Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 129/шш2020/00838

 

 

 

 

 

 

 

 

 

                                 129/шш2020/00838

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: П.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн болон нэмэгдэл, цалин урамшуулал 27.819.765 төгрөг гаргуулах тухай болон нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Ч миний бие 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Үүний улмаас шүүхэд хандаж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/шш2019/0012 тоот шийдвэр, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/00528 тоот магадлал, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 тоот тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар хэвээр үлдээж бүх шатанд миний талд гарсан учир ажилгүй байсан хугацааны зардал болох цалин хөлс, урамшууллыг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн П.Ч нь П.М надад холбогдуулж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлдээ “Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс  Архангай Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Үүний улмаас шүүхэд хандаж, 2019 оны 07 дугаар сарын 24-ний 109/ШШ2019/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0528 дугаар магадлал,  Дээд шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар хэвээр үлдээж, бүх шатанд миний талд гарсан учир ажилгүй байсан хугацааны зардал болох цалин хөлс, урамшууллыг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг тодорхойлоогүйн улмаас нэхэмжпэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэл байх тул нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч П.Ч би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл, цалин урамшуулалд 27.819.765 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шуүхэд П.М надад холбогдуулан П.Чын гаргасан
нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулахдаа 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаан үндсэн болон нэмэгдэл, цалин урамшуулалд 27.819.765 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан нөхөн
төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгуулахаар
нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжпэгчийн нэхэмжилж буй 27.819.765 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч П.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаасаа халагдсан. Ажилгүй байх хугацааны 1 жил  9 сарын цалингаа нэхэмжилж байна. Эгүүлэн ажилд томилуулах гурван шатны шүүхийн тогтоол гарсан байгаа. Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ТЗ-9  рүү цалин нэмэгдсэн. Өмнө цалин ТЗ-7-д байсан. Би одоо 2019 он хүртэл хуучнаараа нэхэмжлээд, түүнээс хойш нэмэгдлээрээ нэхэмжилж байгаа. Хугацааны тухайд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжилж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнөөдрийн шүүх хуралдаанд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга асан П.Чыг ажлаас халсан үндэслэл нь өөрийн эрхэлсэн ажилдаа итгэл, зүтгэл гаргадаггүй. Төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан. Мөн удаа дараа ажлын байрандаа архидан согтуурсан гэх үндэслэлээр захирамж гарган ажлаас халсан байдаг. Гэхдээ 3 шатны шүүх болохоор П.Чыг ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрлэсний дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нэгэнт тогтоогдсон буюу үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Чыг ажилдаа эгүүлэн томилогдоогүй байгаа гэж хэллээ. Хэрвээ томилогдоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Яагаад гэхээр томилогдсоныхоо дараа нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн болон нэмэгдэл, цалин урамшуулал 27.819.765 төгрөг гаргуулах тухай болон нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан болно.

 

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн б/147 дугаартай захирамжаар / хх-4х/ П.Чыг засаг даргын Тамгын газрын даргаар томилж, тус сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б/19 дугаартай “Засаг даргын Тамгын газрын дарга П.Чад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар / хх-5х/ түүнийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай шийдвэрээр /хх11-17х/ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Чад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, П.Чыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 528 дугаартай магадлалаар /хх 18-21х/ “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.Чыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор /хх22-24х/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 528 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Уг шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг дагуу хүчин төгөлдөр болсон болох нь талуудын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “ Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цлаинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заасан. Хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч П.Чыг 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 сарын 01 хүртэл хугацаанд ажилд эгүүлэн томилоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын  тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч П.Чын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж ажилласан бол энэ хугацаанд үндсэн болон нэмэгдэл, цалин урамшуулал  2018 оны 11, 12 сарын цалин 1.696.104 төгрөг, 2019 оны цалин 16.775.946 төгрөг, 2020 оны 1 сараас 6 сарын 1 хүртэлх цалин 7.580.985 төгрөг, нийт 26.053.035 төгрөгийн цалин авах байсан нь нэхэмжлэгч П.Чын 0142498 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар / хх9-10х/, 2018-2020 оны цалингийн хүснэгт / хх 6-8х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаас нэхэмжлэгч П.Чын ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2018 оны 11, 12 сарын цалин 1.696.104 төгрөг, 2019 оны цалин 16.775.946 төгрөг, 2020 оны 1 сараас 6 сарын 1 хүртэлх цалин 7.580.985 төгрөг, нийт 26.053.035 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл  хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргыг нэхэмжлэгч П.Чын 2018 оны 11 сарын 23-наас 2020 оны 06 сарын 01 хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 1.766.730 төгрөг гаргуулах тухай хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаас нэхэмжлэийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 358415 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаас нэхэмжлэгч П.Чад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 26.053.035 / хорин зургаан сая тавин гурван мянга гучин тав/ төгрөг гаргуулан олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж нэхэмжлэгч П.Чын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.766.730 / нэг сая долоон зуун жаран зургаан мянга долоон зуун гуч/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 358.415 / гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулан орон нутгийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН