Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2020/00559

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2020/00559

Архангай аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М овогт С.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШШГГ-т холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.   

                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ш миний бие нь Шүүхийн шийдвэрийн дагуу ХАС банкинд өөрийн нөхөр М.А-ын хамтаар 30,342,058 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж албадлага хэрэглэн миний өмч болох Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 34-3425 тоотод байршилтай улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48м2 талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-0118001270 дугаартай 152,5 м.кв талбайтай хувийн сууц, граж бүхий хувийн сууцыг үнэлгээ тогтоохдоо орон сууцны барилгыг 62,110,900 төгрөг, гражийн барилгыг 7,526,200 төгрөг, үйлчилгээний барилгыг 21,025,800 төгрөг, газар 8,365,000 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 33 тоот дүгнэлт гарсан. Миний бие тухайн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнг бүх объект дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба үнэлгээчин тогтоож үнэлэхэд 130,000,000 орчим төгрөгөөр үнэлсэн. Тэр үед манай байшин объектууд зарим хэсэг нь ашиглалтанд ороогүй дутуу байсан. Одоо бүрэн ашиглагдах боломжтой болсон байгаа бөгөөд өмнөх үнэлгээнээс дээшилнэ гэхээс дордохгүй юм. Мөн миний өмчийн газар нь цэвэр бохир устай холбогдсон. Одоо зах зээлд 150,000,000 төгрөгөөс зарагдаж буй газар юм. Тэгээд ч зах зээлийн үнэлгээг бодитой үнэлээгүй гэж үзэж 2020 оны 02 дугаар сарны 04-ний өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Миний бие хувийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-ыг оролцуулах хүсэлттэй байна гэжээ.    

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Х нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжаар С.Ш, М.А нараас 30,342,058 төгрөгийг гаргуулж ХАС банкинд олгохоор шийдвэрлэгдсэн. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан боловч Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагаа хүчингүй болсон тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Ийм учраас Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар зээлийн барьцаанд бүртгэгдсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 34-3425 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48м2 талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-0118001270 дугаартай 152,5 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийг үндэслэн “Мэргэнгүн Аудит” ХХК-ийн шинжээч А.Б-ыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17010009/21 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор томилсон.

Шинжээчийн үнэлгээний тайланг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/225 дугаар албан бичгээр мэдэгдэж санал хүсэлтийг хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн.

Үнэлгээг тусгай зөвшөөрлийн дагуу 140600057 дугаартай “Мэргэнгүн Аудит” ХХК-ийн шинжээч А.Б гаргасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээ хийхэд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байдаг болно.

Иймд төлбөр төлөгч С.Ш-ийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №17010009/21 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн “Мэргэнгүн Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч ШШГГ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

            Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Ш нь Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 34-3425 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 48м2 бүхий барилгыг 50,000,000 төгрөгөөр, 152,5 м.кв талбайтай хувийн сууц, гражийн хамт 150,000,000 төгрөгөөр,  400 м.кв газрыг 100,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ХАС банк Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 34-3425 тоотод байрлах 000568593 гэрчилгээний дугаартай, Ү-0118001271 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 48м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг 4,000,000 төгрөгөөр, 000568592 гэрчилгээний дугаартай, Ү-0118001270 улсын эрхийн бүртгэлийн  дугаартай 152,5 м.кв хувийн сууц, гражийн зориулалттай барилгыг 20,000,000 төгрөг, 000491359 гэрчилгээний дугаартай, 6513003225 нэгж талбарын дугаартай, Г-0118001038 улсын эрхийн бүртгэлийн дугаартай дугаартай 400 м.кв өмчлөх газрыг 4,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн дуудлага худалдаанд оруулах хүсэлтүүдийг гаргасан ба төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээр тохиролцоогүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17010009/21 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Мэргэнгүн Аудит” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгөнд үнэлгээ хийлгэхийг даалгажээ.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй. Шинжээч нь тогтоолын дагуу тухайн хөрөнгүүдийг үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

            Уг тайланд:     -орон сууцны барилга    62,110,000.9 төгрөг

                                    -гражийн барилга             7,526,000.2  төгрөг

                                    -үйлчилгээний барилга  21,025,000.8  төгрөг 

                                    -газар                                8,365,000.0  төгрөг

                                          Нийт дүн                     99,027,000 төгрөг  гэж үнэлжээ. /хх-н 6-9/

 

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч С.Ш-д 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг танилцуулж, хуулбарлан өгсөн байна. Төлбөр төлөгч С.Ш нь үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ “...өмнөх шинжээчийн дүгнэлт хөрөнгийг үнэлэхэд 112,000,000 төгрөг гэж үнэлсэн байна. Тэр үед манай байшин объектууд зарим хэсэг нь ашиглалтанд ороогүй дутуу байсан. Одоо бүрэн ашиглагдах боломжтой болсон ба  цэвэр бохир устай холбогдсон. Мөн хашааг үнэлэхгүй байгаа нь үнэлгээ зөрүүтэй гарах үндэслэл гэж үзэж байна. Иймд 2020 оны 02 дугаар сарны 04-ний өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт бодитой гараагүй гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлйн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.  

 

            Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1399 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу шинээр явуулахыг Архангай аймаг дахь  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасны дагуу дахин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шинээр явуулж эхэлсэн байна. /хх-н 90-93/

 

Хариуцагч ШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42,1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байна.

 

 Мөн шинжээчээр томилогдсон “Мэргэнгүн Аудит” ХХК нь төлбөр төлөгч С.Ш-гийн эзэмшлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 34-3425 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48м2 талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-0118001270 дугаартай 152,5 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээ хүчингүй болох үндэслэл баримтаар тогтоогдохгүй, үнэлгээ бүрэн бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан байх тул 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17010009/21 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн “Мэргэнгүн Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Нэхэмжлэгч С.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.2, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

 

          1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан ШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч С.Ш-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА