Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01780

 

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01780

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Б.Нийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02123 дугаар шийдвэртэй, Б.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш Г”ХХК-д холбогдох, орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 154 055 560 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Баяраа овогтой Нарангэрэл би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлийн 182 м.кв газар болон 80 м.кв байшинг чөлөөлж, “Н Ш”ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, шинэ барилгын 3 давхрын 29 м.кв 1 өрөө байр, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 31 м.кв байруудыг авахаар тус тус тохирсон. Энэхүү орон сууцны төслийг хэрэгжүүлэгч “Н Ш”ХХК-ийн хэрэгжүүлж байсан дээрхи орон сууцны төслийг “Ш Г”ХХК үргэлжлүүлэн хийхээр болсон байсан. Гэрээгээр дээрх орон сууцыг 1 жилийн хугацаанд барихаар тохиролцсон. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч байр ашиглалтанд ороогүйгээр барахгүй одоог хүртэл хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байсаар байна. Хүний газар, орон сууцыг чөлөөлж, оронд нь байшин барихаар болсон бол түүнийг шинэ байрандаа амьдрах хүртэлх хугацааны орон байр хөлслөх зардлыг төлөх ёстой гэж үзэж байна. Энэ орон сууцны талбай дээр нийт 6 айл байсан бөгөөд 2016 онд дээрхи 6 айл газраа чөлөөлж өгөөд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж айл болгонд амьдрах байрны 1 сарын түрээст 500 000 төгрөгөөр тооцож 6 000 000 төгрөг өгч байсан. Намайг сүүлд гэрээ байгуулсан гэх шалтгаанаар надад орон сууц хөлслөх 6 000 000 төгрөг өгөөгүй. Би гэрээний 1 жилийн хугацаанд дээрхи зардлыг аваагүй бөгөөд харин 2018 оны 04 дүгэр сараас эхлэн “Н Ш”ХХК-ийн н.Дэлгэрсайхан захирал /хуучин төсөл хэрэгжүүлэгч компани/-тай уулзаж сар болгон 500,000 төгрөг авахаар тохиролцож 2018 оны 04-08 дугаар сар хүртэл сар бүр 500 000 төгрөг авсан бөгөөд 2018 оны 09-12 сар, 2019 оны 01, 03 сарын 250 000 төгрөг авсан. 2019 оны 02 дугаар сараас эхлэн цаашид түрээсийн мөнгө гэж өгөхгүй гэсэн. Би орон сууцны зардлын асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч тоохгүй байсан тул хүсэлтээ албан ёсоор тавьсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. Хариуцагч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцыг тохиролцсон хугацаандаа бариагүй улмаар миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул дээрхи орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээгээр тохиролцсон үндсэн мөнгө болох 113 830 000 төгрөг, гэрээнд заасан алданги 15 025 560 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөр болох 25 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 154 055 560 төгрөг шаардаж байна гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Н нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж, хууль бус шаардлага тавьж байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш Г”ХХК-аас 150 055 560 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 000 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ”Ш Г”ХХК-аас 908 227 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөрийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн Б.Н нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Н Ш”ХХК-тай орон сууц захилан бариулах гэрээ байгуулан нэхэмжлэлд дурдагдсан өөрийн газрыг барилга барихад нь зориулан чөлөөлж өгөх, газрын төлбөрт баригдсан барилгаас үйлчилгээний талбай, байр авахаар тохиролцсон байдаг. Гэтэл Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээ байгуулаагүй, энэ асуудалд огт хамаагүй “Ш Г”ХХК-ийг хариуцагчаар татсан бөгөөд шүүхээс хариуцагч “Ш Г”ХХК няцаалт, залруулга хийгээгүй гэсэн үндэслэлээр 150 055 560 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэргийн материалтай танилцахад “Ш Г”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Н нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж хууль бус шаардлага тавьж байгаа талаар хариу тайлбар гаргасан байдаг. “Ш Г”ХХК нь “Н Ш”ХХК-тай Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14-т заасан хамаарал бүхий компани биш бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг “Н Ш”ХХК-ийн ямар нэгэн эрх, үүргийг залгамжилж аваагүй, “Н Ш”ХХК-ийн барилгын төслийг үргэлжлүүлэх үүрэг хүлээгээгүй, энэ талаар ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй. Шүүх үндэслэл бүхий нотлох баримтгүйгээр маргаж буй эрх зүйн харилцаанд огт оролцоогүй, хамааралгүй хуулийн этгээдээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “Ш Г”ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 150 055 560 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээг “Н Ш”ХХК-тай байгуулж, гэрээний үүргийг “Ш Г”ХХК шилжүүлэн авсан боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээгээр тохиролцсон үндсэн төлбөр 113 830 000 төгрөг, алданги 15 025 560 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөр 21 200 000 төгрөг, нийт 150 055 560 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Н, “Н Ш”ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан нь нотлогдож байх боловч уг гэрээний үүрэг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш Г”ХХК-д шилжсэн гэх үйл баримт тодорхой бус байна. /хх5-7/

 

Хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

    ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                 А.МӨНХЗУЛ