Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 50

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01118/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Г-т холбогдох,

          “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

            “Зүтгүүрийн үнэ 40.000.000 төгрөг, ачааны чиргүүлийн үнэ 7.500.000 төгрөг нийт 47.500.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний  хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-аас:

 Н.Г-ын өөрийн өмчлөлийн 6562 ДАХ улсын дугаартай LZGJLUR427X139579 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, SHAANXISX4322JN294 маркийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй, зүтгүүр зориулалттай тээврийн

хэрэгслийн 40.000.000 төгрөгөөр, мөн 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдахаар Б.М-тай харилцан тохиролцсон. 2017 оны 11 дүгээр сарын 21-нийн өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Б.М- намайг биечлэн оролцуулахгүйгээр Дархан-Уул аймгийн 64 дугаартай нотариатч тухайн гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулахад нэг тал худалдан авсан дээрх тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан ба удаа дараа сэлбэг худалдан авч засвар үйлчилгээ хийсэн ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Энэ тухай Н.Г-т хэлж тээврийн хэрэгслээ буцаан авах тухай мэдэгдсэн ч гэрээ байгуулсан мөнгөө л авна гэдэг. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалаас:

2017 оны 11 сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу Н.Г-ын эзэмшлийн 9126 ТЧ улсын дугаартай LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай чиргүүлийг 7.500.000 төгрөгөөр иргэн Б.М- нь худалдан авсан. Уг тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш удалгүй авто тээврийн үндэсний төвд очин 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон №01688193 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.М- нь өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй мөн тухайн чиргүүлийн стандарт даац нь 7.000.000 кг байх байтал, 1.000.000 кг даацтай байх ба авто тээврийн оношилгооны газарт мөн адил арлын дугаар нь зөрүүтэй тухайн чиргүүлийн өөрийн жин нь зөрүүтэй 28 тн байх байтал, 5 тн байх бөгөөд шилжүүлэх боломжгүй тээврийн хэрэгсэл юм. Иймд худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдаалсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүүгээс:

2017 оны 10 дугаар сарын сүүлээр М- Г-тай холбогдож ачааны оруулалттай тээврийн хэрэгслийг худалдан авахаар хоёр тал тохиролцсон. Тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах буюу нүүрс тээвэрлэхээр уурхай руу аваачаад эхний тээвэрлэлт хийхэд тухайн газраас холдолгүй тээврийн хэрэгсэл зогссон. Гэмтэл гарсан талаар шалгахад тээврийн хэрэгслийн чирэгч толгойн пирда диск эвдэрсэн байсан тул засвар үйлчилгээг хийгээд дахиад тээвэрлэлт хийхэд эвдрэл гарсан. ... худалдаж авсан тээврийн хэрэгслийг бид нар буцаах боломжгүй. Зөвхөн гэрээнд тохирсон 47.500.000 төгрөгийг буцаан авна гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нотариатч И.Энхболд гэж хүний баталсан гэрээн дээр Г- гэж хүн гарын үсэг зурсан байсан. Г- байхгүй байхад гэрээг хийчих вэ гэхэд Г-ад итгэмжлэл олгосон гэдэг. Тээврийн хэрэгслийг авто тээврийн газарт шалгуулахад 9126 ТЧ дугаартай ачааны чиргүүл нь ачааны биш ердийн чиргүүл буюу 1 тонны даацтай болохыг олж мэдэн тухайн тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолтой байна гэж үзээд худалдагч талд буцааж өгөх талаар удаа дараа шаардахад буцаан авах боломжгүй гэсэн учир шүүхэд хандсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу иргэн Г- гэдэг хүний ямар нэгэн зөвшөөрөлгүй Г- нь М-д худалдсан нь Иргэний хууль зөрчсөн. Эд хөрөнгийн доголдлыг албан ёсоор мэдсээр байж нуун дарагдуулж эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн. Энэ нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс тодорхой харагдаж байгаа. Дээрх 2 үндэслэлээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох, эд хөрөнгийн доголдолтой байсныг тогтоох боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Худалдсан зүйл нь том оврын ачааны машин чирэгч толгой, чиргүүлийн хамт нийт 47.500.000 төгрөгт тооцож гэрээ хийгдсэн. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Г-ыг төлөөлж Г- М-тай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж хийсэн. Нэхэмжлэгч М-ын хувьд гарын үсэг зураагүй нь хүчин төгөлдөр бус, Г- Г-ын зөвшөөрөлгүйгээр гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үндэслэлээ тайлбарлажээ. Амарсайхан М-тай холбож өгөөд 47.500.000 төгрөгийг тухайн байрны үлдэгдэл мөнгөнд тооцож мөнгийг М- Амарсайханд төлөхөөр талууд хоорондоо тохиролцсон. Итгэмжлэл хийгдсэнээс хойш 2 сарын дараа тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Пирда, дискний үнийг дүнгээс хасаж тооцсон талаар гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдана. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: М-аас худалдсан тээврийн хэрэгслийн үнэ болох 47.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. М-ын нүүрсний уурхайд ажил хийлгүүлээд тээврийн хөлсийг төлөх байдлаар анх ярилцсан байдаг боловч тээврийн хөлс нь аль аль талдаа хангалттай биш байсан болохоор тохиролцож чадаагүй учраас худалдаж авах санал тавиад тухайн үед зах зээлийн ханшаар 60.000.000 төгрөгөөр зарагдах гэж байсныг 47.500.000 төгрөгөөр үнэлээд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж М-аас 47.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.М-аас 47.500.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Г-т олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 395.450 төгрөг, хариуцагч Н.Г-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 395.500 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мягмарбаяраас 395.500 төгрөг гаргуулан хариуцагч Б.Г-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хуульд заасны дагуу хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, үүний дагуу тухайн өдрийн шүүх хуралдааны санал хүсэлтийн үе шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээч томилох хүсэлт тавьсан боловч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан, уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх утга бүхий хариулт хэлж ИХШХШТХ-д заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхтэй байх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, мөн талуудын тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс иргэн Н.Г- нь ах Н.Г-ад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг олгосон гэх итгэмжлэл хэрэгт авагдсан байдаг. Тухайн маргаантай холбоотойгоор нотариатчийн үйлдлийн бүртгэлийн дэвтрийг эх хувиар гаргуулахаар хүсэлт гаргахад ... хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад тухайн маргааныг хянан шийдвэрлэжээ.

Харин 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх үйлдэлд дугаар 1916, 1917 дахь хэсэгт тухайн маргааны тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг баталсан гэх үйлдэл харагдах бөгөөд үйлдлийн агуулга хэсэгт Н.Г- нь Н.Г-ад итгэмжлэлээр гарын үсэг зурах эрхийг олгосны дагуу гэх утга агууламж харагдахгүй мөн гарын үсэг нь засвартай үйлдэл харагдаж байгаа тал дээр шүүх ямар нэг засвар хийгдээгүй мэтээр дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь тухайн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргажээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М- хариуцагч Н.Г-т холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээгээр худалдан авсан 9126 ТЧ улсын дугаартай ачааны чиргүүлийг эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Г- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээгээр тохиролцсон 47.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 65-62 ДАХ улсын дугаартай, зүтгүүр зориулалттай тээврийн хэрэгслийг 40.000.000 төгрөгөөр, мөн 91-26 ТЧ улсын дугаартай ачаа зориулалттай тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тээврийн хэрэгслүүдийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “ Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хулдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг  тус тус хүлээнэ” гэж заасантай нийцсэн байх бөгөөд худалдагч гэрээний дагуу эд хөрөнгө болон бичиг баримтыг шилжүүлсэн, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан, харин гэрээний дагуу тохирсон үнийг шилжүүлээгүй байна.

Худалдагч тал болох Намжилын Г- нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ах Намжилын Г-ад өөрийн нэрийн өмнөөс худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг бичгээр хийсэн итгэмжлэлээр өгсөн ба энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж болно” , 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзнэ.

Гэрээний  худалдан авагч тал болох Б.М- нь гэрээ байгуулах үед өөр орон нутагт ажиллаж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дээр гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч, өөрийн бичиг баримт болох Иргэний үнэмлэхийг итгэмжлэгдэгч Н.Г-ад өгч гэрээ байгуулсан болох нь хэргийн 8, 9 дүгээр талд авагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнүүд, 100 дугаар талд авагдсан гэрээний дагуу төлбөр төлөхөө илэрхийлсэн гэрээ гэх баримт, гэрч нотариатч И.Энхболд, Д.Амарсайхан, Н.Г- нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”, 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах...” гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч тал худалдан авсан эд хөрөнгийг эрхийн болон эд хөрөнгийн доголдолтой байсан гэж маргадаг бөгөөд түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр Дархан-Уул аймгийн  Авто тээврийн төвөөс гаргаж өгсөн лавлагаа буюу хэргийн 60-66 дугаар талд авагдсан баримтаар эрхийн доголдолтой байсан, чиргүүлийн арлын дугаар, даац нь  зөрүүтэй байсан  гэдэг нь нотлогдоогүй, нэхэмжлэгч тал энэ талаарх өөр нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар эрхийн доголдол нь тухайн худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргах тохиолдлыг зохицуулсан, гуравдагч этгээдийн гаргах иргэний эрх зүйн шаардлага, хязгаарлалтаас үүсэх буюу тухайн эд хөрөнгөд ногдуулсан эд юмсын үүрэг бүртгэлтэй байхыг ойлгоно.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эд хөрөнгийн доголдлын талаар шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргасныг шүүх хүлээж аваагүй гэж маргадаг боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлээс тэрхүү хүсэлтийг шүүхэд гаргаж байсан гэдэг нь нотлогдоогүй болно.

Нэхэмжлэгч Б.М- нь өөрийн биеэр механикч  болон жолоочийн хамт худалдан авч буй тээврийн хэрэгслүүдийг шалгаж, пирда диск болон бусад жижиг засварт тооцож, тохиролцсон үнээс 2.500.000 төгрөг хасуулж гэрээ хийсэн болох нь гэрч Д.Амарсайхан, Н.Г- нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдох бөгөөд энэ талаар үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт болон тайлбарыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлээр худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар зохицуулсан бөгөөд хуулийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж зааснаар нэхэмжлэгч тал шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн, нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг нь засвартай байхад засвар хийгдээгүй гэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн “243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 251 дүгээр зүйлийн 251.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар...”  гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсэг заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861.100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                    Л.АМАРСАНАА