Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 42

 

П.Ч-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэртэй

П.Чын нэхэмжлэлтэй

ЗДд холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 27 819 765 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “П.Ч миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2018.11.23-ны өдөр ажлаасаа халагдсан. Үүний улмаас шүүхэд хандаж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 тоот шийдвэр, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/00528 тоот магадлал, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 тоот тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар хэвээр үлдээж бүх шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан учир 2018.11.23-2020.06.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулалд 27 819 765 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тамгын газрын даргын цалин 2019.01.01-ний өдрөөс ТЗ-9 болж нэмэгдсэн. Өмнөх цалин ТЗ-7 байсан. Би 2019 он хүртэлх хугацааны цалинг хуучнаараа нэхэмжлээд, түүнээс хойших цалинг нэмэгдсэнээр нэхэмжилж байгаа.” гэжээ.

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Тус шүүхэд П.М надад холбогдуулан П.Чын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2018.11.23-2020.06.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулалд 27 819 765 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар
нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 27 819 765 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан хариуцагч ЗДас нэхэмжлэгч П.Чад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 26 053 035 /хорин зургаан сая тавин гурван мянга гучин тав/ төгрөг гаргуулан олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж нэхэмжлэгч П.Чын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 766 730 /нэг сая долоон зуун жаран зургаан мянга долоон зуун гуч/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч ЗД-аас улсын тэмдэгтийн хураамж 358 415 /гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун арван тав/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй тул дээрх шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Хэргийн талаар товчилбол: Нэхэмжлэгч П.Ч нь хариуцагч Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан 2018.11.23-2020.06.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулал 27 819 765 төгрөг гаргуулах, мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх үндэслэх хэсэгтээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд  нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заасан. Хариуцагч ЗД шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч П.Чыг 2018.11.23-2020.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилд эгүүлэн томилоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч П.Ч 2018.11.23-2020.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан бол энэ хугацаанд үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулалд 2018.11, 12 дугаар сарын цалин 1 696 104 төгрөг, 2019 оны цалин 16 775 946 төгрөг, 2020.01 дүгээр сараас 06.01-ний өдөр хүртэлх цалин 7 850 985 төгрөг, нийт 26 053 035 төгрөгийн цалин авах байсан нь нэхэмжлэгч П.Чын 0142498 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018-2020 оны цалингийн хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэжээ.

1. Нэхэмжлэгч П.Ч 2018.11-12 дугаар сарын цалин 1 696 194 төгрөг, 2019 оны цалин 16 775 946 төгрөг, 2020.01 дүгээр сараас 06.01-ний өдөр хүртэлх цалин 7 850 985 төгрөг, нийт 26 053 035 төгрөгийн цалин нэхэмжилснийг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь тооцооллын болон хууль хэрэглээний хувьд бүрэн үндэслэлгүй шийдвэр гарсан. Тодруулбал Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг баталсан. Үүнд: ТЗ-7 шатлалын 5 дугаарт 792 572 төгрөг байхаар тогтоосон. Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын ТЗ-9 шатлалын 5 дугаарт 1 008 016 төгрөг байхаар тогтоосон байдаг. Монгол улсын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн төв байгууллагаас тогтоосон энэхүү цалингийн шатлалыг баримтлахгүйгээр нэхэмжлэгчээс ямар ч тооцоололгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэтэрхий нэг талыг баримтлан хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн болно.

2. Нэхэмжлэгч П.Ч нь хариуцагч Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан 2018.11.23-2020.06.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулал 27 819 765 төгрөг гаргуулах, мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутгуулан төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх тогтоох хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  нийт 26 053 035 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж зааснаас бусад нэмэгдэл цалин, урамшууллыг олгох талаар хуульчлан тусгаагүй байдаг. Тодруулбал энэхүү хэм хэмжээнд ажилтны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох тухай заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нэмэгдэл цалин, урамшууллыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжийг төлөхгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П.Ч ЗДд холбогдуулан 2018.11 дүгээр сараас хойших хугацааны цалин хөлс болох 27 819 765 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ЗД нэхэмжлэлд “... нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 27 819 765 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй юм” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн баримтаас үзвэл тус сумын Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгч П.Ч даргаар ажиллаж байгаад 2018.11.23-ны өдөр ажлаас халагдаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоогдсон байх ба ажилгүй байсан хугацааны буюу 2018.11.23-2020.06.01-ний өдрийг хүртэл хугацааны цалин аваагүй болохыг зохигч маргаагүй байна.

Иймд дээрх хугацааны цалинг шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,... олгоно” гэснийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 26 053 035 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц, нягтлан бодогч Э.М нарын гаргасан цалингийн хүснэгтийг хариуцагч эсэргүүцээгүй, үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар уг нотлох баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч ЗД нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 358 415 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.Д

                                           ШҮҮГЧИД                                    Д.Б    

                                                                                               В.Ц