Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00174

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийдвэр,

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.М-

          Хариуцагч: Н.Г-т холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 2017-11-21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг мөн уг гэрээний зүйл доголдолтой болохыг тус тус  тогтоолгох тухай,

          Сөрөг нэхэмжлэл: Зүтгүүрийн үнэ 40,000,000 төгрөг, ачааны чиргүүлийн үнэ 7,500,000 төгрөг нийт 47,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяржагал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Чинзориг, хариуцагчийн төлөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл болон тайлбартаа: Н.Г-ын өмчлөлийн ...62 ДАХ улсын дугаартай LZGJLUR427X139579 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, SHAANXISX4322JN294 маркийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй, зүтгүүр зориулалттай тээврийн хэрэгслийг 40сая төгрөгөөр, мөн ..26 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 7,5сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2017-11-21-нийн өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа намайг оролцуулахгүйгээр Дархан-Уул аймгийн .. дугаартай нотариатч тухайн гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулахад нэг тал худалдан авсан дээрх тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан ба удаа дараа сэлбэг худалдан авч засвар үйлчилгээ хийсэн ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Энэ тухай Н.Г-т хэлж тээврийн хэрэгслээ буцаан авах тухай мэдэгдсэн ч гэрээ байгуулсан учир мөнгөө  авна гэсэн. Иймд 2017-11-21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. ..26 ТЧ улсын дугаартай LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш удалгүй авто тээврийн үндэсний төвд очин 2017-10-20-ны өдөр олгосон №01688193 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.М- нь өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй мөн тухайн чиргүүлийн стандарт даац нь 7,000,000 кг байх байтал, 1,000,000 кг даацтай байх ба авто тээврийн оношилгооны газарт мөн адил арлын дугаар нь зөрүүтэй тухайн чиргүүлийн өөрийн жин нь зөрүүтэй 28 тн байх байтал, 5 тн байх бөгөөд шилжүүлэх боломжгүй тээврийн хэрэгсэл юм. Иймд худалдан авах гэрээгээр худалдсан эд хөрөнгө доголдолтой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Худалдсан зүйл нь том оврын ачааны машин чирэгч толгой, чиргүүлийн хамт нийт 47,500,000 төгрөгт тооцож гэрээ хийгдсэн. 2017-11-21-ний өдөр Г-ыг төлөөлж Ганбат М-тай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг нотариатаар батлуулж хийсэн. Амарсайхан М-тай холбож өгөөд 47,500,000 төгрөгийг тухайн байрны үлдэгдэл мөнгөнд тооцож мөнгийг М- Амарсайханд төлөхөөр талууд хоорондоо тохиролцсон. Итгэмжлэл хийгдсэнээс хойш 2 сарын дараа тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Пирда, дискний үнийг дүнгээс хасч тооцсон талаар гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдана. М-ын нүүрсний уурхайд ажил хийлгүүлээд тээврийн хөлсийг төлөх байдлаар анх ярилцсан байдаг боловч тээврийн хөлс нь аль аль талдаа хангалттай биш байсан болохоор тохиролцож чадаагүй учраас худалдаж авах санал тавиад тухайн үед зах зээлийн ханшаар 60сая төгрөгөөр зарагдах гэж байсныг 47,500,000 төгрөгөөр үнэлээд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж М-аас 47,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 215 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 251 дүгээр зүйлийн 251.1-д заасныг баримтлан  Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.М-аас 47.500.000 төгрөг гаргуулан Б.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018-09-21-ний өдөр төлсөн 395.450 төгрөг, хариуцагчаас 2018-12- 19-ний өдөр төлсөн 395.500 төгрөгийг тус тус төрийн улсын орлогод хэвээр үлдээж, Б.М-аас 395.500 төгрөг гаргуулан Б.Г-т олгож шийдвэрлэжээ.

       Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийдвэрт “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 251 дүгээр зүйлийн 251.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсэг заалтуудыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх илтэд үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Иргэний хуульд заасны дагуу хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулуах үүрэгтэй, үүний дагуу тухайн өдрийн шүүх хуралдааны санал хүсэлтийн үе шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээч томилох хүсэлт тавьсан боловч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан, уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх утга бүхий хариулт хэлж ИХШХШТХ-д заасан хэргийн оролцогч хэрэг ХХША-ны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхтэй байх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, мөн талуудын тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэрнээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх санаатайгаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй ч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч Б.Содболд нь “...Шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангаагүй бол захирамжинд гомдол гаргах эрх нь нэхэмжлэгч талд нээлттэй байсан....гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй...” гэж анхан шатны шүүх хуралдааны хүсэлт гаргах үе шатанд нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан боловч шүүхээс ямар нэг захирамж гараагүй болохыг гэрчилсээр байхад нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй гэж шат шатны шүүх үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс иргэн Н.Г- нь ах Н.Ганбатад 2017-09-21-ний өдөр тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг олгосон гэх итгэмжлэл анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө гаргаж өгсөн байдаг. Мөн тухайн маргаантай холбоотойгоор нотариатчын үйлдлийн бүртгэлийн дэвтрийг эх хувиар гаргуулахаар хүсэлт гаргахад 2019-3-07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тухайн баримтууд шүүхэд ирээгүй байсан нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад тухайн маргааныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” , 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзнэ”. Гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь тухайн ноториатчын үйлдлийн бүртгэлийн дэвтэр нь 2012 оноос өөр дээр нь хадгалагдаж байсан нь тухайн өдрийн олгосон гэх итгэмжлэл нь өөрөө үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж шууд нотлох баримт болж чадахгүй бөгөөд олгосон гэх итгэмжлэл нь ачааны машины зөвхөн ..62 ДАХ улсын дугаартай, толгойг худалдах эрхийг олгосон байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эсэхийг тогтоолгүй хянан шийдвэрлэсэн нь шүүх дүгнэлт хууль ёсны шаардлагад нийцэхгүй дүгнэлт гарсан гэж үзэж байна. Харин эх хувиар гаргаж өгсөн гэх 5 дугаартай 2017-11-13-с 12-28-ны өдрийг хүртэлх үйлдэлд дугаар 1916, 1917 дахь хэсэгт тухайн маргааны тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг баталсан гэх үйлдэл харагдах бөгөөд үйлдлийн агуулга хэсэгт Н.Г- нь Н.Ганбатад итгэмжлэлээр гарын үсэг зурах эрхийг олгосны дагуу гэх утга агууламж харагдахгүй мөн гарын үсэг нь засвартай үйлдэл харагдаж байгаа нь тал дээр шүүх ямар нэг засвар хийгдээгүй мэтээр дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь бодит үнэнд нийцэхгүй эргэлзээг төрүүлж байхад шүүх дүгнэлт хийлгүй шийдсэн тухайн шийдвэр хууль ёсны байж чадахгүй болно. Мөн тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авах үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өнгөц нүдэнд харагдах төдийд хүлээн авсан бөгөөд шалгаж үзэх гэтэл боломжгүй ачаа тээвэрт хэрэглэж байж л шалгаж үзэх боломжтой нөхцөл байдал үүссэн юм. Ингээд тээвэрт гарах гэтэл боомтод малын гоц халдварт шүлхий өвчин дэгдэж хилийн хориг тогтоогдож цаг хугацааны хувьд 30 гаран хоногийн дараа тээвэрт гаран унаж үзэхэд чиргүүлийн гол шаариг нь удаа дараа нурж гэмтэл үүссэн бөгөөд худалдагч талд нэн дариу мэдэгдэж эд хөрөнгөө буцаан авах хууль ёсны шаардлагыг хугацаанд нь шаардахад нэгэнт гэрээ байгуулагдсан өнгөрсөн мөнгөө л авъя хэмээн тайлбарласаар өдийг хүрсэн. Тухайлбал тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд нь өнөөдрийг хүртэл худалдагч тал Н.Г-ын нэр дээр байгаа болохыг хяналтын шатны шүүх анхааралдаа авч үзнэ үү. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    О.Баяржаргал Б.М-ыг төлөөлөн Н.Г-т холбогдуулан 2018-10-03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2017-11-21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах /хх1-2/, мөн ..26 ТЧ улсын дугаартай ачааны зориулалттай /чиргүүл/ тээврийн хэрэгсэл доголдолтойг тогтоолгох /хх50/-г  шаардаж, уг шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжиж мэтгэлцсэн /хх 149/ байна.

       Н.Г- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө сөрөг нэхэмжлэл гаргаж, зүтгүүрийн үнэ 40,000,000 төгрөг, чиргүүлийн үнэ 7,500,000 төгрөг нийт 47,500,000 төгрөг шаарджээ. /хх 68/

     Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа “...талуудын хооронд 2017-11-21-ний өдөр ..-62 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /зүтгүүр/-г 40 сая төгрөгөөр, ..-26 ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /чиргүүл/-г 7,500,000 төгрөгөөр хариуцагч худалдах, нэхэмжлэгч худалдан авах гэрээ байгуулсан байна... Б.М- нь эд хөрөнгийг  доголдолтой байна гэх боловч энэ нь нотлогдоогүй... худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

    Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...шинжээч томилох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүйгээс гадна захирамж гаргаагүй... мөн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн.... итгэмжлэлээр зөвхөн ..-62 ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг худалдах эрхийг олгосон байгаа... Н.Г- нь Н.Ганбатад гарын үсэг зурах эрхийг олгосон утга итгэмжлэлд байхгүйгээс гадна гарын үсэг нь засвартай байна... тээврийн хэрэгслийг ачаа тээвэрт хэрэглэж байж л шалгаж үзэх боломжтой нөхцөл байдал үүссэн байхад үүнийг шүүх харгалзан үзээгүй... тээвэрт гарах гэтэл хилийн хориг тогтоогдож 30 гаран хоногийн дараа тээвэрт гарсан... чиргүүлийн гол шаариг нь удаа дараа нурж гэмтэл үүссэн... эд хөрөнгөө буцаахыг хүссэн боловч татгалзсан...” зэрэг үндэслэл заажээ.   

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар

      Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нэхэмжлэлийн үндэслэлийн  хэмжээнд томьёолсон нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлийн агуулгыг зөрчөөгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

      Нэхэмжлэгч тал шаардлагаа гэрээг хүчин төгөлдөр бусад “тооцуулах” /хх1,149/ гэж  тодорхойлсон хэдий ч үндэслэлээ тайлбарлахдаа гэрээ хүчин төгөлдөр бус “байх”  нөхцөлийг заажээ. Түүнчлэн, гэрээний зүйл доголдолтой байсан гэж маргахдаа биет байдлын мөн эрхийн доголдлын талаарх нөхцөлийг хамт дурдсан байна. 

    Шүүх Б.М- “...-26 ТЧ мөн ..-62 ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах 2017-11-21-ний өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг мөн ..-26 ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл доголдолтой болохыг тус тус тогтоолгох...” тухай нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 42 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.1, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

    Нэхэмжлэлийн талаар зохигч мэтгэлцэж, шүүх шийдвэрээ гаргасан тул тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хяналтын гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцнэ. 

   2. Шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

   а/. Худалдах-худалдан авах тухай 2017-11-21-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

  Зохигч тохиролцон ..-62 ДАХ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл /зүтгүүр/-г   40,000,000 төгрөгөөр, мөн ..-26 ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /чиргүүл/-г 7,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлж, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хүлээлгэн өгсөн нь нотлогджээ.   

   Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иймд шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.

   Хэргийн 100-р талд “...-62ДАХ чирэгч толгой, ..-26ТЧ чиргүүлийн төлбөр 47,500,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож гэрээ хийв...1сард 11,875,000 төгрөг..төлөх хуваарь гарган төлнө.. М- 2017-12-05...” гэсэн баримт авагдсан, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

    Гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, хуульд заасан буюу хэлэлцэн тохирсон хэлбэрээр гэрээ хийсэн бол уг гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

    Хариуцагч буюу худалдагч гэрээний зүйлийг, бичиг баримтын хамт  нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч тохирсон үнийг төлөөгүй байх тул гомдлыг хангах нь Иргэний хуулийн 196, 199, 243 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй юм.    

   Худалдагч Н.Г- 2017-09-21-ний өдөр Н.Ганбатад итгэмжлэл өгч, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг олгосон байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт   Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

   б/. Доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхийн үндэслэл нь хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэгч 2017-11-21-ний өдрийн хоёр гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан атлаа хүчин төгөлдөр гэрээнд хамаарах эрхийг хэрэгжүүлсэн буюу доголдлын талаар шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 251, 252, 254 дүгээр зүйлд нийцээгүй байна.

    Гэхдээ хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж худалдсан эд хөрөнгийн үнийг шаардсан тул худалдагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна.

   Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.

    Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ.

   Нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг “...биет байдлын болон эрхийн доголдолтой байсан..” гэж маргах боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх доголдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 251-254 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

    Хэрэгт буй баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн худалдсан эд хөрөнгийг хүлээн авсан боловч үнийг нь төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт нийцжээ.

    3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

   Нэхэмжлэгч гомдолдоо “...шүүх захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь мөн шинжээч томилох хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүйгээс гадна захирамж гараагүй...” гэх боловч энэ нь шийдвэр магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

     а/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт есөн удаа хүсэлт гаргаснаас шүүх нэг хүсэлтийг нь хангахаас татгалзжээ.

    Тодруулбал зохигч нар шүүхэд хандаж /хх 53,54/ тээврийн хэрэгслийн лавлагаа гаргуулахыг хүссэн бөгөөд шүүх хүсэлтийг 2018-12-21-ний өдрийн 11-р захирамжаар хангасан /хх55/, үүний дагуу Дархан-уул аймгийн Автотээврийн төв 2019-01-02-ны өдөр 01 тоот албан бичгээр /хх59/, Автотээврийн үндэсний төв УТҮГ-н 2019-01-02-ны өдрийн 37 тоот лавлагаа /хх62/-р хариу ирүүлж, холбогдох баримтыг өгсөн /хх60-67/ байна. 

    Үүнээс хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч 2019-01-15-ны өдөр шүүхэд хандаж /хх 76/ ”...лавлагаа эргэлзээтэй тул Нийслэлийн автотээврийн үндэсний төв болон Нийслэлийн авто тээврийн үзлэг оношлогооны төвөөс лавлагаа гаргуулах..”-г хүссэн ба шүүх уг хүсэлтийг 2019-01-18-ны өдрийн 510-р захирамжаар татгалзахдаа “...2018-12-21-ний өдрийн 11-р захирамжаар хангаж, ажиллагаа хийгдсэн..” гэсэн агуулгатай үндэслэл заажээ. 

    Шүүгч 2019-01-18-ны өдөр 510 дугаартай захирамжийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсгийг зөрчөөгүй ба “...хүсэлтийг хүлээн авсан боловч захирамжийн биелэлтийг хангаагүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.

     б/. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

     Шинэ нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

     Нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө бус, харин шүүх хуралдаан дээр гаргах болсон шалтгаанаа буюу хүндэтгэн үзэх шалтгааныг давж заалдах болон хяналтын гомдолдоо дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүх “...захирамж гаргаагүй...” гэх нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамааруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцэхгүй юм. 

    Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 861,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ