Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00309

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02500 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаар магадлалтай,

В ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш ХХК-д холбогдох

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 93.069.286 төгрөг, алданги 46.534.643 төгрөг, нийт 139.603.929 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч В ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани Ш ХХК-тай 2016 оны 10 сарын 24-ний өдөр Алаг толгойн уурхайгаас УБТЗ-ын 25 зөрлөг буюу Олон овоот хүртэл 20 км зайд нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 1тн/км-г нь 130 төгрөг байх, 30 000 тн ачаа тээвэрлэх тутамд тооцоо нийлж, Ш ХХК-аас түлш гаргасан тохиолдолд тээвэрлэлтийн үнээс түлшний үнийг хасаж тооцохоор тохирсон. 2017 оны 5 сарын 01-ний өдөр 2 талаас эцсийн байдлаар тооцоо нийлж акт үйлдсэн бөгөөд уг тооцоогоор 131.547.256 төгрөгийг Ш ХХК нь манай компанид төлөх үлдэгдэлтэй гарсан. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш манай компани нэмж 18.510.830 төгрөгийн тээвэрлэлт хийсэн бөгөөд үүнээс түлшний зардал 6.988.800 төгрөгийг хасч тооцон 143.069.286 төгрөгийн авлагатай байсан. 2017 оны 05 сарын 12-ны өдөр Ш ХХК-аас тээврийн хөлсөнд 50.000.000 төгрөг төлсөн бөгөөд нийт үлдэгдэл нь 93.069.286 төгрөг болсон бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй, гэрээнийхээ үүргийг зөрчиж байна. Уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манай компани 7 ширхэг 70 тн даацтай Норд Бенз машинаар ажилласан бөгөөд машины засвар үйлчилгээ, ажилчдын цалин гэх мэт ихээхэн зардал гарган, гэрээнд заасан үүргээ биелүүлж, тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 3.5-д ...тээвэрлүүлэгч нь төлбөрийг тооцоо нийлснээс хойш 7 хоногт багтаан төлөх ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө... гэж заасан тул Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 93.069.286 төгрөгийн 50 хувь буюу 46.534.643 төгрөг, нийт 139.603.929 төгрөгийг Ш ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус компани нь В ХХК-тай 2016 оны 10 сарын 24-ний өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн уурхайгаас УБТЗ-ын 25 зөрлөг буюу Олон овоот өртөө хүртэлх 20 км зайд нүүрс тээвэрлүүлж байсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ В ХХК-ийн Норд Бенз машинаар тээвэрлэлтийг хийж байсан. Гэрээт үүргээ биелүүлж байхдаа тус компани нь Сүхбаатар аймагт байрлах уурхайтай давхар гэрээ байгуулан ачаа тээвэрлэлт хийж манай компанийн ажлыг цалгардуулж эхэлсэн. Мөн тус компанийн нягтлан бодогч нар одоог хүртэл төлбөрийн асуудлаар санхүүгийн баримтуудад гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй байна. Иймд В ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02500 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас нийт 128 667 914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, үлдэх 10 936 015 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 856 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 30 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамж 855 970 төгрөгийг хариуцагч Ш ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 801 290 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн Ш ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...В ХХК нь 139.603.929 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн агуулгаа “ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний хөлс гэж тодорхойлсон ба шүүх энэ шаардлагаар 2018 оны 3 сарын 28-ны өдөр шүүгчийн 181/Ш32018/03830 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ш ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба В ХХК нь ачааг тээвэрлэхдээ хугацаа алдсан, товлосон өдөр хоногийг хэтрүүлснээс манай компанийн уурхайн ажилчид сул зогсолт хийж, хөлслөн авсан техник тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээс компанид хохирол учирсан. Улмаар тээвэрлэлт удааширснаас борлуулалтын орлого буурч бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөн ба нэхэмжлэгч В ХХК нь гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх “мөн талуудын хооронд бутлуурын төхөөрөмж түрээслүүлэх, түрээслэх харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан “Ш ХХК-ийн уурхайд ажиллуулсан бутлуурын төхөөрөмжийн тооцоо” гэх баримтаар тогтоогдож байна” гэж дүгнээд Ш ХХК-аас ачаа тээвэрлэлтийн болон бутлуур түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд 2016 оны 10 сарын 24-ний өдөр WM-Т 16/03 дугаартай “Ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдсан, нэхэмжлэгч В ХХК нь 2018 оны 3 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу 93.062.286 төгрөгийн төлбөр” шаардсан. Энэ үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 3830 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба захирамжид зөвхөн ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 139.603.929 төгрөгийг Ш ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. Эндээс харахад анхан шатны шүүх нэхэмжлэлээр шаардаагүй, мөн иргэний хэрэг үүсгэсэн захирамжид “заагдаагүй бутлуурын үнэ” гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, мөн иргэний хэрэг үүсгээгүй асуудлыг шийдвэрлэсэн, талуудыг мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Гэрээний үүргийн харилцаанд дүгнэлт хийлгүй, гэрээнд заасан дагалдах бичигт ач холбогдол өгөлгүй, хожим нөхөж тооцоо нийлсэн актад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн гэрээ хүчинтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй. Алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгээр бодоогүй буюу гэрээгээр тохиролцсон нийт хугацаанд алдангийг хамааруулан бодсон нь тооцооллын алдаатай. Нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулалгүй, үйл баримтыг тогтоогоогүй, талуудад мэтгэлцэх боломжийг олгоогүй шийдвэрлэснээр хариуцагчид хэт хохиролтой шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжихээр заасан ба хариуцагчийн эзгүйд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж хариуцагч талд татгалзлаа тайлбарлах, нэхэмжлэлийг үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг зөрсөн. Мөн мэтгэлцээнийг анхан шатны шүүх явуулаагүй нь нэхэмжлэлийн хүрээнээс хальсан шийдвэр гархад нь нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Ш ХХК-аас 128.677.914 төгрөг гаргуулан В ХХК-д олгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш ХХК-с тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 93.069.286 төгрөг, алданги 46.534.643 төгрөг, нийт 139.603.929 төгрөг гаргуулах В ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд 2016.10.24-ний өдөр тээвэрлэлтийн болон түрээсийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу дүгнэжээ.

Алаг толгойн уурхайгаас Улаанбаатар төмөр замын 25-р өрлөг хүртэлх 20 км зайд нүүрс тээвэрлэх гэрээ мөн бутлуур түрээслэх гэрээгээр хүлээсэн үүргээ В ХХК биелүүлсэн, Ш ХХК нь хөлс 93.069.286 төгрөг, түүнчлэн нэмэлт ажлын хөлс 18.510.530 төгрөг тус тус төлөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч уг мөнгийг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д тээвэрлүүлэгч нь төлбөрийг тооцоо нийлснээс хойш 7 хоногт багтаан төлөх ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоногийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж заасан байна. Хэргийн баримтаас үзвэл талууд удаа дараа тооцооны үлдэгдлийг баталгаажуулж акт үйлдэж байсан байх бөгөөд сүүлийн тооцоо нийлсэн актад заасан огнооноос хойш төлбөрийн үлдэгдэл тээвэрлэлтийн гэрээний дагуух 71.197.256 төгрөгөөс /бутлуурын түрээс болон нэмж тээвэрлэсэн ажлын хөлс ороогүй/ алданги бодож гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Хариуцагч хариу тайлбартаа, В ХХК нь ачааг тээвэрлэхдээ хугацаа алдсан, товлосон өдөр хоногийг хэтрүүлснээс ажилчид сул зогссон, хөлслөн авсан техник тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээс компанид хохирол учирсан гэж нэхэмжлэлээс татгалзсан боловч татгалзлаа нотлоогүй байна.

Бутлуур түрээслэх гэрээний үүргийг шаардаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу гэх гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 2017.04.30-ны өдөр хүртэлхи тооцоо нийлсэн актыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон ба уг актад бутлуурын түрээсийн төлбөр 10.350.000 төгрөгийг тээвэрлэлтийн хөлстэй хамтатган тооцсон, уг актыг хариуцагч үгүйсгээгүй, бутлуурын түрээсийн төлбөртэй холбоотой татгалзсан тайлбар гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02500 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Чинбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ш ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 855.970 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ