Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00268 дугаар шийдвэртэй Б.С-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-гийн хүсэлтээр 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн хүүд 300 000 төгрөгийг төлснөөс өөрөөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. 2017 оны 8 дугаар сард зээлийн төлбөрт хаалга өгье гэсэн боловч өгөөгүй. Мөнгөө авч чадаагүй учраас 2018 оны 9 дүгээр сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хаягтаа амьдардаггүй гээд олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж олсон. Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.С-аас 2 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр н.Банзрагчаас 3 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Гэвч  Б.С нь н.Банзрагчаас зээлсэн 3 000 000 төгрөгийг өөрөөс нь зээлсэн 2 000 000 төгрөгтэй нэгтгэн тооцон, илүү 2 000 000 төгрөг нэмж, нийт 7 000 000 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Б.С уг мөнгийг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. 2013 оны 9 дүгээр сард уг зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь анх зээл авснаас хойш 5 жил 5 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа дууссан, 76 дугаар зүйл, 78 дугаар зүйл, 79 дүгээр зүйлүүдэд заасан хуулийн хугацаа зогсох үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй уг зээлийн гэрээгээр хүү төлөх үүрэгтэй байсан. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаагүй болно. Харин анх өгсөн мөнгөө бүхэлд нь эргүүлэн авья гэж шаардсан. Өөрөөр хэлбэл, өгсөн зүйлээ буцаан авахаар шаардахад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байгаа тул уг хугацааны дотор нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн төлбөрт 7 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч зээлийг бүрэн төлж барагдуулсан, түүнчлэн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбар гарган маргажээ. /хх.25/

Хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтэрт “2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.С-аас 2 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэв, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлэв” гэж бичигдсэн байх бөгөөд тус баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.С нь хариуцагчид 2013 оны 5 дугаар сард нийт 7 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн байх бөгөөд хариуцагч Ц.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 300 000 төгрөг төлсөн талаар хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтэрт тусгагджээ. Хариуцагчийн сүүлчийн төлбөр хийгдсэн дээрх хугацаанаас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг тооцож үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Түүнчлэн, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 706 дугаар шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцагч Ц.Б-г эрэн сурвалжлах ажиллагааг явуулжээ. /хх.4/ Ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 3 жилийн хугацаа өнгөрснөөс хойш явуулсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэж үзэх боломжгүй. Мөн дээрх хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ