Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/00196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: С.Э -ийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: О.Э/-д холбогдох

   Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч С.Э би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, 302 дугаар байрны 402 тоот орон сууцыг мөнгөний шаардлага гарсаны улмаас худалдахаар хотхоныхоо самбарт зар тавьсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сард “Болор түлхүүр” зуучлалын компаниас зарын дагуу бидэнтэй холбогдон тус компанийн захирал А.Анхбат болон зуучлагч П.Болдбаатар нар ирж манай байрыг үзээд “Зуучлалын гэрээ” байгуулсан. Энэ үед О.Э- нь өөрийн гэр бүлийн хүнээ Халимагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгуульд оролцож байгаа болохоор эзгүй байгаа, хөгжмийн зохиолч хүн байдаг гэж хэлж байсан. Мөн хотын төвд өөрийн эзэмшлийн газраа зарж байр авах сонирхолтой байгаа ба миний газар 11 000 000 ам.долларын үнэ ханш хүрнэ гэж ярьж байсан. Мөн зуучлагч А.Анхбат нь 2017 оны 09 дүгээр сараас 11 сар хүртэлх хугацаанд О.Э-тай холбоотой байгаа, танай байрыг худалдаж авах сонирхолтой, Ривер Гарденд амьдардаг, хэд хэдэн уул уурхайн ордтой гэж танилцуулсан учир уг эмэгтэйг төлбөрийн чадвартай хүн байна гэж итгээд орон сууцандаа оруулж, “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамгийн сүүлчийн төлбөрөө 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч нэг ч төгрөг төлөлгүй манай байранд 4 сар амьдарсан. Гэтэл бидний хувьд орон сууцаа худалдаж, банкны зээлээ төлж дуусгах болон охиныгоо гадаадад боловсрол эзэмшүүлэх зэрэг томоохон хэрэгцээ шаардлага бий болж, төлөвлөсөн ажлуудаа шийдэх хэрэгтэй байсан болохоор О.Э-аас гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардахад 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор мөнгө орж ирэхээр өгнө гэж бидэнд худал амлаж, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байрны түрээсийн төлбөрт 20 000 000 төгрөг өгөхөөр тохирсон боловч удаа дараа шаардуулж байж 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 000 000 төгрөг өгсөн. Тэрээр манай байранд 2018 оны 4 дүгээр сараас хойш амьдрах хугацаандаа сууцны ашиглалтын холбогдох зардал /ус, дулаан, цахилгаан гэх мэт/ мөн СӨХ-ны төлбөрөө төлөхгүй өмчлөгч болох биднийг байнга хэл аманд оруулж байсан. О.Э- нь манай орон сууцыг худалдаж авах эсэх нь эргэлзээ төрүүлж эхэлсэн тул байраа өөр хүнд худалдахаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Э-тай уулзаж байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгөхийг зөвшөөрч гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл хууль бусаар манай байранд амьдарсаар байна. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр О.Э-тай уулзахаар байрандаа очиход хаалгаа тайлаагүй, удаа дараа залгасан боловч утсаа авахгүй болохоор 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байраа хүлээж авахаар тохиролцсоны дагуу маргааш байр чөлөөлж, түлхүүр хүлээлгэж өгөөч, дараагийн худалдан авагчид байраа үзүүлэх гэсэн юм гэж мессеж бичсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагт би орон сууцныхаа түлхүүрийг хүлээж авахаар өөрийн төрсөн дүүгийн хамт очиход О.Э- утсаа аваагүй бөгөөд хаалгаа ч тайлаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Ө.Аын хамт байрандаа очиход О.Э- нь тус байранд байсан боловч хаалгаа тайлаагүй, утсаа ч аваагүй. Ийнхүү О.Э- нь бидний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар олон сараар үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь өмчлөгчийн зүгээс өөрийн өмчлөлийн зүйл болох орон сууцаа хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд саад учруулж байх тул О.Э-ын энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны өмчлөгч бидний эрхийг хамгаалж өгнө үү”. Хариуцагчтай анх Болор түлхүүр гэх зуучлалын компаниар зуучлуулж танилцсан. Маргаан бүхий байрыг зарах зарын дагуу Болор түлхүүр зуучлалын компани холбогдож уг байрыг худалдаж авах сонирхолтой байна гэж хэд хэдэн удаа ирж байр үзсэн. Мөнгө бэлэн байхгүй тул байрыг өөр хүнд зарж, түрээслүүлэхгүйгээр хүлээж бай гэж гуйгаад зуучлагч компанитай гэрээ хийж компаниар дамжуулж холбогдож байсан. Зуучлагч компаниас үргэлж холбогдож байрыг авах хүсэлтэй хэвээр байгаа хүнд битгий зараарай гэж байсан. 2018 оны 3 дугаар сард хариуцагч уг байрыг худалдаж авъя. Харин хөрөнгө оруулалт орж ирэх хүртэл байрыг сарын 5 000 000 төгрөгөөр түрээслээд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байрыг худалдаж авч бүх төлбөрөө төлөхөөр тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ хийж байранд орсон. Хариуцагчийг ямар хүн бэ гэдгийг зуучлалын компаниар дамжуулж мэдэж итгэл үнэмшил төрж харилцсан. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхний 2 сарын түрээсийн төлбөрөө төлөхөөр тохиролцсон байсан. Түрээсийн төлбөр болон хэрэглээний зардлаа сар сард нь төлөхөөр гэрээ хийгдсэн. Гэрээний дагуу сар бүр гэрээний үүргээ биелүүлээгүй тул тухайн үед нь сануулж байсан. Байрныхаа төлбөрийг төлөх ёстой байсан хугацаанд уулзахад манай нөхөр Халимаг хүн байдаг. Улсдаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа. Одоогоор эзгүй байгаа гэж байсан. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мөнгөө авахаар очиход нөхөр маань эрүүл мэндийн шалтгаанаар ирж чадахгүй болсон. Улс төрийн нөхцөл байдлаас болоод эмнэлэгт хэвтээд бие нь муу байгаа гэж хэлсэн. Иймд энэ нөхцөл бйадлыг харж үзээд мөнгөө авахаа хойшлуулаач гэсэн тул хүсэлтийг нь хүлээж авсан. Улмаар 2018 оны 9 дүгээр сард мөнгөө өгөх боломж байна уу ямар нэг санал тавиагүй. Нөхөр ирэх боломжгүй болсон гэсэн. Түүний дараа уулахад нөхрийн бие муу байгаа тул энэ нөхцөл байдлыг харгалзаж, бизнесийн шинэ хөрөнгө оруулалт ортол түр хүлээж бай гэсэн тул хүлээсэн. Байраа яаралтай зарах хэргтэй байна та эхний ээлжинд 2018 оны 9 дүгээр сар хүртлэх түрээсийн төлбөрөө төлөөд хэрэглээний зардлаа төлчих гэхэд. Манай дүү ирж мөнгөний асуудлыг шийдэх гэж байна. Хугацаа өгөөч гэх мэт шалтгаан тоочиж санал тавьж байсан учраас би хүлээсэн. Гэтэл хариуцагч хэрэглээний зардал болон түрээсийн төлбөрөө төлөөгүй. Байр худаллдан авах өөр санал ирсэн тул энэ нөхцөл байдлаа танилцуулж 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уулзаж 7 хоногийн дотор байрыг чөлөөлж өгөөч гэхэд 14 хоногийн хугацаа өгчих байрыг чөлөөлж өгнө гэсний дагуу тохиролцож баталгаажуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирэхэд утсаа салгаад хаалгаа тайлж өгөхгүй байсан. Мессеж бичиж гэрээ цуцалсны алданги 53 000 000 төгрөг, хоёр дахь гэрээ цуцалсны алданги 83 000 000 төгрөг, байранд нүүж орсны зардал 500 000 төгрөг, буцаж нүүхэд 500 000 төгрөг түрээсийн төлбөр гэж 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 000 000 төгрөг өгсөн энэ мөнгөө буцааж авна. Эдгээрийг өгвөл орон сууцнаас гарна гэж удаа дараа мессеж бичиж дансны дугаар илгээсэн. Би яагаад мөнгө нэхэж байгаа юм гэхэд утсаа аваагүй. Одоо болтол хэрэглээний зардлаа төлөөгүй. Орон сууцандаа нэвтэрч чадахгүй. Ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй байна. Иймд орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр бегөөд нэхэмжлэгч гэрээ цуцлах санал гаргаагүй. Уг гэрээгээр талууд харилцан үүрэг хүлээж, үүргээ биелүүлээгүй бол хэрхэх талаар гэрээнд заасан тул хохирлыг харилцан тооцож ярилцах шаардлагатай гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхээр гэрээний эрх үүргийг хэн зөрчсөн, яагаад ийм байдалд хүрсэн талаар харилцан хамтатгаж шийдвэрлэх ёстой байсан. 2018 оны 7 дугаар сард очиход нь 4 өрөөний шалны завсар зай гарсан байна гэж хэлсэн.  Үл хөдлөх гэрээ худалдлах худалдан авах гэрээ байгуулах үед ямар нэг доголдолгүй. Орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж хэлэлцэж тохиролцоод гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал доголдлыг мэдсээр байж нуун даргдуулж худалдсан учир хариуцагч талд энэ гэрээтэй холбоотой хохирол үүссэн. Тиймээс хариуцагчид учирсан 72 590 000 төгрөг гаргуулсны дараа энэ талаар ярилцах ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч талд учирсан хохирол, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа тул энэ гэрээг хэдийд яаж цуцлах талаар асуудал яригдаж байж С.Мөнхтуяа нарын нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э улсын бүртгэлийн Ү-2206040277 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 281.2 м.кв талбай бүхий, 5 өрөө орон сууцыг О.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч О.Э- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд доголдолтой эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулж худалдсан, тухайн гэрээнээс учирсан хохирлыг гаргуулсны дараа орон сууц чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Зохигч хариуцагчийн эзэмшилд орон сууц байгаа, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ө.А, А.А, С.Э нар бүртгэлтэй зэрэг үйл баримтад  маргаангүй, харин хариуцагч тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа, эсхүл гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа талаар маргаж байна. /хх-14 ху/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигч 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206040277 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 281.2 м.кв талбай бүхий, 5 өрөө орон сууцыг зээлээр худалдах худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах ба тухайн хугацаанд худалдан авагч сар тутам 5 000 000 төгрөгийн түрээс төлөх нөхцлийг харилцан тохиролцсон орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх-13 ху/

Үүний дараа, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр худалдан авагч О.Э- 2018.10.22-ны өдөр орон сууцыг анх хүлээн авсан нөхцлөөр С.Эд буцаан хүлээлгэн өгч, түрээсийн болон ашиглалтын зардал төлөхөөр тохиролцсон орон сууц хүлээлцэх тухай баримт үйлдсэн байна. /хх-19 ху/

Дээрхээс үзэхэд хариуцагч маргаан бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшилдээ авсан боловч талууд хожим гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж  гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй, түүний хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа гэх татгалзал дээр дурьдсан орон сууц хүлээлцэх тухай актаар үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй  гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзээд улсын бүртгэлийн Ү-2206040277 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 281.2 м.кв талбай бүхий, 5 өрөөорон сууцыг хариуцагч О.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас ирүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын 02-03/4663 дугаар албан бичиг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлээгүй, энэхүү шийдвэрээр талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцаатай холбоотой ямар нэг дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2206040277 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхон 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 5 өрөө орон сууцыг хариуцагч О.Э-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С:Энхтуяад олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ