Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2018/00051/И |
Дугаар | 181/ШШ2018/00317 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2018/00317
2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 181/ШШ2018/00317 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В ХХК -д холбогдох,
500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.О хариуцагчийн төлөөлөгч М.Т гэрч Н.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь Солонгос Улсад суралцахаар Волд кореа ХХК-иар зуучлуулахаар 2017 оны 07 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 500,000 төгрөгийг төлсөн боловч уг компани надад гэрээний нэг хувь болон мөнгө төлсөн баримтыг өгөөгүй тул маргааш нь очиж танайхаар зуучлуулахаа болихоор шийдлээ гээд мөнгөө буцааж авъя гэтэл өвлийн элсэлт байгаа тэнд нь бүртгүүлж болно шүү дээ гэж хэлсэн.
Дараа нь ээж******* маань очиж мөнгөө буцааж авъя гэтэл өгөөгүй. 2017 оны 12 сарын 25-ны өдөр ээж*******, миний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй хамт очиж Волд кореа ХХК-иас надтай хийсэн гэрээ, мөнгө тушаасан баримтыг авсан.
Надад уг гэрээг уншуулж танилцуулаагүй, гэрээ болон мөнгө тушаасан баримтыг өгөөгүй тул энэ байгууллагад итгэх итгэл алдарсан. Миний бие үйлчилгээ аваагүй болно.
Иймээс хариуцагч Волд кореа ХХК-иас зуучлалын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Даваадарийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
а/. Волд кореа ХХК нь иргэн *******тай 2017.07.07-ны өдөр БНСУ-д суралцуулахаар үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 39.1, 40.1-д зааснаар хүчин төгөлдөр бүхий хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 196.1-д зааснаар талууд гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр болсон.
б/. Үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 4.2-т төлбөр төлөгч нь үйлчилгээний зардал төлсний дараа өөрийн хүсэлтээр суралцахаа больсон тухайгаа 5 хоногийн дараах хугацаанд Волд кореа ХХК-ийн захиргаанд бичгээр мэдэгдсэн тохиолдолд үйлчилгээний зардлыг буцаан олгохгүй болно гэж заасан.
Гэвч үйлчлүүлэгч ******* үйлчилгээний хөлсийг 2017 оны 07 сарын 07-ны өдөр өгч, гэрээ байгуулагдсаны дараа 2017.07.22-ны өдөр ирж суралцахаа больсон тухайгаа хэлэхэд бид өргөдлөө бичээд өгөөрэй гээд хэлсэн боловч, өргөдлөө бичилгүй гэрээнийхээ өөртөө үлдэх нэг хувийг орхин явсан.
Үүний дараагаар 2017.12.22-ны өдөр ирж төлбөрөө нэхсэн манай байгууллагын зүгээс гэрээнийхээ дагуу төлбөрийг буцаан олгоогүй.
в/. ******* нь нэхэмжлэлдээ үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ болон төлбөр төлсөн баримтын нэг хувийг өгөөгүй би уншиж танилцаагүй гэж огт үндэслэлгүй зүйл дурдсан байдаг. Бид гэрээ байгуулахдаа гэрээний заалт бүрийг уншиж танилцуулж, *******д нэг хувийг өгч бүртгүүлэхээ болихоор тохиолдолд гэрээний дагуу шийдвэрлэхийг маш сайн тайлбарлаж өгч гарын үсэг зуруулсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Волд кореа ХХК-д холбогдуулан, зуучлалын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Б.Даваадарийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Талууд 2017 оны 07 сарын 07-ны өдөр 17 тоот Үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ байгуулж, Волд кореа ХХК нь БНСУ-ын их дээд сургуульд элсэн суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, орчуулах, виз авахад туслалцаа үзүүлэх, улмаар БНСУ-ын холбогдох их дээд сургуультай гэрээ байгуулахад холбож өгөх, ******* нь 500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаанд хамаарч байна.
Б.Даваадариас ажил, үйлчилгээний хөлсөнд 2017 оны 07 сарын 07-ны өдөр Волд кореа ХХК-д 500,000 төгрөг төлсөн болох нь 2017161 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч тал гэрээ байгуулахад нэг хувийг өгөөгүй, уншиж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, мөн гэрээнд уншихгүй гарын үсэг зур гэж Волд кореа ХХК-ийн зүгээс шахаж шаардаагүй гэх гэрч*******ийн тайлбараар няцаагдаж байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
Хариуцагч тал Үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад үйлчилгээний зардлыг буцаан олгох талаар зохицуулсан, ******* нь гэрээнд заасан хугацаанд Волд кореа ХХК-д бичгээр хандаагүй учир үйлчилгээний зардлыг буцаан олгох үндэслэлгүй хэмээн тайлбарладаг.
Гэрээний талууд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тухайн тохиролцоо нь шударга ёсны зарчим болон хуульд нийцсэн байх учиртай.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т зааснаар талууд гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй ба БНСУ-д суралцахаа больж байгаа талаар 2017 оны 07 сарын 08-ны өдөр мэдэгдсэн гэж *******, 2017 оны 07 сарын 22-ны өдөр мэдэгдсэн гэж Волд кореа ХХК тус тус тайлбарладаг.
Үүнээс үзэхэд зуучлуулагч ******* нь БНСУ-д суралцахгүй болсон тухай хүсэл зоригоо зуучлагч Волд кореа ХХК-д мэдэгдсэн, Волд кореа ХХК энэ талаар мэдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд бичгээр мэдэгдэнэ гэх гэрээний зохицуулалт ач холбогдолгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд үйлчилгээний зардал гэх 500,000 төгрөгт ямар үйлчилгээнүүд багтсан талаар зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан Б.Даваадарийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, сурлагын дүнгийн хуулбар, түүний баталгаат орчуулга зэрэг баримтаас үзэхэд Волд кореа ХХК нь гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан зарим үйлчилгээг үзүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулах, гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлагатай учир хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн Б.Даваадарийн анкет гэх, Б.Даваадарийн өмнөөс бичсэн эссе гэх Солонгос хэл дээр үйлдэгдсэн бичгийн нотлох баримтыг үнэлэх, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Нэг талаас Волд кореа ХХК ийнхүү гэрээнд заасан зарим үйлчилгээг үзүүлж, тодорхой хэмжээний зардал гаргасан байхад 500,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* хариуцагчаас бүхлээр нь буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, нөгөө талаас гэрээнд заасан зарим үйлчилгээг огт үзүүлээгүй, түүнтэй холбоотой зардал гаргаагүй байж 500,000 төгрөгийг бүхлээр нь буцаан олгохгүй гэсэн хариуцагч Волд кореа ХХК-ийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд зуучлалын гэрээг дуусгавар болгох хүртэлх хугацаанд хийсэн ажил, үйлчилгээний зардлыг хасч, үлдсэн мөнгийг хариуцагч Волд кореа ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Волд кореа ХХК нь гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлд заагдсан ажил, үйлчилгээг мэдээлэл зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт, орчуулгыг хийх, виз авахад туслалцаа үзүүлэх, БНСУ-ын их дээд сургуультай холбож, улмаар сургалтын гэрээ байгуулах гэх 5 багцад хувааж болохоор байх ба үүнээс зарим мэдээлэл, зөвлөгөө өгсөн, зарим бичиг баримтын бүрдүүлэлт, орчуулгыг хийсэн байх тул 100,000 төгрөгийг хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний зардалд үлдээж, үлдэх 400,000 төгрөгийг хариуцагч Волд кореа ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3-т зааснаар хариуцагч Волд кореа ХХК-иас 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Волд кореа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 12,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР