Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00901

 

                                     

                                               С.Ш-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00559 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

С.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн 2020.02.04-ний өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Ш-ийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу Хас банканд өөрийн нөхөр М.Адъяабаатарын хамтаар 30,342,058 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, албадлага хэрэглэн миний өмч болох Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоотод байршилтай улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-0118001270 дугаартай 152,5 м.кв талбайтай хувийн сууц, гарааш бүхий хувийн сууцны үнэлгээ тогтоохдоо орон сууцны барилгыг 62,110,900 төгрөг, гараашийн барилгыг 7,526,200 төгрөг, үйлчилгээний барилгыг 21,025,800 төгрөг, газар 8,365,000 төгрөгөөр үнэлсэн 2020.02.04-ний өдрийн шинжээчийн 33 тоот дүгнэлт гарсан. Миний бие тухайн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнг бүх объект дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба үнэлгээчин тогтоосон бөгөөд 130,000,000 орчим сая төгрөгөөр үнэлсэн. Тэр үед манай байшин, объектууд зарим хэсэг нь ашиглалтад ороогүй дутуу байсан. Одоо бүрэн ашиглагдах боломжтой болсон бөгөөд өмнөх үнэлгээнээс дээшилнэ гэхээс дордохгүй юм. Мөн миний өмчийн газар нь цэвэр бохир усны шугамтай холбогдсон. Одоо зах зээлд 150,000,000 төгрөгөөр зарагдаж буй газар юм. Тэгээд ч зах зээлийн үнэлгээг бодитой үнэлээгүй гэж үзэж, 2020.02.04-ний өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.04-ний өдрийн 534 дүгээр захирамжаар С.Ш, М.Адьяабаатар нараас 30,342,058 төгрөгийг гаргуулан Хас банканд олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан боловч Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагаа хүчингүй болсон тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Ийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар зээлийн барьцаанд бүртгэгдсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-0118001270 дугаартай 152.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийг үндэслэн Мэргэнгүн Аудит ХХК-ийн шинжээч А.Бямбажавыг 2020.01.28-ны өдрийн 17010009/21 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор томилсон. Шинжээчийн үнэлгээний тайланг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 2020.02.10-ны өдрийн 01/225 дугаар албан бичгээр мэдэгдэж, санал хүсэлтийг хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн. Үнэлгээг тусгай зөвшөөрлийн дагуу 140600057 дугаартай Мэргэнгүн Аудит ХХК-ийн шинжээч А.Бямбажав гаргасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 зааснаар үнэлгээ хийхэд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байдаг. Иймд төлбөр төлөгч С.Ш-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00559 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч С.Ш-ийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үнэлгээ зөрүүтэй гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Өмнөх шинжээчийн дүгнэлтээр миний хөрөнгийг үнэлэхдээ барилгын гүйцэтгэлийг 80 хувьтай байхад 112,000,000 төгрөгөөр үнэлсэн бол “Мэргэнгүн Аудит” ХХК нь тус барилгуудын гүйцэтгэл 100 хувь болчихоод байхад 99,027,000 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээ бодитой гараагүй гэж үзэх үндэслэл болж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн ямар нэгэн акт гараагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх маргаан бүхий объектуудыг хураан авч үнэлсэн. Ингэж үнэлэхдээ тухайн объектуудаас хашааг салгаж зөвхөн барилгыг үнэлэх ямар ч боломжгүй, тухайн объектуудыг тойруулж барьсан хашаа нь объектуудын салшгүй хэсэг юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Ш Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 2020.02.04-ний өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүх С.Ш-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжаар хариуцагч С.Ш, Н.Адъяабаатар нар Хас банкны нэхэмжилсэн 30,342,058 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.22-ны өдрийн 2190 тоот шүүгчийн захирамжид бичигдсэн 429 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 34-3425 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-0118001270 дугаартай 152.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан тухай хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

 С.Ш улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв газрыг 100,000,000 төгрөг, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дэлгүүрийг 50,000,000 төгрөг, Ү-0118001270 дугаартай 152.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд төлбөр авагч үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 28,000,000 төгрөгөөр үнэлж, талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй, хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.01.28-ны өдрийн 17010009/21 дүгээр тогтоолоор “Мэргэнгүн аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон тухай баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч байгууллага 2020.01.28-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж тухайн барилгуудын бүтээц, хийц, элэгдлийн тооцоолол, газрыг зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч харьцуулах замаар үнэлгээг тогтоосон байна.

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.02.04ий өдрийн 33 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах газар, үйлчилгээний зориулалттай барилга, хувийн сууц, гараашийг нийт 99,027,000 төгрөгөөр тогтоосон талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үнэлгээг зах зээлийн үнэ, ханшнаас доогуур тогтоогдсон болохыг баримтаар нотлож чадаагүй байна.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01399 дугаар тогтоолоор бүхэлд нь хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу шинээр явуулахыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн тул “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017.01.16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тайланг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн тусгаагүй, ерөнхий байдлаар бичсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00559 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020.02.04-ний өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Ш-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦОЛМОН    

                              ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ               

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                            Х.СОНИНБАЯР

                                                                             Б.УНДРАХ