Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/04020

 

 

 

 

 

 

 

 

2021 12 03

101/ШШ2021/04020

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух, Тайж овогт Л.Б д:0/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, Солуут овогт Д.Б /рд:/,

 

Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, Дураал овогт З.Б /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,974,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч бөгөөд хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нарт 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийг зээлдүүлж, гэрээний 2.6-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор харилцан тохирч гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Мөн зээлдэгч нарын хүсэлтээр тус зээлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэйгээр сунгасан. Гэвч зээлдэгч нар зээлийн үндсэн хугацааны хүүд 10,800,000 төгрөг төлөхөөс 6,200,000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгийн төлбөрөөс 4,600,000 төлөгдөөгүй ба үндсэн зээлээс төлөөгүй. Ингээд зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 4 сараар сунгасан боловч энэ хугацаанд мөн хүүд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 6,480,000 төгрөг төлөхөөс 800,000 төгрөг төлж, төлөх ёстой хүүгээс 5,680,000 төгрөг төлөгдөөгүй ба нийт төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 10,280,000 төгрөг болно. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс гэрээний нийт хугацаа дуусан 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг түүний хүү болох 12 хоногийн хүү 240,000 төгрөг, нийт гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүү 10,520,000 төгрөг, үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт 20,520,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний 2.6-д зааснаар 0,5 хувиар алданги тооцоход 7,900,000 төгрөг болж байна. Ингээд зээлдэгч нар нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээлэнд 5,000,000 төгрөг, хүүд 15,520,000 төгрөг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг төлж хүүгийн үлдэгдэл 8,520,000 төгрөг байна. Хариуцагчийн тооцооны 9, 11, 12, 13, 15 ,16-г хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 16,974,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийн 6 сарын, хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хэргийн материалын 67 дугаар хуудсанд мөнгөө хэрхэн төлснөө тайлбарласан байгаа. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлөх ёстой хүүгээ Л.Бгийн охин Огийн данс руу 1,800,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын хүү 1,800,000 төгрөгийг төлсөн. Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд баримт нь байгаа. Мөн оны 5 дугаар сарын хүүгийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүрэн эдлэл гэж шилжүүлсэн. Шүрэн эдлэл төлөхдөө дэлгүүрт байгаа 3,000,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн эдлэлийг 2,100,000 төгрөгт тооцож өгөөд 5 сарын хүүгийн төлбөрт 300,000 төгрөгийг илүү төлөөд уг 300,000 төгрөг нь 6 сарын хүүгийн төлбөрт орсон байгаа. Мөн оны 6 дугаар сарын хүүгийн төлбөрийг 6 дугаар сарын 11-ний өдөр Л.Бгийн охин Огийн данс руу 500,000 төгрөг, шүрэн ээмэг, үлдэгдэл 300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн бичиж өгсөн тооцоогоор нь 300,000 төгрөгийг төлсөн. Нийт 6 сарын хүүгийн төлбөрт 1,800,000 төгрөгийг төлсөн. 7-8 сарын хүүгийн төлбөрийг 6 хувийн хүүгээр төлөхдөө шүрэн толгой өгч төлсөн. Шүрэн толгой нь 21 размерын толгойг 5,400,000 төгрөгийн үнэтэй. Эхний зээлсэн 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн мөнгөнийхөө хүүг бэлэн мөнгө болон шүрэн эдлэл оролцуулж нийт 10,800,000 төгрөгийг төлсөн. Нэг сарын хүү илүү төлсөн байгаа нь мөн оны 9 дүгээр сарын төлбөрт тооцогдоно гэдэг нь хэргийн материалын 45 дугаар хуудсанд байгаа. Зээлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3,5 хувийн хүүтэйгээр тохиролцож сунгаад нэг сарын төлбөрт 1,050,000 төгрөг төлөх нөхцөл үүссэн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл эхний 3 сарын төлбөрөө 1,050,000 төгрөгөөр 3 удаагийн төлбөр, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хүүгийн төлбөр 763,300 төгрөг болсон. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээсээ төлсөн. Нийт зээлийн гэрээ сунгаснаар 3,943,000 төгрөгийн хүү төлөхөөс 3 сарын хүүд өгч байгаа шүрэн толгой, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60,000 төгрөг нийт 2,680,000 төгрөгийг төлөөд 1,083,333 төгрөгийг дутуу төлсөн. Дутуу төлснөө 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс төлж эхэлсэн байгаа нь хэргийн материалын 67 дугаар талаар нотлогдоно. Хүү төлөхдөө 1,083,000 төгрөгийг дутуу төлснөө 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,400,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүрэн эдлэл 1,218,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг нийт зээлийн хүү болон алдангид 18,278,000 төгрөгийг төлөөд үндсэн зээл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн. Баримт нь хэргийн материалын 51, 52, 53 дугаар хуудсанд байгаа. Л.Бд зээлийн хүү алданги 18,278,000 төгрөг, нийт 48,278,000 төгрөгийг төлсөн. Л.Б 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 9,278,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан. 106,000 төгрөгийн шүрэн ээмэг өгсөн гэж байгаа нь 30,000,000 төгрөгийн зээл авахад 106,000 төгрөгийн тооцоо гэсэн ямар нэгэн тооцоо байгаагүй. Өөрийн бичгээ хархаар 156,000 төгрөг гэсэн тооцоо байгаа. 156,000 төгрөгийн тооцоонд 200,000 төгрөгийн ээмэг өгсөн байгаа нь хэргийн материалын 43 дугаар хуудсанд байгаа. 106,000 төгрөг гэсэн тоо 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралгүй. 11 дүгээрт бичигдсэн 5,400,000 төгрөгийн шүрэн толгойг аваагүй, авчхаад буцаагаад өгсөн гэж тайлбарлаж байна. Зээлийн хүүгийн төлбөрт өгсөн 5,400,000 төгрөгийн шүрэн толгой нь 21 размерын толгойг 2017 оны 09 сард Л.Бд өгсөн. Л.Б өөрийн гараар 7, 8, 9 сарын хүүгийн төлбөрт тооцож авна гэсэн баримт хэргийн материалын 45 дугаар хуудсанд байгаа. 2017 оны 09 сард өгсөн шүрэн толгойг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ганчимэгт өгсөн 1700 долларын зээлийн барьцаанд авсан +21 толгойг буцааж өгсөн байдлаар тайлбарласан. 1700 доллар миний авсан 30,000,000 төгрөгийн зээлэнд ямар ч хамааралгүй. Надаас авсан шүрэн толгой болон 1700 долларын барьцаанд авсан шүрэн толгой хоёрын размер нь өөр байгаа нь нотлох баримт болон гэрч Шинэхүү, Ганчимэг нарын мэдүүлгээр нотлогдож байна. Надаас зээлийн хүүд авсан шүрэн толгой нь 2017 оны 09 сард авсан, Ганчимэгийн 1700 доллар зээлийн барьцаанд +29 размерын толгойг 2018 оны 01 сарын 02-ны өдөр өгсөн гэж байгаа нь Л.Бг худлаа хэлж байгаа нь баримтаар нотлогдож байна. Миний 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн 1,000,000 төгрөгийг Л.Б няцааж байна. Уг 1,000,000 төгрөг нь 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой. Хэргийн материалын 46 дугаар хуудсанд өөрийн нөхөр Тын данснаас төлсөн баримт байгаа. 60,000 төгрөгийг бас нэхэмжлэгч няцааж байна. 60,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Л.Б бид 2 уулзсан. Уулзаж дууссаны дараа Л.Б над руу чамаас болоод би машинаа ачуулчихлаа, одоо чи үндсэн зээлээсээ хасаад 60,000 төгрөгийг хүний данс руу хийгээдэх гэж хэлсэн. Энэ талаарх баримт нь хэргийн материалын 47 дугаар хуудсанд байгаа. Гүйлгээний утга дээр Бд 30,000,000 төгрөгөөс үндсэн зээлд төлөв гэж бичсэн. Дараа нь Л.Б 1,400,000 төгрөгийг З.Б өөрийн найз Туул гэх хүнд авч өгөөд буцааж надад өгсөн гэж байгаа. Надад Туул гэдэг найз байхгүй, хэргийн материалын 49 дүгээр хуудсанд миний мөнгө шилжүүлсэн баримтын утга дээр зээл төлөв гэж бичсэн. Би Л.Б руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр юунд төлж байгаа тодорхой бичдэг. Л.Б 1,218,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн шигтгээг авснаа 30,000,000 төгрөгийн зээлд хамааралгүй гэж тайлбарлаж байна. Энэ мөнгө 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд Л.Бгийн бичсэн бичиг дээр шүрэн эдлэлийг надаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авч явахдаа хүлээлгэж өгсөн З.Б, авсан Л.Б 10,000,000 төгрөгийг хүүгээс хассан гэж байгаа. Хэргийн материалын 50 дугаар хуудсанд 2016 оны 02 дугаар сарын 10-ны зээлийн хүүгээс хасаад өгөв гэсэн нь огноо андуурсан байна. Миний бие Л.Бгаас 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс гадна 10,000,000 төгрөгийг тусад нь зээлээгүй. Л.Бд төлсөн нийт 48,278,000 төгрөгөөс 9,278,000 төгрөгийг аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д.Б, З.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,974,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Л.Б нь 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, Д.Б, З.Б нар нь тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Уг гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусах ба талууд 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл буюу 4 сараар нэмж гэрээний хугацааг сунгасан байна. Талууд гэрээ байгуулсан болон гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нар хүлээн авсан үйл баримтад маргаагүй. /хх-ийн 6 дугаар талын ар/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч нь 16,974,420 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ ...төлөгдөөгүй зээлийн хүү 8,520,000 төгрөг, хугацаандаа зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс үүдсэн алданги 8,454,420 төгрөг гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний үндсэн үүрэг болон төлвөл зохих хүү, алдангийг хугацаандаа тус тус бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж, маргасан.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сард үндсэн үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт үндсэн үүрэг болох 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримтууд, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон. /хх-ийн 48, 51-52 дугаар тал/

 

Талууд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгахдаа зээлийн хүүгийн хэмжээг бууруулж 3.5 хувь болгосон болох нь зээлийн гэрээний ар талд ...2017 оны 08 сарын 09-нөөс 2017 оны 12 сарын 09 хүртэл хүүг 3.5 хувь тохирч гэрээ сунгаж өгнө үү, З.Б гэх бичилт, нэхэмжлэгчээс анх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2017 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл зээлийн гэрээг сунгаж сарын 3.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон гэх бичгийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 6 дугаар талын ар/

 

Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ... зээлийн гэрээний хугацааг сунгасан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хүүг 3.5 хувь байхаар тохиролцоогүй, хугацаандаа мөнгөө төлбөл 3.5 хүүгээр тооцно гэж тохирсон. Зээлдэгч нар нь хугацаандаа мөнгөн хөрөнгийг төлөөгүй тул 3.5 хувиар тооцохгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба нэхэмжлэгчийн шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн агуулга, зээлийн гэрээний сунгалтад бичигдсэн бичвэр, талуудын тайлбар зэргийг Иргэний хуулийн 41 зүйлийн 41.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэхэд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлийн хүүг 3.5 хувиар тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Зээлдэгч нарын нийт гүйцэтгэвэл зохих үүргийг тооцож үзвэл:

-үндсэн үүрэг 30,000,000 төгрөг,

-2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 сарын хүүг 6 хувиар тооцоход 10,800,000 төгрөг,

-2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 4 сарын хүүг 3.5 хувиар тооцоход 4,200,000 төгрөг,

-Үндсэн үүргээс хугацаа хэтрүүлж төлсөн 10,000,000 төгрөгт ногдох алдангийг гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хугацаа хэтрүүлж төлсөн өдөр болох 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 67 хоногт ногдох 3,350,000 төгрөгийн алданги, нийт 48,350,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Үүнээс зээлдэгч нар нь үндсэн үүрэгт 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20,000,000, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 22-ны өдрүүдэд 10,000,000 төгрөг, зээлийн хүү алдангид 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 /500,000+500,000/ төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,800,000 /900,000+900,000/, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөгт ногдох үнэт эдлэл, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 60,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,400,000 төгрөг, 1,218,000 төгрөгий үнэ бүхий шүрэн эдлэл, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, жи/толгойны үнэ 5,400,000 төгрөг, нийт 48,278,000 төгрөгийг зээлдүүлэгч Л.Бд төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд, үнэт эдлэл хүлээн авсан талаархи талуудын хооронд үйлдсэн бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 36-53 дугаар тал/

 

Эдгээр төлбөр төлсөн баримтуудаас нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1,400,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1,000,000 төгрөг, жи/толгойны үнэ 5,400,000 төгрөг төлсөн баримтуудыг үгүйсгэж, эдгээр баримтуудаар төлсөн гэх мөнгөн хөрөнгө нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь,

 

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг ...Бд 30 саяаас үндсэн зээл төлөв гэх гүйлгээний утгаар Б.Ц гэх иргэний дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 47 дугаар тал/ Уг мөнгөн шилжүүлгийг хариуцагчаас Л.Бгийн хамт явсан жолооч нь зогсох хориотой газар машинаа байрлуулснаас 60,000 төгрөг торгуулсан. Уг торгуулийн төлбөрийг төлчих, зээлийн хүүнээс хасч тооцно гэсний дагуу шилжүүлсэн гэж тайлбарласан. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгээс заасан этгээдэд хүлээлгэн өгч болно. Дээрх мөнгөн шилжүүлгийн баримт болон хариуцагчийн тайлбарыг харьцуулан үзэхэд 60,000 төгрөгийг Л.Бд төлөх зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж үзэхээр байна.

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1,400,000 төгрөг болон 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1,000,000 төгрөгийн төлбөрийн мөнгөн хөрөнгийг хариуцагч тал 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж тайлбарласан. Уг тайлбарыг хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтуудын он, сар, өдөр болон зээлдэгч нарын төлвөл зохих үүргийн үнийн дүнгийн хэмжээ зэрэг үйл баримттай харьцуулан үзэхэд хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгүүдийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Хэрэгт бичмэл нотлох баримтаар авагдсан улаан хавтас бүхий дэвтрийн 18 дугаар хуудасны арын нүүрэнд 7-1,800,000, 8-1,800,000, 9-1,800,000, жи толгой авч явлаа үзээд авчирч өгнө, хүлээлгэн өгсөн З.Б гэх баримтад мэдээлэл агуулагдсан. Уг бичгийг хариуцагч талаас ....Л.Б нь 2017 оны 7, 8, 9 дүгээр сард төлөх зээлийн хүүд тооцож 5,600,000 төгрөгийн үнэлгээтэй байсан шүрэн толгойг 5,400,000 төгрөгөөр тооцон авсан гэж тайлбарласан.

 

Уг бичвэрийг нэхэмжлэгч Л.Б нь ...би бичээгүй, ийм эд зүйл аваагүй гэж үгүйсгэсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дээрх бичвэр болон нэхэмжлэгч Л.Бгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтээр бичсэн гар бичмэлүүдийг нэг хүн бичсэн байна гэх дүгнэлтийг гаргасан. /хх-ийн 219-134 дүгээр тал/

 

Дээрх шинжээчийн дүгнэлт болон хариуцагчийн гаргасан тайлбар, уг бичмэл улаан хавтас бүхий дэвтрийн баримтад агуулагдсан баримтад мэдээлэл, гэрч Д.Г, Ш нарын мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслүүдээр нэхэмжлэгч Л.Б нь 5,400,000 төгрөгийн үнэ бүхий шүрэн эдлэлийг зээлийн гэрээний үүрэгт тооцож хариуцагч З.Бээс авсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал, зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу 6 хувиар 1 сард төлөх хүүгийн төлбөр 1,800,000 төгрөг байх ба уг бичвэрт 7-1,800,000, 8-1,800,000, 9-1,800,000 гэж агуулагдсан байх ба үүнийг хариуцагчаас 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудын зээлийн хүүгийн төлбөрт тооцож авсан гэх тайлбар үндэслэл бүхий байна.

 

Энд, гэрч нарын мэдүүлгээр +21, +29 гэх хэмжээтэй шүрэн толгойнууд нь тус тусдаа эдлэлүүд бөгөөд +21 хэмжээтэй шүрэн толгойг нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч З.Бээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцож авсан. +29 хэмжээтэй шүрэн толгой нь гэрч Д.Г нь Л.Бгаас 1700 ам доллар зээлэхдээ барьцаалсан шүрэн толгой болох нь талууд болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 137-139 дүгээр тал/

 

Хариуцагч З.Б нь Тын хамт 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Л.Бтай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 108 дугаар тал/

 

Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Л.Бгаас 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ц.Тын эзэмшлийн данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-ийн 103 дугаар тал/

 

Хариуцагч З.Бээс ...Ц.Т нь Л.Бгаас 10,000,000 төгрөг зээлэхээр тохирсон боловч бодитоор 5,000,000 төгрөгийг авсан. Уг зээлээ Ц.Т нь гэрээний хугацаандаа төлөөд дуусгасан. гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд нь Л.Б, Ц.Т нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй байна. Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ц.Ттай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзвэл энэ талаар жичдээ нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 48,350,000 төгрөг төлөхөөс 48,278,000 төгрөгийг төлж, 72,000 төгрөгийг дутуу төлсөн байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 16,902,420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч З.Б, Д.Б нараас 72,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,902,420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ