Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00214

 

ВХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02500 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК-д холбогдох,

Үлдэгдэл төлбөр 93 069 286 төгрөг, алданги 46 534 643 төгрөг, нийт 139 603 929 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани Ш ХХК-тай 2016 оны 10 сарын 24-ний өдөр ...уурхайгаас... хүртэл 20 км зайд нүүрс тээвэрлэлтийн ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулан 1тн/км-г нь 130 төгрөг байх, 30 000 тн ачаа тээвэрлэх тутамд тооцоо нийлж, төлбөр төлөхөөр, Ш ХХК-аас түлш гаргасан тохиолдолд тээвэрлэлтийн үнээс түлшний үнийг хасаж тооцохоор тохирсон юм. 2017 оны 05 сарын 01-ний өдөр 2 талаас эцсийн байдлаар тооцоо нийлж акт үйлдсэн бөгөөд уг тооцоогоор 131 547 256 төгрөгийг Ш ХХК нь манай компанид төлөх үлдэгдэлтэй гарсан. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш манай компани нэмж 18 510 830 төгрөгийн тээвэрлэлт хийсэн бөгөөд үүнээс түлшний зардал 6 988 800 төгрөгийг хасаж тооцон 143 069 286 төгрөгийн авлагатай байсан. 2017 оны 05 сарын 12-ны өдөр Ш ХХК-аас тээврийн хөлсөнд 50 000 000 төгрөг төлсөн бөгөөд нийт үлдэгдэл нь 93 069 286 төгрөг болсон бөгөөд хариуцагч компани өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй, гэрээнийхээ үүргийг зөрчин манай компанийн хохироож байна. Уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манай компани 7 ширхэг 70 тн даацтай ...машинаар ажилласан бөгөөд машины засвар үйлчилгээ, ажилчдын цалин гэх мэт ихээхэн зардал гарган, гэрээнд заасан үүргээ биелүүлж, тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн юм. Гэрээний 3.5-д ... тээвэрлүүлэгч нь төлбөрийг тооцоо нийлснээс хойш 7 хоногт багтаан төлөх ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө... гэж заасан тул Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 93 069 286 төгрөгийн 50 хувь буюу 46 534 643 төгрөг нийт 139 603 929 төгрөгийг Ш ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт:  Тус компани нь В ХХК-тай 2016 оны 10 сарын 24-ний өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн уурхайгаас... өртөө хүртэлх 20 км зайд нүүрс тээвэрлүүлж байсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ В ХХК-ийн ...машинаар тээвэрлэлтийг хийж байсан. Гэрээт үүргээ биелүүлж байхдаа тус компани нь ... аймагт байрлах уурхайтай давхар гэрээ байгуулан ачаа тээвэрлэлт хийж манай компанийн ажлыг цалгардуулж эхэлсэн. Мөн тус компанийн нягтлан бодогч нар одоог хүртэл төлбөрийн асуудлаар санхүүгийн баримтуудад гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй байна. Иймд ВХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас нийт 128 667 914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ВХХК-д олгож, үлдэх 10 936 015 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 856 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 30 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамж 855 970 төгрөгийг хариуцагч Ш ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ВХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.  

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөгийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь хянан үзээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж байна. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан байхад хурлыг үргэлжлүүлсэн нь анхан шатны шүүхэд нэмэлт нотлох баримт гаргаж өгөх болон бусад эрхийг зөрчсөн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахиан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 139 603 929 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа, үүргийн зөрчил, шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Талууд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, ...уурхайгаас ... өртөө хүртэл 20 км зайд нүүрс тээвэрлэх, гэрээнд заасан ажлыг хариуцагч нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэх, тээвэрлэгч болон ачаа илгээгч талууд ачааны төрөл, тээврийн хэрэгсэл тус бүр дээр дагалдах бичиг үйлдэх, ачаа тээвэрлэлтийн хөлс 1тн/км нь 130 төгрөг, ачаа тээвэрлэлтийн 30 000 км тутамд тооцоо нийлж, энэ өдрөөс хойш 7 хоногт төлбөр төлөхөөр тохиролцсон байх ба тэрээр ачаа тээвэрлэх зам 20 км зайтай болохыг тогтоосон акт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлджээ. Хэргийн 9 дүгээр талд талуудын хооронд бутлуурын төхөөрөмж түрээслэх харилцаа байсан, 10 350 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй тухай баримт авагдсан байх ба зохигчид гэрээний нөхцөлийн талаар маргаагүй байна. Шүүх дээрх баримтууд болоод талуудын тайлбарыг үндэслэн гэрээний үүргийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзснийг буруутгах үндэслэлгүй болно.

Зохигчид гэрээний үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлын талаар харилцан тооцоо нийлж баталгаажуулсан, хариуцагчийн тээврийн зардал төлсөн баримт, тээврийн дэлгэрэнгүй бүртгэл, тооцооны хуудас хэргийн 10, 14, 28, 42 дугаар талд авагдсанаас үзэхэд хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна.

Талуудын төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн баримтууд хэргийн 9-15 дугаар талд авагдсан, нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 38 868.39 тонн буюу 101 057 814 төгрөгийн нүүрс тээвэрлэж, 37 275 200 төгрөгийн 2327 литр шатахуун авсан, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 57 586 652 төгрөг, бутлуур түрээсийн 10 350 000 төгрөг нийт 67 936 652 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 131 719 266 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулсан байна. Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч нь 18 510 830 төгрөгийн нүүрс тээвэрлэж, 6 988 800 төгрөгийн түлш авсан, хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөг шилжүүлж 93 069 286 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоолсон байна. Ачаа тээвэрлэлтийн 30 000 тн тутамд тооцоо нийлж төлбөрийг гүйцэтгэх талуудын тохиролцоо гэрээний 3.4-т тусгагдсан байх ба хариуцагч тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй, шүүх талуудаас ирүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан дүгнэж шийдвэрээ гаргадаг журамтай. Нэхэмжлэгчийн гаргасан гэх үүргийн зөрчил, уг зөрчил ажил хэрэгт нь хэрхэн нөлөөлсөн талаар нотлох баримтгүй тул хариуцагчийн, гэрээний хугацаанд давхар гэрээ байгуулан өөр уурхайд ачаа тээвэрлэлт хийсэн гэх тайлбарыг үнэн зөв гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно. Түүнчлэн тооцоо нийлсэн актыг компанийн нягтлан бодогч үйлдээгүй гэх тайлбараа баримтаар нотлосонгүй.

 

Зохигчид гэрээгээр тохиролцсон нөхцөлд алданги шаардах эрхтэй, шүүх гэрээний 3.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн 18 510 830 төгрөгөөс тооцоо нийлэн баталгаажуулаагүй, 10 350 000 төгрөгөөс бутлуур түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй гэж 35 598 628 төгрөгийн алданги хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Шүүх хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үндэслэл нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан захирамж, хурлын тов мэдэгдсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтаас тодорхой байх ба уг шийдвэрийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 801 290 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ