Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00665

 

  П.Чулуунбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэр,

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар магадлалтай,

 П.Чулуунбатын нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,819,765 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч П.Чулуунбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Чулуунбат миний бие 2018.11.23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Үүний улмаас шүүхэд хандаж 2019.07.24-ний өдрийн 109/шш2019/0012 тоот шийдвэр, 2019.10.09-ний өдрийн 221/МА2019/00528 тоот магадлал, 2020.01.06-ны өдрийн 18 тоот тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож, бүх шатанд миний талд гарсан учир ажилгүй байсан 2018.11.23-ны өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн болон нэмэгдэл, цалин урамшуулалд 27,819,765 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч П.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг тодорхойлоогүйн улмаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэл байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилдаа томилогдоогүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаас нэхэмжлэгч П.Чулуунбатад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 26,053,035 /хорин зургаан сая тавин гурван мянга гучин тав/ төгрөг гаргуулан олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж нэхэмжлэгч П.Чулуунбатын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,766,730 /нэг сая долоон зуун жаран зургаан мянга долоон зуун гуч/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 358,415 /гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжингийн гомдлыг хангахгүй орхиж,

Хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 358,415 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймгийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2020.11.23-ны өдрийн 42 дугаар магадлалыг эс зөвшөөрч талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч П.Чулуунбат нь нэхэмжлэлдээ ...ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулалд 27,819,765 төгрөг... нэхэмжилсэн бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан ажилд эгүүлэн тогтоохтой холбоотой маргаагүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нийт 26,053,035 төгрөг тогтоосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол улсын Засгийн газар нь төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг батлах эрх бүхий байгууллага бөгөөд Засгийн газрын тогтоол нь 2018.08.22-ны өдөр 264 дүгээр Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 9 дүгээр хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг батлахдаа ТЗ-7 шатлалын 5 дугаарт 792,572 төгрөг байхаар тогтоосон. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын ТЗ-9 шатлалын 5 дугаарт 1,008,016 төгрөг байхаар тогтоосон байдаг. Тус тогтоолын заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо тооцооллын алдаатай бодогдсон шаардлагын хэмжээнд 26,053,035 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагыг хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн тус зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,053,035 төгрөгийг олгож шийдвэрлэхдээ дээр дурдагдсан нотлох баримтыг үнэлээгүй мөн түүнчлэн тооцооллын хувьд алдаатай хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн Монгол улсад 2020.11.10-ны өдрөөс эхлэн ковид-19 вирус гарсны улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоосон байдаг. Энэхүү хөл хорио тогтоосонтой зэрэгцэн хэргийн шүүх хурлын тов зарлагдсан ба улмаар тус хуралд биечлэн оролцох хүсэлтэй тул хурлыг нэг удаа хойшлуулах хүсэлтээ шүүхийн захиргаанд мэдэгдэхэд хөл хорио тогтоосонтой холбогдуулан энэ удаагийн шүүх хурлыг хэргийн нэг ч оролцогчгүйгээр хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэх хариуг өгсөн боловч тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болох С.Пүрэвсүрэнг оролцуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дэх хэсэгт заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангалгүй орхигдуулсанд туйлын гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч П.Чулуунбат Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,819,765 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 26,053,035 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж, 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... гэж тус тус заажээ.

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.14-ний өдрийн 0012 дугаартай шийдвэрээр П.Чулуунбатыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн дээрх шийдвэрийн шийдлийг давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3.-т зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 Ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй үндэслэлээр П.Чулуунбат нь ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлсөн 2018.11.23-ны өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртэл гэж тодорхойлон, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 Анхан шатны шүүх ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны олговрыг олгох үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг бодохдоо Засгийн газрын тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын шатлалд заасан хэмжээг баримтлаагүй, тооцооллын алдаатай шийдвэрлэсэн, ...давж заалдах шатны шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн... гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүн, түүний үндэслэл болсон баримтыг эсэргүүцээгүй, энэ талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргаж, хэрэгт нотлох баримтаар авагдсан Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч болон ЗДТГ-ын нягтлан бодогчийн гарын үсэг бүхий Цалингийн хүснэгтийг үндэслэсэн нь нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул ...ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцсон... гэх гомдол үндэслэлгүй.

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.10.23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж, хуралдаан 2020.11.23-ны өдөр товлогдсон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

 2020.11.23-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй болохоо баримтаар нотлоогүй, ...шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч Ковид-19 вирус гарсантай холбогдуулан энэ шүүх хуралдаанд талуудыг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэх талаар шүүхээс хариу өгсөн... талаар хэрэгт баримтгүй байх тул ...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжингийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.12.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.ЦОЛМОН

                                ШҮҮГЧИД                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                           Х.СОНИНБАЯР

                                                   Б.УНДРАХ

                                                              Х.ЭРДЭНЭСУВД