Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2019/00387

 

 

 

 

 

      2019 оны 07 сарын 22 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00387

            Хэнтий аймаг

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00362/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ...............тоот хаягт оршин суух, М.М /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:................... тоот хаягт оршин суух,  Ц.Н /РД:............./-д холбогдох,

3 432 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч М.М, өмгөөлөгч Л.Наранчимэг,

            хариуцагч Ц.Н, өмгөөлөгч Д.Ганхуяг,

            гэрч Ж.Д,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 04 дүгээр сард Баянхутаг суманд Хүнс хөдөө аж ахуйн газраас чацарганы суулгацны модны төсөлд иргэдийг хамруулна гэдгийг сонсоод найз Нд, манай суманд Хүнс хөдөө аж ахуйн газраас чацарганы суулгацны модны төсөл өгөх гэж байгаа юм байна. Чи сонирхохгүй юм уу гэхэд Н эхлээд 500 ширхэг чацарганы мод авна гэж хэлсэн, дараа нь 1 га-д хэр хэмжээгээр оногддог юм бэ би тэр  хэмжээгээр нь авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 200 ширхэг чацарганы модны суулгацны төсөл бичиж өгч уг төсөл маань дэмжигдээд 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр чацарганы суулгацаа хүлээн авсан.

Ингээд Шуудан холбооныхонтой хамт чацарганаа суулгасан. Эхний нэг хоёр удаагийн услалтанд ирээд, түүнээс хойш би ирээгүй. Н нь намар 8, 9 сард суулгац сайн ургасан, бид хажуугаар нь  хүнсний ногоо тариалсан гээд надад 3 кг сонгино явуулсан байсан. Ингээд би тухайн төслийг найздаа аваад өгчихсөн гэж бодоод байж байхад 2015 онд сумын Хүнс хөдөө аж ахуйн түшмэл залгаад таны зээлийн төлөлтийн хугацаа болсон байна гэхэд нь би энийг эгч нь төлөхгүй Шуудан холбооны  дарга Н төлнө гэж хэлсэн. Тухайн үед нь би Хүнс хөдөө аж ахуйн газрын түшмэлд Нийн утсыг өгсөн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад саяхан Хүнс хөдөө аж ахуйн газраас яриад зээлийг төлж барагдуулах талаар надад хэлж шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсан байсан. Эвлэрүүлэн зуучлах хэсэгт уулзалт амжилтгүй дуусгавар болсон. Ингээд би шүүхэд хандах болсон. Тухайн үед Нтэй ямар нэгэн гэрээ, баримт үйлдэлгүйгээр чацарганы суулгацыг хүлээлгэн өгсөн. Мод тарьсан газар нь өмнөх эзний эрх хүчингүй болоод газрын албанаас зөвшөөрөл аваад тарьж байсан. Ц.Нээс чацарганы суулгацын үнэ 2 800 000 төгрөг, алданги 632 850 төгрөг, нийт 3 432 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Намайг  2012 онд Шуудан үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх үед манай шууданч М.М нь миний өрөөнд орж ирээд Хөдөө аж ахуйн газрын төсөл байна. Би чацарганы суулгац авч тариалах бодолтой байна. Ганцаараа тарихад ажиллагаа ихтэй, манай хамт олон надад туслахгүй юм болов уу? гэж  хүсэлт тавьсан. Тэрний дагуу бид хамт олны хурлаар М нь ийм газартай юм чацарганы мод тарих гэж байгаа юм байна гэж хэлсэн. Тухайн үед би Мээс хүнсний ногоо тарих газар гарах уу гэхэд М гаралгүй яахав дээ гэсэн. Тэгээд би хамт олондоо энэ тухай  хэлэхэд манай хамт олон дэмжсэн. Тэгээд мод тарих талаар бид мэдлэггүй учраас чи өөрөө  хариуцаарай гэж Мт хэлэхэд сургалтанд суулгаад зааж өгдөг гэсэн, би өөрөө хариуцана гэж хэлсэн. Ингээд М, бид бүгдээрээ ажлын хашаанд байсан хуучин шонгийн модны хөл, илүүдэл мод төмрөөр болон Цэнхэрмандал сумаас шургааг авчирч хашаагаа бариад суулгацаа суулгасан. Түүний хажууд бид ажилчдынхаа хэрэгцээнд зориулж хүнсний ногоо тариалж, тэр жилдээ жаахан ургац авсан. 2013 оны 03 сард М ажлаас халагдсан. Зун нь биднийг очиход тухайн мод болон ногоо зүгээр ургаж байсан. 9 сар дөхүүлээд ногоогоо хураана гэж бодоод наана нь жолооч нараа явуулахад хашааны хаалга нь онгорхой чацарганы мод болон ногоо маань байхгүй болсон байна гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй. Мт хамт олноороо тусалж, тухайн газарт нарийн ногоо тарьсан болохоос би хувьдаа чацарганы мод авсан зүйл байхгүй гэв.

 

   Гэрч Ж.Д шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: Мт туслах зорилгоор тухайн үедээ хамт олноороо мод суулгасан. Мөн ногоо тарьсан байснаас ашиг шимийг хүртэж байсан. М чацарганы модоо дарга Нд өгсөн талаар мэдэхгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ц.Нээс 3 432 850 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 3 432 850 төгрөгийн 2 800 000 төгрөг нь чацарганы суулгацын үнэ, 632 850 төгрөг нь алданги болохыг шүүх хуралдаан дээр тодруулсан.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар болон М.М нарын хооронд байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ........... тоот “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ”-ний дагуу М.М нь 2 814 000 төгрөгийн үнэ бүхий 1 200 ширхэг чацарганы суулгацыг  хүлээн авсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Хэргийн оролцогчдийн мэтгэлцээний зөрүүтэй байр суурь М.Мээс Ц.Нд 1 200 ширхэг чацарганы суулгацыг өмчлөл, эзэмшилд шилжүүлж өгсөн эсэх дээр үүссэн.

 

Нэхэмжлэгчийн хувьд аман хэлбэрээр тохиролцож, бичгээр гэрээ, хэлцэл хийхгүйгээр өгсөн гэж, хариуцагчийн зүгээс тухайн чацарганы суулгацыг хамт олноороо тарилцаж тусалсан болохоос өөрт шилжүүлэн авсан зүйлгүй гэж тус тус байр сууриа илэрхийлсэн.

Хэрэгт энэ талаар гэрч Н.Сгийн ... Чацарганы модыг холбооны хүмүүс суулгасан. М холбооны дарга Нд чацарганы мод авч өгсөн гэж ярьж байсан ... гэх, Л.Ггийн ... Чацарганы модыг даргын хэлснээр суулгаж, хашаа барьж байсан, хэний эзэмшлийн мод гэдгийг мэдэхгүй ... гэх, Л.Бгийн ... Чацарганы модыг манай байгууллагынхан суулгаж, хашаа барьсан, Н дарга Мтэй хамтарч ажиллаж байгаа гэж ярьж байгагүй ... гэх, Н.Цгийн ... М надад манай ажлынхан чацарганы суулгац тарьж байгаа, Н суулгац авсан гэж хэлсэн ... гэх, Б.Тын ...  Чацарганы модыг даргын хэлснээр суулгаж, хашаа барьж байсан, хэний эзэмшлийн мод гэдгийг мэдэхгүй ... гэх, гэрч Ж.Дгийн шүүх хуралдаанд өгсөн ... Мт туслах зорилгоор тухайн үедээ хамт олноороо мод суулгасан. Мөн ногоо тарьсан байснаас ашиг шимийг хүртэж байсан. М чацарганы модоо дарга Нд өгсөн талаар мэдэхгүй ... гэх мэдүүлгүүдээс өөр бичгийн нотлох баримт авагдаагүй болно.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь М.Мээс Ц.Нд 1 200 ширхэг чацарганы суулгацыг хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар шууд нотолж заагаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд хариуцагч зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн өмнө баримтаар нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд хадгалагдана.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1, 187.2 дахь хэсэгт эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа үүсэх үндэслэлийг заасан бөгөөд энд зааснаар үүссэн харилцааны хүрээнд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь шаардах эрхээ хэрэгжүүлж, бусдын өмнө үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хэлцлийн үндсэн дээр хариуцагч 1 200 ширхэг чацарганы суулгацыг хүлээн авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа учир Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн буюу гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй байна гэж үзэв.

Түүнчлэн М.Мийн Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас хүлээн авсан 1 200 ширхэг чацарганы суулгацыг үүргийн харилцаа үүсээгүй байхад хүлээн авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хариуцагчийг үзэх баримтгүй байна.

Иймд талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй,

түүнчлэн Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн .............. тоот “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ”-ний дагуу хүлээн авсан чацарганы суулгацтай холбоотой иргэний эрх зүйн харилцааны үр дагаварыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой, энэ үүргээ болон гэрээний зүйлийг бусдад шилжүүлсэн баримтгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                                                                             

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Нээс 3 432 850 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 876 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ