Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 0010

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.Л

Шүүгдэгч                                           Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Г, М.М

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Дид холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Ш овогт Б-н Д.

 

Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд       аймгийн     сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ш овогт Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 1 /нэг/ жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа       аймгийн         сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг      аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 25.50 гр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Л эсэргүүцэлдээ:

“ ... Шүүх шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

Гэтэл шүүх шүүгдэгчийг “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний асрамжид бага насны 2 хүүхэд, өөр асрах хүнгүй байгаа” гэж дүгнэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байна гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Д нь шүүхийн шатнаас оргон зайлж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр гадагшаа гарсан болох нь Хил хамгаалах газрын 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 2-5а/5885 дугаартай албан бичгээр тогтоогдсон.

Б.Дийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олж тогтоон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, түүний үйлдсэн гэм хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Шүүх шүүгдэгч Б.Дийн асрамжид бага насны 2 хүүхэд нь байдаг, өөр асрах хүнгүй байгаа нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан гаргаж өгсөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүсэлт, албан бичгүүд, хүүхдүүдийн амьдарч буй гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрэл зураг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар шүүгдэгч Б.Дийг бага насны 2 хүүхдээ асардаг, эхнэр Н-с тусдаа амьдарч байгаа өрх толгойлсон эцэг мэтээр дүгнэн ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх баримтууд нь хүүхдүүдийн амьдралын нөхцөл байдал, төрсөн, он, сар өдөр, эцэг эхийн мэдээллийг тодруулсан баримт болохоос биш Б.Дийн бага насны 2 хүүхэд асрах хүнгүй, эх нь хаяад явсан, дан ганц Б.Дийн асаргаанд байдаг гэдгийг нотолсон албан ёсны эх сурвалжтай баримт биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Б.Д тайлбартаа:

“... Миний бие энэхүү хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө өөрийн ухамсаргүй болтол архидан согтуурсан буруутай үйлдлээс болж холбогдон шалгагдаж байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлснээс хойш би өөрийн мэдэх зүйлээ мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Би энэ хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээс хойш ажилгүй, эхнэргүй болж ганцаараа, хоёр ихэр хүүхдээ асарч байна. Үүний учир нь би Эрдэнэт рүү хэрэгт шалгагдаж байх үедээ шүүх хуралдаан оролцох болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцох зорилгоор тухайн үед байнга ирж байсан бөгөөд ажлаасаа чөлөө авч ирдэг байсан. Гэтэл ажил олгогч маань олон удаа чөлөө авлаа, ажил хийхгүй байна гэх байдлаар хандаж намайг ажлаас халсан. Ингээд миний бие ажилгүй болсон. Улсын дээд шүүх рүү хэрэг явж байх үед би өөрийн ээж болох Солонгос улсад амьдардаг О дээр очиж 1 сарын хугацаатай ажил хийж мөнгө олох зорилгоор эхнэр Л.Н болон хоёр ихэр хүүхдийнхээ хамт Солонгос явсан.

Солонгос улсад очоод удаагүй байтал Коронавирус гэх өвчин гарч хөл хорио тогтоож буцаж хугацаандаа ирэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Ингээд Солонгосоос буцах хүсэлтэй байсан боловч дээрх шалтгаанаар ирж чадахгүй болсон. Солонгос улсад очоод удаагүй байтал эхнэр Л.Н-тай гэр бүлийн маргаантай болж тэрээр намайг хоёр хүүхдийн хамт хүний нутагт хаяж ор сураггүй, холбоогүй болсон. Ингээд миний бие хоёр хүүхдээ авч Монгол Улс руу албадан явуулж өгөөч гэх хүсэлтийг тасралтгүй гаргаж байгаад Монголд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Улаанбаатар хотод ахындаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хоёр хүүхдийн хамт амьдарч байгаад      аймаг руу ирэх үед Цагдаагийн албан хаагч нар намайг барьж       аймагт ганцааранг маань авчран цагдан хорих байранд хорьсон.

Ийнхүү хоригдохдоо хоёр хүүхдээ аймагт орхиод ирсэн бөгөөд миний хоёр хүүхдийг миний төрсөн аав намайг бага байхад хаяад явсан хүн дээр үлдээсэн юм. Манай аав архины хамааралтай бөгөөд хоёр хүүхдийг маань харж хандах нь битгий хэл өөрийгөө арай л гэж авч яваа хүн юм. Би цагдан хорих байранд хоригдож байхдаа хоёр хүүхдээ хаана ямар байдалтай байгаа бол гэж маш их санаа зовж байсан. Гэтэл манай аав хоёр хүүхдийн нэг нь болох Д.У-н гарыг халуун зууханд түлсэн байсныг сүүлд мэдсэн. Манай ээжийн төрсөн дүү болох П.О манай өмгөөлөгчтэй холбогдон хөл хорионы үед хөөцөлдөн байж хоёр ихрийг маань Э-д авч ирж гэртээ харж байсан юм.

Миний хоёр хүүхэд одоо 2 нас 4 сартай бөгөөд ээжээсээ илүү аавдаа бага байхаасаа ээнэгшин дассан бөгөөд аав амьтай хүүхдүүд болно. Би цагдан хоригдож байх хугацаандаа үр хүүхдүүдээ өөрийн буруутай үйлдлээс болж ямар байдалд хүргэсэн болох, гэмт хэрэг үйлдэх ямар үр дагавартай болох талаар байнга бодож шаналж байсан. Намайг цагдан хорих байрнаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр суллагдаж хоёр хүүхэд дээрээ ирэх үед хоёулаа царай алдсан байдалтай, аавыгаа маш их санасан байсан. Одоо миний бие хоёр хүүхдээ эгч П.О-н гэрт өөрийн асрамжиндаа харж байна. Цаашид  аймагт байх гэртээ очиж хоёр хүүхдээ харж хандан тогтвор суурьшилтай ажил хийх бодолтой байгаа.

Эхнэр Л.Н-н хувьд намайг ийм хэцүү нөхцөл байдалд орхиж үр хүүхдээ гэх сэтгэлгүй яваад би харамсаж байна. Гэхдээ би хоёр хүүхдээ цаашид өөрөө өсгөн хүмүүжүүлж хэнээс ч дутуугүй авч явж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхаар шийдсэн. Гэтэл прокурор нь хоёр нялх хүүхдийг минь өрөвдөх сэтгэлгүй хандаж надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг буруу гэж эсэргүүцэл гаргаж байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

Хэдий би гавьяа байгуулсан хүн биш ч гэлээ миний хоёр хүүхэд мунхаг ухаангүй аавынхаа ял зэмлэлийг давхар хүлээж харж хандах хүнгүй гараа , түлж айлд толгой хорогдож амьдрах ёстой мэтээр прокурор үзэж байгаад би харамсаж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг миний хоёр ихэр хүүхдийг харгалзан үзэж хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, М.Г нар тайлбартаа:

“ ... Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс 7.1 дүгээр зүйлийн 1 -т зааснаар тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх талаар тус тус санал гаргасан. Энэ хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан. Уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 171 дугаартай тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэсэн нь буруу гэж дүгнэн хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа аймгийн  сумын нутаг- дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэсэн нь өмнө нь Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон шийтгэх тогтоолоос тэнсэх зохицуулалтыг хэрэглээгүйгээр ялгаатай бөгөөд Д.Д-н анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийнх нь асрамжид 2 бага насны хүүхэд нь байгаа зэрэг хувийн байдалд нь тохирсон болно.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан тохиолдлын шинжтэй зүйл биш, бөгөөд шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэх хууль зүйн бүрэн боломжтойг харуулж байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн байх ба Д.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, албадлагын арга хэмжээ зэрэг нь түүний гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасан. Анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэсэн нь дээрх журмын тухай хуульд нийцсэн гэж үзнэ. Прокурорын эсэргүүцэлд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлийг дурдсан атлаа энэ талаар тодорхой үндэслэлээ заагаагүй байна.

Хэрэгт авагдсан ам бүлийн тодорхойлолт,  аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүсэлт,  аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүсэлт, Д.Д-н 2 хүүхдийн амьдарч буй гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрэл зураг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар бага насны буюу 2 настай 2 ихэр хүүхэд нь эцэг Д.Д-н асрамжид байх зайлшгүй шаардлагатай байгаа болох нь, эх Л.Н нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас Солонгос улсад байгаа ба хоёр хүүхдээ асрах боломжгүй бөгөөд хүсэлгүй байгаа талаарх нөхцөл байдал бүрэн нотлогдож тогтоогдсон.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон бөгөөд Б.Дийг өрх толгойлсон эцэг гэж огт дүгнээгүй. Зөвхөн Б.Дийн болоод хоёр ихэр хүүхдийн талаарх нөхцөл байдалд дүгнэлт хийсэн юм. Гэтэл прокурор нь өрх толгойлсон эцэг мэтээр дүгнэн ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж эсэргүүцэлдээ бичсэн нь ойлгомжгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Дийг өрх толгойлсон эцэг гэж огт дүгнээгүй болно.

Ийнхүү Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангасан ба прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л-н эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх Б.Дид холбогдох  хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд  аймгийн  сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч Б.Дид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна түүний хувийн байдал /ар гэрийн байдал/-ын талаарх шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зөрчил гаргасан гэж үзлээ.

 

Хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр хуульчилсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу уг ял нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тусгасан.

 

Гэтэл хууль үйлчлэх цаг хугацааны хувьд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд үйлдсэн тул түүнд уг ялыг оногдуулах нь хуульд заасан дээрх зарчимд нийцээгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх Б.Дид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “ ... анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн ... шүүгдэгчийн асрамжинд 2018 оны 3 дугаар сард төрсөн бага насны 2 ихэр хүүхэд өөр асрах хүнгүй байгаа онцгой нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй ... ” гэж хэт нэг талыг барьсан, өрөөсгөл утга бүхий дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэжээ.

 

Хэдийгээр шүүгдэгч нь ар гэрийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй болох нь тогтоогддог боловч түүний хүүхдүүдийг шүүгдэгчээс өөр асрах хүнгүй гэх болон түүний эхнэр Л.Н нь тэдгээртэй хамт эсхүл тусдаа амьдардаг гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Түүнээс гадна шүүгдэгч нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.50 гр сэтгэцэд нөлөөлөх ургамлыг хэзээ, хаанаас авсан талаараа тодорхой мэдүүлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...энэ талаар мэдэхгүй байна ...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэл биш юм.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Прокурор Ц.Л-н “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх...” тухай эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                              С.ЦЭЦЭГМАА

                                                                                            С.УРАНЧИМЭГ