Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/00242

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр Дугаар 181/ШШ2019/00242 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.З  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж  ХХК -д холбогдох,

 

Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 65,436,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Айзава Монгол ХХК нь 2018 оны 03 сарын 22-ны өдөр Жужу ХХК-тай 18-4/01 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулж, М300 маркийн 150 м3 бетон зуурмагийг нэг м3-г нь 189,000 төгрөгөөр нийт 28,350,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2018 оны 03 сарын 23-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Үүгээр зогсохгүй гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 7 м3 бетон зуурмагийг илүү нийлүүлсэн.

Мөн хариуцагч Жужу ХХК-тай 2018 оны 04 сарын 11-ний өдөр 18-4/4 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээний дагуу 2018 оны 04 сарын 15-ны өдөр 53 м3 бетон зуурмаг буюу 7,420,000 төгрөгийн, 2018 оны 06 сарын 27-ны өдөр 13 м3 бетон зуурмаг буюу 1,820,000 төгрөгийн, 2018 оны 07 сарын 18-ны өдөр 35 м3 бетон зуурмаг буюу 4,900,000 төгрөгийн, нийт 14,140,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 43,624,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн ба энэ талаар хариуцагчтай тооцоо нийлсэн байдаг. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс худалдан авсан бетон зуурмагийн үнийг төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 43,624,000 төгрөг, алданги 21,812,000 төгрөг, нийт 65,436,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Айзава Монгол ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа алдангийн 21,812,000 төгрөгөөр багасгасан тохиолдолд эвлэрэх боломжтой.

Учир нь бетон зуурмагийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр барьж байгаа 2-р эмнэлгийн хашаанд баригдаж буй барилга барихад зарцуулсан бөгөөд Эрүүл мэндийн яам нь санхүүжилтийг бүрэн олгоогүйгээс бетон зуурмагийн үнийг төлөх хугацааг хэтрүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Айзава Монгол ХХК нь хариуцагч Жужу ХХК холбогдуулан, Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 43,624,000 төгрөг, алданги 21,812,000 төгрөг, нийт 65,436,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Жужу ХХК нь үлдэгдэл төлбөр 43,624,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 21,812,000 төгрөгийг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр Айзава Монгол ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэг. Талууд 2018 оны 03 сарын 22-ны өдөр 18-4/01 тоот, 2018 оны 04 сарын 11-ний өдөр 18-4/4 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж, Айзава Монгол ХХК нь Монгол Улсын барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн бетон зуурмагийг нийлүүлэх, Жужу ХХК нь гэрээнд заасан хугацаанд хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба худагдагч Айзава Монгол ХХК нь нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг худалдан авагч Жужу ХХК-иас шаардах эрхтэй байна.

Айзава Монгол ХХК, Жужу ХХК нарын эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нар 2018 оны 07 сарын 19-ний өдөр Бетон зуурмагийн тооцоо нийлсэн акт-ыг үйлдэж, өмнө дурдсан 2 гэрээний дагуу Жужу ХХК нь 43,624,000 төгрөгийн өглөгтэй болохыг дүгнэж, гарын үсэг болон санхүүгийн тэмдгээр баталгаажуулжээ.

Хариуцагч Жужу ХХК нь 18-4/01 тоот болон 18-4/4 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 43,624,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргаж байх тул холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй.

Хоёр. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Захиалагч нь Нийлүүлэгчид төлөх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө хэмээн заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан алдангийн зохицуулалтад нийцэж байна.

Нэхэмжлэгч Айзава Монгол ХХК нь 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны алданги гэж 21,812,000 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарладаг.

Хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй явдал нь Эрүүл мэндийн яамны санхүүжилтээс хамаарсан гэсэн үндэслэлээр 21,812,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Жужу ХХК нь 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 18-4/01 тоот болон 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 18-4/4 тоот гэрээний дагуу төлбөрийг 2018 оны 04 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөх үүргийг хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул хууль болон гэрээнд заасны дагуу алданги төлөх үүргийг хүлээнэ.

Эрүүл мэндийн яамны санхүүжилт орж ирээгүй гэх шалтгаан нь хууль болон гэрээнд заасны дагуу алданги төлөх үүргээс Жужу ХХК-ийг чөлөөлөх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Тооцоо нийлсэн акт-аар 2018 оны 07 сарын 19-ний өдрийн байдлаар Жужу ХХК нь нийт 43,624,000 төгрөгийн өглөгтэй болохыг талууд тодорхойлсон буюу уг дүнд алдангийн тооцоолол ороогүй байх тул 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс алданги тооцох нь үндэслэлгүй, харин 2018 оны 07 сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 сарын 28-ны өдөр хүртэлх алдангийг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү тооцоход 43,624,000 /үлдэгдэл төлбөр/ х 0.5% /гэрээгээр тохиролцсон алданги/ = 218,120 /нэг хоногийн алданги/ х 72 /хоног/ = 15,704,640 төгрөгийн алданги төлөх үүрэг гарч байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Жужу ХХК-иас 59,328,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Айзава Монгол ХХК-д олгож, үлдэх 6,107,360 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гурав. Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь шүүх хуралдаан биечлэн оролцох боломжгүй учир түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Жужу ХХК-иас 59,328,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Айзава Монгол ХХК-д олгож, үлдэх 6,107,360 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Жужу ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 454,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Айзава Монгол ХХК-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР