Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02500

 

 

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02500

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш   ХХК-д  холбогдох,

 

Үлдэгдэл төлбөр 93,069,286 төгрөг, алданги 46,534,643 төгрөг, нийт 139,603,929 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь******* ХХК-тай 2016 оны 10 сарын 24-ний өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан Алаг толгойн уурхайгаас УБТЗ-ын 25 зөрлөг буюу Олон овоот хүртэл 20 км зайд нүүрс тээвэрлэлтийн ажил хийж гүйцэтгэхээр тохирсон юм. Гэрээгээр тохиролцсоны дагуу 1тн/км-г нь 130 төгрөгөөр тохирч 30,000 тн ачаа тээвэрлэх тутамд тооцоо нийлж, төлбөр төлөхөөр тохирсон юм. Мөн******* ХХК-иас түлшийг гаргасан тохиолдолд тээвэрлэлтийн үнээс түлшний үнийг хасаж тооцохоор тохирсон юм.

2017 оны 05 сарын 01-ний өдөр 2 талаас эцсийн байдлаар тооцоо нийлж тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг тооцоогоор 131,547,256 төгрөгийг******* ХХК нь манай компанид төлөх үлдэгдэлтэй гарсан. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш манай компани нэмж 18,510,830 төгрөгийн тээвэрлэлт хийсэн бөгөөд үүнээс түлшний зардал 6,988,800 төгрөгийг хасаж тооцон 143,069,286 төгрөгийн авлагатай байсан юм.

2017 оны 05 сарын 12-ны өдөр******* ХХК-иас тээврийн хөлсөнд 50,000,000 төгрөг төлсөн бөгөөд нийт үлдэгдэл нь 93,069,286 төгрөг болсон бөгөөд хариуцагч компани өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй, гэрээнийхээ үүргийг зөрчин манай компанийн хохироож байна.

Уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манай компани 7 ширхэг 70 тн-н даацтой Норд Бенз машинаар ажилласан бөгөөд машины засвар үйлчилгээ, ажилчдын цалин гэх мэт ихээхэн зардал гарган, гэрээнд заасан үүргээ биелүүлж, тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн юм.

Мөн гэрээний 3.5-д ... тээвэрлүүлэгч нь төлбөрийг тооцоо нийлснээс хойш 7 хоногт багтаан төлөх ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө... гэж заасан тул Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 93,069,286 төгрөгийн 50% буюу 46,534,643 төгрөг нийт 139,603,929 төгрөгийг******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь ******* ХХК-тай 2016 оны 10 сарын 24-ний өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн уурхайгаас УБТЗ-ын 25 зөрлөг буюу Олон овоот өртөө хүртэлх 20 км зайд нүүрс тээвэрлүүлж байсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ ******* ХХК-ийн Норд Бенз машинаар тээвэрлэлтийг хийж байсан.

Манай компанитай тохиролцон гэрээт үүргээ биелүүлж байхдаа тус компани нь Сүхбаатар аймагт байрлах уурхайтай давхар гэрээ байгуулан ачаа тээвэрлэлтээ хийж байсан учраас манай компанийн ажлыг цалгардуулж эхэлсэн.

Мөн тус компанийн нягтлан бодогч нар одоог хүртэл төлбөрийн асуудлаар санхүүгийн баримтуудад гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй байна.

Иймд ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 93,069,286 төгрөг, алданги 46,534,643 төгрөг, нийт 139,603,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч******* ХХК нь өөрийн татгалзлын үндэслэлийг ачаа тээвэрлэгч нь өөр байгууллагатай давхар гэрээ байгуулан ажил цалгардуулсан, компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлээгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэг. Хэргийн тухайд.

Талууд 2016 оны 10 сарын 24-ний өдөр WM-T16/03 тоот Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, ******* ХХК нь Алаг толгойн уурхайгаас Улаанбаатар төмөр замын 25-р зөрлөг хүртэлх зайд ачаа тээвэрлэх,******* ХХК нь тээвэрлэлтийн хөлсийг 1 тн/км-ийг 130 төгрөгөөр тооцон төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-7х/

Алаг толгойн уурхайгаас Улаанбаатар төмөр замын 25-р зөрлөг хүртэлх зайг хэмжихэд 20 км гарсан байна. /хх-8х/

Мөн талуудын хооронд бутлуурын төхөөрөмж түрээслүүлэх, түрээслэх харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан******* ХХК-ийн уурхайд ажиллуулсан бутлуурын төхөөрөмжийн тооцоо гэх баримтаар тогтоогдож байна. /хх-9х, 43х/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа болон түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь ачаа тээвэрлэсний хөлс, бутлуур түрээсэлсний төлбөрийг хариуцагч******* ХХК-иас тус тус шаардах эрхтэй байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т Ачаа тээвэрлэлтийн 30,000 тн тутамд тооцоо нийлж төлбөрийг гүйцэтгэнэ гэж заасан байх ба талууд 2017 оны 05 сарын 01-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 38,868.39 тн нүүрс тээвэрлэж, 23,297 литр түлш авсан, 2017 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар******* ХХК-иас ******* ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл нийт 131,719,266 төгрөг байгаа болохыг баталгаажуулсан байна. /хх-10х/

Талууд тооцоололдоо 172,010 төгрөгийн зөрүү гаргасан учир түүнийг хасч тооцон 131,547,256 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг гараар бичиж зөвтгөсөн байх бөгөөд уг баримтанд ******* ХХК-ийн нягтлан бодогч Ц.Энхзоригт гэх этгээд,******* ХХК-ийн нягтлан бодогч Г.Санчир гэх этгээд нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зөвтгөсөн дүнг бичсэн хэсэгт******* ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан байна. /хх-10х, 44х/

Улмаар талууд зөвтгөсөн дүнгээр дахин тооцоо нийлэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн байдаг. /хх-42х/

Иймд компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлээгүй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан тус компани нь Сүхбаатар аймагт байрлах уурхайтай давхар гэрээ байгуулан ачаа тээвэрлэлтээ хийж байсан учраас манай компанийн ажлыг цалгардуулж эхэлсэн гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Талуудын тооцоо нийлж, баталгаажуулсан өдрөөс хойшхи хугацаанд буюу 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ******* ХХК нь нийт 7,119.55 тн буюу нийт 18,510,830 төгрөгийн ачаа тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 05 сарын 01-нээс хойш******* ХХК-д тээвэрлэсэн тээврийн дэлгэрэнгүй бүртгэл болон холбогдох Тооцооны хуудас-уудаар нотлогдож байна. /хх-14-28х/

Иймд******* ХХК-ийн тээвэрлэлтийн гэрээ болон түрээсийн гэрээний дагуу хүлээх үүрэг нь (121,197,256 + 18,510,830) + 10,350,000 = 150,058,086 төгрөг болж байна.

Үүнээс 2017 оны 05 сарын 12-ны өдөр******* ХХК-иас төлсөн гэх 50,000,000 төгрөг болон ******* ХХК-ийн 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд хэрэглэсэн гэх түлшний үнэ 6,988,800 төгрөгийг хасч тооцоход 93,069,286 төгрөг болж байна.

Талууд Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

Гэрээний 3.5-д төлбөрийг тооцоо нийлснээс хойш 7 хоногт багтаан төлөөгүй бол алданги төлөхөөр зохицуулсан учир тооцоо нийлэн баталгаажуулаагүй 18,510,830 төгрөгөөөс, мөн бутлуур түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй учир 10,350,000 төгрөгөөс тус тус алданги тооцох үндэслэлгүй байна.

Иймд хууль буюу гэрээнд заасны дагуу 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцоход (71,197,256 х 0.5%) = 355,986.28 х 313 = 111,423,705.64 төгрөг гарч байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн 71,197,256 х 50% = 35,598,628 төгрөгийн алдангийг хариуцагчид ногдуулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч******* ХХК-иас нийт 128,667,914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 10,936,015 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан 60 хоногийн үндсэн хугацаа, 71.2-т заасан нэмэлт 30 хоногийн хугацаа дуусаад даруй 150 гаруй хоног өнгөрсөн байна.

Энэ хугацаанд шүүх хурал нийт 10 удаа хойшилсон байх бөгөөд эдгээрээс 8 нь өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, захирамжид гомдол гаргах, гэрч асуулгах, өөр өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөсөө татгалзах г.м хариуцагч талын хүсэлтээр болон гэрч ирээгүй, өвчтэй шалтгаанаар хойшилсон байдаг.

2018 оны 11 сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзул оролцож захирамжид гомдол гаргана гэснээр шүүх хуралдаан хойшилсон. Шүүхийн зүгээс зохигч талуудын хүсэл зоригийг харгалзан хойшлуулсан шүүх хуралдааныг 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлосон.

Улмаар хариуцагч тал 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааныг шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хүсэлтэд хавсаргасан баримтаас үзэхэд хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давхацсан гэх 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 10:00 цагийн шүүх хуралдаан 2018 оны 11 сарын 22-ны өдөр товлогдсон байдаг.

Иймд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа 150 гаруй хоногоор хэтэрсэн, давхацсан гэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, товлосны дараа товлогдсон, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг өмнө товлогдсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны товоор хойшлуулах боломж байсан, мөн иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хойшилж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч талаас гаргасан хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус зааснаар хариуцагч******* ХХК-иас нийт 128,667,914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 10,936,015 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 856,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 30 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамж 855,970 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР