Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00871

 

С.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 531 дугаар магадлалтай, 

С.Э-гийн нэхэмжлэлтэй

О.Э-д холбогдох, 

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, 302 дугаар байрны 402 тоот орон сууцыг мөнгөний шаардлага гарсаны улмаас худалдахаар зар тавьсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сард Болор түлхүүр зуучлалын компаниас зарын дагуу бидэнтэй холбогдон тус компанийн захирал А.Анхбат болон зуучлагч П.Болдбаатар нар ирж манай байрыг үзээд Зуучлалын гэрээ байгуулсан. Энэ үед О.Э- нь өөрийн гэр бүлийн хүнээ Халимагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгуульд оролцож байгаа болохоор эзгүй байгаа, хөгжмийн зохиолч хүн байдаг гэж хэлж байсан. Мөн хотын төвд өөрийн эзэмшлийн газраа зарж байр авах сонирхолтой байгаа ба миний газар 11.000.000 ам.долларын үнэ ханш хүрнэ гэж ярьж байсан. Мөн зуучлагч А.Анхбат нь 2017 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэлх хугацаанд О.Э-тай холбоотой байгаа танай байрыг худалдаж авах сонирхолтой Ривер Гарден хотхонд амьдардаг, хэд хэдэн уул уурхайн ордтой гэж танилцуулсан учир уг эмэгтэйг төлбөрийн чадвартай хүн гэж итгээд орон сууцандаа оруулж, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөрөө 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч нэг ч төгрөг төлөлгүй манай байранд 4 сар амьдарсан. Гэтэл бидний хувьд орон сууцаа худалдаж, банкны зээлээ төлж дуусгах болон охиныгоо гадаадад боловсрол эзэмшүүлэх зэрэг томоохон хэрэгцээ шаардлага гарч, төлөвлөсөн ажлуудаа шийдэх хэрэгтэй байсан болохоор О.Э-аас гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардахад 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байрны түрээсийн төлбөрт 20.000.000 төгрөг өгөхөөр тохирсон боловч удаа дараа шаардуулж байж 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөг өгсөн. О.Э- нь манай орон сууцыг худалдаж авах эсэх нь эргэлзээ төрүүлж эхэлсэн тул байраа өөр хүнд худалдахаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Э-тай уулзаж байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгөхийг зөвшөөрч гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл хууль бусаар манай байранд амьдарсаар байна. Ийнхүү О.Э- нь бидний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар олон сараар үнэ төлбөргүй ашиглаж байгаа нь өмчлөгчийн зүгээс өөрийн өмчлөлийн зүйл болох орон сууцаа хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд саад учруулж байх тул О.Э-ын энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны өмчлөгч бидний эрхийг хамгаалж, орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч гэрээ цуцлах санал гаргаагүй. Уг гэрээгээр талууд харилцан үүрэг хүлээж, үүргээ биелүүлээгүй бол хэрхэх талаар гэрээнд заасан тул хохирлыг харилцан тооцож ярилцах шаардлагатай гэж үзэж байна. Үл хөдлөх гэрээ худалдах худалдан авах гэрээ байгуулах үед ямар нэг доголдолгүй, орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж хэлэлцэж тохиролцоод гэрээ байгуулсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сард очиход нь 4 өрөөний шалны завсар зай гарсан байсан бөгөөд нэхэмжлэгч тал доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж худалдсан учир хариуцагч талд энэ гэрээтэй холбоотой хохирол үүссэн. Тиймээс хариуцагчид учирсан 72.590.000 төгрөг гаргуулсны дараа энэ талаар ярилцах ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч талд учирсан хохирол, худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2206040277 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах, 5 өрөө орон сууцыг хариуцагч Гахан Боржигон овогтой Осгондоржийн Энхжаргал /РД:ЕЮ62102120/-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 531 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О.Э- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч О.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс иргэн миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Миний бие С.Э-гийн ХУД-ийн 11 дүгээр хороо Ривер гарден  хотхоны 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхтэй маргаагүй. Харин дээрх үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах 2018.04.18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчаас анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх ёстой байхад шүүгч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж, ганц С.Э-гийн нэхэмжлэлийг хэлэлцсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Дээрх маргаан бүхий орон сууцыг 1 тэр бум 480 саяар худалдан авахаар тохиролцож зээлээр худалдах худалдан авах гэрээг зуучлалын компанийн тусламжтайгаар байгуулсан. Гэтэл тус байранд орсны дараа доголдол илэрсэн бөгөөд уг доголдолыг мэдсээр байж нуун дарагдуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан хэлцэл хийхэд саад болох нөхцлийг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсаныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно гэсэн хууль байсаар байхад уг хуулийг хэрэглэж миний сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж, харилцан тооцогдох хохирлоо гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна. Доголдолын талаар НМХГазрын 2018.12.07-ны өдрийн дүгнэлт, тодорхойлолт байгаа болно. Энэ доголдолыг мэдсэн даруй С.Э-д үзүүлсэн, мөн зуучлагч н.Болдбаатарт үзүүлсэн, улмаар 2018 оны 6 дугаар сарын 29-нд НМХГазарт шалгуулахаар гомдол гаргасан. Үүний хариу нь  2018.12.07-ны өдөр ирсэн. Энэ бүх нотлох  баримтыг сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Мөн өөрт учирсан 72 сая төгрөгийн хохирлын нотлох баримтуудыг ч сөрөг нэхэмжлэлдээ өгсөн болно. 1 тэр бум 480 саяар байр худалдах авах гэж байгаа тул ийм их доголдолтой байр авахыг хүсэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Үүний өмнө миний бие Ривер гарден хотхоны 308 дугаар байрны 201 тоот 169.7 м.кв орон сууцыг Номин констракшн ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан урьдчилгаа төлөөд амьдарч байтал худалдагчийн буруутай үйлдлээс гэрээ цуцлагдаж төлсөн байсан 78.290.000 төгрөгөөс авч чадаагүй тохироо хийж С.Э- даруй байрандаа орохыг хүссэний улмаас надад 53.000.000 төгрөгийн хохирол учирсан юм. Иймээс хууль зөрчиж хийсэн дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлүүлж, өгсөн авсанаа буцаах, учирсан хохирлоо гаргуулж шийдвэрлүүлэх, байр чөлөөлөх хоёрыг нэг шийдвэр гүйцэтгэлээр  шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Би уг орон сууцыг худалдаж авахын тулд сарын 5 сая төгрөгийн өндөр түрээс төлөхийг  зөвшөөрч тохиролцоо хийсэн. Гэтэл С.Э- нар нь намайг хууран мэхэлж уг гэрээг хийсэн тул хуулийн дагуу гомдлыг хянан шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Э-, О.Э-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны талаар хэргийн баримтад үндэслэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч О.Э-ын гомдолд дурдснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоотод хаягт байрлалтай 281.2 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг  хариуцагч О.Э-д худалдахаар талууд тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг бичгийн хэлбэрээр байгуулжээ.

Тухайн орон сууцны үнийг бүрэн төлөх хүртэл хугацаанд хариуцагч сар бүр 5.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр хэлэлцэж, гэрээний дагуу орон сууцыг О.Э-ын эзэмшилд шилжүүлсэн, хожим нь харилцан тохирч гэрээнээс татгалзсаныг зохигч маргаагүй байна.

Дээрх байдлаар гэрээ дуусгавар болсон хэдий ч орон сууцыг буцааж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, эзэмшсээр байгаа нь тогтоогдсон байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалттай нийцсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “доголдолтой хөрөнгийг нуун дарагдуулж худалдсан, хохирол гаргуулна“ гэж марган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагч жичдээ шүүхэд хандах эрх нээлттэй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 531 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ