Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00186

 

 

 

 

 

 

 

Л.Б-н  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02482 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б хариуцагч “С” ХХК, “И” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны үр дагавар 216 405 440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа:  Миний бие хариуцагч “С” ХХК-тай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан одоо ашиглалтад орсон үйлчилгээний зориулалттай 86.85 м.кв талбайтай талбайг 191 070 ам.доллараар худалдан авахаар ам хэлцэл байгуулж урьдчилгаанд 2012.7.9-ний өдрөөс 2012.12.7-ны өдрийг хүртэл 76 000 ам.доллар төлсөн.  ”С”ХХК нь надад худалдсан талбайтай холбоотой худалдах, худалдан авах гэрээг хийхгүй, шалтгаангүйгээр миний эрхийг зөрчиж байсан тул 2014.11.24-ний өдөр шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхийн ажиллагааны явцад 2014.12.31-ний өдөр 810 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай захирамж гарч улмаар НШГА-нд захирамжийг явуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2015.2.5-ны өдөр гарч, улмаар давж заалдах шатны шүүхийн магадлал 2015.3.23-ны өдөр гарсан. Энэ хугацаанд “С” ХХК нь дээрх маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан талаар нэг ч удаа дурдаж байгаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцсаны дараа И ХХК-тай 2013.10.07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээ байгуулж улмаар 02 тоотыг 2015.02.11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон тухай баримтыг И ХХК гаргасан. Өөрөөр хэлбэл “С” ХХК нь миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин И ХХК-д оффисын байрыг худалдсан байна. Ийнхүү худалдаж байгаагаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахын тулд нийт 76 000 ам.доллар буюу 100 гаран сая төгрөгийг төлсөн бөгөөд “С” ХХК нь миний их хэмжээний мөнгийг олон жилийн хугацаанд ашиглаж байна.

Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бөгөөд эдгээр компаниуд 2013.10.07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг хийж миний эрхийг ноцтой зөрчсөн тул хариуцагч “С” ХХК болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргаж байсан.

“С” ХХК нь 2012.12.07-ны өдрөөс хойш миний 76 000 000 ам долларыг өнөөдрийг хүртлэх нийт 7 жилийн хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжин ашиг олж намайг маш их хэмжээгээр чирэгдүүлэн хохироосон. Үл хөдлөх хөрөнгийг худалдахаар зар гаргаж, гаргасан зарын дагуу худалдан авахаар тохирох үедээ үл хөдлөх хөрөнгөө ам доллараар худалдана, гэхдээ компани татвар, тайлан гаргадаг учраас монгол төгрөгөөр төлбөрийг хийхдээ яг л тухайн үеийн ам долларын ханшаар бодож хийх тухай компанийн зүгээс хатуу шаардсан бөгөөд анхнаасаа худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгө м.кв нь тогтсон монгол төгрөгөөр байгаагүй, харин ам доллараар тооцогдсон байсан, би доллар барьж очиход “С”төгрөгөөр тооцож авдаг байсан болно. Хариуцагчаас төлөх төлбөрийн үүргийг ам.доллараар тооцож буюу 76 000 ам долларыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 76 мянган ам долларыг 2020.8.11-ний  өдрийн байдлаар тооцоход /Монгол банкны ханш 1 ам доллар нь 2 847 44 төгрөг/ 216 405 440 төгрөг болсон. Иймд “С”ХХК -иас 216 405 440 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай Peace tower барилга 2013.7.23-ны өдөр ашиглалтад орсон. “С” ХХК нь Л.Б-тай 1504 болон 1502 тоот талбайг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч Л.Б нь иргэн Л.Ц-н хамтаар “С” ХХК-д 101 695 500 төгрөгийг төлсөн байдал нь хавтаст хэргийн 13, 14-р талд авагдсан баримтаас харагддаг. Бид нэхэмжлэгч Л.Б-н төлсөн 25 000 000 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөхөд татгалзах зүйлгүй, харин тухайн төлбөрийг ам доллароор тооцон нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй. Б манайд 15 давхрын 2 тоот талбайн төлбөр гэж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус төлсөн байдаг.

Цэнд-Аюуш нас барсан бөгөөд өнөөдрийн байдлаар өв залгамжлагч нь тодорхойгүй, нэхэмжлэгч төрсөн ах дүүгийн холбоотой гэсэн тайлбар хийдэг. Ц өгсөн тайлбар дээр 1502 тоотын өмчлөл, эзэмшил хамаагүй л гэсэн болохоос төлсөн төлбөрийг яах талаар бичээгүй. Иймээс Ц төлсөн төлбөрийг Бнэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.Л.Б нь 2014.11.06-ны өдөр “С” ХХК-тай Маргаан таслах хэлцэл хийж  тоот талбайн урьдчилгаанд төлсөн 101 695 500 төгрөгийг уг төвийн тоот талбайг худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд тооцож авахаар тохиролцон үлдэгдэл төлбөр болох 153 956 166 төгрөгийг 2014.11.15-ны өдөр төлөхөөр тохиролцсон байдаг. Эндээс үзэхэд нар доллараар тушааж байсан удаагүй төгрөгөөр тушааж байсан байдаг. Нэхэмжлэгч дээрх хэлцлийн дагуу 2 дахь төлөлтөө хийгээгүй тул 1504 тоотыг Г гэх иргэнд худалдсан. Л.Б-д Ц өмнөөс нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэх нь тодорхойгүй байх тул Ц-н төлсөн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “И” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч биш гэж үзэж байна. И ХХК нь “С”ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхрын 1502 тоот 85,86 м.кв талбай бүхий байрыг худалдан авч төлбөрт нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 345.826.972 төгрөгийг “С”ХХК-д бүрэн төлсөн.

“И” ХХК-ний зүгээс холбогдох бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүрдүүлэн өгч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхрын 1502 тоот 85,86 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамж гарсан бөгөөд уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.,205 дугаар зүйлийн 205.1.-т заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 101 695 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 114 709 940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “И” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анханг шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09695 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 810 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 739 977 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-с гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666 427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "С" ХХК-ны барьж буй “Реасе tower” оффис, худалдааны төвийн 15 давхар барилга нь бүрэн баригдаж дуусаагүй байсан ба “С” ХХК, Л.Б бидний хооронд "Худалдах худалдан авах тухай" гэрээ хэлцэл хийгдээгүй байсан өөрөөр хэлбэл тус гэрээний үүрэг үүсээгүй байсан юм. Би анх доллароо “С” ХХК-нд авчиж өгч байхдаа гэрээ хийхийг шаардсан боловч “Хөрөнгө оруулалтын гэрээ” хийнэ гээд шалтгаангүйгээр хийгээгүй. Харин надад "С" ХХК-ны борлуулалтын албанаас 2012.9.19-ний өдөр 12/0939/02 тоот тодорхойлолтоор "Реасе tower”  оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай 2 тоот 86.85 мкв талбайг 191 070 ам доллароор худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 57 321 доллар төлсөн үлдэгдэл төлбөр 133 749 ам доллар болно гэсэн тодорхойлолт өгсөн. Дуусаагүй барилга дээр 76 000 долларыг надаас гэрээ хэлцэлгүйгээр авч харин "С" ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад шүүх бүрэн шийдвэрлэсэн гэж үзсэн. Мөн шүүх үндэслэх хэсэгтээ "Л.Болормаа ам доллар барьж очин тухайн өдрийн ханшаар тооцож хариуцагч “С” ХХК-д төгрөгөөр төлбөр хийж байсныг ам доллар түшааж байсан гэж үзэх боломжгүй юм"гэжээ гэтэл би төлбөрөө доллароор тушаадаг байсан юм энэ талаар мэдэх гэрч Г.А-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Анх компаний зүгээс надад худалдан борлуулах 1 м.кв-ын үнийг монгол мөнгөөр тооцохгүй зөвхөн ам доллараар тооцоно гэдэг шаардлагыг тавьдаг байсан учир би “С” XXК нд доллар авч очиж тушааса. Компани надаас авсан долларыг цааш нь доллар болон монгол мөнгөөр бодож тайландаа тусгах эсэх нь өөрийнх нь асуудал юм. "С" ХХК нь 86.85 мкв талбайгаа надад зарж байгаа нэрийдлээр надаас 76000 доллар авчихаад 2013.10.07-ны өдөр надад хэлэлгүйгээр бусадтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 345 826 972 төгрөг авсан байсан. Миний их хэмжээний мөнгийг авч барилгандаа оруулж цаг хугацаа хожиж ашиг олсон байхад би мөнгөө өгөөд 8 жил хохирсон байхад шүүх анхаарч үзээгүй. Миний мөнгө банкнд долларын хадгаламжиндаа байсан бол жилийн хүү нь 4,2% буюу нэг жилийн хүү нь 3192 доллар болж байгаа юм. Үүнийг 8 жилд үржүүлэхэд 25 538 доллар буюу монгол мөнгөөр хөрвүүлэхэд 72 624 384 төгрөг болж байна би ингэж хохироод үлдэж байна. Миний "С" ХХК-аас нэхэмжилсэн 216 405 440 төгрөг үндэслэлтэй байсан юм. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаас 101 695 500 төгрөгийг гаргуулж үлдэх 114 709 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон боловч ямар үндэслэлээр миний нэхэмжлэлийн дүнг хасаж хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэртээ тодорхой заагаагүй. Мөн 76 000 долларыг надаас дуусаагүй барилга дээр хөрөнгө оруулалтаар авсан эсэх, дууссан барилга худалдсан эсэх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар шүүх тодруулалгүйгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрлэсэн ба гэрээ байгүулаагүй байхад гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь буруу гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 181/ШШ/2020/02482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь С ХХК-д 2012.7.9-ний өдрөөс 2012.12.7-ны өдөр хүртэл 101 695 500 төгрөгийг төлсөн гэх атал Л.Б 2 удаагийн гүйлгээгээр нийт дээрх төлбөрүүдийн зохих хэсэг буюу 25 000 000 төгрөгийн төлбөр төлсөн байна.. Хожим Л.Ц нас барсан гээд түүний эхнэр шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн ч тэрээр Үндсэн хуулиар төрсөн эгч Л.Б-н эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй этгээд байна. “С” ХХК-ийн зүгээс хэрэгт өгсөн тайлбартаа 101695500 тегрөгийг төлсөн хүмүүст нь буцаан төлнө Л.Б-н өгсөн мөнгийг түүнд эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй гэдэг. Л.Ц төлсөн төлбөрийг Л.Б нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин Тодорхойлолт гэх баримт байх бөгөөд түүнд үл хөдлөх хөрөнгийн цаашдын өмчлөл эзэмшлийн асуудал надад хамааралгүй гэсэн нь талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах харилцаа хүчинтэй байх агуулгаар илэрхийлсэн. Иргэний хуулийн 66.1. Харин төлсөн төлбөрөө буцаан шаардах шаардлагын талаар өөрийн хүсэл зоригийг илэрхийлжээ гэж үзэх боломжгүй байхаас гадна шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 25 000 000 гөгрөгөөс бусад хэсэгт холбогдох шаардлагыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжилсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлтээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                       

ХЯНАВАЛ:

                                                                       

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч “С” ХХК, “И” ХХК-д холбогдуулан 2012 онд байгуулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай Peace Tower барилгын 86,85 м.кв талбайг 191 070 ам.доллараар худалдах-худалдан авах  хэлцлээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 76 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон 216 405 440 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч  “ 25 000 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй, бусад төлбөрийг Л.Ц төлсөн” гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч “И ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Л.Б нь иргэн Л.Ц-н хамтаар “С “ХХК-д 101 695 500 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагджээ/ 1-р хх 13-14/

 

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тохиролцоо байсан боловч гэрээ хэрэгжээгүй, цуцлагдсанд маргахгүй байна. Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаах мөнгөн хөрөнгийн хэмжээ, хэнд буцаах тухайд талууд маргаантай байна.

 

Нэхэмжлэгч Л.Б тухайн үед ам.доллар тушаасан гэсэн бол хариуцагч монгол төгрөг тушаасан гэж маргажээ. Гэрээний нэг тал болох Л.Ц 2018 оны 11 дүгээр сарын 20-нд нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдсон./3-р хх 26/

Хэрэгт авагдсан “С" ХХК-д тушаагдсан мөнгөний баримтаас үзэхэд 101 695 500 төгрөгийн ихэнхи хэсгийг Л.Ц тушаасан байна./ 1-р хх 13-14/

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзахаар байна. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.5 дах хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь хэд хэдэн өвлөгчтэй бол өвлөгч бүр өр шаардах эрхийн өөрт ногдох хэсгийг өвлөх эрхтэй байх юм.

 

Хэрэгт Л.Ц гараар бичсэн гэх тодорхойлолт авагдсан байх боловч уг баримт нас барагчийн амьд ахуйдаа илэрхийлсэн өөрийнх нь хүсэл зориг мөн гэж шууд  үзэх боломжгүй  юм. /1-р хх119/ Хэрэгт нас барагч Л.Ц эхнэр гэх Л.Гг гэрчээр асуусан. Гэрч “Ц-тай 2001 оноос 2018 оны хооронд хамтран амьдарч байсан” талаар мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт Л.Ц, Л.Г нарын гэрлэлтийн гэрчилгээ гэх баримт хуулбар хувиар авагджээ./3-р хх 35,45/

 

Гэрээний нэг тал болох Л.Ц-ийн хууль ёсны өвлөгчид байгаа эсэх, Л.Ц  тухайн хэлцэлд ямар оролцоотой байсан, тушаасан мөнгөн хөрөнгийг хэн захиран зарцуулах эрхтэй зэрэг үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь ам.доллар тушааж байснаа нотлуулахаар гэрч асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 239 977 төгрөг, хариуцагчийн 541 430  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

    

                                               ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД