Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 531

 

С.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Э-д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                         С.Э-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                 Г.Х, Д.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга          Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Э- би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхон, 302 дугаар байрны 402 тоот орон сууцыг мөнгөний шаардлага гарсны улмаас худалдахаар зар тавьсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сард “Болор түлхүүр” зуучлалын компаниас зарын дагуу бидэнтэй холбогдон тус компанийн захирал А.А болон зуучлагч П.Б нар ирж манай байрыг үзээд “Зуучлалын гэрээ” байгуулсан. Энэ үед О.Э- нь өөрийн гэр бүлийн хүнээ Халимагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгуульд оролцож байгаа болохоор эзгүй байгаа, хөгжмийн зохиолч хүн байдаг гэж хэлж байсан. Мөн хотын төвд өөрийн эзэмшлийн газраа зарж байр авах сонирхолтой байгаа ба миний газар 11 000 000 ам.долларын үнэ ханш хүрнэ гэж ярьж байсан. Мөн зуучлагч А.А- нь 2017 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэлх хугацаанд О.Э-тай холбоотой байгаа танай байрыг худалдаж авах сонирхолтой “Ривер Гарден” хотхонд амьдардаг, хэд хэдэн уул уурхайн ордтой гэж танилцуулсан учир уг эмэгтэйг төлбөрийн чадвартай хүн байна гэж итгээд орон сууцандаа оруулж, “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөрөө 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч нэг ч төгрөг төлөлгүй манай байранд 4 сар амьдарсан. Гэтэл бидний хувьд орон сууцаа худалдаж, банкны зээлээ төлж дуусгах болон охиныгоо гадаадад боловсрол эзэмшүүлэх зэрэг томоохон хэрэгцээ шаардлага гарч, төлөвлөсөн ажлуудаа шийдэх хэрэгтэй байсан болохоор О.Э-аас гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардахад 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байрны түрээсийн төлбөрт 20 000 000 төгрөг өгөхөөр тохирсон боловч удаа дараа шаардуулж байж 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 000 000 төгрөг өгсөн. О.Э- нь манай орон сууцыг худалдаж авах эсэх нь эргэлзээ төрүүлж эхэлсэн тул байраа өөр хүнд худалдахаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Э-тай уулзаж байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр байрыг хүлээлгэж өгөхийг зөвшөөрч гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл хууль бусаар манай байранд амьдарсаар байна. Ийнхүү О.Э- нь бидний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар олон сараар үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь өмчлөгчийн зүгээс өөрийн өмчлөлийн зүйл болох орон сууцаа хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд саад учруулж байх тул О.Э-ын энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны өмчлөгч бидний эрхийг хамгаалж, орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч гэрээ цуцлах санал гаргаагүй. Уг гэрээгээр талууд харилцан үүрэг хүлээж, үүргээ биелүүлээгүй бол хэрхэх талаар гэрээнд заасан тул хохирлыг харилцан тооцож ярилцах шаардлагатай гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. 2018 оны 7 дугаар сард очиход нь 4 өрөөний шалны завсар зай гарсан байна гэж хэлсэн. Үл хөдлөх гэрээ худалдах худалдан авах гэрээ байгуулах үед ямар нэг доголдолгүй, орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж хэлэлцэж тохиролцоод гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж худалдсан учир хариуцагч талд энэ гэрээтэй холбоотой хохирол үүссэн. Тиймээс хариуцагчид учирсан 72 590 000 төгрөг гаргуулсны дараа энэ талаар ярилцах ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч талд учирсан хохирол, худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа тул энэ гэрээг хэдийд яаж цуцлах талаар асуудал яригдаж байж С.М нарын нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2206040277 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхон 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 5 өрөө орон сууцыг хариуцагч Гахан Боржигон овогтой Осгондоржийн Энхжаргал /РД:ЕЮ62102120/-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч О.Э- давж заалдах гомдолдоо:

            ... Нэхэмжлэгч С.Э- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргасан атал анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарласан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж өөр дүгнэлт хийжээ. С.Э-гийн улсын бүртгэлийн Ү-2206040277 дугаартай бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 402 тоо хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхтэй асуудлаар маргаагүй. Харин дээрх орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах-худалдан авах тухай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч О.Э-аас гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох ёстой асуудлаар шүүгч Д.Энхцэцэг хууль зүйн үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэснээс болж хариуцагч О.Э- миний эрх хөндөгдөж, 72 000 000 төгрөг хохирлыг хүлээгээд байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид дурдахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй гэсэн. Гэтэл С.Э-, О.Э- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш 1 сар гаруйн дараа уг байрны эдийн доголдол илэрч бүх өрөөний шал, шалны хүрээ хоёрын хооронд 2 см хиртэй завсар гарсан байсныг нуун далдалж силикон шахсан, шал нь бүхэлдээ доош суун хонхолздог, обойнууд суларч хөндийрсөн, цонхнууд бүрэн хаагддаггүй, ариун цэврийн өрөөний хананууд цуурч суулт өгсөн, том тагтны үндсэн хана болон 2 унтлагын хооронд нэвт цууралт өгч ан цав гарч хагарсан ба түүнийг өнгөлөн далдалж эмульсээр будсан, хаалганууд гажиж хаагддаггүй зэрэг доголдлоо мэдсээр байж нуун дарагдуулсан /гэрээний 3.1, 3.2-т заалтууд зөрчигдсөн/ байсан. Иймээс НМХГзарт шалгуулахаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Гомдлын хариу дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гарсан. Шүүхэд хандаж гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, хохирлоо нэхэмжлэх гэж байтал С.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хүлээж аваад дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үүний үндсэн дээр өгсөн, авсан зүйлээ буцааж, гэм хорын хохирлоо арилгуулах, байр чөлөөлөх хоёрыг хамтад шийдвэрлүүлэх ёстой атал сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүйгээс болж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Э- нь үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгааг анхаараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтад шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Э- хариуцагч О.Э-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 281,2 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг О.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...маргааны зүйл болж буй орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, хариуцагч доголдолтой эд хөрөнгийг нуун дарагдуулж худалдсан, учирсан хохирлыг гаргуулна” гэсэн тайлбарласан байна.

 

            Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч С.Э-, Ө.А нар худалдан авагч буюу хариуцагч Ж.Энхтуяад өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 281,2 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 1 480 000 000 төгрөгөөр худалдаж, зээлийн төлбөр төлөх эцсийн хугацааг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөр тохирч, уг хугацааг хүртэл худалдан авагч сар тутам 5 000 000 төгрөгийн түрээс төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-ийн 13 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Зохигчид орон сууцыг нэхэмжлэгч С.Э-д 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анх хүлээн авсан нөхцөлөөр буцаан хүлээлгэн өгч, түрээсийн болон ашиглалтын зардал төлөхөөр 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгийн гэрээ байгуулсан нь талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Мөн талууд гэрээндээ орон сууцны үнийг төлөх хүртэлх хугацаагаар хөлслөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Дээрх гэрээний дагуу хариуцагч уг байранд амьдарч байсан бөгөөд улмаар талууд гэрээ цуцлагдсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т зааснаар цуцлагдсан байна. Иймд хариуцагчийн орон сууцыг эзэмшилдээ байлгах хууль болон гэрээнд заасан эрх дуусгавар болох тул хууль ёсны шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ийнхүү гэрээ цуцлагдсанаар талуудын хоорондын гэрээний үүрэг харилцан дуусгавар болж, хариуцагчид Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг үүссэн боловч биелүүлээгүй байна. /хх-ийн19 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” байдаг тул нэхэмжлэгч С.Э- хариуцагч О.Э-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, О.Э-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Хариуцагч өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд тухайн эрхээ сэргээлгэхээр гомдол, нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О.Э- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО