Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/03705

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        11         12                                     101/ШШ2021/03705         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Э,

 

Хариуцагч: С.З нарт холбогдох,

 

А.Б, Ч.Э нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Ч.Э, С.З нарт “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Бод буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагч С.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, өмгөөлөгч Ц.Ж, Э.Ж,

Хариуцагч Ч.Э, өмгөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А.Б би 2016 оноос 2017 оны хооронд Ө аймгийн Х-д ажиллаж байхдаа Монгол Улсаас БНХАУ руу ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад ашигтай талаар ажиглаж, мэдсэн. Тухайн үед ганцаараа уг үйл ажиллагааг явуулахад хүн хүч, мөнгөн хөрөнгийн боломжгүй байсан тул 2017 оны 01, 02 дугаар саруудад хамтарч бизнесийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг хайсан. 2017 оны 02 дугаар сард Ч.Э-той хамтарч компани байгуулж ажиллахаар тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХХК-ийг хамтарч байгуулсан.

Тус хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа нь Монгол Улсаас БНХАУ руу ачаа (нүүрс) тээвэрлэх тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулдаг. Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Монгол Улсаас БНХАУ руу тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийдэг. БНХАУ-аас Монгол улс руу ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийддэггүй байсан. Учир нь Хятад талаас Монгол улсын нутаг дэвсгэр рүү ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад гаалийн бүрдүүлэлт хийхэд нэн төвөгтэйгээс гадна нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд өөр төрлийн ачаа тээвэрлэх боломж нөхцөл багатай, БНХАУ-аас Монгол Улс руу ачаагүй явах нь хурдан зэрэг шалтгаан нөхцөлтэй байсан.

Иймээс “Б” ХХК нь Монгол Улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд түшиглэсэн хуулийн этгээд юм. Компанийн үндсэн үйл ажиллагаанаас шалтгаалан БНХАУ-ын иргэн, хуулийн этгээдтэй харилцах шаардлагатай болдог байсан. Тиймээс тэдэнтэй харилцаж чадах, тэднийг сайн ойлгож чадах бизнес хамтран ажиллагч, эсхүл зөвлөх этгээд манай компанид хэрэгтэй болж байсан. Нөгөөтэйгүүр “Б” ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болж байсан. Ингээд нэг хэсэг Ч.Э-ын найз гэх БНХАУ-ын иргэнийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд энэ цаг үеэс Ч.Э бид хоёрын таарамжгүй харилцаа, хагарал бий болсон.

Ч.Э-ын найз гэх БНХАУ-ын иргэн нь “Б” ХХК-ийн захирал болохдоо “...БНХАУ-аас хөрөнгө оруулагч оруулж ирнэ, компанийн үйл ажиллагааг өргөжүүлнэ...” гэх мэт зүйлсийг ярьж байсан боловч бодит нөхцөл байдал ямар ч яриа нь бодитойгоор биелээгүй юм. Компанийн дотоод үйл ажиллагаанд хэрүүл тэмцэл тасрахгүй, хувьцаа эзэмшигч нар нь үлэмж маргаантай байсан тул Ч.Э-ыг гүйцэтгэх захиралаар томилох нөхцөлтэйгөөр Ч.Э-ын найз гэх этгээдийг гүйцэтгэх захиралын албан тушаалаас чөлөөлж, Ч.Э-ыг гүйцэтгэх захиралаар томилсон. Ингээд удалгүй би болон Ч.Э нь хөрөнгө оруулагч хайсан боловч “....танай хуулийн этгээдийн удирдлага их солигддог юм байна. Хоёр хувьцаа эзэмшигчтэй юм байна шүү дээ...нэг хүн нь эрх мэдлээ аваад харилцана гэвэл хөрөнгө оруулалт оруулна...” гэх мэт зүйлс удаа дараа яригдсан. Иргэн А.Б миний зүгээс “Б” ХХК-д өөрийн бизнес санаа, хөлсөө дуслуулж олсон хамаг мөнгө хөрөнгөө бүгдийг нь оруулсан байсан. Ч.Э нь “...би бол хувьцаагаа шилжүүлж өгч чадахгүй...” гээд гүрийгээд байсан тул хөрөнгө оруулалт авахын тулд, хуулийн этгээдээ өргөжүүлж, томруулахын тулд би өөрийн хувьцааг Ч.Э-д шилжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон юм.

Миний зүгээс Ч.Э-ыг “Б” ХХК-ийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ, миний итгэлийг алдахгүй болов уу гэж итгэж, гэрээ байгуулсны үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Гэтэл Ч.Э нь гэрээгээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчиж, түүнд итгэсэн итгэлийг маань буруугаар ашиглан, компанийн үйл ажиллагааг умартан хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан үйлдлүүдийг гаргах болсон.

А.Б болон Ч.Э бидний хооронд байгуулагдсан “Гэрээ”-нд: Компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байж, шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй, арилжихгүй, бэлэглэхгүй байхаар тохиролцсон байсан. Уг гэрээгээр талуудын хүсэл зориг бол бусдад хувьцааг худалдахгүй гээд заачихсан байдаг. Үүнээс үзэхэд гэрээний агуулгыг зөв тодорхойлох шаардлагатай бөгөөд хувьцааг худалдах зорилго байгаагүй юм.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т: “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байх тул гэрээний утга агуулга чухал гэж үзэж байна. Үүнээс үзэхэд хувьцааг бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй гэдэгт талуудын хүсэл зоригийн илэрхийлэл туссан. 

Тухайлбал Өвөрмонгол найзуудтайгаа хамтарч компанийг гадаадын хөрөнгө оруулалттай болгох бөгөөд түүнээс ногдол ашиг өгнө гэсэн боловч өнөөг хүртэл хэлсэн, ярьсандаа хүрээгүй. Мөн компанийн хувьцааг бусдад худалдахгүй, бэлэглэхгүй байх, өөр хүнд шилжүүлэхгүй, компанийг өр зээлд оруулахгүй хэмээн тохирч гэрээ хийсэн боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ашигтай ажиллаж байсан компанийг алдагдалтай болгоод зогсохгүй компанийг их хэмжээний өрөнд оруулсан зэрэг хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан.

Тодруулбал Ч.Э нь бидний хооронд байгуулсан гэрээгээ зөрчиж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өдөр 50 хувийн хувьцааг өөрийн эхнэр болох С.З-д худалдсан гэх дүр үзүүлсэн гэрээ хийж надаас шилжүүлсэн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэх замаар зувчуулах оролдлогыг хийсэн. Компанийн хувьцааг гуравдагч этгээд рүү шилжүүлснээс үүдэн компанид их хэмжээний санхүүгийн хохиролыг бий болгосон.

Компанийн 50 хувийн хувьцааг эзэмшсэнээр С.З нь “Б” ХХК-ийн ХААН банкны төгрөгийн 0 тоот данснаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Б” ХХК-ийн ХААН банкны төгрөгийн 0 тоот данснаас 228,000 юанийг хувьдаа авч ашиглаад зогсохгүй хувьцаа шилжүүлэн авснаас хойш хугацаанд татварын 200,000,000 төгрөгийн өртэй болгосон. Мөн “С” ХХК-д 265,433,770 төгрөгийн, “Э” ХХК-д 117,711,527 төгрөгийн өр төлбөрийг тус тус бий болгож, компанийг дампуурах хэмжээнд хүргэсэн буюу хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.

“Б” ХХК-ийг хохироосон хууль бус үйлдлээсээ олж авсан үр шим, ашгийг Ч.Э нь өөрийн эхнэр С.З-ын хамтаар хүртсэн байдаг.

Хууль зүйн утгаараа бэлэглэл гэдэг нь бэлэглэгчээс хөрөнгийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд хариу төлбөргүйгээр өгөхийг ойлгодог. А.Б миний зүгээс Ч.Э-той бизнесийн үйл ажиллагааны хүрээнд хамтарч ажилладаг байсан болохоос биш хоорондоо бэлэг өгөх хэмжээний харилцаатай хүмүүс биш юм. Нөгөөтэйгүүр өөрийн бизнес санаа, хамаг хөрөнгө мөнгөө оруулсан компаниа Ч.Э-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэх боломжгүй юм.

Ч.Э-той тохиролцсон миний тохиролцоо бол “Б” ХХК-ийн ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх, гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт авч, үйл ажиллагаа өргөжсний дараагаар хувьцааг буцаан авах байсан. Бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ хийх болсон гол шалтгаан нь компанийн хувьцааг гагцхүү шилжүүлсэн бүртгэлийг улсын бүртгэлд хийлгэхийн тулд хийсэн юм.

Компанийн хувьцааг шилжүүлэх гол зорилго нь хөрөнгө оруулалт авах байсан болохоос биш Ч.Э-д бэлэглэх шалтгаан А.Б-д байхгүй. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийг нэг бүрчлэн нэрлэж заасан. Мөн хуулийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилжээ. Ч.Э-той хийсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь хуульд нэрлэж заасан хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Мөн Ч.Э нь миний хувьцааг зувчуулах (гуравдагч этгээдэд шилжүүлэх замаар) зорилгоор өөрийн эхнэр С.З-ын нэр дээр шилжүүлээд хожим эхнэрээсээ гэрлэлт салгасан мэт дүр эсгэсэн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж үзэхээр заасан.

Үүнээс үзэхэд Ч.Э, С.З нарын байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуульд хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцлийг заасан боловч талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь тухайн хэлцэлд хамаарч байгаа эсэхийг эрх бүхий этгээд тогтоогоогүй байдаг. (эрх бүхий этгээдээс хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон эрх бүхий шийдвэргүйгээр уг хэлцлийн эрх зүйн үйлчлэл үйлчилсээр байх бөгөөд хууль зүйн үр дагаварын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж хуулийн хүчин төгөлдөр хэлцэлтэй адил хэвээр байсаар байдаг) Иймээс эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд нь шүүхэд хандаж тогтоолгож болохоор хуульд заасан.

Дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ч.Э, С.З нар нь А.Б миний 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч У.Т-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Э би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А.Б-той хамтран “Б” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар уг хуулийн этгээдийг үүсгэн байгуулснаас хойш компанийг ашигтай, алдагдалтай ажиллах, үйл ажиллагааг нь тогтворжих хүртэл бүхий л цаг хугацаанд нь үйл ажиллагаанд идэвхитэй ажиллаж, хувь нэмрээ оруулсаар ирсэн.

2018 оны 08 дугаар сараас БНХАУ-ын иргэн, хуулийн этгээдийн зүгээс “Б” ХХК-д хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр “Б” ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ашиг, орлогыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Иймээс 2018 оны 08 дугаар сараас хөрөнгө оруулалт оруулах этгээдтэй уулзахад “...танай хуулийн этгээд хоёр хувьцаа эзэмшигчтэй юм байна. Хөрөнгө оруулалт оруулсаны дараа маргаан гараад хэн нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй болчихдог учир нэг нь хувьцаагаа аваад бид нартай харилцаж болохгүй юу...” гэх шаардлага тавьсан.

Ингээд Ч.Э миний бие А.Б-оос түүний эзэмшлийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч хуулийн этгээдийн үйл ажиллагааг жигдрүүлж, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Гэрээ” байгуулсан. Мөн тухайн өдөр хувьцаа бэлэглэх бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хийж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд татвар төлнө гээд байсан учраас улсын бүртгэлд бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг бүртгүүлсэн.

Тухайн үед Ч.Э миний бие нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилгоор Ө аймгийн Х суманд ихэвчлэн байдаг байсан. Компанийн өдөр тутмын асар их ажлын хажуугаар Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах зэрэг ажлыг хөөцөлдөх боломжгүй байсан тул Улаанбаатар хотод С.З нь банктай уулзах, шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх, хүсэлт гаргах, уг ажлыг хөөцөлдөх зэрэг ажлыг хийдэг байсан.

2019 оны 01 дүгээр сарын орчимд С.З нь над руу утсаар холбоо бариад “...банк намайг та энэ компанийн юу нь юм бэ, ямар хамааралтай хүн бэ, нотолсон баримт байгаа юу...” гээд хүлээж авахгүй байна. “...Зээл хөөцөлдөхөд удирдах албан тушаалтан байх ёстой...” гээд байна гэж хэлсэн. Ингээд А.Б-оос шилжүүлсэн 50 хувийн хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С.З-той худалдах, худалдан авах гэрээ байгуулж “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг буюу А.Б-ын хувьцааг түүнд шилжүүлсэн. Уг хувьцааг үгүй болгосон зүйл байхгүй, гэр бүл байсан хүндээ л шилжүүлэн өгсөн юм.

Тухайн үед С.З нь хилийн цэрэгт шалганд ажилладаг байсан бөгөөд түүнийг ажлаас нь гаргасан. Одоо гэрлэлт цуцлуулснаар энэ бүгдэд тэрээр эргэж харахгүй юм шиг хандаад байгааг нь ойлгохгүй байна.  

Ч.Э миний бие нь С.З-той гэр бүл байсан бөгөөд бидний хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй юм. Үүнийг худалдсан мэтээр С.З-ын төлөөлөгч, өмгөөлөгч нар яриад байгааг ойлгохгүй байна.

Иймд А.Боос авсан “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг С.З-оос авах нь зүйтэй гэж үзэж байх тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн болон өмгөөлөгч Ц.Ж, Э.Ж нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан “...хувьцааг бусад этгээдэд худалдахгүй, арилжихгүй байх үүрэг хүлээх, мөн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зэрэг үүргийг хүлээлгэсэн" гэж тайлбарласан байх боловч 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ"-нд энэ талаар тохиролцоогүй байна.

А.Б болон Ч.Э нар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “компанийн хувьцааг бусдад худалдахгүй, бэлэглэхгүй байх, өөр хүнд шилжүүлэхгүй, компанийг өр зээлд оруулахгүй хэмээн тохирч, “Гэрээ” байгуулсан гэж тайлбарладаг боловч тус гэрээ гэх баримт улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотариатаар баталгаажаагүй байна.

Мөн уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсгийг үндэслэсэн байна.

С.З анх компани байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь оролцож байсан бөгөөд тухайн үед тэрээр Төрийн албанд ажилладаг байсан учир компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллах боломжгүй байсан. А.Б нь миний хувьцааг зувчуулах /гуравдагч этгээдэд шилжүүлэх замаар/ зорилгоор өөрийн эхнэр С.З-ын нэр дээр шилжүүлж хожим эхнэрээсээ гэрлэлт салгасан мэт дүр эсгэсэн байдаг... гэсэн. Гэтэл А.Б нь Ч.Э-ын төрсөн дүү Ч.О-ын нөхөр бөгөөд Ч.Э, С.З нарын гэрлэлт цуцлагдсантай холбоотойгоор Ч.Э нь С.З-д худалдсан хувьцаагаа буцаан авахаар А.Б-той үгсэн хуйвалдаж байгаа нь үг үйлдэл бүрээр нь батлагдаж байна.

Түүнчлэн, компанийн хувьцаа эзэмшигч биш этгээдэд компанийн санхүүгийн болон бусад мэдээллийг өгөх, тус компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, ашиг, алдагдал зэргийг тайлагнах үүрэг хүлээгээгүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2. 56.1.3. 56.1.8. 56.1.10-т заасан хэлцлийн шинж агуулсан, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т: “дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 56.1.3-т: “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заасан.  

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч.Э-той худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэдэг хариултыг өгсөн нь тусгагдсан байдаг.

Үүнээс үзэхэд А.Б нь өөрөө Ч.Э-той худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэдгээ тайлбарлачихсан. Тухайн үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж байсан мөртлөө хэргийг дахин хэлэлцүүлэх явцад өөр хэлцлийг халхавчилж хийсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Түүнээс гадна дүр үзүүлэн хийсэн гэдгийг нотолсон баримтгүй байна.

Хэрэв талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан юм бол худалдан авсан эд хөрөнгийг бусдад шилжүүлэхийг хориглож буй нь үндэслэлгүй.

А.Б болон Ч.Э нар бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаагаас үзэхэд хувьцааг худалдсан гэж үзэхгүй тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т: “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 56.1.10-т: “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно гэж заасан.

Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” нь дээр дурьдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна. Харин агуулга болон зорилгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шаардлага хангасан бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцэж байна. Уг хэлцлээр компанийн 50 хувийн хувьцааг худалдсан болохоос А.Б-ын хувьцаа гэдгийг тусгасан зүйл байхгүй. 

Дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэр зөрчөөгүй, зохих этгээдийн зөвшөөрөл байхыг шаардахгүй байх ба улсын бүртгэлд хуульд заасны дагуу бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч С.З, Ч.Э нарт холбогдуулан

А.Б, Ч.Э нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Ч.Э, С.З нарт “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-д буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Э зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч С.З бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

А.Б болон Ч.Э нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

“Б” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тус компанийн 50 хувийн хувьцааг А.Б, 50 хувийн хувьцааг Ч.Э нар,

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 100 хувийн хувьцааг Ч.Э,

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 50 хувийн хувьцааг Ч.Э, 50 хувийн хувьцааг С.З гэж тус тус тусгагджээ.

 

/I хавтас 48-49 тал/

 

“Б“ ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №0/1 дугаартай үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолоор компанийн хөрөнгийн хэмжээ 10,000 төгрөг, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг Ч.Э 50 хувь, А.Б 50 хувь тус тус эзэмших, захирлаар Ч.Э-ыг томилж, гадаад худалдаа, аялал жуулчлал, автомашинаар ачаа тээвэрлэх, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй байгуулсан,  

-2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үүсгэн байгуулагчдын №17/08 дугаартай шийдвэрээр компанийн захирлаас Ч.Э-ыг чөлөөлж, БНХАУ-ын иргэн С-г захирлаар томилсон,

-2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр А.Б-ыг хувьцаа эзэмшигчээс чөлөөлж, А.Б-ын компанийн 50 хувь буюу 5000 төгрөгийн хөрөнгийг Ч.Э-д эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн,  

-2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын №18/02 дугаартай шийдвэрээр С-г компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Ч.Э-ыг захирлаар томилсон,

-2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үүсгэн байгуулагчийн №18/01 дугаар бүхий шийдвэрээр Ө аймаг, Х сум, 0 дугаар баг, 0 нутаг дэвсгэрт 1 дэхь салбар байгуулж, Ч.Э-г салбарын захирлаар томилсон,

-2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үүсгэн байгуулагчийн 18/03 дугаар бүхий шийдвэрээр үйл ажиллагааны чиглэлээс хүнд машин механизмын төхөөрөмжийн худалдаа, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээг хасч, хүнд машин механизмын засвар үйлчилгээг оруулсан,

-2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр С.З-ыг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр элсүүлж, үйл ажиллагаанд хүнсний дэлгүүрийн чиглэлийг нэмэлтээр оруулсан, Ч.Э, С.З нарын хооронд “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө 5000 төгрөг буюу 50 болон үйл ажиллагааны санхүүгийн тайлан баланс, тэмдгийг хүлээлцэхээр тус тус шийдвэрлэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11/10787 дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн тус компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

/ I хавтас 47-163 тал/

 

Улсын бүртгэлд бүртгэгдсэн дээрх баримтаас үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигчид болох Ч.Э, А.Б нарын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр А.Б-ыг хувьцаа эзэмшигчээс чөлөөлж, компанийн хөрөнгө болох 50 хувь буюу 5000 төгрөгийн хөрөнгийг Ч.Э-д эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх, дүрмийг шинэчилж батлахаар шийдвэрлэсэн байх ба улсын бүртгэлд тэдний хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”, мөн өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” тус тус бүртгэгджээ.

/ I хавтас 114-127 тал/

 

А.Б болон Ч.Э нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан "Бэлэглэлийн гэрээ"-ээр:

бэлэглэгч А.Б нь 10,000 төгрөгийн үнэ бүхий компанийн 50 хувийн 5000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг хариу төлбөргүй, нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг бэлэг хүлээн авагч Ч.Э-д шилжүүлэх, энэхүү гэрээ нотариатчаар гэрчлэгдэн, Улсын бүртгэлийн албанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба Улсын бүтгэлийн албанаас бэлэг хүлээн авагч Ч.Э-д компанийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүсэх болохыг тусгасан,

Мөн өдрийн А.Б болон Ч.Э нарын хооронд байгуулагдсан “Эрх шилжүүлэх гэрээ”-ээр эрх шилжүүлэгч А.Б нь өөрийн эзэмшилд байгаа, тус компанийн 50 хувийн эзэмших эрхийг эрх хүлээн авагч Ч.Э-д шилжүүлэх,

Эрх шилжүүлэгч тал өөрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийн тавин хувийн эрхийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, гэрээнд гэрээний талууд гарын үсэг зурсан, уг гэрээг нотариатч гэрчилсэн, энэхүү гэрээг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Гэрээ”-нд талуудын хүсэл, зоригийн илэрхийлэл тусгагдсан, уг гэрээгээр компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй, арилжихгүй, бэлэглэхгүй байх үүрэг хүлээхээр тохиролцсон тул мөн өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан “Гэрээ”-ээр худалдагч А.Б нь “Б” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн үнийн дүн бүхий 50 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 50 хувийн хувьцааг худалдан авагч Ч.Э-ын эзэмшилд шилжүүлэх,

Худалдан авагч Ч.Э нь хувьцааг шилжүүлэн авсны дараа компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй, арилжихгүй, бэлэглэхгүй байх,

Худалдагч А.Б нь гэрээгээр тохирсон хувьцааг худалдан авагч Ч.Э-ын эзэмшилд компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн өгөх,

Компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон байх ба гэрээний худалдагч талд А.Б, худалдан авагч талд Ч.Э гарын үсэг зуржээ.

 

/ I хавтас 10 тал/

 

Гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т: “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”,

122 дугаар зүйлийн 122.1-т: “Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно”,

243 дугаар зүйлийн 243.1-т: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг тус тус үндэслэн байгуулсан байна.

 

Энэхүү “Гэрээ”-нд тусгагдсан агуулгаас үзэхэд гэрээний оролцогч нь “Б” ХХК-ийн А.Б-ын эзэмшлийн 50 хувийн хувьцааг Ч.Э-ын эзэмшилд тэдний хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн өгөхөөр тохиролцсон, дээр дурдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээний агуулга нь худалдагч нь хөрөнгийг хүлээлгэн өгч, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх ба гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болох ба А.Б болон Ч.Э нарын хооронд байгуулагдсан “Гэрээ” нь дээр дурдсан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр компанийн 100 хувийн хувьцааг эзэмших эрх Ч.Э-д үүссэн, өөрөөр хэлбэл тэдний хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч А.Б нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрөө оролцсон байх ба тэрээр шүүх хуралдаанд “худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй” гэх тайлбар өгч байжээ.

/ II хавтас 30 тал/

 

Хариуцагч Ч.Э нь татвар төлөхөөс зайлсхийж, худалдах, худалдан авах гэрээг бус бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тайлбарласан болно.

 

Тэрээр өөрийн энэхүү тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, худалдах, худалдан авах гэрээний үнийг хэрхэн тохиролцсон байдлаа тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар А.Б болон Ч.Э нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-нд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй, тодорхой үр дүнд хүрэх бус, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон, түүнчлэн талуудын хооронд мөн өдөр байгуулагдсан “Гэрээ”-г халхавчилж байгуулагдсан гэж үзэн, уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэг зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Ч.Э болон С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан хувьцааг бусдад худалдахгүй, арилжихгүй, бэлэглэхгүй байхаар тохиролцсон “Гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хариуцагч Ч.Э зөрчиж, 50 хувийн хувьцааг зувчуулах зорилгоор С.З-д шилжүүлсэн тул тэдний хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д тус тус зааснаар зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч С.З нь зөвшөөрөхгүй маргасан.

 

“Б” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тус компанийн 50 хувийн хувьцааг А.Б, 50 хувийн хувьцааг Ч.Э нар,

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 100 хувийн хувьцааг Ч.Э,

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 50 хувийн хувьцааг Ч.Э, 50 хувийн хувьцааг С.З эзэмшиж байгаа болох нь тус тус тогтоогджээ. 

 

“Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр С.З-ыг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр элсүүлж, үйл ажиллагаанд хүнсний дэлгүүрийн чиглэлийг нэмэлтээр оруулж, компанийн дүрмийг шинэчлэн батлахаар шийдвэрлэсэн байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч Ч.Э нь “Б” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 100 ширхэг хувьцаанаас 50 хувь буюу нэг бүрийн үнэ 100, нийт 5000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг худалдан авагч С.З-д худалдах, худалдагч нь уг хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүйгээр худалдан авагчид шилжүүлэх,

Мөн өдрийн “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-ээр эрх шилжүүлэгч Ч.Э нь захирлаар томилогдсон эрх хүлээн авагч С.З-д компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө 5000 төгрөг буюу 50 хувь болон үйл ажиллагааны санхүүгийн тайлан баланс, тэмдгийг хүлээлцэхээр тохиролцож, гэрээг нотариатч гэрчилсэн, гэрээнд оролцогч тал гарын үсэг зуржээ.

 

Дээрх гэрээг талууд бичгээр байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр компанийн хувьцаа эзэмшигч, гишүүдийн мэдээлэл хэсэгт өөрчлөлт орж, компанийн дүрмийг шинээр бүртгэсэн байна.

/ I хавтас 53-67 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн хувийн хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс тус компанийн 100 хувийн хувьцааг Ч.Э дангаар эзэмшсэн, тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д: “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; 56.1.10-т: “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

“Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй Ч.Э нь тус компанийн хувьцааг захиран зарцуулахад зохих этгээдийн зөвшөөрөл авахыг шаардахгүй байхаас гадна Ч.Э болон С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-нд оролцогч гарын үсэг зурсан, нотариатч гэрчилсэн зэргээс уг гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

А.Б болон Ч.Э нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэг зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж байх тул Ч.Э болон С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд тооцох боломжгүй гэж үзэв.

 

Ч.Э, С.З нарт “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-д буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т: “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” заасны дагуу дээрх шаардлагыг гаргажээ.  

 

Хариуцагч Ч.Э нь компанийн 50 хувийн хувьцааг С.З-д шилжүүлсэн тул тэрээр хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч С.З нь бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

Ч.Э болон С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Ч.Э нь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 50 хувь буюу 50 ширхэг хувьцааг худалдан авагч С.З-д шилжүүлэхээр тохиролцсон байгаагаас үзэхэд тэрээр А.Б-ын эзэмшилд байсан гэх 50 хувийн хувьцааг С.З-д худалдсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгч А.Б-ын эзэмшилд байсан гэх 50 хувийн хувьцааг С.З-д худалдсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А.Б, Ч.Э нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг,

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсонгүй гэж үзэж байх тул “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ч.Э болон С.З нараас гаргуулах тухай нэхэмжлэгч А.Бын уг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А.Б, Ч.Э нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-д буцаан шилжүүлж өгөхийг Ч.Э, С.З нарт даалгах тухай нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10, 56.5-т  заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч С.З, Ч.Э нарт холбогдох 

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А.Б, Ч.Э нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

“Б” ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Бод буцаан шилжүүлж өгөхийг Ч.Э, С.З нарт даалгах тухай нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ