г” ХХК-ийн ажилтнаар ажиллаж байгаа болох нь тус компаниас олгосон итгэмжлэл, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Дээрх бичгийн нотлох баримт болон талуудаас гаргасан тайлбарыг харьцуулан үзэхэд хариуцагч нар нь өөрийн ажилтан Ж.Аийн нэрээр 9 давхар бүхий орон сууц барих барилгын ажлын зөвшөөрлийг авч, барилгыг гүйцэтгэсэн байна.

 

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болох “...газрын эрхийг Ж.Ат шилжүүлсэн, орон сууцны барилгыг иргэн Ж.А захиалан бариулсан, уг орон сууцыг бид захиран зарцуулах эрхгүй” гэх тайлбар үндэслэлгүй. Гэрээний зүйл болох газарт “Ш г” ХХК нь 9 давхар бүхий орон сууцыг гүйцэтгэсэн байх ба уг орон сууцны захиалагчаар Ж.А бүртгэгдсэн байх боловч тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх нь бодитоор “Н ш” ХХК болон “Ш г” ХХК-иудад байгаа, эдгээр хоёр компани харилцан хамаарал бүхий этгээдүүд гэж үзэхээр байна.

 

Учир нь хариуцагч “Н ш” ХХК-ийн төлөөлөгч С.Бээс гаргасан “...Миний зүгээс Б.Нийн орон сууцыг гаргаж өгөх талаар компаниудын удирдлагуудын түвшинд ярилцаж, орон сууцыг өгөх гэж байтал нэхэмжлэгч Б.Н нь хэвлэлийн бага хурал зарлаж компанийн нэр хүндэд халдсан тул удирдлагууд орон сууцыг нь өгөхгүй гэж шийдсэн. Барилга ашиглалтад ороход бэлэн болсон. Бидний зүгээс барилгыг барихгүй удаагаад байгаа зүйл байхгүй, цар тахал 1 жил үргэлжилж байна. Үүний өмнө барилгын салбарын хямрал явагдсан гэх мэт олон хүчин зүйл байдаг. “Ш г” ХХК нь барилгыг ашиглалтад оруулаад захиалагч улсын комисст захиалаад үл хөдлөх хөрөнгийн газарт гэрчилгээ авахаар хүсэлт гаргахдаа бүх хүмүүсийг дуудаад ордероо хэний нэр дээр авах тухай хэлцэл явагдаад тэр үед нь шинэчилсэн гэрээгээ тамгаар баталгаажуулаад нэг компанийн нэр дээр явдаг” гэх тайлбар, /2-р хх-72, 89, 92 дугаар тал/

 

Хариуцагч “Ш г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чаас “...Эрх шилжүүлэх гэрээгээр манай компани орон сууц барих эрхийг шилжүүлж авсан. Гэхдээ нэхэмжлэгчид өгөх боломжгүй. Бусад захиалагч нар нь “Ш г” ХХК-тай харьцаад явж байгаа.” гэж тус тус тайлбарласан. /2-р хх-72, 95 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Гэрээний тал болох “Н ш” ХХК нь орон сууцны барилга барих төсөл, эрхээ “Ш г” ХХК руу шилжүүлсэн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нараас гаргасан тайлбараар тогтоогдсон. /2-р хх-ийн 71-73, 94 дугаар тал/

 

Хариуцагч нар орон сууцны барилга барих төсөл шилжүүлсэнтэй холбоотой баримтаа шүүхэд нотлох баримтаар цуглуулж өгөөгүй ба энэ талаар шүүхээс тодруулахад нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй, хоёр компани амаар харилцан тохиролцож орон сууцны төслийг шилжүүлсэн гэж тайлбарладаг.

 

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний үүрэг гүйцэтгэгч “Н ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад буюу “Ш г” ХХК-д шилжүүлж байгаагаа үүрэг гүйцэтгүүлэгч Б.Нд мэдэгдээгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /2-р хх-ийн 93-94 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 

Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч “Н ш” ХХК нь гүйцэтгэвэл зохих үүргээ бусдад шилжүүлэх зөвшөөрлийг үүрэг гүйцэтгүүлэгч Б.Нээс аваагүй боловч нэгэнт хоёр компанийн хоорондын тохиролцооны дагуу орон сууц барих төсөл “Ш г” ХХК-д шилжсэн, “Ш г” ХХК нь өөрийн ажилтан Ж.Аийн нэрээр орон сууц барих зөвшөөрөл авсан болох нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. 

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагын үндэслэлээ “...орон сууц бүрэн баригдаад дууссан, одоо  улсын комисс хүлээж авахаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авахгүй бол хариуцагч нар өөр этгээдэд худалдан борлуулах санаа зорилготой байгаа тул биет байдлаар авахаар шаардсан. Улсын комисс орон сууцыг хүлээн авсаны дараа өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг тусдаа тавина” гэж тайлбарласан. /2-р хх-ийн 186 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч Б.Н нь арилжааны гэрээний үүргийг гэрээ байгуулсан тал болох “Н ш” ХХК, орон сууц барих төслийг шилжүүлэн авсан этгээд “Ш г” ХХК нараас шаардсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарт 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу 0 м.кв талбай бүхий 1 орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Нийн алданги 21,855,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тэрээр уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц захиалгын гэрээний 5.4-т “Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө” гэж заасныг үндэслэдэг.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Талуудын байгуулсан гэрээний 5.4-т заасан зохицуулалтаас үзэхэд захиалгат ажил буюу орон сууц, үйлчилгээний зориулалттай талбайг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж хүлээлгэн өгсөн тохиолдолд хамаарахаар  байна. Гэтэл талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай талбайг хэдэн оны, хэдэн сард хүлээлгэн өгөх хугацааг тодорхой тохиролцоогүй байх тул ямар хугацаанаас алданги тооцох нь тодорхойгүй байна.

 

Гэрээний 2.6-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг захиалагч газраа суллаж Н ш ХХК барилгын ажлыг эхлүүлснээс хойш 1 жилийн хугацаанд багтаан гүйцэтгэнэ” гэж заажээ. Талууд барилгын ажлыг хэзээ эхлүүлэх хугацааг нарийвчлан тохиролцоогүй байх тул аль цаг хугацаанаас эхлэн тоолж, түүнээс хойш 1 жилийн дотор барилга барих хугацааг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 21,855,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хохиролд 30,100,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ “...орон сууцыг хүлээлгэн өгөхийг хүлээж, амьдран суух зориулалтаар “Дөлхангай” ХХК-д түрээсийн төлбөр төлсөн. Хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгсөн бол түрээсийн төлбөр төлж хохирохгүй байсан” гэж тайлбарладаг.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хэзээ захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг гэрээгээр нарийвчлан тохиролцоогүйн дээр зайлшгүй өөр орон сууц хөлсөлж суух шаардлагатай байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 30,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 27 дугаар гудамжинд байрлах 9 давхар барилгын 3 давхрын 29 м.кв 1 орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэгчийн алданги, хохиролд нэхэмжилсэн нийт 51,955,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжинд байрлах 9 давхар барилгын 3 давхрын 29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхрын 31 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар нэхэмжлэгч Б.Нд хүлээлгэж өгөхийг хариуцагч “Н ш” ХХК болон “Ш г” ХХК-иудад даалгаж, нэхэмжлэлээс 51,955,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,273,030 /70,200+930,000+272,830/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш г” ХХК, “Н ш” ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид 1,273,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.БЯМБАЖАРГАЛ