Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
Хэргийн индекс | 129/2019/00799/И |
Дугаар | 129/ШШ2021/00494 |
Огноо | 2021-11-01 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 129/ШШ2021/00494
129/ШШ2021/00494 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д овогт Б.Ш-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ШШГГ-т холбогдох
ШШГГ-т холбогдох 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №146 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 1850 тоот тогтоолоор иргэн П.О, н.Г нарт 97,699,880 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж уг материал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очсоноор гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг төлбөрөөс миний бие хэсэгчилсэн хэлбэрээр 15,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх төгрөгийг төлүүлэхээр албадлага хэрэглэж миний эзэмшлийн /хувьчлагдаагүй/ Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10-н жилийн зүүн урд байрлах залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах нэгж талбарын 65113010014 дугаартай 340 мкв орон сууцны зориулалттай газар, мөн дутуу баригдсан барилгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар үнэлгээчин томилж үнэлүүлсэн. Ингэж үнэлэхдээ газрыг 36,926,000 төгрөг, дутуу баригдсан барилгыг 100,126,400 төгрөгөөр тус тус үнэлсэн гэсэн мэдэгдлийг надад хүргүүлсэн. Миний бие тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Орон нутгийн зах зээлийн үнэлгээнд тухайн газар 36,926,000 төгрөгөөс хавь илүү давсан үнэлгээтэй. Газрын үнэлгээ бодитой гараагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Газар дээр баригдсан орон сууц /дутуу/ барилгын үнийг хэт доогуур үнэлсэн байна. Тухайн барилгыг барихад зарцуулсан материал ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт зүйлийг тооцож үзэхэд 100,126,400 төгрөгөөс хэт давсан тооцоо байдаг. Төлбөртэй хүний юм үнэгүй гэх ойлголт байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд ямар тооцоо судалгаагаар дээрх үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй байна. Мэдэгдлээс өөр барих баримтгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь надад ямар хүнээр үнэлгээ тогтоолгох гэж буй талаар мэдэгдээгүй, мөн үнэлгээ тогтоосон тухай баримттай танилцуулаагүй бөгөөд үнийг танилцуулах шаардлагагүй гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь надад тухайн шинжээч буюу үнэлгээчинг татгалзах эрх байх ёстой гэж үзэж байна. Ямар үнэлгээчний хэдний өдрийн хэдэн тоот эрхийн актаар яаж энэ үнэлгээг хийсэн нь тодорхойгүй бөгөөд тодорхойлж өгөхгүй байгаа нь нөгөө талд үйлчлээд байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Иймээс Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1329 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичигт дурьдсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Ш нь ШШГГ-т төлбөр төлөгч байсан. Энэ үйл баримт дээр маргахгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Ш-н дутуу баригдсан барилга, Б.Ш-н нэр дээрх газар гэсэн эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон. Үнэлгээ тогтоосон процесс үйл ажиллагаа, шинжээчээр хэдийд яаж тогтоолгох гэж байгаа, шинжээч томилсон тогтоол болон бусад баримтыг Б.Ш-т танилцуулж мэдэгдээгүй. Б.Ш юу мэдсэн бэ гэхээр таны эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон гэхэд үнэлгээ хийсэн байна гэдгийг мэдсэн. Мэдсэн даруйдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан нь өмнөх хавтаст хэрэгт байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байсан Г.Э-н тайлбарт байгаа. Мэдэгдсэн даруйдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад мэдэгдэл өгч байгаа бол шийдвэр гүйцэтгэл дээр үнэлгээ тогтоосон материал баримтууд байгаа. Тухайн материал баримтуудыг хуулбарлаад аваад ир, түүний дараа дараагийн асуудал яригдана гэхээр танилцуулагдаагүй өгөөгүй гэдэг. Нэгэнт танилцаагүй, өгөөгүй, хэлэлцээгүй төрийн байгууллага төлбөр төлөгчид мэдэгдэх боломжгүй байдал үүссэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэсэн үндсэн зарчмуудтай. Хууль ёсны ашиг сонирхлыг талуудын аль алиных нь ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Төлбөр авагч, төлбөр төлөгч гэсэн 2 өөр байр сууринаас биш аль алиных нь ашиг сонирхлыг хамгаалж, энэ үйл ажиллагаа явагдах ёстой. Аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, хуулийн дагуу явагдах ёстой. Гэтэл дуудсан, ирээгүй гэдэг юм яриад ямар ч баримт материал байхгүй, хөрөнгө үнэлэх үйл ажиллагаанд төлбөр төлөгчөө оруулаагүй, түүнийх нь үр дүнд үнэлгээ нь хэт доогуур үнэлэгдсэнтэй холбогдуулан энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр бичигдсэн зүйлийг нэмж тайлбарлах шаардлагагүй. Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримттай талууд танилцсан байгаа. Шийдвэр гүйцэтгэл дээр үнэлгээ тогтоогоод байгаа процесс нь хууль зөрчсөн. Төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж чадсангүй. Тиймээс үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж оролцож байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тухайн төлбөр төлөгч Б.Ш-н газар болон дутуу баригдсан барилгыг хураасан. Дээрх хураасан үйл ажиллагаанд би өөрийн биеэр оролцсон. Мөн талуудад энэ талаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, тухайн объектуудын талаар талуудаас үнийн санал авсан. Үнийн саналаар төлбөр авагч тал нь тухайн дутуу баригдсан барилга болон газрыг нийт 50,000,000 төгрөгөөр авах үнийн санал өгсөн. Харин төлбөр төлөгч Б.Ш нь тухайн дутуу баригдсан барилга болон газрыг нийт 540,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал өгсөн. Ингээд талууд үнийн санал дээр тохиролцоогүй учраас манайхаас шинжээч томилсон байгаа. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1901136, 19010139 гэсэн дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг тус тус баримтлан шинжээч томилсон талаар талуудад мэдэгдсэн. Шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан өгч томилогдсон талаар мэдэгдсэн байгаа. Шинжээч 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээ хийсэн. Нийт 100,126,400 төгрөгөөр үнэлэгдсэн тухай манайд мэдэгдэл ирсэн. Үүний дагуу талуудад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1329 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Талуудад хууль ёсны дагуу хүргэсэн. Үүний дараа 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн саналаар тухайн газар болон дутуу баригдсан барилгыг дуудлага худалдаагаар оруулсан байгаа гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний бие хаягийн дагуу ажиллагаа явуулсан. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Ш-н эзэмшлийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд байрлалтай Залуучуудын гудамжны 5-503 тоотод байрлах газар болон дутуу баригдсан барилгыг эхний ээлжинд битүүмжлэх ажиллагаа явуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тухайн эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан. Тухайн хураах ажиллагаанд Б.Ш өөрөө оролцсон. Хураах ажиллагаа явуулж талуудад эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн. Хураасан эд хөрөнгийн хугацаа өгч, тус хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаа болон хөрөнгийн үнэлгээ тогтоож, төлбөр тооцох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэж өөрт нь албан ёсоор мэдэгдсэн. Үүнийг тэмдэглэлээр баталгаажуулсан байгаа. Мөн төлбөр төлөгч, төлбөр авагч 2 талаас үнийн санал авсан. Б.Ш өөрөө үнийн саналаа бичиж өгсөн. Тухайн дутуу баригдсан барилга болон газрыг 540,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн төлбөр авагч Д.О, Г.Г нар тухайн эд хөрөнгийг хоёулаа 50,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал гаргасан. Хоёр талын хүсэлтийг авахад үнийн санал зөрсөн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө үнэлэх, мөн шинжээч томилох ажиллагаа явуулсан. Тухайн хөрөнгийг үнэлэх талаар Б.Ш-т мэдэгдээгүй биш, мэдэгдсэн. Хөрөнгийг үнэлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу үнэлгээг хүлээн авснаас хойш шинжээч болон талуудад ажлын 3 хоногийн дотор тайлбарлана гэсний дагуу Б.Ш-т тухайн хөрөнгийг үнэлсэн талаар мэдэгдэхээр хаягаар нь очсон боловч хаяг дээрээ байхгүй байсан. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э манай ажиллагаанд оролцож байсан. Г.Э өмгөөлөгчид мэдэгдэж, тухайн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг баталгаат шуудангаар баталгаажуулж явуулсан. Мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрх нь өөрсдөд нь байгаа. Тэрийг албан тоотод дурдсан. Үүнийг бүгдээрээ хүлээж авсан. Эх хувийг нь мэдээж баталгаат шуудангаар хаягаар нь явуулсан. Тухайн үнэлгээг хүлээж аваад гомдол гаргасан байх гэж би бодож байна. Тэрнээс мэдэгдэл хүргүүлэх, шинжээч томилохыг огт мэдээгүй байсан бол гомдол гаргахгүй байх. Тухайн хөрөнгийг анхны албан дуудлага худалдаанд оруулахад төлбөр төлөгч талаас үнийн санал ирүүлээгүй, оролцоогүй учраас тухайн албадан дуудлага худалдааг дараагийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Тэр захирамжийг үндэслээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй, 2 тал шүүхэд гомдлоо гаргаад явж байгаа. Анхны шүүх хуралдаанд шинжээч оролцуулж, тухайн объектыг хэдэн төгрөгөөр яаж үнэлсэн талаар тайлбарлуулсан байгаа гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №146 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ШШГГ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хураан авсан эд хөрөнгө болох Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж, 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, түүн дээр баригдсан дутуу барилгыг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Ш нь 540,000,000 төгрөгийн, төлбөр авагч Д.О, Г.Г нар 50,000,000 төгрөгийн үнийн санал өгч, төлбөр авагч Д.О дээрх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргажээ.
Төлбөр төлөгч Б.Ш, төлбөр авагч Д.О, Г.Г нар нь дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн санал болгох доод үнийн дүн дээр харилцан тохиролцоогүй тул хариуцагч АШШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19010136, 19010139/10 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Мэргэнгүн Аудит ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгөнд үнэлгээ хийлгэхийг даалгажээ. /хх-н 121 ху/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шинжээч нь тогтоолын дагуу Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж, 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газрыг 36,926,000 төгрөгөөр, түүн дээр баригдсан дутуу барилгыг 100,126,400 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хх-н 124-128ху/
Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ш-т 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 01/1329 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба төлбөр төлөгч Б.Ш нь үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай гомдлыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзнэ. /Хх-н 129-130ху/
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ ... Тухайн газар 36,926,000 төгрөгөөс хавь илүү давсан үнэлгээтэй байсан. Газар дээр дутуу баригдсан орон сууц барилгын үнийг хэт доогуур үнэлсэн байна. Тухайн барилгыг барихад зарцуулсан материал ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт зүйлийг тооцож үзэхэд 100,126,400 төгрөгөөс хэт давсан тооцоо байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ямар хүнээр үнэлгээ тогтоолгох гэж буй талаар мэдэгдээгүй, мөн үнэлгээ тогтоосон тухай баримттай танилцуулаагүй. Учир нь надад тухайн шинжээч буюу үнэлгээчинг татгалзах эрх байсан ... гэж тайлбарлаж байх боловч шинжээчийг татгалзах үндэслэлээ тайлбарлаагүй ба нэхэмжлэгч маргаж буйгаа нотлох баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлйн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
Хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байна.
Мөн шинжээчээр томилогдсон Мэргэнгүн Аудит ХХК нь төлбөр төлөгч Б.Ш-ын эзэмшлийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж, 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, түүн дээр баригдсан дутуу барилгын үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба уг үнэлгээ хүчингүй болох үндэслэл баримтаар тогтоогдохгүй, үнэлгээ бүрэн бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19010136, 19010139/10 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу хийгдсэн Мэргэнгүн Аудит ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №146 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ш-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ШШГГ-т холбогдох 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ш-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА