Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 31

 

С.Ш-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00559 дүгээр шийдвэртэй

С.Ш-ийн нэхэмжлэлтэй

ААДШШГГ-т  холбогдох

үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч С.Ш-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ш нэхэмжлэлдээ: “Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу Хас банкинд өөрийн нөхөр М.Аын хамтаар 30.342.058 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, албадлага хэрэглэн миний өмч болох Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоотод байршилтай улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-0118001270 дугаартай 152,5 м.кв талбайтай хувийн сууц, граж бүхий хувийн сууцны үнэлгээ тогтоохдоо орон сууцны барилгыг 62.110.900 төгрөг, гражийн барилгыг 7.526.200 төгрөг, үйлчилгээний барилгыг 21.025.800 төгрөг, газар 8.365.000 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 33 тоот дүгнэлт гарсан. Миний бие тухайн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнг бүх объект дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба үнэлгээчин тогтоосон бөгөөд 130.000.000 орчим төгрөгөөр үнэлсэн. Тэр үед манай байшин объектууд зарим хэсэг нь ашиглалтад ороогүй дутуу байсан. Одоо бүрэн ашиглагдах боломжтой болсон байгаа бөгөөд өмнөх үнэлгээнээс дээшилнэ гэхээс дордохгүй юм. Мөн миний өмчийн газар нь цэвэр бохир устай холбогдсон. Одоо зах зээлд 150.000.000 төгрөгөөр зарагдаж буй газар юм. Тэгээд ч зах зээлийн үнэлгээг бодитой үнэлээгүй гэж үзэж, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Миний бие хувийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-ыг оролцуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч болон түүний төлөөлөгчдийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр захирамжаар С.Ш, М.А нараас 30.342.058 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэрлэгдсэн. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан боловч Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагаа хүчингүй болсон тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Ийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар зээлийн барьцаанд бүртгэгдсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 34-3425 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0118001038 дугаартай 400 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-0118001271 дугаартай 48м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-0118001270 дугаартай 152,5 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийг үндэслэн “Мэргэнгүн Аудит” ХХК-ийн шинжээч А.Б-ыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17010009/21 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор томилсон. Шинжээчийн үнэлгээний тайланг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/225 дугаар албан бичгээр мэдэгдэж, санал хүсэлтийг хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн. Үнэлгээг тусгай зөвшөөрлийн дагуу 140600057 дугаартай “Мэргэнгүн Аудит” ХХК-ийн шинжээч А.Б гаргасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээ хийхэд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байдаг болно. Иймд төлбөр төлөгч С.Ш-ийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00559 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан ААДШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч С.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Ш-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 559 дугаартай шийдвэрээр ААДШШГГт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь үнэлгээ зөрүүтэй гарсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Өмнөх шинжээчийн дүгнэлтээр миний хөрөнгийг үнэлэхдээ барилгын гүйцэтгэлийг 80 хувьтай байхад үнэлээд 112.000.000 төгрөгөөр үнэлсэн бол “Мэргэнгүн Аудит” ХХК нь тус барилгуудын гүйцэтгэл 100 хувь болчихоод байхад 99.027.000 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээ бодитой гаргаагүй гэж үзэх гол маргаан болж байна. Миний тухайн объектуудыг тойруулж барьсан хашааг ч үнэлээгүй нь  буруу юм. 2 метр банзаар тойруулж барьсан. Мөн 4 метр банз орсон бөгөөд үүнийг мөнгөөр худалдаж авч барьдаг. Хашаанд зөвхөн банз ордоггүй бөгөөд хадаас, хаалганы төмөр хийц гээд бүх зүйл үнэлэгддэг байхад энэ хашааг ерөөсөө үнэлээгүй орхисонд гомдолтой байна. Иймээс Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 559 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхбаярыг оролцуулах хүсэлттэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ш ААДШШГГт холбогдуулан Мэргэнгүн Аудит ХХК-ийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, холбогдох хуулиудын зохих заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Ш шийдвэрийг эс зөвшөөрч, өмнөх шинжээчийн дүгнэлтээр миний хөрөнгийг үнэлэхдээ барилгын гүйцэтгэл 80 хувьтай байхад 112.000.000 төгрөгөөр үнэлсэн бол Мэргэнгүн Аудит ХХК нь тус барилгуудын гүйцэтгэл 100 хувь болчхоод байхад 99.027.000 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээ бодитой гараагүй, мөн тухайн объектуудыг тойруулж барьсан хашааг ч үнэлээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2190 тоот шүүгчийн захирамжид бичигдсэн 429 дүгээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Ш-ийн эзэмшлийн  үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2017 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн шинжилгээний тайлан гарсан байна.

Гэвч Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01399 дугаар тогтоолоор Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу шинээр явуулахыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хүчингүй болж байгаа тул 2017 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

ААДШШГГ дээрх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин шинээр явуулсан байх ба хуульд заасны дагуу ямар нэгэн зөрчилгүй явуулжээ.

Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 17010009/21 дугаар тогтоолын дагуу гаргасан Мэргэнгүн Аудит ХХК-ний 33 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж дүгнэх үндэсгүй байна.

Нэхэмжлэгч С.Ш Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 17010009/21 дугаар тогтоолын дагуу гаргасан Мэргэнгүн Аудит ХХК-ний 33 дугаартай шинжээчийн дүгнэлтийг өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээнээс бага үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч тэр дүгнэлт нь хүчингүй болсон тул тэр дүгнэлттэй харьцуулж дүгнэлт хийх боломжгүй бөгөөд үүнээс өөр үндэслэлээр Мэргэнгүн Аудит ХХК-ний 33 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй  болно.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х объектуудыг тойруулж барьсан хашааг үнэлүүлээгүй талаар “Хас банкны зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавихдаа хашааны газар гэсэн зүйл огт дурдагдаагүй байдаг. Барьцаа хөрөнгө нь шүүхийн шийдвэрт заасан 48м.кв үйлчилгээний зориулалттай барилга 152,5 м.кв гражийн орон сууцны зориулалттай барилга гэж анх барьцаа хөрөнгөөр зээл авахад заагдсан байдаг” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд төлбөр авагч Хас банкны барьцаалсан хөрөнгөнд хашаа ороогүй, зөвхөн барьцааны гэрээнд заасан хөрөнгийг үнэлүүлсэн болох нь тогтоогдож байх тул хашааг үнэлүүлээгүй гэж буруутгах боломжгүй  юм.

Иймд төлбөр төлөгч С.Ш-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зохих журмын дагуу явагдсан, шинжилгээг хуульд заасны дагуу хийсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Ш-ийн давж заалдах гомдлыг шүүх хангаагүй учир түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч С.Ш-ийн гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ

                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ