Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/00177

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2019/00177 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Э  ББСБ ХХК -д холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ-2015133 дугаар Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Алтан-Эг ББСБ ХХК-тай 2015 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ-2015133 дугаар зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ-2015133 дугаар фидуцийн гэрээг байгуулсан. Миний хувьд зээлийн гэрээ байгуулах зорилготой байсан. Гэтэл Алтан-Эг ББСБ ХХК нь дээрх фидуцийн гэрээг байгуулсан тохиолдолд зээл олгоно гэсэн нөхцөл тавьсан учраас би фидуцийн гэрээг байгуулсан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 453.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.6-д Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасан барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэдэг заалтыг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ.

а/. Барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг барьцааны гэрээнд заасан үнэ ханшаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байхыг хэлнэ.

б/. Барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэдэгт зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөх гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээнд заасан нөхцлийг үндэслэн Иргэний хуулийн 158, 163 дугаар зүйлд заасан журмын дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулж, төлбөрөө барагдуулахыг ойлгоно.

Иргэний хуулийн 158 дугаар зүйл. Барьцаалагчийн шаардлагыг хангах гэсэн агуулгатай байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүссэн.

Фидуцийн гэрээ гэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах эрхтэй тул Фидуцийн гэрээ Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд хамааралгүй бөгөөд зөвхөн эд хөрөнгийг барьцаалан зээл олгох эрхтэй гэж үзэж байна.

Иймд Алтан-Эг ББСБ ХХК-тай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ-2015133 дугаар фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Баярсайхан нь 2015 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ-2015133 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Улмаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулах арга замаар шийдвэрлэхээр тохиролцож Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай БГ-2015133 дугаартай гэрээг байгуулсан.

Д.Баярсайхан нь зээлийн гэрээнд заасан үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд гэрээнд заасан нөхцөл журмын дагуу биелүүлээгүй бөгөөд Алтан-Эг ББСБ ХХК-д хандаж 2016 оны 03 сарын 22-ны өдөр, 2016 оны 04 сарын 01-ний өдөр, 2016 оны 04 сарын 07-ны өдрүүдэд тус тус хүсэлт гаргаж зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хойшлуулахыг хүсэж байгаа бөгөөд Алтан-Эг ББСБ ХХК-иас түүний хүсэлтийн дагуу төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан юм.

Ингээд төлбөрийг төлөхгүй байсан тул БГ-2015133 дугаартай гэрээгээр тохиролцсоны дагуу түүний автомашиныг хүлээн авсан болно.

Дээрх гэрээнүүд нь талуудын хүсэлтээр хийгдсэн аливаа хууль зөрчөөгүй гэрээнүүд болно.

Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлүүд хамаарахыг Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор тайлбарласан байна.

Иймд Д.Баярсайханы гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь хариуцагч Алтан-Эг ББСБ ХХК-д холбогдуулан, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн БГ-2015133 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талууд 2015 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ-2015133 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Д.Баярсайхан нь 40,000,000 төгрөгийг 5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэгч Алтан-Эг ББСБ ХХК-иас зээлж авсан байна. /хх-5-6х/

Мөн өдөр талууд БГ-2015133 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж, өмнө байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Тоёота Ланд Крузер 200 /Toyota Land Cruiser/ маркийн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, шаргал өнгийн, 90-90 УБЭ улсын дугаартай автомашиныг Алтан-Эг ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд автомашиныг Д.Баярсайханы өмчлөлд буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-7-8х/

Нэхэмжлэгч тал нь дээр дурдсан БГ-2015133 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлээ Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу Алтан-Эг ББСБ ХХК нь фидуци-ийн гэрээ байгуулах эрхгүй, харин эд хөрөнгийг барьцаалан зээл олгох эрхтэй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл болно хэмээн тайлбарлаж байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг сонгож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцэж байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй, улмаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцох үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй учир нэхэмжлэгч Д.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Үүрэг хүлээгч Д.Баярсайхан зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч Алтан-Эг ББСБ ХХК бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан Д.Баярсайханаас Алтан-Эг ББСБ ХХК-д гаргасан 2016 оны 03 сарын 22-ны өдөр, 2016 оны 04 сарын 01-ний өдөр, 2016 оны 04 сарын 07-ны өдрийн өргөдөл, Зээлийн дансны хуулга /хх-13х/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Алтан-Эг ББСБ ХХК-д холбогдох, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн БГ-2015133 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, нэхэмжлэгч Д.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР