Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 215

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/01118/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ хот, ............... дүүрэг, ............. хороо, .........  хороолол, ....... тоотод оршин суух ....... овгийн Балцагийн М- /РД: ЧЕ74040916, утас: 8011-8680/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 хороолол, 4-71 тоотод оршин суух Баяжих овгийн Намжилын Г- /РД: ЗЮ85022111, утас:9407-0100/-т холбогдох

 

“2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

“Зүтгүүрийн үнэ 40,000,000 төгрөг, ачааны чиргүүлийн үнэ 7,500,000 төгрөг нийт 47,500,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Н.Г-ын өөрийн өмчлөлийн 6562 ДАХ улсын дугаартай LZGJLUR427X139579 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, SHAANXISX4322JN294 маркийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгөтэй, зүтгүүр зориулалттай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр, мөн 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачаа зориулалттай тээврийн хэрэгслийг 7,500,000 төгрөгөөр худалдахаар Б.М-тай харилцан тохиролцсон. 2017 оны 11 сарын 21-нд худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Б.М-намайг биечлэн оролцуулахгүйгээр Дархан-Уул аймгийн 64 дугаартай нотариатч тухайн гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулахад нэг тал худалдан авсан дээрх тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан ба удаа дараа сэлбэг худалдан авч засвар үйлчилгээ хийсэн ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Энэ тухай Н.Г-т хэлж тээврийн хэрэгслээ буцаан авах тухай мэдэгдсэн ч гэрээ байгуулсан мөнгөө л авна гэх тайлбар өгөөд байна. Иймд 2017 оны 11-р сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2017 оны 11 сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу Н.Г-ын эзэмшлийн 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA000076 тоот аралын дугаартай, STEYR маркийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгөтэй, ачааны зориулалттай чиргүүлийг 7,500,000 төгрөгөөр иргэн Б.М-нь худалдан авсан. Уг тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш удалгүй авто тээврийн үндэсний төвд очин 2017 оны 10 сарын 20-ны өдөр олгосон №01688193 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.М-нь өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй мөн тухайн чиргүүлийн стандарт даац нь 7,000,000 кг байх байтал, 1,000,000 кг даацтай байх ба авто тээврийн оношилгооны газарт мөн адил арлын дугаар нь зөрүүтэй тухайн чиргүүлийн өөрийн жин нь 28 тн байх байтал, 5тн байх бөгөөд шилжүүлэх боломжгүй тээврийн хэрэгсэл юм. Иймд худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдаалсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоож өгнө үү. ” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Б.М-ын зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Г-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь доголдолтой тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээс эхлээд М- Г-тай утсаар холбогдож ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авах тухай санал гаргасан. Тухайн саналыг үндэслээд хоёр тал харилцан тохиролцоод тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцсон. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г-ын ах Г- 91-26 ТЧ улсын дугаартай ачааны машин болон чиргүүлийг Дорноговь аймгийн 16-р точик гэдэг газар авчихлаа гэж утсаар ярьсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийг авчрахдаа тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчирлаа гэж мэдэгдсэн. Мэдэгдсэний дагуу өөрийн механиктай очиж үзсэн. Үзэхэд гадна талаасаа ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах буюу нүүрс тээвэрлэхээр уурхай руу аваачсан. Уурхай дээр аваачаад эхний тээвэрлэлт хийхэд тээвэрлэлт хийж байгаа газраас холдолгүй тээврийн хэрэгсэл зогссон. Ингээд ямар гэмтэл гарсан талаар шалгахад тээврийн хэрэгслийн чирэгч толгойн пирда диск эвдэрсэн байна гээд түүнтэй холбоотой засвар үйлчилгээг хийгээд дахиад тээвэрлэлт хийхээр болсон. Дахин тээвэрлэлт хийхэд дахин эвдрэл гарсан. Эвдрэл гарч байгаа шалтгааныг нь тодорхойлж чадахгүй байж байгаад Г- гэж хүний ах Г- гэдэг хүнтэй холбогдож тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна гэдгийг мэдэгдэхэд нэгэнт худалдсан тээврийн хэрэгсэл учраас тээврийн хэрэгслээ бид нар буцаан авах боломжгүй. Зөвхөн гэрээнд тохирсон 47.500.000 төгрөгийг буцаан авна гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн 64-р тойргийн нотариатч И.Энхболд гэж хүний баталсан гэрээ байсан. Энэ гэрээн дээр Г- гэж хүн өөрөө гарын үсэг зурсан. Ард нь М- гэж хүний иргэний үнэмлэх, Г- гэж хүний иргэний үнэмлэхийг хуулбарласан байсан. Тухайн үед Г- гэж хүн өөрөө Солонгос улс руу явсан байсан. Яагаад Г- байхгүй байхад энэ гэрээг хийчих вэ гэхэд Г- Г- гэж хүнээс надад итгэмжлэл олгосон юм гэдэг. Үүнтэй холбоотой баримт огт гаргаж өгөөгүй. Тээврийн хэрэгслийг нь авто тээврийн газар очоод шалгуулаад үзье гээд авто тээврийн газарт хандаж шалгуулахад 91-26 ТЧ дугаартай ачааны чиргүүл нь ачааны биш ердийн чиргүүл буюу 1 тоннын даацтай болохыг олж мэдсэн. Энэ тухай мэдсэнээс хойш тухайн тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолтой байна гэж үзээд худалдагч талд буцааж өгөх талаар удаа дараа шаардахад буцаан авах боломжгүй гэж хэлж байсан учраас арга буюу шүүхэд хандсан. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г- гэж хүний оршин суугаа хаягийн дагуу Дорноговь аймгийн шүүхэд анх хандахад тухайн хаяг дээрээ оршин суудаггүй гээд эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдсэний дагуу Сүхбаатар дүүргийн шүүх болон цагдаагийн газрын тусламжтай Дархан-Уул аймагт оршин суудаг нь тодорхой болсон. Ингээд Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан. Тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу иргэн Г- гэдэг хүний ямар нэгэн зөвшөөрөлгүй Г- нь М-д худалдсан нь Иргэний хууль зөрчсөн. Эд хөрөнгийн доголдлыг албан ёсоор мэдсээр байж нуун дарагдуулж эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн. Энэ нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс тодорхой харагдаж байгаа. Дээрх хоёр үндэслэлээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох, эд хөрөнгийн доголдолтой байсныг тогтоох боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдсан зүйл нь том оврын ачааны машин чирэгч толгой, чиргүүлийн хамт чирэгчийг нь 40.000.000 төгрөгөнд чиргүүлийг нь 7.500.000 төгрөгөөр нийт 47.500.000 төгрөгөнд тооцож гэрээ хийгдсэн.  Гэрээгээр худалдаж байгаа эд хөрөнгийг шилжүүлж өгөх нөгөө талаас худалдсан зүйлийн үнийг төлөх харилцааг зохицуулсан байдаг. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Г-ыг төлөөлж Г- М-тай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж хийсэн байдаг. Нэхэмжлэгч М-ын хувьд гарын үсэг зураагүй болохоор хүчин төгөлдөр бус, Г- гэж хүн Г-ын зөвшөөрөлгүйгээр гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж үндэслэлээ тайлбарлаж байна. Г-аас Г-ад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах итгэмжлэл хийж өгөөд ард нь энэ тээврийн хэрэгслийг худалдах эрхтэй гэсэн байдлаар тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг нотариатаар батлуулж өгсөн. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Итгэмжлэл хийж өгөх шалтгаан нь тухайн үед Г- Солонгос улсад ажиллахаар виз мэдүүлээд виз нь гарчихсан байсан. Машиныг худалдах асуудал нэг өдөр ирээд хийгдсэн асуудал биш Г- нь А-аас 2 өрөө байрыг худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа 37.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг зээл гаргуулж авч өгнө гэсэн. А- нь М-ыг таньдаг учраас танайх заавал зээл авахгүйгээр ямар нэгэн байдлаар мөнгийг төлөх боломж байна гэхэд нь нүүрсний тээвэр хийдэг машин байна энэ машинаа зараад өгч болно гэсэн саналыг хэлсэний дагуу манай хуурай дүү М- гэж хүн байгаа тэр хүн уурхайтай тийм болохоор ийм машин худалдаж авна гэж байсан М-д зарж болох юм гэсэн санааг гаргасан. Ийм байдлаар анх А- М-тай холбож өгөөд 47.500.000 төгрөгийг тухайн байрны үлдэгдэл мөнгөнд тооцож, мөнгийг М- А-д төлөхөөр талууд хоорондоо тохиролцсон. Үүнийгээ төлөхөө илэрхийлээд М- өөрөө мөнгийг төлнө гэсэн бичгээ хийж өгч байсан. Г-ын хувьд виз нь гарчихсан хэзээ ч хамаагүй явах боломжтой байсан учраас Г-ад итгэмжлэл хийж үлдээсэн. Итгэмжлэл хийгдсэнээс хойш хоёр сарын дараа тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Гарын үсэг зурагдаагүй шалтгаан нь өөрөө хол байгаа учраас зурах боломжгүй иргэний үнэмлэхээ явуулаад гэрээгээ хийж нотариатаар батлуулсан. Нотариатын хувьд нэг талын хүсэл зоригоор хуульд харшлахгүй гэсэн тайлбараа өгсөн учраас энэ гэрээ хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан ямар нэгэн хүчин төгөлдөр бус шинжийг агуулахгүй байна. Хуульд заавал бичгээр байгуулах, нотариатаар батлуулах шаардлага тавиагүй. Эд хөрөнгийг шилжүүлэх, үнийг шилжүүлэх гэсэн харилцааг хийж байж талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцоод гэрээ байгуулагдсан гэж үзээд явах бүрэн боломжтой. Пирда дискний үнийг дүнгээс хасаж тооцсон талаар гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдана. Тухайн үед гарсан доголдлыг нь илрүүлээд үнийн дүнгээс нь хасаад өгчихсөн. Эвдрэл гэмтэл болон тонны зөрүүтэй байсныг тухайн үедээ шалгаж авах боломжгүй эвдрэл гэмтэл биш. Тухайн тээврийн хэрэгслийг анхнаасаа авахдаа шалгаад үзээд доголдолтой байх юм бол авахаа болих татгалзах бүрэн боломжтой байсан. Тээврийн хэрэгсэл бичиг баримт дээр нь хэн ч харсан ойлгомжтой тодорхой байгаа. Энэ машиныг болно гэж авчихаад хариуцагчийн зүгээс хүний машиныг жил гаран явуулаад одоо ямар байдалтай байгаа талаар фото зургийг нь авчихсан хавтас хэрэгт байгаа. Ийм болгож эвдэж гэмтээчихээд одоо үүнийгээ ав гэсэн шаардлага тавьж байгаа нь хууль зүйн хувьд ч тэр, хүний ёсонд нийцэхгүй зүйл. Доголдолтой зүйл өгөөгүй. Өгсөн байлаа ч гэсэн тухайн үед нь илрүүлээд хуульд заасан хугацаанд шаардаад шаардлага гаргаад явах боломжтой байсан. Тийм учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага М-аас худалдсан тээврийн хэрэгслийн үнэ болох 47.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Утга нь тээврийн хэрэгсэл нэгэнт М-ын эзэмшилд оччихсон. Ашиглаад явж байгаа. Тээврийн хэрэгслийг авсан болохоор мөнгийг төлөх ёстой. 47.500.000 төгрөгийг бодит байдал дээр тохиролцохдоо А-д өгөх ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй. А- энэ талаар М-аас мөнгөө авах талаар цагдаагийн байгууллагад өгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгуулж байсан талаар баримтыг сая өгсөн. Өөрөө ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Ямар нэгэн байдлаар 47.500.000 төгрөг нэг ч төгрөг А- руу шилжигдээгүй учраас худалдах худалдах авах гэрээний нөгөө тал болох Г- авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Машины хувьд М-ын нүүрсний уурхайд ажил хийлгүүлээд тээврийн хөлсийг төлөх байдлаар анх ярилцсан байдаг боловч тээврийн хөлс нь аль аль талдаа хангалттай биш байсан болохоор тохиролцож чадаагүй учраас худалдаж авах санал тавиад тухайн үед зах зээлийн ханшаар 60.000.000 төгрөгөөр зарагдах гэж байсныг 47.500.000 төгрөгөөр үнэлээд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж М-аас 47.500.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-нь Н.Г-т холбогдуулан “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Г- нь нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан зүтгүүрийн үнэ 40,000,000 төгрөг, ачааны чиргүүлийн үнэ 7,500,000 төгрөг нийт 47,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 65-62 ДАХ улсын дугаартай LZGJLUR427H139579 тоот арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй  SHAANXISX4322JN294 маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгөтэй, зүтгүүр зориулалттай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр, мөн 91-26 ТЧ улсын дугаартай  LZZWOFZK95SA00076 тоот  арлын дугаартай, тоот хөдөлгүүртэй, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгөтэй, ачаа зориулалттай тээврийн хэрэгслийг 7,500,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээсэн /хэргийн 8, 9 дүгээр тал/ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч Б.М-өөрийг нь байлцуулахгүйгээр гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрүүтэй, чиргүүлийн стандарт даац 7,000,000 кг байх байтал 1,000,000 кг даацтай, арлын дугаар зөрүүтэй, чиргүүлийн өөрийн жин 28 тн байх байтал 5 тн байх тул гэрээгээр эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдаалсан тул эд  хөрөнгө доголдолтой болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа /хэргийн 1, 50 дугаар хуудас/ тодорхойлон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байгаа.

Нэхэмжлэгч Б.М-гэрээнээс татгалзсан үндэслэлийг худалдсан эд  хөрөнгийн эрхийн доголдолтой, шилжүүлэх боломжгүй хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Талуудын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 65-62 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээнд арлын дугаарыг LZGJLUR 427X139579, маркийг SHAANXISX4322JN294 гэж тэмдэглэсэн нь гэрээний хавсралтын тээврийн хэрэгслийн хуулбарын техникийн тодорхойлолт хэсгийн аралын № LZGJLUR 427X139579, марк модель SHAANXISX4322JN294 гэсэнтэй болон Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа дахь LZGJLUR427X139579, JN294 гэсэн бичвэр /хэргийн 60 дугаар хуудас/-тэй тохирч байна.

Талуудын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 91-26 ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээнд арлын дугаарыг LZZWOFZK95SA00076 гэж тэмдэглэсэн нь гэрээний хавсралтын тээврийн хэрэгслийн хуулбарын техникийн тодорхойлолт хэсгийн аралын № LZZWOFZK95SA00076 гэсэнтэй  болон Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа дахь аралын дугаар LZZWOFZK95SA00076  гэсэн бичвэртэй тохирч байгаа, гэрээнд чиргүүлийн даацыг тодорхойлон бичээгүй ч гэрээний хавсралтын тээврийн хэрэгслийн хуулбарын техникийн тодорхойлолт хэсэгт даац 1000,00 гэсэн нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн лавлагаа дахь даац 1000,00 гэсэнтэй тохирч байна.

Иймд нэхэмжлэгч Б.М-ын худалдсан эд хөрөнгө нь эрхийн талаар доголдолтой гэсэн шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар эрхийн доголдол нь тухайн худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргах тохиолдлыг зохицуулсан, гуравдагч этгээдийн гаргах иргэний эрх зүйн шаардлага,  хязгаарлалтаас үүсэх буюу тухайн эд хөрөнгөд ногдуулсан эд юмсын үүрэг бүртгэлтэй байхыг ойлгоно.

                                                                                                                                                                                                            

Талуудын байгуулсан гэрээний 3.3-т заасны дагуу талууд тээврийн хэрэгслийг худалдан авагчид хүлээлгэн өгөхдөө акт үйлдээгүй, худалдан авагч тал буюу Б.М-тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлэх хүсэлт гаргаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн гэрээний 3.7-д зааснаар худалдан авагч Б.М-тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг холбогдох байгууллагад бүртгүүлэх үед эрхийн зөрчил гарсан, мөн тайлбарт дурьдсанаар бодит байдал дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн үзүүлэлтээс зөрүүтэй буюу чанарын байдлын хувьд доголдолтой гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.М-2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 65-62 ДАХ, 91-26 ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах гэрээ байгуулах үед өөрийг нь байлцуулахгүйгээр гэрээ байгуулсан, гарын үсэг зураагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэжээ.

Талуудын байгуулсан гэрээний зүйл нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасан хөдлөх эд хөрөнгө тул мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар тухайн эд хөрөнгийг эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Талууд гэрээг Дархан-Уул аймагт байгуулсан боловч гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас нэхэмжлэгч Б.М-ын ажиллуулж буй уурхайд буюу Чойрт хүлээлгэн өгсөн нь гэрч Н.Г-ын мэдүүлгээр тогтоогдож байгаа, хариуцагч Н.Г- Н.Г-ад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэлээр олгосон /хэргийн 98 дугаар хуудас/ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, гарын үсэг зураагүй байдал нь гэрээг хүчин төгөлдөр бус тооцох үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч Б.М-ын өөрийг нь байлцуулахгүйгээр гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Н.Г- шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ 47,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Талуудын тохиролцсоноор болон Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар гэрээний үнэ 47,500,000 төгрөгийг худалдагч Б.Г-ын худалдан авсан орон сууцны үнэд Д.А-д төлөхөө нэхэмжлэгч Б.М-нь ...65-62 ДАХ чирэгч толгой, 91-26 ТЧ чиргүүлийн төлбөрт 47,500,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцон гэрээ хийв... гэж бичгээр илэрхийлсэн /хэргийн 100 дугаар хуудас/, уг үүргээ биелүүлээгүй болох нь гэрч Д.А-ы мэдүүлэг /хэргийн 85-88 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 47,500,000 төгрөгийг Б.М-аас гаргуулан Н.Г-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 395,450 төгрөг, хариуцагч Н.Г-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 395,500 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-аас 395,500 төгрөг гаргуулан хариуцагч Б.Г-т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 624 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн №64 тойргийн нотариатч И.Энхболдоос гаргуулсан гэрээ №5 /1835-2122/ Монголын нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтэрийг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалж, бэхжүүлэн авсан тул эх хувийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар  нэхэмжлэгч Б.М-ын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 9126 ТЧ улсын дугаартай, LZZWOFZK95SA00076 тоот арлын дугаартай, STEYR маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолтой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.М-аас 47,500,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Г-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 395,450 төгрөг, хариуцагч Н.Г-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 395,500 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-аас 395,500 төгрөг гаргуулан хариуцагч Б.Г-т олгосугай.

 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ