Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01016

 

Б.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01106 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нийн хариуцагч “Ш Г” ХХК, “Н Ш” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц захиалан бариулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 3 давхрын 29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхрын 31 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг биет байдлаар хүлээлгэн өгөхийг даалгах, хохиролд 51 955 360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагч “Ш Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч “Н Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Н Ш” ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 27 гудамж, 342б тоотод байрлах 182 м.кв газар болон 80 м.кв байшинг чөлөөлж, уг газарт “Н Ш” ХХК нь орон сууц барьж, уг барилгаас газрын үнэд тооцон 3 давхрын 29 м.кв 1 өрөө орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдийг надад шилжүүлэхээр тус тус тохирсон. Нийт надад шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 113 000 000 төгрөгөөр тохирсон юм. Энэхүү орон сууцны төслийг хэрэгжүүлэгч “Н Ш” ХХК-ийн хэрэгжүүлж байсан дээрх орон сууцны төслийг “Ш Г” ХХК-д шилжүүлсэн байсан. Надад “Н Ш” ХХК-аас орон сууцны төслийг “Ш Г” ХХК-д шилжүүлж байгаа талаар мэдэгдээгүй, надаас зөвшөөрөл аваагүй. Гэрээгээр дээрх орон сууцыг 1 жилийн хугацаанд барихаар тохиролцсон. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч байр ашиглалтад ороогүй. Одоогийн байдлаар уг орон сууц бүрэн баригдаж дууссан, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Миний бие 2018 оны 04 дүгээр сараас эхлэн сар болгон түрээсийн төлбөрт 500 000 төгрөг надад өгөхөөр болсон. Ингээд 2018 оны 04-08 дугаар сар хүртэл сар бүр 500 000 төгрөг, 2018 оны 09-12 сар, 2019 оны 01, 03 сарын 250 000 төгрөгийг “Ш Г” ХХК-иас надад орон сууц ашиглалтад орох хүртэл орон сууц түрээслэн суух зардалд өгсөн. Миний бие Л.Чадраабалаас өөр “Н Ш” ХХК болон “Ш Г” ХХК-иудын хүнтэй уулзаж байгаагүй. 2016 онд гэрээ байгуулснаас хойш 2019 он гэхэд орон сууц баригдаагүй байсан тул орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 113 000 000 төгрөг болон хохиролд нийт 154 055 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан юм. Уг шаардлагаа өөрчилж 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу шинэ барилгын 3 давхрын 29 м.кв 1 орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний 2.4-т заасны дагуу биет байдлаар хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардаж байна. Мөн гэрээний хугацааг 32 сар хэтэрсний алданги 21 855 360 төгрөгийг “Н Ш” ХХК-иас, хохирол төлбөрт 31 100 000 төгрөгийг “Ш Г” ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ш Г” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Н Ш” ХХК-иас эрх шилжүүлэх гэрээгээр орон сууц барих эрхийг шилжүүлж авсан. Гэхдээ нэхэмжлэгчид орон сууцыг өгөх боломжгүй. “Ш Г” ХХК нь Ж.Алтанцэцэгийн газар дээр хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээгээр барилгыг барьж байгаа. “Н Ш” ХХК-ийн тооцоон дээр ажлыг хүлээн авч үргэлжлүүлж байгаа. Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй. Ж.Алтанцэцэг гэх хүн бэлэглэлийн гэрээгээр тус газрыг шилжүүлж аваад нийт газрын хэмжээг 2420 м.кв болгоод барилгын үндсэн газар эзэмшигч болсон. Гүйцэтгэгчээр манай компани оролцсон. Барилгын зөвшөөрөл, бичиг баримт нь газрын эзний нэрээр явдаг. Ж.Алтанцэцэг гэх хүний нэр дээр газрын гэрчилгээ гарсан. Энэ хүн бол захиалагч, манай компани түүнтэй гэрээ байгуулж гүйцэтгэгчээр ажилласан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа орон сууц, түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Түрээсийн мөнгөтэй холбоотой гэрээ байгуулаагүй. Хүн чанарын үүднээс манай компани Б.Нд түрээсийн төлбөр төлж байсан гэжээ.

 

Хариуцагч “Н Ш” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон төлөөлөгч С.Билэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг манай компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Н Ш” ХХК нь Б.Нарагэрэлийн газрыг бартераар худалдан аваад барилга барьсан боловч оршин суугчдаа хүлээж аваагүй байгаа. 2017 онд” Н Ш” ХХК-ийг “Ш Г” ХХК-руу шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Манай компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Алтанцэцэг нь энэ бүх эрх шилжүүлэх ажлыг хариуцаж бичиг баримтыг хийж, шилжүүлсэн. Миний зүгээс Б.Нийн орон сууцыг гаргаж өгөх талаар компанийн удирдлагуудын түвшинд ярилцаж, орон сууцыг өгөх гэж байтал нэхэмжлэгч Б.Н нь хэвлэлийн бага хурал зарлаж компанийн нэр хүндэд халдсан тул удирдлагууд орон сууцыг нь өгөхгүй гэж шийдсэн. Нэхэмжлэгч нь Ж.Алтанцэцэг гэх хүнтэй 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж газрыг хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн. Ж.Алтанцэцэг бол уг газрын захиалагч, барилгыг бариулсан. Ж.Алтанцэцэг нь “Ш Г” ХХК-тай гэрээ байгуулж, захиалга өгөөд тус газрын оронд Б.Нд 29 м.кв 1 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай 31 м.кв байрыг өгнө гэх эрхийг хоорондын гэрээний дагуу Ж.Алтанцэцэг өгсөн учраас “Н Ш” ХХК, “Ш Г” ХХК нарын хооронд гэрээг шилжүүлэх ажиллагаа явагдсан. Гэрээ “Ш Г” ХХК руу шилжсэн тул “Н Ш” ХХК-д огт хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжинд байрлах 9 давхар барилгын 3 давхрын 29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхрын 31 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар нэхэмжлэгч Б.Нд хүлээлгэж өгөхийг хариуцагч “Н Ш” ХХК болон “Ш Г” ХХК-иудад даалгаж, нэхэмжлэлээс 51 955 360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 273 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш Г” ХХК, “Н Ш” ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид 1 273 030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Нийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэт нэг талыг барьсан, нотлох баримт дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд гомдолтой байна. Нэхэмжлэгч, хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой гаргасан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй байсан. Нэхэмжлэгч Б.Н нь 2018 оны 04 дүгээр сараас эхлэн “Ш Г” ХХК болон “Н Ш” ХХК-ийн удирдлагууд сар бүр 500 000 төгрөг авахаар амаар харилцан тохиролцож, 2018 оны 04 дүгээр сарны 08 сар хүртэл хугацаанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас “Дөлхангай” ХХК-д түрээсийн төлбөр төлсөн Түрээсийн гэрээ болон сар бүр 700 000 төлбөрийн баримт нийт 2016 оны 08 сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 сар хуртэл нийт 43 сарын 30 100 000 төгрөгийн хохиролыг баримтаар нотолсон. Орон сууц захиалан бариулах гэрээний 2.6 -д заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэрээний хугацаа хэтэрсэн алданги 960 хоногийн хугацаа хэтэрсэн нийт алданги 21 855 360 төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлтэй. “Н Ш” ХХК болон Ш Г ХХК нь Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар Архитектур төлөвлөлтийн даалгаварыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан, 9 давхар барилгын ажлын хэзээ эхлэх дуусах график төлөвлөгөө зэргээс тогтоогдож байхад шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнээгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Н Ш” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч болох “Н Ш” ХХК болон “Ш Г” ХХК нараас тухайн орон сууцаа шаардах эрхтэй гэж дүгнэсэн бөгөөд хэргийн үйл баримт хангалтай тодорхой болоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны үеэр хариуцагч “Н Ш” ХХК-ийн төлөөлөгч С.Билэгт нь Ж.Алтанцэцэгийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан. Ж.Алтанцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд тул шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулж мэдүүлэг авах шаардлагатай байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь орон сууц шилжүүлэн өгөхийг хариуцагч болох “Н Ш” болон “Ш Г” компаниудын яг алинаас шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Манай “Н Ш” ХХК-ийн хувьд аль хэдийн уг төслийг “Ш Г” ХХК-д шилжүүлсэн бөгөөд энэхүү үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ орон сууцыг биет байдлаар хүлээлгэн өгөхийг “Ш Г” болон “Н Ш” компаниудад даалгасан. Гэвч манай “Н Ш” ХХК нь уг барилгын ажлын төслийг “Ш Г” ХХК-д шилжүүлэн өгсөн тул тухайн орон сууцыг манай компани нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх хууль зүйн боломж байхгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүгчээс татгалзсан боловч шүүгч “татгалзлын шат өнгөрсөн” гэх тайлбар өгч хариуцагчийн гаргасан хүсэлтийг огт хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Ш Г ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүгчээс татгалзсан боловч шүүгч “татгалзлын шат өнгөрсөн” гэж хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан. Мөн шүүхээс Ж.Алтанцэцэгийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан. Нэхэмжлэгч талаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр тодруулахдаа “...үйлчилгээний болон орон сууцны талбай болон алдангийг Н Ш ХХК-аас гаргуулахаар шаардаж байна, түрээсийн төлбөрийг тэнцүү хувааж гаргуулна” гэж туйлын тодорхой хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх диспозитив зарчмыг шууд зөрчин “Ш Г” ХХК-д уг орон сууцыг олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12253 дугаартай захирамжийн 2 дахь заалтад Л.Чадраабалыг гэрчээр асуухаар захирамжилсан боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Нэгэнт гарсан шүүгчийн захирамж нь өөрчилж, хүчингүй болгоогүй тохиолдолд заавал биелэгдэх хуулийн хүчин чадалтай юм.Нэхэмжлэгч нь аль хэдийн 2019 онд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалсан гэрээний үүргийг шаардах эрхгүй болсон байхад анхан шатны шүүх дүтнэлт хийсэнгүй. Энэ талаар хариуцагч тухай бүр шүүхэд хэлж тайлбарлаж байсан болно. Тухайлбал, нэхэмжлэгч анх 2019 оны 6 сарын 5-ны өдөр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээг цуцалж хохирол барагдуулах шаардлага” гаргасан байдаг. “Гэрээг цуцлах” нь үнэн хэрэгтээ нэхэмжлэлийн шаардлага буюу шаардах эрх биш юм. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх буюу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл илэрхийлэгдсэн. Энэ дагуу гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч цаашдаа гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй болсон юм. Гэтэл анхан шатны шүүх үүнийг үнэлж дүгнэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байдаг. Анхан шатны шүүх нь шийдвэртээ Иргэний хуулийн 211, 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтыг хамтатган хэрэглэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсаны дагуу “Ш ГХХК нь уг барилгын төслийн гүйцэтгэгч бөгөөд уг төсөл нь баригдаж дуусах тохиолдолд Захиалагч Ж.Алтанцэцэгийн өмчлөлд гэрчилгээ гарах юм. Дээрх байдлаар анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвзрлэх ажиллагааны журмуудыг ноцтой зөрчиж, шүүхэд олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд буюу нэхэмжлэлийн шаардлагаас халиж шийдвэр гаргасан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “Ш Г” ХХК, “Н Ш” ХХК-иудад холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, хохиролд нийт 154 055 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэж өгөхийг даалгуулах, алданги 21 855 360 төгрөг, хохиролд 30 100 000 төгрөг, нийт 51 955 360 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Б.Н нь “Н Ш” ХХК -тай 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 27 дугаар гудамж, 342б тоот хаягт байрлах Ү-2204041385 бүртгэлийн дугаартай, 78.8 м.кв хувийн сууц, 18646311476666 нэгж талбарын дугаартай, Г-2204001188 бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 181.98 м.кв талбайтай газрыг “Н Ш” ХХК-д шилжүүлэх, хариуцагч “Н Ш” ХХК нь уг газар дээр орон сууцны барилга барьж, уг барилгаас газрын үнэд тооцон бартераар 1 давхарт байрлах 31.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 3 давхарт байрлах 29.5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус Б.Нд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1 хэргийн 5-8 дугаар тал/

            Нэхэмжлэгч Б.Н нь Ж.Алтанцэцэгийн нэр дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 27 дугаар гудамж, 342б тоот хаягт байрлах Ү-2204041385 бүртгэлийн дугаартай, 78.8 м.кв хувийн сууц, 18646311476666 нэгж талбарын дугаартай, Г-2204001188 бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 181.98 м.кв талбайтай газрыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Ж.Алтанцэцэг нь “Ш Г” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр тус газар дээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. Ж.Алтанцэцэг нь хариуцагч “Н Ш” ХХК-д 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын хугацаанд, хариуцагч “Ш Г” ХХК-д 2017 оны 5 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогджээ. /2 хэргийн 81,82, 154,162, 169-171 дүгээр тал/

Шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүхээс маргааны зүйл болох барилгын 3 давхрын 29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг бүрийн шинжээр тодорхойлох шаардлагатай байжээ. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл маргаан бүхий орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй боловч барилгын ажил дууссан талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 27 дугаар гудамжинд байрлах 9 давхар барилгын 3 давхарт байрлах 29.5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхарт байрлах 31.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь уг барилгын хаана, ямар байдлаар байршиж буй нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс уг барилгад үзлэг хийсэн байх боловч уг үзлэгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгүүд нь барилгын аль хэсэгт байгаа, хэрхэн дугаарлагдсан болохыг тодорхойлоогүй байна. Дээрх нөхцөл, байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай. Учир нь нэхэмжлэгч хариуцагчаас тодорхой үүргийг гүйцэтгэхийг буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 27 дугаар гудамжинд байрлах 9 давхар барилгын 3 давхарт байрлах 29.5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 1 давхарт байрлах 31.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг биет байдлаар хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага гаргаж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой буюу хэрхэн биелүүлэх арга, журам тодорхой байх ёстой.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх эрхийн хүрээнд гэрчээр Ж.Алтанцэцэгийг оролцуулах хүсэлт гаргасан байх ба түүнийг гэрчээр оролцуулах боломжтой эсэх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тодорхой болгох шаардлагатай байжээ.

 

Хариуцагч “Н Ш” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн, “Н Ш” ХХК нь “Ш Г” ХХК-ийн өмнөөс Б.Нд түрээсийн төлбөр гэх утгаар мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин анхан шатны шүүхээс “Н Ш” ХХК-аас Б.Н рүү мөнгө шилжүүлсэн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ. Дээрх үйл баримт тодорхой болсноор талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, гэрээний дагуу хэн нь ямар үүрэг хүлээсэн, уг үүргийг бодитой биелүүлэх боломжтой эсэх талаар дүгнэлт хийх боломжтой болох юм.

 

Түүнчлэн, шүүхээс талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай талбайг хэдэн оны, хэдэн сард хүлээлгэн өгөх хугацааг тодорхой тохиролцоогүй байх тул ямар хугацаанаас алданги тооцох нь тодорхойгүй байна гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу хэрэглэжээ. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дах хэсэгт зааснаар хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж байгаа тохиолдолд тухайн үйл явдал болсон хугацааг тодорхойлох шаардлагатай бөгөөд уг хугацааг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагад үндэслэн тодорхойлох боломжтой эсэхийг дүгнэх шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Б.Нийн 417 730 төгрөг, хариуцагч “Н Ш” ХХК-ийн төлөөлөгчийн 727 500 төгрөг, “Ш Г” ХХК-ийн төлөөлөгчийн 727 500 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

                          ШҮҮГЧИД                  Н.БАТЗОРИГ

 

 

                                                     С.ЭНХТӨР