Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 0012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Б.О

Шүүгдэгч                                           Д.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Б

Хохирогч                                           П.Б

Хохирогчийн өмгөөлөгч               М.Б

Нарийн бичгийн дарга                 Б.Батгэрэл нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Эөд холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч П.Бгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-н Э.

 

Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр     аймгийн      сумын           багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны баруун хойд талд иргэн П.Бгийн толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийн цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эөөс 940,408 төгрөг гаргуулан хохирогч П.Бд олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,059,592 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Шүүгдэгч Д.Эөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.Б давж заалдах гомдолдоо:

“ ... Цаашид маш их эмчилгээ шаардлагатай байгаа, анхан шатны шүүхийн шийдвэрээр зохих хохирол олгуулахаар шийдвэрлэсэн ч энэ хохирлоо өгөхгүй байгаа төдийгүй оюун ухаанаа алдаж, ажил эрхлэх боломжгүй хүний асаргаанд орлоо.

Иймд анхан шатны шүүхээс сэтгэл санааны болон эмчилгээний төлбөрөө бодитоор гаргуулах арга хэмжээ аваагүй учирсан хохирол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч П.Бгийн гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Эөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр        аймгийн      сумын         багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны баруун хойд талд иргэн П.Бгийн толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх боловч анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

 

Тодруулбал: Анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүгдэгч Д.Эөд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг биечлэн оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэсэн заалтыг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх дээрх шүүх хуралдаанд шүүгдэгчийг цахим хэлбэрээр буюу онлайнаар оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан “өмгөөлөгчтэйгээ чөлөөтэй харьцах, ганцаарчлан уулзах” зэрэг шүүгдэгчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх нөхцөл боломжийг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүйгээс шүүгдэгч нь өмгөөлөгчтэйгээ чөлөөтэй харьцах, ганцаарчлан уулзах эрхээ эдлэх, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцож хэргийн талаар мэдүүлэг өгөх нөхцөл бүрэн боломжоор хангагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий хууль ёсны байх нөхцөл бүрдээгүй гэж үзлээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12, 1.14 дүгээр зүйлүүдэд заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, “Өмгөөлүүлэх, хууль ёсны туслалцаа авах эрхийг хангах” зарчмуудыг чанд сахиж хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Түүнээс гадна эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг зайлшгүй биечлэн оролцуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатайг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогч П.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Эөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Эөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хохирогч П.Бгийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ